Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 124/ШШ2021/0075

 

                      

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багт оршин суух, иргэн Я овогт Н-ын И-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох,

“Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 5 сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.И, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагч Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Н.И шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие 2019 оны 11 дүгээр сард төрийн албаны шалгалтад орж тэнцээд 2020 оны 01 дүгээр сард тус сумын Засаг даргын дэргэдэх Тамгын газарт Нийгмийн бодлогын мэргэжилтнээр ажиллаж байтал шинээр томилогдсон Увс аймгийн Завхан сумын Засаг дарга А.Я ажлын байрны дарамт шахалт үзүүлж, компьютер техник хэрэгслийг хураан авч ажил хийх нөхцөл боломжгүй болгон ажлаа өг, дараагийн хүн байна гэх мэтээр дарамталж, 24 цагийн постод гарсан байхад гараагүй гэх мэтээр ажилчдын хурал зарлах гэх мэт шахалт үзүүлж, ажлаас гарах хүсэлтээ бичиж өг гэж удаа дараа шаардсан. Энэ их дарамтын улмаас ажил хийх нөхцөлгүй, ажилдаа очих сонирхолгүй болгож, сэтгэл санааны хямралд орж энэ талаараа Тамгын газрын дарга болон ажилтан албан хаагч нартаа хэлтэл хамт олны зүгээс чамайг ажлаас халах үндэслэл байхгүй гэж хэлж байсан.

2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд сонсох ажиллагаа хийж би өөрийн санал бодлоо сонсгосон. Тус сумын Засаг даргын шаардлагаар Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга тушаал гаргасан байх, хэдийгээр би ажлын байрны дарамтад орж тэдний зөвлөснөөр хүсэлт бичсэн боловч удирдлагын хууль бус үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичих нөхцөл байдалд хүрсэн.

Миний хөдөлмөрлөх эрхэд халдсанд гомдолтой байна. 2018 онд тус сумын Засаг даргын Тамгын газарт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнээр ажиллах явцад хамт олондоо нэр хүндтэй, ажилдаа сонирхолтой, идэвх чармайлттай ажиллаж, алдаа зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл шинэ удирдагч илт ажлын байрны дарамт учруулж, залуучууд биднийг ажил хийх нөхцөл боломжгүй болгож, сэтгэл санаа болон хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдаж байгаад нь маш их гомдолтой байна. Иймд Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Мэргэжилтэн Н.И манай өрөөнд 2021 оны 5 сарын 4-нд өргөдлөө бичээд барьчихсан орж ирээд Засаг дарга намайг удаа дараа дарамтлаад байна би залуу хүн цаашид ингэж сэтгэл санааны дарамттай ажиллаж чадахгүй гэж хэлсэн тухайн үед би өргөдлийг нь хүлээж аваад үгийг нь сонсоод за ямар ч байсан чи хариад тайвшраад 3 хоног ажилдаа ирж хэрэггүй гээд явуулсан. Н.Ид би чамайг чөлөөлөх хүсэл сонирхол алга залуу боловсон хүчин та нар үг дааж цааш хамт олон дотроо ажиллах хэрэгтэй гэж би зөвлөж хэлсэн. Тэгээд ЗДТГазрын ажилтнуудыг цуглуулж санал бодлыг солилцож энэ талаар ярилцсан. Сонсох ажиллагаа явуулж тэмдэглэл хөтөлсөн байгаа. И би гомдолтой байна гэдгээ хэлж цаашид ийм байдлаар ажиллаж чадахгүй дараа дараагийнхаа ажил амьдралыг шийдмээр байна та миний өргөдлийн хариуг хурдан шийдвэрлэж өгөөч гэж утсаар болон өрөөнд орж ирж удаа дараа хэлсэн тэгээд өөрийнх нь хүсэлтийг үндэслэн энэ шийдвэр гаргаж өгсөн. Би энэ шийдвэр гаргахад хэн нэгэн албан тушаалтны шахалтаар хийгээгүй болно. Бусад зүйлийг Засаг даргаас өөрөөс нь тодруулах нь зүйтэй байх. Өөрийн мэдэх зүйлээ бичиж нотлох баримтыг хавсаргаж хүргүүлэв” гэжээ

Нэхэмжлэгч Н.И шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед Увс аймгийн Завхан сумын Засаг дарга А.Я-ны зүгээс “намайг ажлаас гарах өргөдлөө өг, дараагийн хүн чинь бэлэн байна” гэдэг байдлаар удаа дараа дарамталж, миний ажил хийх нөхцөл байдалд халдсан. Дарамт шахалтын улмаас би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Намайг ажлын журмаар постод гарсан байхад гараагүй гэж маргаж, хийсэн ажлыг үгүйсгэж байсан. Надад хуваарилагдан ирсэн компьютерыг надаас булааж авсан учир аргагүй байдлын улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичиж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбар тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.И нь 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Б-д ажлаас гарах өргөдөл өгснөөр Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай тушаал гарч Н.Иг үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. Н.И-г ажлаас гарах өргөдөл өгсөн шалтгааны хувьд: Удирдлагаас буюу Увс аймгийн Завхан сумын Засаг дарга А.Я-ны зүгээс маш их хэмжээний ажлын байрны дарамт шахалт ирж, хийсэн ажлын хийгээгүй мэтээр үгүйсгэж, ажил хийх нөхцөл боломжоор хангаагүйгээс болж сэтгэл санааны маш хүнд байдалд орсны улмаас ажлаас гарах өргөдөл өгсөн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, байгууллагын хамт олны хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар ажлын байрны дарамт шахалт их байсан гэдэг нь нотлогдон тогтоогддог. Н.И-г ажил хийх нөхцөл боломжоор нь хангахгүйгээс гадна ажлын байрны дарамтад оруулж, хөдөлмөрлөх эрхэд нь халдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Н.И нь Төрийн албаны ажлыг тасралтгүй явуулах зорилгоор өөрийн хувийн компьютерыг 3 жил ажил албан тушаалдаа ашигласан байдаг. Дээд шатны байгууллагаас Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газарт шинээр 4 компьютер ирсэн ба нэг компьютер нь Н.И-д хуваарилагдаж ирээд ажиллаж байтал Увс аймгийн Завхан сумын Засаг дарга А.Я орж ирээд бичиг хэргийн ажилтны компьютер удаан байгаа тул чиний шинээр ирсэн компьютерыг өгнө гэдэг байдлаар үл ойлголцох маргаан гаргаж, Н.И-г ажил хийх нөхцөл боломжоор хангаагүй үйлдэл гаргасан. Ковидын нөхцөл байдлын улмаас төрийн албан хаагчид постод хоёр хоёроороо ээлжлэн гардаг байсан. Тухайн өдөр Н.И ээлжийнхээ дагуу хамт ажилладаг ажилтны хамт постод гарсан боловч Увс аймгийн Завхан сумын Засаг дарга А.Я-ны зүгээс Н.И-г постод гараагүй гэсэн гэдэг байдлаар хийсэн ажлын үгүйсгэж, хамт олных нь дунд эвгүй байдалд оруулсан. Тухайн үед Н.И-той хамт постод гарсан ажилтны зүгээс Н.И бид хоёр хамт постод гарсан гэдгийг гэрчилж байхад хүртэл үгүй гэдэг байдлаар үгүйсгэж байсан. Н.И-г постод гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа. Ажлын байранд удирдлагын зохисгүй харилцаа хандлага болон дарамт шахалтын талаар байгууллагын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хамт олны хуралдаанаар ярилцаж, үүссэн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон байдаг. Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын 14 ажилтан албан хаагчийн ажиллах нөхцөл боломж үнэхээрийн хүнд байдалтай байгаа болох нь тус байгууллагын хамт олны хурал дээр Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Бийн хэлсэн үгээр нотлогдон тогтоогдох болно. Увс аймгийн Завхан сумын удирдлагуудын зүгээс залуу ажилтан албан хаагчийн ажил хийх хүсэл зоригийг мохойж байгаа нь учир дутагдалтай байна. Б.Б нь Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа толгой мэдэж маргаан бүхий тушаалыг гаргаагүй байх Увс аймгийн Завхан сумын удирдлагын дарамт шахалтын дагуу 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай тушаал гаргасан байхаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Н.И нь ажиллаж байх хугацаандаа нэг удаа ч зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Н.Игийн зүгээс ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн. Би Н.И-ийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авахаас өмнө “уг өргөдөл нь таныг ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Таны сэтгэл санаа тавгүй байвал гэртээ очоод сайн бодож үзэж байгаад ирээрэй. Сайн бодож байгаад ажлаа эгүүлэн хийсэн дээр байхаа” гэдэг талаас нь тайвшруулж тайлбарлаж ойлгуулсан. Маргаан бүхий Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай тушаал гаргахаас өмнө Н.И-д нэлээд хэдэн өдрийн хугацаа өгч хүлээсний үндсэн дээр тушаал гаргасан. Тухайн үед Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын жолооч болон нэхэмжлэгч Н.И нар ажлаас халагдах өргөдөл өгсөн байсан тул Засаг даргын Тамгын газрын хамт олны хурал хийж, асуудлыг шийдвэрлэхээр санал бодлоо солилцож, сонсох ажиллагаа явуулж байсан. Н.Игийн хувьд гэртээ очиж сэтгэл санаагаа тайвшруулж, сайн бодож байгаад шийдвэрээ гаргаарай гээд явуулж байсан. Н.И ажлаас гарах өргөдөл өгөөд 10 хоногийн дараа би өргөдлийн хариугаа авмаар байна гэж удаа дараа утсаар залгаж, уулзаж байсан учир маргаан бүхий Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг гаргаж өгсөн” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.И нь Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан “Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 5 сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн зүгээс “Завхан сумын Засаг дарга ажлын байрны дарамт учруулж, ажил хийх нөхцөлгүй, сэтгэл санаа болон хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдсаны улмаас ажлаас халагдах хүсэлтээ өгсөн гэж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцов.

Хариуцагч Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Томилох эрх бүхий албан тушаалтны зүгээс Н.И-д ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байгаагүй. Харин гэртээ очиж сэтгэл санаагаа тайвшруулж, сайн бодож байгаад шийдвэрээ гаргаарай гээд явуулж байсан. Гэсэн ч Н.И ажлаас гарах өргөдөл өгөөд 10 хоногийн дараа би өргөдлийн хариугаа авмаар байна гэж удаа дараа утсаар залгаж, уулзаж байсан учир хууль журмын дагуу ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.И нь  2021 оны 05 дугаар сарын 04 өдөр Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргад хандан ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан байх бөгөөд тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Б уг өргөдлийг хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дугаар зүйлийн 79.1, Төрийн албан тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн түүнийг Завхан сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Завхан сумын Засаг дарга ажлын байрны дарамт шахалт үзүүлсний улмаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэх бөгөөд гэрч А.Я, И.Соёл, Н.Гүндэгмаа нарын мэдүүлэг болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд түүнд ажлын байрны дарамт үзүүлсэн нь тогтоогдохгүй байна.

Мөн Увс аймгийн Завхан сумын Засаг дарга ажлын байрны дарамт үзүүлж ажлаас чөлөөлөх өргөдөл бичүүлсэн талаарх Н Игийн гомдлыг Төрийн албаны зөвлөл 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/1541 тоот албан бичгээр харьяаллын дагуу Хүний эрхийн үндэсний комисст шилжүүлжээ.

Хүний эрхийн үндэсний комиссын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2/827 дугаартай албан бичгээр Н.И-д “...Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...” эрхтэй, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 128.1.2 дахь хэсэгт “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол” маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул Комисс таны гомдлыг харьяалан шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгчээ.

Н.И-г ажилд  томилж, ажлаас чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь Завхан сумын Засаг даргын тамгын газрын дарга бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас  Н.И-д ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй байна. Хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өгөхөд нь түүнд хүсэлтийн талаар дахин сайн бодохыг зөвлөсөн ба  шийдвэрээ гаргах боломжит хугацааг олгосны дараа Захиргааны ерөнхий хуульд зааснаар 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сонсох ажиллагааг явуулж 05 дугаар сарын 13-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргажээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх хэсгийг баримтлан Н.И-г ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд  Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 5 сарын 13-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.                                                                                                         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 заасныг баримтлан нэхэмжлэгч Н.И-ийн шүүхэд гаргасан “Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 5 сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.И-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.ОЮУНГЭРЭЛ