Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/01896

 

2019 оны 09 сарын 13 өдөр

 

Дугаар 183/ШШ2019/01896

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо,... тоотод оршин суух, Л овогт Зн Э,

 

 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суух, Л овогт Эгийн Э нарын нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр, А ХХК д холбогдох,

 

 

 

2016 оны 5 дугаар сарын .25-ны өдрийн 2107002237 тоот, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот, 2015  оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, гэрээгээр илүү төлсөн 9 634 526 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

 

 

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот гэрээний үүрэгт 19 415 590 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж 12 918 848 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, С.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Д, нарийн бичгийн даргаар Г.Г нар оролцов.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

          Нэхэмжлэгчийн З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Анаас 3 зээл авсан. Swipe зээл нь жилийн 10%-ийн хүүтэй, машины зээл нь 2,3%-ийн хүүтэй. Би зээлээ төлөөд явж байхад А ХХК-ийн эдийн засагч н.Э гэх залуу “танд ганц боломж олгоё, бүх зээлүүдийг чинь нэгтгэе” гэж над руу ярьсан. Тухайн үед зээлийн хүүгийн талаар надад хэлээгүй. Намайг заавал хамтрагчаар орж зээлийн гэрээ байгуулна гэсэн, тэр үед би энэ зээлийг 42%-ийн хүүтэй гэдгийг мэдээгүй. Дараа нь банкны эдийн засагч н.О гэх хүн над руу ярьж, та 42%-ийн хүүтэй мөнгө төлөөд байна, зээлийн хүүгээ багасгах хэрэгтэй  гэсэн, тэгээд зээлийн хүүг нь багасгаад өгье гэж намайг дуудсан. Надаар хүсэлт бичүүлж аваад дахиад гэрээ байгуулсан” гэв.

 

 

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч тус банкнаас 2014.7.03-ны өдөр 15 сая төгрөгийг 2,3%-ийн хүүтэй санхүүгийн түрээсийн гэрээгээр зээл авсан. Мөн 2014.11.10-ны өдөр хүү н.Э 13 440 000 төгрөгийн мөн 2,3%-ийн хүүтэй приус 20 автомашины зээл авсан. 2015.3.19-ний өдөр н.Э нь swipe зээл буюу 5 сая төгрөгийг жилийн 10%-ийн хүүтэй зээл авсан. Нийтдээ нэхэмжлэгч болон хүүгийнх нь нэр дээр 3 зээлийг Анаас олгосон. Ингээд хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээд явж байтал 2016.5.25-ны өдөр банкнаас дуудаад олон жижиг зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийг нэг дор хийчих гээд нэгтгэе гэдэг саналыг тавиад 2016.5.25-ны өдөр 2237 тоот дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Энэ зээлийн гэрээ нь нийтдээ 4 гэрээ буюу н.Э З.Э нарын зээлсэн 3 зээлийн гэрээн дээр, мөн тус банкнаас зээлсэн н.А, н.Д нарын орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 11 500 000 төгрөгийг нэмж нэгтгэсэн. Ингээд нийт 33 500 000 төгрөгийн зээлийг олгосон мэтээр жилийн 42%-ийн хүүтэйгээр гэрээ байгуулсан байдаг. Энэ зээлийн гэрээ нь өөрөө хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. 2016.5.25-ны өдрийн 2237 тоот гэрээ болон 2017.12.18-ны өдрийн 4452 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж байгаа. Тус гэрээнүүдийн дагуу банкнаас нэхэмжлэгчид огт мөнгө олгоогүй боловч зээлийн хүү нь өндөр байна, яагаад ийм гэрээ байгуулагдсан гэдэг асуудал яригдаад банкинд хүсэлт өгснөөр 2017.12.18-ны өдөр цуцлагдсан. Гэхдээ өмнөх 4 гэрээний үлдэгдэл нь нийтдээ 20 сая төгрөг байна, барьцаа хөрөнгө чинь хүрэлцэхгүй байгаа учраас 5 000 000 төгрөгийг бэлнээр нэмж өгөөд ганц зээл болгоод авчих гэж яриад 15 сая төгрөгийн буюу сүүлийн 4452 тоот зээлийн гэрээг байгуулсан. Тэгэхээр уг гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээд төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Зээлийн дагуу бэлнээр мөнгө олгоогүй, зээлдэгчийн зөвшөөрөлгүй зээлүүдийг нэмж нэгтгээд хүүг нь ихэсгэж авсан, мөн бусдын зээлийг төлүүлж байгаа нь хууль бус гэрээ болсон гэж үзэж байна. Мөн н.Аын зээлийн гэрээний үүргийг З.Эд хариуцуулсан нь хууль бус болсон. Мөн зээлийн үлдэгдлийг дахин зээл хэлбэрээр авсан мэтээр олгосноос болж 2,3%-ийн хүүтэй зээл нь /swipe/ ороод ирэхээр 2,1%-ийн хүүтэй болох ёстой байтал эсрэгээрээ 3,5% болсон тул хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ болсон байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд гэвэл хамгийн эхний 0229 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл нь 8 729 144 төгрөг байсан. 110 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл нь 8 485 490 төгрөг, swipe зээлийн үлдэгдэл нь 4 072 856 төгрөг нийтдээ 21 287 490 төгрөгийг банкинд төлөх ёстой байсан. Гэтэл нэгтгэснээс хойш нэхэмжлэгч тухайн банкинд 22 342 016 төгрөгийг төлсөн.  Ингээд төлөөд явж байгаад хүү нь өндөр болохыг мэдэнгүүтээ хүсэлт өгөөд цуцлахад төлсөн 22 342 016 төгрөгнөөс нь ердөө 1 342 000 төгрөгийг үндсэн төлөлтөнд хасагдаад үлдсэн нь банкны хүү гэдэг агуулгаар аваад үндэслэлгүй хөрөнгөжсөн. Сүүлд 4452 тоот зээлийн гэрээг байгуулахдаа 15 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр байгуулсан нь хууль бус. Нэхэмжлэгч нь нийтдээ 21 287 490 төгрөг төлөх үлдэгдэлтэй байснаасаа банкинд 27 342 016 төгрөгийг төлсөн. Нэг ёсондоо зээлийн төлбөрт мөнгө төлөх ёстой биш, харин ч илүү төлсөн мөнгөө авахаар байхад банк нь өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй, дуусаагүй мэтээр ярьж байгаа. Мөн банктай эвлэрэн хэлэлцэхээр очиход “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тогтооё гэж бодвол таны 2 машины болон swipe зээлийн гэрээний төлөлтийг бид нар аваагүй гэсэн үг, өнөөдрийг хүртэл хүү алданги хэдэн төгрөг болох вэ, тэрийгээ бодож үзээрэй, шүүхээр маргаад яв, эсхүл сүүлийн 4452 тоот зээлийн гэрээний үүргээ дуугүй биелүүлээд яв, тэр нь та нарт ашигтай” гэсэн хариу өгсөн. Ингээд өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг төлөөд дуусчихаад байхад төлөөгүй гээд үүргээ дуусгавар болгохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болно гэж заасан байдаг. Зээлийн гэрээг нэгтгэж эргэн төлөлтийг авч байгаа нь тухайн банкны асуудал. Хууль мэдэхгүй иргэнийг дуудаад өөрсдийн давуу байдлаа ашиглаад эвтэйхэн санал тавьж байгаа мэт боловч эсрэгээрээ эрх ашгийг нь зөрчсөн гэрээ хийсэн. Гэтэл нэхэмжлэгч нь нэгтгэхээс өмнөх зээлийн гэрээг төлөөд дуусгаж байна гэдэг санаа бодлоор л өнөөдрийг хүртэл энэ мөнгийг банкинд төлж ирсэн. Тийм учраас үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. 3 гэрээний үлдэгдлийг төлөөд дууссан байгаа учраас уг гэрээнүүдийг дуусгавар болсныг тогтоолгоод, харин илүү төлсөн 9 634 526 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүх хуралданд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. А ХХК нь иргэн н.Этай 2014.7.03-ны өдөр 140229 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр 15 сая төгрөгийг зээлсэн байдаг. 2014.11.10-ны өдөр 110 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж 13 440 000 төгрөгийг 27,6%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Мөн н.Э 5 сая төгрөгийг 2015.3.19-ний өдөр жилийн 10%-ийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн иргэн н.А 2015.3.19-ний өдөр 2107001105 тоот орон сууц барьцаалсан шуурхай зээл өгч 15 сая төгрөгийн зээлийг жилийн 43%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Ингээд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь буюу зээл төлөх хугацаа явагдаж байсан ч зээлдэгч нар буюу н.Э н.А нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Уг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөнөөр нэмэгдүүлсэн хүү, торгууль бодогддог байсан. Ингээд нэхэмжлэгч З.Э нь н.Аын хамт “н.Эгийн нэр дээр 3 зээл байна, мөн миний нэр дээр байгаа зээл, нийт 4 зээлийг нийлүүлээд нэгтгэж нэг зээл болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг банкинд тавьсан байдаг. Энэ хүсэлт нь нотлох баримтын хэмжээнд хавтаст хэрэгт байгаа. Уг 4 зээлийн нэгтгэж, 2016.5.25-ны өдөр байгуулагдсан буюу нэхэмжлэлийн шаардлагад хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэж байгаа 2107002237 тоот зээлийн гэрээг байгуулсан. Энэ зээлийн гэрээний хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгч З.Э оролцсон. Зээл болон барьцааны гэрээ нь нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа. Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зээлийн хувийн хэргийн талаар зохицуулсан байдаг. Хувийн хэрэгт зээл авъя гэсэн хүсэлт байх ёстой. Зээлийн хүсэлтэд нь зээлийн хүү, зээлийн зориулалт, хугацаа ямар байх ёстойг тусгасан байдаг. н.Эгийн нэр дээрх 3 зээл, нийт 4 зээлийн үлдэгдэл байсан уу байсан. 2016.5.25-ны өдрийн байдлаар эхний 140229 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 8 729 144 төгрөг байсан. н.Эгийн нэр дээр 110 тоот зээлийн гэрээ нь 8 485 494 төгрөгийг үлдэгдэлтэй байсан. Мөн н.Эгийн нэр дээр байгаа 5 сая төгрөгийн swipe зориулалтын зээлийн үлдэгдэл нь 4 072 857 төгрөг байсан. н.Аын 2107001105 тоот зээлийн гэрээний үлдэгдэл нь 11 429 695.53 мөнгө байсан. Ингээд нийт 30 гаруй сая төгрөгийн үлдэгдэл байгаа. Үүнийг банк зээлдэгч нартай харилцан тохиролцоод 4 зээлийн үлдэгдлийг нийлүүлээд 1 зээл болгоё гэсэн хүсэлтийг нь хангаад шийдэж, 33 500 000 төгрөгийн зээлийг банк олгосон. Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлийн дансанд гүйлгээ орсноор зээл олгосонд тооцно гэж заасан байдаг. Энэ гэрээний  33 500 000 төгрөгийн зээлэнд н.А үндсэн зээлдэгчээр, нэхэмжлэгч З.Э нь хамтран зээлдэгчээр оролцсон. н.Аын дансанд 33 500 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. 2016.05.25-ны өдөр 33 500 000 төгрөгийг  н.Ад олгов гэсэн зээлийн дансны хуулгыг нотлох баримтын хэмжээнд гаргаж өгсөн байгаа. Үүнээс зээл олгосны шимтгэл 167 500 төгрөгийг авсан, мөн зээлийн өргөдлийн хураамж 40 000 төгрөгийг авсан. Ингээд 33 287 500 төгрөгийг харилцагч н.А нь харилцахын данснаас зарлага гаргасан байдаг. Үүгээрээ 4 зээлийг төлсөн гэж ойлгож болох тул 4 зээлийг хаасан нь тодорхой. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг дуусгавар болгосон гэж үзэхгүй, харин 236.1.3 дахь хэсэгт зааснаар үүргийг талууд харилцан тохиролцож сольсон асуудал гэж үзэж байгаа. Дараагийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь 2017.12.27-ны өдөр 15 сая төгрөгийн зээлийг 25,2%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. 2017.12.18-ны өдөр 15 сая төгрөгийн зээл олгох шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн зээлийн дансны харилцах данс руу 15 сая төгрөг орсон. Уг данснаасаа нэхэмжлэгч нь мөнгөө авсан гэх дансны хуулга нь байгаа. Өмнөх нэхэмжлэгчийн депозит дансанд 5 сая төгрөгийн үлдэгдэл байсан. Ингээд 15 сая төгрөгийн зээлийг нэмж олгоод нийт 20 сая төгрөгийн үлдэгдэлтэй данс байсныг зээл олгосон шимтгэлд 75 000 төгрөгийг суутгаж аваад 19 925 000 төгрөгийн зарлага гаргаж нэхэмжлэгч өөрөө авсан. Энэ нь гүйлгээний баримттайгаа байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь өөрөө 19 925 000 төгрөгийг бэлнээр авч явсан байна. Авсан зээлээ хэрхэн зарцуулах, хаашаа ямар зээлээ төлөх нь банкны асуудал биш. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү.

 

 4 зээлийг 1 зээл болгох уу, хүүг нь багасгах уу, хугацааг нь уртасгах уу гэх мэт асуудал нь талуудын хоорондын тохиролцооны л асуудал. н.А гэх хүн гэрчээр оролцож, энэ зээлийг өөрөө аваагүй мэдэхгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч Э нь өөрөө хамтран зээлдэгчээр ороод өөрт ашигтайгаар 4 зээлийг нэгтгэж н.А гэх хүний байрыг барьцаанд тавьсан асуудал гэж үзэж байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 3 зээлийн үлдэгдлийг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль бодогддог журамтай. Гэхдээ гэрээний үүрэг дуусгавар болоогүй, шинэ зээлээр үүргийг сольчихсон тул зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

 

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарлахдаа: “4 зээлийг нэгтгээд нэг зээл болгосон байгаа. Уг зээлийн гэрээний үүрэгт 2016.5.25-ны өдөр 33 500 000 төгрөгийн зээлийг 2107002237 тоот дугаартай барьцааны гэрээ байгуулсан, энэ зээлийн гэрээний үүрэгт 19 415 590 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2 дахь шаардлага нь З.Этай байгуулагдсан 2017.12.18-ны өдрийн 2100004452 тоот зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 12 918 848 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

 

 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:  “2237 тоот зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч 33 500 000 төгрөгийг зээлж аваагүй. Тус гэрээ нь 17/0229 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэлд 8 729 146 төгрөг, 110 дугаартай гэрээний үлдэгдэл 8 541 775 төгрөг, 1078  дугаартай гэрээний үлдэгдэл 4 072 856 төгрөг, н.Аын 2107001105 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 11 429 695 төгрөгийг нэгтгэсэн зээлийн гэрээ байгаа. Тэгэхээр огт мөнгө аваагүй. 2017.12.07-ны өдөр хүртэл нэхэмжлэгч төлөлт хийж явж байгаад Аинд гэрээ цуцлах хүсэлт өгсөн. А ХХК хүсэлтийг хүлээж аваад зөвшөөрөөд тэр дор нь гэрээг цуцлангуутаа 4452 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг 4452 тоот зээлийн гэрээг байгуулахдаа таны авсан зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл нь 20 сая төгрөг байна, таны төлсөн мөнгө нь 22 342 016 төгрөг байна, төлөх ёстой үндсэн зээлээс 1 287 490 төгрөг л хасагдсан байна, үлдэх нь төлөгдөөгүй байна гэдэг. 2237 тоот нэмж нэгтгэсэн зээлийн гэрээ нь хүүг нь өсгөхөөс гадна эргэн төлөлтийн график дээрээ 8, 9 сар орчим зөвхөн эхлээд хүүг урьдчилаад авсан. Тэгээд нэхэмжлэгч төлөлт хийгээд явахаар банк эхлээд хүүгээ авчихаад цуцлах хүсэлт өгөхөөр нь шууд цуцалчихсан. Тэгээд банк хүүг нь аваад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Тэгээд үндсэн зээл нь төлөгдөхгүй хуримтлагдсан. 2017.12.18 өдөр шинэчилж байгуулахдаа 20 сая төгрөгийн үлдэгдэлтэй юм чинь 5 сая төгрөгийг бэлнээр өгөөд 15 сая төгрөгийн 4452 тоот зээлийн гэрээг байгуулсан. 2237 тоот зээлийн гэрээг цуцлахад нөгөө н.Аын 2107001105 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл нь 13 117 133 төгрөг байсан. Одоо банк уг н.Аын зээлийн гэрээний үүргийг хамт шаардаад байна. 4452 тоот зээлийн гэрээний дагуу огт мөнгө аваагүй, мөн уг гэрээ байгуулагдах эрх зүйн үндэслэл байгаагүй учраас зээлийн гэрээний үүрэгт 12 429 312 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Шүүх нэхэмжлэгч З.Э, Э.Э нарын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  хариуцагч А ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

Нэхэмжлэгч З.Э, Э.Э нар нь хариуцагч А ХХК-тай  2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот,  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452  тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, гэрээгээр илүү төлсөн 9 634 526 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч,

 

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээний үүрэгт 19 415 590 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж 12 918 848 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн  гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.

 

 

 

Хэргийн баримтаас үзэхэд:

 

  -Э /хуучин нэрээр/ 2014.7.03-ны өдөр 14/02-29 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ болон Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг Э.Этай байгуулж, 15 000 000 төгрөгийг санхүүгийн түрээс зориулалттай,  жилийн 27,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар бэлэн бусаар түрээслэгчид олгосон, барьцаанд Тоуоtа Cгоwn-204 Hybrid 41-37УНК улсын дугаартай  автомашин, тоног төхөөрөмжийг барьцаалсан, дээрх гэрээнд нэхэмжлэгч З.Э хамтран түрээслэгч болон хамтран барьцаалуулагчаар гарын үсэг зуржээ.

 

 

 

  - А 2014.11.10-ны өдөр Э.Этай дахин 14/02-110 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ болон Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг байгуулж, 13 440 000 төгрөгийг санхүүгийн түрээс зориулалттай, жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар бэлэн бусаар түрээслэгчид олгосон, барьцаанд Toyota Prius-20 29-43УБҮ улсын дугаартай автомашин, тоног төхөөрөмжийг барьцаалсан, дээрх гэрээнд мөн З.Э хамтран түрээслэгч болон хамтран барьцаалуулагчаар гарын үсэг зуржээ.

 

 

 

   - А 2015.3.19-ний өдөр З.Этай дахин 2107001078 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 5 000 000 төгрөгийг Swipe зээлийн зориулалтаар жилийн 10 хувийн  хүүтэй, 6 сарын хугацаатай бэлэн бусаар олгосон, зээлийн барьцаанд Найман шарга караокены орлогыг барьцаалсан байна.

 

 

 

Зээлдэгч Э.Эгийн нэр дээрх 3 зээлийн гэрээний дагуу зээл буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга, талуудын тайлбар зэргээс үзэхэд 2016.5.25-ны өдрийн байдлаар 14/02-29 тоот санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл 8 729 144 төгрөг, 14/02-110 тоот гэрээний үлдэгдэл 8 485 490 төгрөг, 2107001078 тоот гэрээний үлдэгдэл 4 072 856 төгрөг нийтдээ 21 287 490 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар зохигчид маргаагүй болно.

 

 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

 

 

Талуудын хооронд байгуулсан 3 удаагийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйл болон холбогдох хуульд нийцсэн, Э.Этай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд  хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

 

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна”, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.4 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болно” гэж тус тус заажээ.

 

 

 

  Анаас 3 зээлийн гэрээг нэгтгэхдээ Э.Эгийн 3 зээлийн гэрээний үлдэгдэл  21 287 490 төгрөг дээр А.А, С.Д нарын Анаас зээлсэн орон сууцны зээл 11 500 000 төгрөгийг нэмж нийтдээ /21 287 490+11 500 000/ 33 500 000 төгрөгийг зээлсэн мэтээр 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 дугаар зээлийн гэрээг байгуулж, уг зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж А.А, хамтран зээлдэгчээр С.Д,  З.Э нар гарын үсэг зурсан,  мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж С.Дгийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

 

 

Зээлдэгч А.А нь 2016  оны 5 дугаар сарын 11-ний өдөр Аинд 2 удаа бичгээр хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтэд “... 33 500 000 төгрөгийг зээл авах хүсэлтэй буйгаа, мөн хадам дүү Э.Эгийн 3 зээлийн барьцаанд өөрийн орон сууцаа барьцаалсан гэх үндэслэлээр 4 дэх зээлийг нэгтгэн нэг төлөлттэй нэг зээл болгож өгөх”-ийг тус тус дурдсан байна.

 

 

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.2-т “гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын төсөөлөл буруу байсан бол түүнийг гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй адилтгаж үзнэ”, мөн хуулийн 220.4-т “гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.

 

 

 

А ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээг байгуулахдаа А.А, хамтран зээлдэгч С.Д нарын байгуулсан ОСБШЗ зориулалтаар зээлж авсан 11 500 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг 2107002237 тоот гэрээнд нэгтгэхдээ зээлдэгч буюу нэхэмжлэгч З.Эгаас зөвшөөрөл аваагүй байна. Нэхэмжлэгч З.Э 2017.12.07-ны өдөр Аинд гаргасан хүсэлтдээ “...  А.А болон С.Д нарын ОСБШЗ зориулалтааар зээлж авсан 11 500 000 төгрөгийн зээлийн үүргийн биелэлтийг 2016.5.25-ны өдрийн 2107002237 дугаар зээлийн гэрээнээс хасах, уг 11 500 000 төгрөгийг А.А, С.Д нарт хамаатуулах”-ыг тус тус хүссэн байна. А  түүний хүсэлтийг үндэслэн 15 000 000 төгрөгийг бизнес зориулалтаар жилийн 25,20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлдүүлсэн мэтээр  2017.12.18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээг З.Этай дахин байгуулж, мөн өдрийн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулжээ.

 

 

 

Мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.2-т “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн” зааснаар ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийсэн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...2017.12.18-ны өдрийн зээлийн гэрээг шинэчлэн байгуулахад банк таны барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байна гээд надаас дахин 5 000 000 төгрөгийг бэлнээр 2100004452 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Миний бие Аинд 2016.5.25-ны өдрөөс хойш 27 346 016 төгрөг төлсөн атлаа дахин 15 000 000 төгрөгийн зээлийн өртэй болсон“ гэж дурдсан байна.

 

 

 

Шүүх хуралдааны явцад 2016.5.25-ны өдрийн 2107002237 дугаар зээлийн гэрээ болон 2017.12.18-ны өдрийн 2100004452 дугаар зээлийн гэрээнүүдийн дагуу 33 500 000 болон 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгч З.Эд бодитоор шилжүүлээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

 

 

Нэхэмжлэгч нарын дансны гүйлгээний утга дээр мөнгөн гүйлгээ хийсэн бичилт шивж, нэхэмжлэгчээр зарлагын баримтанд гарын үсэг зуруулан авч байгаа банкны үйлдэл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 451.1-д заасантай нийцэхгүй, банк буюу хариуцагч өөрийн давуу байдлаа гэрээний нэг талд тулгаж, гэрээний чөлөөт байдал, эрх тэгш байх зарчмыг алдагдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт зааснаар нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл болжээ.

 

 

 

Иймд Аны 2016.5.25-ны өдрийн А.А, хамтран зээлдэгчээр С.Д,  З.Э нартай байгуулсан 2107002237 тоот зээлийн гэрээ, мөн  2017.12.18-ны З.Этай байгуулсан 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэв.

 

 

 

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэхэмжлэгч З.Э 2107002237 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтөд  22 342 016 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот  зээлийн гэрээний эргэн төлөлтөд 5 230 016 төгрөг нийт 32 572 032 төгрөгийг Аинд төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон байна.

 

 

 

2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 тоот зээлийн гэрээний дагуу 9 265 800 төгрөг /1 сард 617 720 төгрөг 15 сар төлөх үүрэгтэй/, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот зээлийн гэрээний дагуу 10 137 240 төгрөг /1 сард 563 180 төгрөг 18 сар төлөх үүрэгтэй/, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээний дагуу 1 884 450 төгрөг нийт 21 287 490  төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нар хариуцагчид төлөх үүрэгтэй байсан байх тул  илүү төлсөн 11 284 542  /32 572 032 – 21 287 490 төгрөг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 тоот зээлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот зээлийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүх Аны 2016.5.25-ны өдрийн А.А, хамтран зээлдэгчээр С.Д,  З.Э нартай байгуулсан 2107002237 тоот зээлийн гэрээ, 2017.12.18-ны З.Этай байгуулсан 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “... хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлыг мөн хангах үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

 

 

            1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 58.2.1, 282.4, 451.1 дэх хэсэгт  хэсэгт заасныг баримтлан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 тоот зээлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот зээлийн гэрээ 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээний үүрэг тус тус дуусгавар болсон болохыг тогтоож,  зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн  11 284 542  төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч З.Э, Э.Э нарт олгосугай.

 

 

 

         2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 58.2.1, 56.1.10, 282 дугаар зүйлийн 282.4, 451 дүгээр зүйлийн 451.1, дэх хэсэгт зааснаар  2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээний үүрэгт 19 415 590 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, 12 918 848 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох автомашин, тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 112 950 /400 500+157 900+554 550/ төгрөг, хариуцагчийн төлсөн 389 823 /319 623+70 200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 112 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                Ц.ОЮУНБИЛЭГ