Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/214

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шарнууд овогт Наран-Ембүүгийн ******* холбогдох 2226003350242 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

     Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 4-р хороо, ам Хангарьд сити 1, 1462-3-9 тоотод оршин суух, улсаас авсан ял шийтгэлгүй, Шарнууд овогт Наран-Ембүүгийн ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч “...Н.******* нь 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Альфа бааран дотор иргэн ******* зүүн гарын эрхий хурууг мушгиж, эрүүл мэндэд нь зүүн гарын эрхий хурууны 2 дугаар үеийн хагас мултрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Альфа баранд орсон. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед текэн дээр байсан хундгануудыг санамсаргүйгээр хагалчихсан. Надтай хэрүүл маргаан үүсгэсэн Т.Алтанзул гэдэг эмэгтэйг  орж ирэхээс өмнө уучлалт гуйгаад, мөнгөө төлчихөөд гарах гэж байсан. Т.Алтанзул гэдэг эмэгтэй гаднаас нөхөртэйгөө орж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед гарыг нь шууд мушгисан зүйл байхгүй. Тэгэхдээ би эмэгтэй хүний биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

       

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.******* намайг бичлэг хийх гэхэд миний гарыг барьж авч мушгиад баруун гарын эрхий хурууг арагш нь дарсан. Тус баар нь манай дүү Долгорсүрэнгийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаг газар байгаа юм. Би тухайн бааранд зохион байгуулагч хийдэг бөгөөд манай дүү байхгүй үед би харилцан ажиллуулдаг юм. Би тухайн өдөр өөрийн гэртээ байж байгаад шөнийн 23 цаг 30 минутын үед Апьфа баарыг түгжих гээд өөрийн нөхөр Батжаргалын хамт очсон. Нөхөр Батжаргал нь түрүүлж Альфа баар луу ороод дотор байгаа хүмүүсийг гаргаж хаалга түгжих гэж орсон. Намайг гадна машинд сууж байх үед төрсөн дүү Долгорсүрэн над руу залгаад баарны дотор текний дээр өлгөчихсөн байдаг хундагануудыг нэг хүн унагаж хагалаад байна, ороод үзээдэх гэж хэлсэн. Тэгээд би Альфа баар луу орж үзэхэд өмнө нь харж байсан зүс таних Хүрлээ гэх залуу текний урд талд зогсчихсон, өлгөөтэй байсан. хундагануудыг хагалчихсан байсан. Тухайн үед намайг текний ард зогсож байхад Хүрлээ гэх залуу миний зүүн гарын эрхий хурууг атгаж байгаад арагш нь дарчихсан. Тэгээд баарнаас гараад машинд суугаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 41-42 дугаар хуудас/,

         Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 541 дугаартай“... Үзүүлэгч ******* биед зүүн гарын эрхий хурууны 2 дугаар үеийн хагас мултрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Н.*******ы хувийн байдлыг тодорхойлсон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56/, Хаан банкны Депозит дансны хуулга /хх-ийн 60-73/,

Шүүгдэгч Н.*******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/,

Шүүгдэгч Н.*******ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч Н.******* холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч “...Н.******* нь 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Альфа бааранд иргэн ******* зүүн гарын эрхий хурууг мушгиж, эрүүл мэндэд нь зүүн гарын эрхий хурууны 2 дугаар үеийн хагас мултрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Н.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч ******* “... Н.******* намайг бичлэг хийх гэхэд миний гарыг барьж авч мушгиад баруун гарын эрхий хурууг арагш нь дарсан. Би тухайн бааранд зохион байгуулагч хийдэг бөгөөд манай дүү байхгүй үед би харилцан ажиллуулдаг юм. Би тухайн өдөр өөрийн гэртээ байж байгаад шөнийн 23 цаг 30 минутын үед Апьфа баарыг түгжих гээд өөрийн нөхөр Батжаргалын хамт очсон. Нөхөр Батжаргал нь түрүүлж Альфа баар луу ороод дотор байгаа хүмүүсийг гаргаж хаалга түгжих гэж орсон. Намайг гадна машинд сууж байх үед төрсөн дүү Долгорсүрэн над руу залгаад баарны дотор текний дээр өлгөчихсөн байдаг хундагануудыг нэг хүн унагаж хагалаад байна, ороод үзээдэх гэж хэлсэн. Тэгээд би Альфа баар луу орж үзэхэд өмнө нь харж байсан зүс таних Хүрлээ гэх залуу текний урд талд зогсчихсон, өлгөөтэй байсан хундагануудыг хагалчихсан байсан. ...Тухайн үед намайг текний ард зогсож байхад Хүрлээ гэх залуу миний зүүн гарын эрхий хурууг атгаж байгаад арагш нь дарчихсан. Тэгээд баарнаас гараад машинд суугаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 41-42 дугаар хуудас/, шүүгдэгч Н.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №541 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Н.******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч ******* шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд: “... Шүүгдэгч Н.******* нь 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Альфа бааран дотор иргэн ******* зүүн гарын эрхий хурууг мушгиж, эрүүл мэндэд нь зүүн гарын эрхий хурууны 2 дугаар үеийн хагас мултрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг Үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч ******* мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 554 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Н.*******ы мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. ...Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Хэрэг хялбаршуулсан журмаар яллагдагчтай ял тохирч орж ирсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд: Шүүгдэгч Н.*******ы хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. ...Анх удаа тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон байгаа. Тухайн хүний хувийн байдал болон прокурортой ял тохиролцож өөрийн хийсэн гэмт хэргээ ойлгож ухамсарлаж байгаа эдгээр байдлыг нь харгалзан үзэж прокурорын хариуцлагын хүрээнд  шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч Н.******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч Н.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Алтанзул нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,   36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Шарнууд овогт Наран-Ембүүгийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шарнууд овогт Наран-Ембүүгийн *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР