Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/220

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үхэрт овогт Тогтохборын ******* холбогдох 2226003230244 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр баг Жаргалантын хоолой нэртэй газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, аймгийн сайн малчин, Үхэрт овогт Тогтохборын ******* /РД: *******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаргалантын хоолой” гэх газарт 84-97 ӨВА улсын дугаартай “Х.Портер 2” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.1-д заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр хүн тээвэрлэхийг хориглоно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 23.9-ийн б-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчиж, тээврийн хэрэгслийн тэвшин дээр иргэн *******, С.Баянбадрал нарыг тээвэрлэж яваад ******* уг тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс унаж амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  “... Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 07 дугаар сарын 23-нд хөдөө ирчихээд орой нь хот руу буцсан. Гэртээ ирээд маргааш нь байж байсан чинь манай хадам ээж яриад хүүхэд чинь машин дээрээс уначихлаа, хурдан хотоос гараарай гэж хэлсэн. Би тэр дариудаа хотоос гараад Зүүнбаян-Улаан суманд  орой нь ирсэн чинь манай хүүхэд нас барчихсан байсан. Тэгээд ******* ах энэ хэргийг санаандгүй хийсэн. Манай санаатай хийгээгүй, санаандгүй хийсэн учраас гомдол саналгүй байгаа. ******* ах оршуулгын зардал болон бид нарын хохирлыг барагдуулахаар нийт 15,000,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар өгсөн байгаа. ******* ахыг хамгийн бага ялаар шийтгэж өгнө үү” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр над руу хадам ээж утасдаад хүүхэд чинь машин дээрээс уначихлаа яаралтай гар гэсэн. Тэгээд би 13:00 цагт гараад Зүүнбаян-Улаан суманд 21:00 цагийн үед ирсэн. Тэгэхэд манай хүү ******* нас барсан байсан. Эмч болон тэнд байсан эхнэрийн хамаатны хүмүүс ******* ахыг машинтай явахад нь тэвшин дээр нь явж байгаад унаад нас барсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр 12:00 цаг билүү 13:00 цагийн үед сувилагч Уртаа над руу утасдаад нэг цус алдсан хүнд хүүхэд ирлээ, яаралтай хүрч ирээд үзээч гэсэн. Тэгээд би гэрээс гараад 3 минут яваад очсон, очиход эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд оруулаад хэвтүүлчихсэн, хүчилтөрөгч залгачихсан байсан. Тэгээд үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд байхгүй нас барсан, арьс салст нь бүгд цайрсан байсан. Чих, хамар, амнаас нь цус их гарсан байсан. Цээжин дээр нь массаж хийхэд ам хамраас нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнөөдөр 12:00 цагийн үед байх аав ******* машинтайгаа Цэндээ ахынхыг  нүүлгээд буулгачихаад гэрийг нь барьж дуусаад манай өөрийн гэрийг нүүлгэх гээд хойшоо явсан. Аав ******* “Портер 2” машинаа жолоодоод явсан. Кабин дотор нь аав ганцаараа машин дээр *******ээ бид хоёр суусан, машин дээр ачаа ачаагүй байсан. Би жолоочтой талын тэвшний хойд буланд 2 талаасаа гараараа бариад ******* миний зүүн талд бас буланд хоёр гараараа тэвшнээс бариад хөлөө жийгээд явсан. Тэгээд явж байтал ******* нэг харсан босож ирсэн. Тэгээд дугуйны хажуу тал руу ойчсон. Тэгэхээр нь би босоод урагшаа очоод ааваа гээд кабиныг нь цохиод, тэгээд аав машинаа зогсоосон. Аав ******* дээр очсон, би очоогүй. ******* бөгсөөрөө ойчих шиг болсон. Тэгээд хөдлөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

                                                                                           

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манайх Жаргалантын хоолойны цаад талаас наад хэсэг рүүгээ нүүсэн юм. Манай айлын ******* машинаараа манай гэрийг нүүлгэсэн. *******ынх бас нүүх гэж байсан юм. Манай хоёр хавар 6 дугаар сард л айл буусан юм. Манай охины хүүхэд ******* манайд сургууль тараад 06 дугаар сарын 10 хэдэнд л ирсэн. Зуны амралтаа өнгөрөөж байсан юм. Манай гэрийг эхэлж зөөж бариад би гэрээ барьчихаад 1 шил архи задалсан. Тэрнээс би 3 рунк архи уусан, *******т хийж өгсөн уугаагүй. Уруулдаа хүргэчихээд л өгсөн. ******* өөрийнхөө гэрийг нүүлгэнэ гээд хөдөлсөн. Тэгээд араас нь харсан ******* болон *******ын өөрийнх нь хүүхэд машины тэвшин дээр суучихсан явсан. Тэгж байтал ******* би хүүхэд алчихлаа *******ээг алчихлаа гээд хүрээд ирсэн. ...******* машин дээрээс уначихлаа, алчихлаа гээд л орилоод байсан. Би бол унаж байхыг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7, 9-10 дугаар хуудас/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16 дугаар  хуудас/,

 

Хэргийн газрын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-25 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “... 1.Талийгаач *******ий биед суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, бүтцийн алдагдал, тархмал САК /тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт/, хэвлий, зүүн хөл, нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь авто осол болох үед үүсгэгдсэн байна. 4. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна б.Талийгаач нь нас бараад 12-оос дээш цаг болсон б.Талийгаач нь авто ослын улмаас гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан байна...” гэсэн 94 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41- 44 дүгээр хуудас/,

 

             Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “...шинжилгээнд ирүүлсэн “******* 43/ эр” гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэсэн 3717 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

Техникийн шинжээч Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн Авто механикийн багш, мэргэшсэн инженер 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай:

1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг,

                2. 8497 ӨВА улсын тугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ******* нь замын хөдөлгөөнй дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:

                I. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1-д Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр хүн тээвэрлэхийг хориглоно.

                II. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8-д “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.

III. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9-н б-д тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 

3. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.

4. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна” гэсэн Техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/,

           

            Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2226003230244 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 02-03 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 501 дугаартай тодорхойлолт /хх-ийн 71/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-68 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           Шүүгдэгч *******ын  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 8 настай *******ий амь насыг санамсар болгоомжгүйгээр хохироосон үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Үүнд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэрэг гарсан газарт хийсэн  шинжилгээний дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Баянбадрал,  гэрч Ганболд, Цэнд нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 94 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 3717 дугаартай дүгнэлт, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт,  яллагдагчаар өгсөн *******ын мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл тогтоогдож байна. Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл нь тохирсон. Шүүгдэгч нь өөрөө гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол хор уршгийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй гэсэн учир прокурорын зүгээс  хохирол гомдол байхгүй гэж үзэж байна. Бодит хохирол гэх буяны ажил ахуйн шинжтэй хохирол нь төлөгдсөн боловч хүний амь нас нь хэзээ ч төлөгдөшгүй хохирол гэж үзэж байна. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналаа дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Гэм буруугийн асуудал дээр шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс маргахгүй. Тухайн хэргийн нөхцөл байдал нь болгоомжгүй үйлдлийн үүднээс гэмт хэрэг үйлдэгдсэн. Шүүгдэгч *******ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, дээрээс нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, тодорхой хэмжээнд хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлууд нь тогтоогдож байна. Мэдээж энэ хэргийн хохирол хор уршиг арилахгүй гэсэн прокурорын саналтай санал нэг байна. Тэгэхдээ арилахгүй гэдэг нь хууль тогтоомжийн хүрээнд арилах боломж бололцоо байна уу гэдэг талаас нь дүгнэлтээ хэлэх нь зүйтэй байх. Өнөөдөр Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд  эдийн болон эдийн бус хохирлыг тооцох тухай асуудал л яригдана. Тэгэхээр хууль зүйн хүрээнд л хэргийг хянан шийдвэрлэж байгаа. Хууль зүйн хүрээнд эдийн болон эдийн бус гэм хорыг, хохирлыг хэрхэн төлсөн байна вэ гэдэг асуудал дээр дүгнэлт хийх нь илүү үндэслэлтэй гэж харж байна. Тэрнээс биш бүх гэмт хэргийн хор уршиг арилахгүй шүү дээ, тэгэхдээ хор уршиг гэдэг зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хууль болон бусад хуулиар хэрхэн тодорхойлох, хэрхэн арилгах талаар хууль тогтоомжийг хүрээнд дүгнэлтээ гаргах нь зүйтэй гэсэн ийм саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******: “...Энэ хүнд ямар нэгэн шийтгэл өгөөд явуулсан ч манай хүүхэд босоод ирэхгүй. Энэ хүний ар гэр эхнэр хүүхдүүд нь байгаа тийм учраас энэ хүнийг хүнд ялаар биш хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэж байна.  Хэрвээ тэгвэл манай гэр бүлд ч эдний гэр бүлд ч гэсэн цаашдаа гарах үр дагавар нь ямар байхыг харж үзэх хэрэгтэй. Хэдий би гомдолгүй гэж байгаа ч гэсэн ар гэрт нь үлдэж байгаа хүмүүс, хамаатан садангийн холбоо өөр болох байх. Энэ хүнийг яагаад хөнгөн ялаар шийтгэж өгөөч гэж гуйж байна гэхээр энэ гэмт хэргийг санаандгүй л хийсэн үйлдэл болохоор нэг удаадаа энэ хүнийг өршөөгөөд хөнгөн ялаар шийтгэж өгөх юм бол надад болон миний эхнэр, хамаатан садангийн харилцаа холбоо сайн сайхнаар явах болно. Би анхнаасаа гомдолтой гээд байсан бол шал өөр асуудал үүсэх л байсан байх. Энэ хүн ингээд зогсоод байж байхгүй байсан байх. Би анх хотоос гарахдаа эхнэртээ хүртэл хэлж байсан, ******* ахад бурууг өгч болохгүй шүү гэж хүртэл эхнэртээ хэлж байсан. Хөдөөний хүмүүс урд нь тэгээд л  явдаг л байсан. Харин ийм зүйл гарсан болохоор дахиж ийм зүйл битгий гараасай, дахиж хүмүүс хүүхдээ битгий машин тэрэгний тэвшин дээрээ авч яваасай гэсэн зүйлийг л бодож хотоос ирсэн. Хотоос гаргахдаа хүүгээ ямар байдалтай байгааг мэдсэн байсан. Тэгээд би ******* ахыг буруутгаж болохгүй шүү гэж ярилцаж байгаад ирэхэд хүү маань нас барчихсан байсан. Одоо хүүгээ нэгэнт босгож авч чадахгүйгээс хойш энэ хүнийг хүнд ялаар шийтгээд ард нь үлдэж байгаа охидуудыг нь шаналгаж зовоох хэрэг байхгүй байх гэсэн бодолтой байна.” гэсэн.

 

 Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаргалантын хоолой” гэх газарт 84-97 ӨВА улсын дугаартай “Х.Портер 2” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.1-д заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр хүн тээвэрлэхийг хориглоно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 23.9-ийн б-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчиж, тээврийн хэрэгслийн тэвшин дээр иргэн *******, С.Баянбадрал нарыг тээвэрлэж яваад ******* уг тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс унаж амь нас нь хохирсон гэх үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

                Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн  “Би 2022 оны 07 дугаар сарын 23-нд хөдөө ирчихээд орой нь хот руу буцсан. Гэртээ ирээд маргааш нь байж байсан чинь манай хадам ээж яриад хүүхэд чинь машин дээрээс уначихлаа, хурдан хотоос гараарай гэж хэлсэн. Би тэр дариудаа хотоос гараад Зүүнбаян-Улаан суманд  орой нь ирсэн чинь манай хүүхэд нас барчихсан байсан. Тэгээд ******* ах энэ хэргийг санаандгүй хийсэн. Манай санаатай хийгээгүй, санаандгүй хийсэн учраас гомдол саналгүй байгаа. ******* ах оршуулгын зардал болон бид нарын хохирлыг барагдуулахаар нийт 15,000,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар өгсөн байгаа. ******* ахыг хамгийн бага ялаар шийтгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр над руу хадам ээж утасдаад хүүхэд чинь машин дээрээс уначихлаа яаралтай гар гэсэн. Тэгээд би 13:00 цагт гараад Зүүнбаян-Улаан суманд 21:00 цагийн үед ирсэн. Тэгэхэд манай хүү ******* нас барсан байсан. Эмч болон тэнд байсан эхнэрийн хамаатны хүмүүс ******* ахыг машинтай явахад нь тэвшин дээр нь явж байгаад унаад нас барсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч ******* “...Тухайн өдөр 12:00 цаг билүү 13:00 цагийн үед сувилагч Уртаа над руу утасдаад нэг цус алдсан хүнд хүүхэд ирлээ, яаралтай хүрч ирээд үзээч гэсэн. Тэгээд би гэрээс гараад 3 минут яваад очсон, очиход эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд оруулаад хэвтүүлчихсэн, хүчилтөрөгч залгачихсан байсан. Тэгээд үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд байхгүй нас барсан, арьс салст нь бүгд цайрсан байсан. Чих, хамар, амнаас нь цус их гарсан байсан. Цээжин дээр нь массаж хийхэд ам хамраас нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч ******* “...Өнөөдөр 12:00 цагийн үед байх аав ******* машинтайгаа Цэндээ ахынхыг  нүүлгээд буулгачихаад гэрийг нь барьж дуусаад манай өөрийн гэрийг нүүлгэх гээд хойшоо явсан. Аав ******* “Портер 2” машинаа жолоодоод явсан. Кабин дотор нь аав ганцаараа машин дээр *******ээ бид хоёр суусан, машин дээр ачаа ачаагүй байсан. Би жолоочтой талын тэвшний хойд буланд 2 талаасаа гараараа бариад ******* миний зүүн талд бас буланд хоёр гараараа тэвшнээс бариад хөлөө жийгээд явсан. Тэгээд явж байтал ******* нэг харсан босож ирсэн. Тэгээд дугуйны хажуу тал руу ойчсон. Тэгэхээр нь би босоод урагшаа очоод ааваа гээд кабиныг нь цохиод, тэгээд аав машинаа зогсоосон. Аав ******* дээр очсон, би очоогүй. ******* бөгсөөрөө ойчих шиг болсон. Тэгээд хөдлөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ...******* машинаараа манай гэрийг нүүлгэсэн. ...би гэрээ барьчихаад 1 шил архи задалсан. Тэрнээс би 3 рунк архи уусан, *******т хийж өгсөн уугаагүй. Уруулдаа хүргэчихээд л өгсөн. ******* өөрийнхөө гэрийг нүүлгэнэ гээд хөдөлсөн. Тэгээд араас нь харсан ******* болон *******ын өөрийнх нь хүүхэд машины тэвшин дээр суучихсан явсан. Тэгж байтал ******* би хүүхэд алчихлаа *******ээг алчихлаа гээд хүрээд ирсэн. ...******* машин дээрээс уначихлаа, алчихлаа гээд л орилоод байсан. Би бол унаж байхыг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7, 9-10 дугаар хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16 дугаар  хуудас/, Хэргийн газрын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-25 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “... 1.Талийгаач *******ий биед суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, бүтцийн алдагдал, тархмал САК /тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт/, хэвлий, зүүн хөл, нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь авто осол болох үед үүсгэгдсэн байна. 4. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна б.Талийгаач нь нас бараад 12-оос дээш цаг болсон б.Талийгаач нь авто ослын улмаас гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан байна...” гэсэн 94 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41- 44 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “...шинжилгээнд ирүүлсэн “******* 43/ эр” гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэсэн 3717 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, Техникийн шинжээч Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн Авто механикийн багш, мэргэшсэн инженер 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай: “8497 ӨВА улсын тугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ******* нь замын хөдөлгөөнй дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: I. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1-д Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр хүн тээвэрлэхийг хориглоно.  II. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8-д “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. III. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9-н б-д тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.   гэсэн Техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

 Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай: 

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч  *******ий амь нас хохирч хүнд хор уршиг учирчээ.

 

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

 

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.

 

Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд дэлгэрэнгүй байдлаар хуульчилсан.

 

Шүүгдэгч *******ын зүгээс гэм хорын хохиролд 15.000.000 төгрөгийг  насанд хүрээгүй  хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч *******ид төлсөн болох нь шүүгдэгч *******аас хохирлын мөнгө шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

           

Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:   “...Шүүгдэгч *******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, өөрөөр хэлбэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, боломжоороо хохирлыг төлсөн гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Тухайн гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцөл нь хөдөөний хүмүүс хоорондоо хайхрамжгүй хандаж, байдаг л нэг зүйл гэж хардаг байдлаас энэ гэмт хэрэг гарсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон байгаа. Энэ гэмт хэрэгт хэрэг нь нэмэгдэл ялтай гэмт хэрэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хасах мөн 1 жилээс 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1 жилээс 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх ийм санкцтай гэмт хэрэг байгаа. Тийм болохоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан санал зэргийг хүндэтгэн үзээд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тухайн хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх саналтай байна. Мөн 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах ял оногдуулах саналтай байна. Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******т 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан буюу уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчийг шүүхээс гэм буруутайд тооцсон учраас дараах байдлаар саналыг гаргаж байна. Үүнд хөнгөрүүлэх нөхцөл байгаа гэдэг дээр прокурортой санал нэг байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал бол байхгүй. Хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал байгаа тохиолдолд хорих ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар оногдуулах санал гаргаж  байгаа нь өөрөө гэм буруугийн хэр хэмжээнд тохироогүй байна гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байгаа учраас 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэгт нь зорчих эрхийг хязгаарлах ялыг төрөл байгаа. Гэхдээ ямар хариуцлага хүлээлгэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Хэрвээ шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаараа тухайн хүний эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүсээд байгаа юм. Өөрөө хэлбэл хэдийгээр шүүхээс ял оногдуулж байгаа ч гэсэн энэрэнгүй ёсныхоо үүднээс тухайн хүний хувийн байдлыг харгалзаж ялыг оногдуулдаг. Тухай хүн нь малчин, нүүж суудаг хүн байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Монгол улсын хэмжээнд цаг уурын эрс тэс нөхцөлтэй учраас малчин хүмүүсийн хувьд хэцүү учраас зохимжтой ял биш гэж үзэж байна. Тийм учраас 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулаад 2 жилийн хорих ялыг тэнсэх байдлаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан бодит хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон болон хохирлын хэр хэмжээ, талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэснийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Үхэрт овогт Тогтохборын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ид 15.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Үхэрт овогт Тогтохборын *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Үхэрт овогт Тогтохборын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жил зургаан сарын  хугацаагаар тэнссүгэй.

 

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолсугай

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ид 15.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгч   нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР