Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/211

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цахир хараат овогт Цэрэндоржийн *******т холбогдох 2226000000248 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Аялал жуулчлалын хөтөч, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р багийн 29-02 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Цахир хараат овогт Цэрэндоржийн ******* /ГД: *******/.


Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч “...******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р багийн 29-02 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* согтуурсан үедээ заамдан толгойгоор стенк нэг удаа мөргүүлж, хөлөөрөө гуя хэсэгт нь өшиглөж, гараараа зүүн хацар хэсэгт болон цээж тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн мөр, баруун зүүн гарын бугалга, шуу, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр өглөө эрт ажилдаа явлаа гэж машинтайгаа гэрээсээ гараад 4 дүгээр хорооны нэг гудамжинд ганцаараа том пиво уусан. Нэлээн согтсон байсан болохоор машинаа орхиод гэр рүүгээ алхаад харьсан. Тэгээд унтаж байсан чинь эхнэрийн цайны цаг болоод гэртээ ирэхэд нь эхнэртэйгээ маргалдаад эхнэрээ хардаж гар хүрсэн. Тэгээд буцаад ажилдаа явлаа гээд гарахад нь гэртээ чирч оруулж ирээд дахин хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгсэн чинь эхнэр гал тогооны шургуулганаас хутга аваад өөрийгөө зүснэ гээд байхаар нь би булааж авах гэж байгаад гарыг нь санаандгүй зүссэн. Тэгээд би гэрээсээ гараад явсан. Эхнэр гэртээ үлдээд цагдаа дуудсан байсан” гэв.

         

        Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....******* нь өмнө буюу 2022 оны 03 дугаар сард бид хоёр маргалдснаас манай эгч Цэвэлноровын гэрээс намайг татаж чирч гаргаж байсан, намайг зодож цохьсон асуудал байхгүй. Намайг татаж унагаасан чинь манай дүү Цэдэнсодном цагдаад дуудлага өгсөн байсан. ******* хүнд зодуулсан асуудал байгаа эсэхийг би үнэхээр мэдэхгүй. Миний хувьд *******ыг зодож цохьсон асуудал байхгүй. ******* нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас 5-7 хоногийн өмнө гэртээ байсан. Тухайн үед ******* нь аймгийн төвд Онги-Ус суваг ХХК-ний хойно баригдаж байгаа 10 давхар барилга дээр барилгын ажил хийж байсан. Тэнд 10 гаруй хоног ажилласан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

       Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 29-02 тоотод гэртээ очтол манай нөхөр ******* нь согтуу унтлагын өрөөндөө хэвтэж байсан. Тэгээд ******* намайг элдэв янзаар хараагаад хэл амаар доромжлоод байсан. Бид хоёр маргалдаж байгаад ******* намайг заамдаж аваад нааш цааш нь чангааж татсан бөгөөд бид хоёр нилээн удаан ноцолдсон. ******* надтай ноцолдож байхдаа намайг заамдаж байгаад стенк рүү толгойгоор нэг удаа мөргүүлсэн. Миний зүүн хацар луу заамдсан гараараа 30 минут орчим хугацаанд цохьсон. Тэгэхээр нь би гэрээс гараад явтал ******* араас гарч ирээд чамайг ална гээд гэр лүү чирээд орсон. Тэр үед би ингэж байхаар өөрийгөө алчихъя гээд гал тогооны өрөөнд байсан шар өнгийн иштэй хутгыг аваад өөрийнхөө зүүн гарын судсыг зүсэх гэтэл ******* надаас хутгыг булааж авах гээд дайрсан. Тэр үедээ ******* миний гарнаас татахаар нь би өөрийнхөө гарыг хутгаар зүсэх гэж байхад *******ын гар бас зүсэгдсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

       Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******, Ц.Нямдэлгэр нар нэгнийгээ зодож цохиж байсан асуудал байхгүй. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-9 тоотод манай гэрт манай нөхөр Буянтогтох, охин Цэдэнсодном болон бага насны хүүхдүүд байхад *******, Ц.Нямдэлгэр нар ар араасаа орж ирсэн. Тухайн үед ******* согтуу байсан, Нямдэлгэрийг согтуу байсан эсэхийг мэдээгүй. Нөхөр бид хоёр унтчихсан байсан тэр хооронд манай охин Цэдэнсодном ******* ах Ц.Нямдэлгэр эгчийг чирээд аваад гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээс гараад очтол хашаан дотор хоорондоо барьцалдаад авчихсан байсан. ******* нь ******* цамцнаас чирээд байсан. Миний харснаар цохиж зодсон зүйл мэдэгдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

      Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 09:00 цагийн үед Арвайхээр сумын 8 дугаар багийн 29-02 тоотод оршин суух гэрээсээ ажилдаа явлаа гэж ганцаараа гарсан. Тэгээд би өөрийн Тоёота Кроун загварын машинтай гараад 4 дүгээр хороонд нэг гудамжинд ороод машиндаа 2.5 литрийн нэг пиво ганцаараа уусан. Тэгээд би нилээн согтсон бөгөөд тэнд машинаа орхиод 14:00 цагийн үед гэртээ буцаж ирээд эхнэр ******* хардаад хэрүүл маргаан хийсэн. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаж байгаад гараараа татаж чангаасан, хөлөөрөө гуя руу нь өшиглөсөн. Тэгээд манай эхнэр Ц.Нямдэлгэр гараа зүснэ гээд гал тогооны хэсгээс шар өнгийн иштэй хутгыг аваад өөрийнхөө зүүн гарыг зүснэ гэхээр нь би хутгыг нь булааж авах гээд ноцолдож байгаад өөрийнхөө зүүн гарын тохойны урд хэсгийг хутгаар санаандгүй зүсэж гэмтээсэн. Тэгээд Ц.Нямдэлгэр цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

            Гэрч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үзүүлэгч ******* биед тогтоогдсон тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Баруун зүүн мөр, баруун зүүн гарын бугалга, шуу ташаа, баруун зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтлүүдийг ялгаж тогтоох шаардлага байхгүй. Эдгээр гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учир нь ******* биед үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд ижил зүйлийн буюу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн нь биед үүсэн цус хуралтуудын эдгэрсэн байдал, хэлбэр шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн тул гэмтэл тус бүрийг ялгах шаардлагагүй...”, Үзүүлэгч *******ын биед зүүн гарын тохойн урд нугалааст шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн эгэм, баруун суга, баруун хөх, баруун гарын шуу хэсэгт цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн эгэм, баруун суга, баруун хөх, баруун гарын шуу хэсэгт цус хуралт гэмтлүүд нь дангаараа бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энэ гэмтэл нь чулуу хавтан гэх мэт зүйлийг тэвэрч зөөх үед үүсэх боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

             2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 563 дугаартай шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Үзүүлэгч *******ын биед зүүн гарын тохойн урд нугалааст шарх, зүүн эгэм, баруун суга, баруун хөх, баруун гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн эгэм, баруун суга, баруун хөх, баруун гарын шуу хэсэгт цус хуралт гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн гарын тохойн урд нугалааст үүссэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн эгэм, баруун суга, баруун хөх, баруун гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанаас өмнө буюу 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, баруун гарын шуунд үүссэн цус хуралт, зүүн гарын тохойн урд нугалааст үүссэн шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаад үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

                                                                                                                                              

            2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 562 дугаартай шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Үзүүлэгч ******* биед тархи доргилт, баруун зүүн мөр, баруун зүүн гарын бугалга, шуу, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай тодорхойлолт, /хх-ийн 58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, Хаан банкны Депозит дансны хуулга /хх-ийн 53-55/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/,

 

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч Ц.******* холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч “...******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р багийн 29-02 тоотод оршин гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* согтуурсан үедээ заамдан толгойгоор стенк нэг удаа мөргүүлж, хөлөөрөө гуя хэсэгт өшиглөж, гараараа зүүн хацар хэсэгт болон цээж тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн мөр, баруун зүүн гарын бугалга, шуу, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч ******* “....******* нь өмнө буюу 2022 оны 03 дугаар сард бид хоёр маргалдснаас манай эгч Цэвэлноровын гэрээс намайг татаж чирч гаргаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, хохирогч ******* гэрчээр өгсөн “...Би өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 29-02 тоотод гэртээ очтол манай нөхөр ******* нь согтуу унтлагын өрөөндөө хэвтэж байсан. Тэгээд ******* намайг элдэв янзаар хараагаад хэл амаар доромжлоод байсан. Бид хоёр маргалдаж байгаад ******* намайг заамдаж аваад нааш цааш нь чангааж татсан бөгөөд бид хоёр нилээн удаан ноцолдсон. ******* надтай ноцолдож байхдаа намайг заамдаж байгаад стенк рүү толгойгоор нэг удаа мөргүүлсэн. Миний зүүн хацар луу заамдсан гараараа 30 минут орчим хугацаанд цохьсон. Тэгэхээр нь би гэрээс гараад явтал ******* араас гарч ирээд чамайг ална гээд гэр лүү чирээд орсон. Тэр үед би ингэж байхаар өөрийгөө алчихъя гээд гал тогооны өрөөнд байсан шар өнгийн иштэй хутгыг аваад өөрийнхөө зүүн гарын судсыг зүсэх гэтэл ******* надаас хутгыг булааж авах гээд дайрсан. Тэр үедээ ******* миний гарнаас татахаар нь би өөрийнхөө гарыг хутгаар зүсэх гэж байхад *******ын гар бас зүсэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч “...Нөхөр бид хоёр унтчихсан байсан тэр хооронд манай охин Цэдэнсодном ******* ах Нямдэлгэр эгчийг чирээд аваад гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээс гараад очтол хашаан дотор хоорондоо барьцалдаад авчихсан байсан. ******* нь Нямдэлгэрийн цамцнаас чирээд байсан. Миний харснаар цохиж зодсон зүйл мэдэгдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, шинжээч Э.Хүрэлсүхийн “...Үзүүлэгч ******* биед тогтоогдсон тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Баруун зүүн мөр, баруун зүүн гарын бугалга, шуу тащаа, баруун зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтлүүдийг ялгаж тогтоох шаардлага байхгүй. Эдгээр гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учир нь Нямдэлгэрийн биед үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд ижил зүйлийн буюу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн нь биед үүсэн цус хуралтуудын эдгэрсэн байдал, хэлбэр шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн тул гэмтэл тус бүрийг ялгах шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №562 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ц.******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Ц.Нямдэлгэрын шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд: “... Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р багийн 29-02 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хамтран амьдрагч ******* эр эмийн хардалтын улмаас согтуурсан үедээ заамдан авч толгойгоор нь стенк 1 удаа мөргүүлж, хөлөөрөө гуя хэсэгт өшиглөж, гараараа зүүн хацар хэсэгт болон цээж тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн мөр, баруун зүүн гарын бугалга, шуу, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ц.Нямдэлгэр, гэрч Ц.Нямдэлгэр, гэрч Ц.Цэвэлноров, гэрч ******* нарын мэдүүлгүүд, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 562, 563 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******ын биед үүссэн зүүн гарын тохой, урд нугалааст шарх гэмтэл нь *******ын хохирогчийн үйлдлийг таслан зогсоох явцдаа өөрөө өөртөө учруулсан болох нь тогтоогдсон. Мөн шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд *******ын үүссэн зүүн эгэм болон баруун суга, баруун хөх, баруун гарын шуу хэсэгт үүссэн цус хуралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг биш гэж дүгнэсэн. Мөн ******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* эр эмийн хардалтын улмаас зодож хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн байна гэж дүгнэсэн.

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч Ц.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Нямдэлгэр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,   36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Цахир хараат овогт Цэрэндоржийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цахир хараат овогт Цэрэндоржийн *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР