| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2019/02029/И |
| Дугаар | 183/ШШ2019/02438 |
| Огноо | 2019-11-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2019/02438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Т-д холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.840.045 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ...... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК нь зээлдэгч Б.Т-тэй 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 15/01-10 тоот санхүүгийн түрээсийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10.600.000 төгрөгийн зээлийг жилийн 37.2 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар олгосон. Дээрх зээлийн барьцаанд ............ улсын дугаартай Toyota Prius автомашиныг барьцаалсан. Гэвч зээлдэгч Б.Т нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2015 оны 8 дугаар сараас эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийг зөрчсөөр зээлдэгч Б.Т-гийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9.703.516.53 төгрөг, зээлийн хүү 13.540.618.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.595.910.52 төгрөг, нийт 24.840.045 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь А ХХК нь намайг 9.703.516 төгрөг зээлсэн гэсэн атлаа бараг гурав дахин ихэсгээд 24.840.000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Мөн А ХХК зээлийн барьцаанд миний худалдаж авсан приус маркийн машиныг өөрийн өмчлөлдөө авсан, одоо ч уг машины өмчлөх эрх банкинд байгаа, би уг машиныг эзэмших, өмчлөх боломжгүй. Иймээс уг машиныг авахын тулд банкнаас зээл авсан байхад машиныг банк өмчлөлдөө аваад дахин зээлсэн мөнгөө гурав дахин надаас нугалж нэхэж байгаа нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Иймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Т-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.840.045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б.Т, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15/01-10 дугаар “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ээр “А” ХХК нь санхүүгийн түрээсийн зээл зориулалтаар 10.600.000 төгрөгийг жилийн 37.2 хувийн хүүтэй, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 36 сарын хугацаатай Б.Т-д олгохоор тохиролцсон байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй болно.
Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15/01-10 дугаар “Санхүүгийн түрээсийн гэрээ”, 15/01-10 дугаар “Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ”-ний нөхцөл, агуулга болон зохигчийн шүүхэд гаргасан “...Б.Т нь Тоёота Приус маркийн автомашиныг худалдан авахын тулд Ариг банкнаас 10.600.000 төгрөгийн зээл авсан, уг автомашин нь банкны барьцаанд байгаа бөгөөд өмчлөх эрх нь банкинд шилжсэн” гэсэн тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 312 дугаар зүйл, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 8 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа Б.Т, “А” ХХК-ийн хооронд үүсээгүй байна дүгнэв.
Харин Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “...Б.Т-гийн автомашин худалдан авахаар 10.600.000 төгрөгийн зээл авах хүсэл зоригийн илэрхийллийг А ХХК-иас хүлээн авч, 10.600.000 төгрөгийг жилийн 37.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн” гэсэн үйл баримт зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15/01-10 дугаар “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэв.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч “А” ХХК-иас 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 10.600.000 төгрөгийг зээлдэгч Б.Т-д шилжүүлсэн, зээлдэгч нь 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 896.483 төгрөг, зээлийн хүүд 1.565.484 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 882 төгрөг, нийт 2.462.849 төгрөгийг буцаан төлсөн, гэрээний хугацаа дуусгавар болж, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 9.703.516 төгрөг, зээлийн хүүгийн /хэтэрсэн хугацааны хүү/ үлдэгдэлд 13.540.618 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд /хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү/ 1.595.910 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Зээлийн дансны хуулга, Тооцооллын хүснэгт зэрэг баримтаар нотлогджээ.
Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1, 1.4, 1.7, 1.10-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 9.703.516 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүүгийн үлдэгдэл 13.540.618 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1.595.910 төгрөг, нийт 24.840.045 төгрөгийг хариуцагч Б.Т-гээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй тул талуудын хооронд байгуулагдсан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.840.045 төгрөгийг хариуцагч Б.Т-гээс гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Т-гээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.840.045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 282.151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 282.151 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД