Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цоохүү овогт Дамдинсүрэнгийн *******д холбогдох 2226002870209 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ******* сумын Бадрал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Майхан нэртэй газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Цоохүү овогт Дамдинсүрэнгийн ******* /РД: *******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын Бадрал 5 дугаар багт байрлах иргэн ******* байнга амьдрах зориулалт бүхий байшин, тусгайлан хамгаалсан агуулах буюу контейнорт  нэвтэрч 1.000.000 төгрөгийн үнэ бүхий гэрийн мод, 240,000 төгрөгийн үнэ бүхий туурга 3 ширхэг, 300,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн хонины ноосон дээвэр 2 ширхэг, 40,000 төгрөгийн үнэ бүхий паяалник 1 ширхэг, 160,000 төгрөгийн үнэ бүхий эмээлийн мод 2 ширхэг зэрэг эд зүйлсийг Даюун маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.740.000 төгрөгийн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ Мэдүүлэг өгөхгүй ” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өвөрхангай аймгийн ******* сумын Бадрал 5 дугаар баг, Тайга булаг гэх газар нутагладаг айл байгаа юм. Манай өвөлжөө нь Тайгын булаг гэх газар байдаг. 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өвөлжөө болох малын саравчны байр дээрээ очиж эргэсэн, эргэхэд манай өвөлжөөн   дээр байх модон байшин болон контейнорын цоож нь зүгээр хэвийн ажиллагаатай ямар нэгэн эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй байсан. Тэгээд 3 хоногийн дараа 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дахин өвөлжөөгөө эргэх гээд очтол өвөлжөөн дээр байх модон байшин болон контейнорын цоожийг эвдээд газар хаячихсан байсан. Өвөлжөөний баруун талд байх модон байшингаас 4 ширхэг хана, 1 ширхэг тооно, 2 багана, 1 ширхэг хаалга алдсан байсан, харин зүүн талд цагаан өнгийн контейнороос 5 ширхэг эсгий, 2 ширхэг эмээлийн мод, гал гаргах зориулалт бүхий 1 ширхэг паяалник зэргийг алдсан  Манай нөхөр Ичинноров саахалт айлын Дамдинсүрэн гэдэг айлд орох гэтэл гэрийнх нь хажуу талд манай хулгайд алдсан багана, эмээл зэрэг байсан гэж надад хэлсэн. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би өвөлжөөгөө эргэх гээд өвөлжөө рүүгээ очтол манай өвөлжөөн дээр байх цагаан өнгийн контейнорын баруун урд талд манай алдсан 3 ширхэг туурган цагаан эсгийг хураагаад тавьчихсан байсан. Тэгэхээр нь би тухайн эсгийнүүдийн зургийг нь 2 талаас нь аваад контейнор луугаа хийчихсэн. Миний дарсан 2 ширхэг гэрэл зургийг миний өгсөн мэдүүлэгт хавсаргаж өгнө үү. Одоо 1 ширхэг тооно, 1 ширхэг хаалга, 2 ширхэг дээвэр, 1 паяалник зэрэг зүйл олдоогүй байна. Хээ угалз байхгүй, улбар шар өнгөтэй 4 ханатай Монгол гэрийн мод, 4 метрийн урттай, 1,50 см өргөнтэй 3 ширхэг цагаан өнгийн туурган хонины ноосон эсгий, 4 метрийн урттай 1.50 см өргөнтэй цагаан өнгийн хонины ноосон дээвэр 2 ширхэг, 2022 оны 01 дүгээр сард 40,000 төгрөгөөр авч байсан гал асаах паяалник, хуучны эмээлийн мод 2 ширхэг зэрэг эд зүйлсээ хулгайд алдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан “... Алдсан 2 ширхэг эмээлийн мод нь улбар шар өнгөтэй хуучраад өнгөө алдчихсан байна. Мөн нэг мод нь дээр буюу хүн суух хэсэгт ширээр ширэлчихсэн байна, мөн бүүрэг хэсэг дээрээ цэнхэр өнгийн будагтай, харин нөгөө эмээл нь хар модон эмээл нь дээд талдаа хивсэн оломцогтой 3 ширхэг цагаан өнгийн даруулга байна, хавтаснуудаас нь сүлжсэн суртай зэргээр нь би өөрийн хулгайд алдсан 2 ширхэг эмээлийн модыг таньж байна. ... 2 ширхэг багана бол ямар нэгэн хээ угалз байхгүй байна. Нэг баганны гадна тал хэсэгт хагархай толь наачихсан байна, би энэ толиор нь сайн таньж байна. 4 ширхэг хана нь шар болон улаангийн боолттой ханнууд байна, миний алдсан ханнууд яг ийм, мөн үдээр буюу үдээснүүд нь мултарчихсан байна, би эдгээр шинж тэмдгээр нь би өөрийн алдсан ханнуудаа таньж байна. Эдгээр эд зүйлүүд нь миний хулгайд алдсан эд зүйлүүд мөн байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

 

2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн “... ******* сумын Бадрал 5 дугаар багт байх Майхан толгой гэх газрын дээд хэсэгт байх Дамдинсүрэн овогтой *******ын гэрийн гадна талд байх 4 ширхэг хана, уг хана шар болон улаан өнгийн боолттой хана, өнгө нь гандсан улбар шар өнгөтэй, нэг эмээл нь дээд талдаа ширэн суудалтай, эмээлийн баруун урд талын мод хэсэг дээрээ цэнхэр өнгийн будагтай эмээл байна. Мөн 2 дахь эмээл нь 3 ширхэг цагаан өнгийн даруулга, хатуу биетэй хивсэнцэр материалаар суудал хийгдсэн, улбар шар өнгийн 2 ширхэг баган байх ба нэг талын буюу Монгол гэрийн багана гадна талын хэсэг дээр толь байх ба уг толь нь хагарч биет байдлаа алдсан байна ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 16-19 дугаар хуудас/,

 

2022 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн “... Улаан өнгийн Dауun маркийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн улсын дугааргүй. Суудлынхаа ард талын хэсэгтээ цэнхэр өнгийн уяагаар ачааг баглаж бөөсөн судар хэсгийн ногоон өнгийн гэрэлтүүлэгчээр ороосон. ... Урд талын шаврын хаалт хэсгээр гэрэлтүүлсэн ногоон өнгийн туузтай савхин суудлын бүрээстэй тээврийн хэрэгсэл байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15 дугаар хуудас/,

 

2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...******* сумын Бадрал 5 дугаар баг Тайган булаг гэх газар Ичинноров гэгчийн Өвөлжөөний саравч дээр хэргийн газрын үзлэг хийв. Үзлэгээр ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан малын саравч байх ба Уг саравчны ертөнцийн зүгээр баруун талд нь ногоон, хар өнгийн төмөр хаалгатай модон байшин байх ба уг хаалгатай модон байшин байх ба уг байшингийн хаалганы гадна тал хэсэгт шар өнгийн цоожны их бие байх ба уг цоож “Byland” гэсэн бичиглэсэн байна. Уг саравчны ертөнцийн зүгээр зүүн талд нь цагаан өнгийн контенор байх ба уг контейнорт дээр “64-85 ӨВО” гэсэн бичиглэлтэй байна. Уг контейнорын хаалганы дунд хэсэгт хар өнгийн резинэн гадаргуутай “Fabao” гэсэн бичиглэлтэй цоожний их бие хэсэг, түүнээс ертөнцийн зүгээр зүүн  хойд хэсэгт нь 30 см урттай төмөр, уг төмөрний нэг талын үзүүрт ногоон өнгийн хялгасан мяндастай боолт байна. Түүний дээд талд 80 см урттай армотурын төмөр 1 ширхэг, түүний доод талд байх 5 см урттай “Тic-on” гэсэн бичигтэй цоож 1 ширхэг байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн “... Гэрийн мод: 1,000,000 төгрөг 2. Туурга, хонины ноосон цагаан эсгий 3 ширхэг 4*1,5м-ийн хэмжээтэй, 80,000=240,000 3 Дээвэр: 300,000 төгрөг 4. Паяалик: 1 ширхэг 40,000 төгрөг 5. Эмээлийн мод: 2 ширхэг 80,000=160,000 төгрөг, нийт үнэлгээ 1,740,000 төгрөг” гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан  /хх-ийн 53-55 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 06/  дугаартай тодорхойлолт /хх-ийн 90/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 91 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-87 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын Бадрал 5 дугаар багт байрлах иргэн ******* байнга амьдрах зориулалт бүхий байшин, тусгайлан хамгаалсан агуулах буюу контейнорт  нэвтэрч 1.000.000 төгрөгийн үнэ бүхий гэрийн мод, 240,000 төгрөгийн үнэ бүхий туурга 3 ширхэг, 300,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн хонины ноосон дээвэр 2 ширхэг, 40,000 төгрөгийн үнэ бүхий паяалник 1 ширхэг, 160,000 төгрөгийн үнэ бүхий эмээлийн мод 2 ширхэг зэрэг эд зүйлсийг Даюун маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.740.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Цоохүү овогт Дамдинсүрэнгийн ******* нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч ******* “...Манай өвөлжөө нь Тайгын булаг гэх газар байдаг, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өвөлжөө болох малын саравчны байр дээрээ очиж эргэсэн, эргэхэд манай өвөлжөө нь дээр байх модон байшин болон контейнорын цоож нь зүгээр хэвийн ажиллагаатай ямар нэгэн эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй байсан. Тэгээд 3 хоногийн дараа 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дахин өвөлжөөгөө эргэх гээд очтол манай өвөлжөөн дээр байх модон байшин болон контейнорын цоожийг эвдээд газар хаячихсан байсан. Өвөлжөөний баруун талд байх модон байшингаас 4 ширхэг хана, 1 ширхэг тооно, 2 багана, 1 ширхэг хаалга алдсан байсан. Зүүн талд цагаан өнгийн контейнороос 5 ширхэг эсгий, 2 ширхэг эмээлийн мод, гал гаргах зориулалт бүхий 1 ширхэг паяалник зэргийг алдсан.  ...Манай нөхөр Ичинноров саахалт айлын Дамдинсүрэн гэдэг айлд орох гээд гэрт нь орох гэтэл гэрийнх нь хажуу талд манай хулгайд алдсан багана, эмээл зэрэг байсан гэж надад хэлсэн. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би өвөлжөөгөө эргэх гээд өвөлжөө рүүгээ очтол манай өвөлжөөн дээр байх цагаан өнгийн контейнорын баруун урд талд манай алдсан 3 ширхэг туурган цагаан эсгийг хураагаад тавьчихсан байсан. Тэгэхлээр нь би тухайн эсгийнүүдийн зургийг нь 2 талаас нь аваад контейнор луугаа хийчихсэн. Миний дарсан 2 ширхэг гэрэл зургийг миний өгсөн мэдүүлэгт хавсаргаж өгнө үү. Одоо олдоогүй зүйл нь 1 ширхэг тооно, 1 ширхэг хаалга, 2 ширхэг дээвэр, 1 паяалик зэрэг зүйл олдоогүй байна... Хээ угалз байхгүй, улбар шар өнгөтэй 4 ханатай Монгол гэрийн мод, 4 метрийн урттай, 1,50 см өргөнтэй 3 ширхэг цагаан өнгийн туурган хонины ноосон эсгий, 4 метрийн урттай 1.50 см өргөнтэй цагаан өнгийн хонины ноосон дээвэр 2 ширхэг, 2022 оны 01 дүгээр сард 40,000 төгрөгөөр авч байсан гал асаах паяалник, хуучны эмээлийн мод 2 ширхэг зэрэг эд зүйлсээ хулгайд алдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 20-23 дугаар хуудас/, 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 16-19 дугаар хуудас/, 2022 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15 дугаар хуудас/, 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн “... Гэрийн мод: 1,000,000 төгрөг 2. Туурга, хонины ноосон цагаан эсгий 3 ширхэг 4*1,5м-ийн хэмжээтэй, 80,000=240,000 3 Дээвэр: 300,000 төгрөг 4. Паяалник: 1 ширхэг 40,000 төгрөг 5. Эмээлийн мод: 2 ширхэг 80,000=160,000 төгрөг, нийт үнэлгээ 1,740,000 төгрөг” гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан  /хх-ийн 53-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно. 

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч ******* шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруу болон шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын Бадрал 5 дугаар багт байрлах иргэн ******* байнга амьдрах зориулалт бүхий байшин, тусгайлан хамгаалсан агуулах буюу контейнорт хууль бусаар нэвтэрч 1.000.000 төгрөгийн үнэ бүхий гэрийн мод, 240,000 төгрөгийн үнэ бүхий туурга 3 ширхэг, 300,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн хонины ноосон дээвэр 2 ширхэг, 40,000 төгрөгийн үнэ бүхий паяалник 1 ширхэг, 160,000 төгрөгийн үнэ бүхий эмээлийн мод 2 ширхэг зэрэг эд зүйлсийг Даюун маркийн тээврийн хэрэгслийг буюу машин механизм ашиглаж нууцаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. ...Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж прокурортой ял тохиролцож ялын хэмжээг зөвшөөрсөн. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэм буруутайд тооцож, яллагдагчаар татсан буюу түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар түүнд 1 жил 10 хоногийн хорих ялыг танилцуулахад зөвшөөрсөн  тул 1 жил 10 хоногийн хорих ялын саналыг гаргаж байна. ...Тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Dayun маркийн мотоцикл, суран бугуйл зэргийг улсын орлого болгохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн болон шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Хэргийн зүйлчлэлийн хувьд  мөрдөн байцаалтын  ажиллагаанаас эхлээд ямар нэгэн маргаангүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан зүйлчлэлийн хувьд тусгайлан гаргах саналгүй байна. Шүүгдэгч *******д оногдуулах ял шийтгэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийн оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Тийм учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар нэг жил арав хоногийн хугцааагаар хорих ял оногдуулж өгнө үү саналыг гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн, 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар нэг жил арав хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жил арав хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 

            Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.740.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Даваасүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, шүүгдэгч *******ын өмчлөлийн Dayun маркийн 150 мотортой мотоцикл, 7 метрийн урттай хуучин суран бугуйл зэргийг улсын төсөвт  шилжүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,  34.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цоохүү овогт Дамдинсүрэнгийн *******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Цоохүү овогт Дамдинсүрэнгийн *******ыг нэг жил арав хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жил арав хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. 2, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ын  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Dayun маркийн 150 мотортой мотоцикл, 7 метрийн урттай хуучин суран бугуйл зэргийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

            5.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.740.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Даваасүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР