Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2025/0286

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

Х.У-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Нэхэмжлэгч: Х.У

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0004 дугаар

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, С.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, Ц.Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 114/2024/0020/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.У-ээс Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “... Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаар захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 19/50 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн 40/2020-II дугаартай гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай 137 дугаар захирамжийн Ш.Б-с Ш.Э-д шилжсэн, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай 221 дүгээр захирамжийн Ш.Э-д холбогдох, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай 267 дүгээр захирамжийн Ш.Э-д холбогдох, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/305 дугаар захирамжийн Ш.Э-с “Н” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0004 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 47 дугаар зүйлийн 47.1, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.5-д заасныг тус тус баримтлан Х.У-н нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаар захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 19/50 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн 40/2020-II дугаартай гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай 137 дугаар захирамжийн Ш.Б-с Ш.Э-д шилжсэн, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай 221 дүгээр захирамжийн Ш.Э-д холбогдох, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай 267 дүгээр захирамжийн Ш.Э-д холбогдох, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/305 дугаар захирамжийн Ш.Э-с “Н” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:          

Анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ зөвхөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.2.1, 38.2.2, 38.2.3, 38.4 дэх заалтуудын хүрээнд хязгаарлан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон байна.  Өөрөөр хэлбэл эдгээр хуулийн зохицуулалтыг дурдах замаар газар эзэмших эрхийг өмнөх эзэмшигчээс маргаан бүхий хэргийн гуравдагч этгээдэд шилжүүлэхдээ хуульд заасан бүрдүүлэх баримтуудыг бүрэн бүрдүүлсэн буюу эзэмших эрхийг шилжүүлэхэд татгалзах үндэслэл байгаагүй талаар “Зөвхөн” дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл энэ биш юм.

            Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болсон гол шалтгаан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.6 дахь заалт байсан юм. Гэтэл анхан шатны шүүх нь энэхүү гол үндэслэлийн талаар “Огт дүгнэлт хийхгүй” хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, түүний хийгээгүй дүгнэлтийн талаар Давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байгаагаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож маргаан бүхий үндэслэлийн талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлүүлэх боломжоор хангаж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.

            Түүнчлэн хэргийн хариуцагч болон гуравдагч этгээдийн аль аль нь маргаан бүхий 2008 оны 137, 2012 оны 221, 2015 ооны А/267, 2017 оны А/305 дугаар захирамжуудыг гаргах тухай бүрд нийт 9 жилийн хугацаанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.6 дахь заалтуудыг хангасан байсан талаарх нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй, энэ талаар анхан шатны шүүх мөн л “Огт дүгнэлт хийгээгүй” хэргийг шийдвэрлэсэн.

            Өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэсэн байхад хүчин төгөлдөр магадлалын агуулгын эсрэг дүгнэлт хийж, Газрын эзэмших эрхийн агуулгаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг тайлбарлаж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг нотлон харуулж байна. Энэ нь эцэстээ уг хэрэгт өмнө нь магадлалаар өгсөн байгаа дүгнэлтийн эсрэг, шууд зөрчсөн байдлаар дүгнэлт өгсөн ноцтой хууль зүйн үр дагаврыг үүсгээд байна.

            Хэрэв анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн энэхүү шаардлага, үндэслэлийн талаар ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдал байна гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар тодруулах ажиллагааг хийлгүүлж, талуудыг тодорхой мэтгэлцүүлж, хэрэгт тодорхой бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг бүрэн дүүрэн шийдвэрлэх боломжтой байсан.

            Газрын хэмжээг сүүлд нэмэгдүүлсэн 01-А/71 дугаар захирамжаар олгогдсон газарт 9/50 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын барилгын ажлыг хийж хууль зөрчсөн. Үүнийг анхан шатны шүүх өөрөө өөрийнхөө дүгнэлтээр тогтоосон агуулгатай буюу “19/50 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь 01-А/71 дүгээр захирамжийг үндэслээгүй” гэх дүгнэлтийг хийсэн бүрэн дүүрэн тодорхой болж байна.

Зүй нь бол “19/50 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар” нь “01-А/71 дүгээр захирамж”-ийг үндэслэн “19/50 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар”-т зохих өөрчлөлтийг оруулж байж барилгын ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан.

            Гэтэл огт өөрчлөлтийг оруулахгүйгээр “01-А/71 дүгээр захирамж”-аар нэмж олгогдсон газарт хууль бусаар барилга төлөвлөлтийг хийж, барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн нөхцөл байдал үүссэн.

            Тодруулж хэлбэл, “19/50 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар” нь “зөвхөн” 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/305 дугаар захирамжийг үндэслэн олгогдсон байдаг боловч сүүлд нэмж олгогдсон “01-А/71 дүгээр захирамж”-ийг үндэслэхгүйгээр  “01-А/71 дүгээр захирамж”-аар олгогдсон газарт “19/50 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар зөвшөөрсөн барилгыг оруулан барьсан хууль бус нөхцөл байдал үүссэн.

            Маргаан бүхий 19/50 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 40/2020-// дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь нэхэмжлэгчинй үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарц байсан уг зориулалтаар ашиглагдаж  байсан орц, гарцыг буулгаж, эвдэн нурааж, орц гарцыг хааж хууль бусаар барилгыг барьсан байгаагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илтэд зөрчигдсөн болно.

            Анхан шатны шүүх нь “газрын дуудлага худалдааны орлого 30.600.000 төгрөгийг төлж ...” гэх боловч газрыг дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэх болсон талаарх баримт хэрэгт байхгүй, энэ талаар нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргаж, шүүх хангаж шийдвэрлэсэн боловч энэ талаар хариуцагч нь худал тайлбарлаж баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх огт дүгнэлт хийгээгүй атлаа “газрын дуудлага худалдааны орлого 30.600.000 төгрөгийг төлж” гэж тайлбарлан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

            Хариуцагч нь тухайн нөхцөл байдалд үндэслэн өөрийн гаргах гэж байгаа захиргааны актын үйлчлэлд эрх, ашиг сонирхол нь зөрчигдөх, хөндөгдөх этгээдүүдийн хүрээнд сонсох ажиллагааг огт хийлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан хууль зөрчсөн нөхцөл байдал үүссэн, хэрэгт авагдсан талуудын тайлбараар тогтоогдсон байхад энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

            Түүнчлэн анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Хууль бус болохыг тогтоолгох”-той холбоотой шаардлагын талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, түүнийг шийдвэрлээгүй ноцтой алдаа гаргасан байна. Тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.

            Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 114/ШШ2025/0004 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Х.Уээс “... Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаар захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 19/50 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн 40/2020-II дугаартай гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай 137 дугаар захирамжийн Ш.Б-с Ш.Э-д шилжсэн, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай 221 дүгээр захирамжийн Ш.Э-д холбогдох, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай 267 дүгээр захирамжийн Ш.Э-д холбогдох, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/305 дугаар захирамжийн Ш.Э-с “Н” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргажээ.

2.1. Нэхэмжлэгчээс “... Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Ардын өргөн чөлөөний 5-11 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн Х.У миний үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарц бүхий хэсгийг хааж, уг хэсэгт Н ХХК-д нэмж газар олгосон захирамжийг Дархан-Уул аймгийн Засаг дарга гаргаж өмчлөгч миний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хариуцагч нарын хууль бус шийдвэр, зөвшөөрлийн дагуу тус компани дураараа авирлаж, манай орц гарцыг хааж, замыг эвдэн сүйтгэж барилгын үйл ажиллагаа явуулан нэхэмжлэгч намайг хохироосон ...” гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдэд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар газар нэмж эзэмшүүлсэнтэй холбогдуулан маргаж байх боловч нэхэмжлэгчийн эзэмших эрх үүсэхээс өмнөх хариуцагчийн маргаан бүхий 2008, 2012, 2015, 2017 онуудын захирамжуудтай маргаж байгаа мэт зөрчилтэй байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, тус захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгох хууль зүйн үндэслэлийг дурдаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан ямар шаардлага гаргаж байгаа болох нь тодорхойгүй, тус нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх эсэх нь тодорхой бус байна.

2.2. Мөн нэхэмжлэгч Х.У нь өөрийн эзэмших эрх үүссэнээс өмнөх захирамжуудтай маргаж буй тухайн тохиолдолд шүүхээс захирамжуудтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

2.3. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 149 дүгээр захирамжаар “... нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн Ү-20030159**, Ү-2003015***, Ү-200301****, Ү-2003015997, Ү-20030***** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй ч түүнийг өөрийн эзэмшиж байсан газар дээрх уг үл хөдлөх эд хөрөнгүүдээ тухайн газар дээр ашиглах Х.У-н эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий газрыг эзэмших, эрхтэй тэрхүү эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 882 дугаар тогтоолоор “... нэхэмжлэгч Х.У нь улсын бүртгэлийн Ү-20030159**, Ү-2003015***, Ү-200301****, Ү-20030***** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийнх нь орц, гарч бүхий хэсгийг хааж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж тайлбарлан маргаж байхад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй ...” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар эцсийн шийдвэр байна.

Гэтэл анхан шатны шүүхээс “... Х.У нь өөрийн эзэмшил газрыг Д.М-д шилжүүлж, түүний газар эзэмших эрх дуусгавар болсон, нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших эрхтэй Д.М-тай Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээ байгуулсан талаарх баримтыг ирүүлээгүй энэ тохиолдолд түүнийг гуравдагч этгээдэд газрын хэмжээг нэмэгдүүлсэн хариуцагчийн захирамжтай “орц, гарцыг хаасны улмаас өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах боломжгүй болж эрх минь зөрчигдсөн” гэх үндэслэлээр маргах эрхтэй гэж үзэхгүй бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх боломжгүй” гэж давж заалдах шатны шүүхийн дээрх тогтоолоор нэгэнт шийдвэрлэсэн асуудлын талаар эсрэг дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.

3.1. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно”, 27.1.1-д “энэ хуулийн 32.1.5-д заасан зөвшөөрлийг Засгийн газар”, 27.1.2-т “энэ хуулийн 10.1.5, 20.2-т заасан зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага”, 27.1.3-д “энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга”, 28 дугаар зүйлийн 28.1-д “.Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна”, 28.5-д “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно” гэж тус тус заажээ.

3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/305 дугаар захирамжийг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 19/50 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 40/2022-II дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг гуравдагч этгээд “Н” ХХК-д олгосон байна.

3.3. Харин дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсны дараа хариуцагчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/71 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “Н” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 3010 м.кв болгож нэмэгдүүлсэн байна.

3.4. Энэ тохиолдолд аймгийн Засаг даргын маргаан бүхий 2023 оны 01-А/71 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “Н” ХХК-д нэмж эзэмшүүлсэн нийт 3010 м.кв газарт гуравдагч этгээдийн зүгээс 2017 оны А/305 дугаар захирамжийг үндэслэн гарсан архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу барилга барьсан эсэх нь тодорхой бус, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, эскиз зураг авагдаагүй, эдгээр баримт огт байхгүй эсэхийг нэг мөр эцэслэн тодруулаагүй байна.

3.5. Анхан шатны шүүхээс “... гэрч Б.Х, М.Ш нарын “... 2019 онд худалдаж авснаас хойш орц, гарцын зориулалтаар ашиглаж ирсэн ..:” гэх мэдүүлэг, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгүүд, агаарын сансрын зургаар нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрын орц, гарц хаагдсан болох нь тогтоогдоогүй ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

3.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд[1], Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 517 дугаар албан бичгийн хавсралтаар[2] Д.М- болон гуравдагч этгээд “Н” ХХК-ийн өмнөх нэгж талбар, талбайн хэмжээг нэмэгдүүлсний дараах нэгж талбарын зураг болон 2017-2023 оны агаар сансрын зураг, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн орц гарцыг төлөвлөсөн байдлыг харуулсан сансрын зургуудыг шүүхэд ирүүлсэн байна.

3.7. Гэвч дээрх баримтуудаар гуравдагч этгээд “Н” ХХК-ийн 2023 оны 01-А/71 дүгээр захирамжаар нэмж эзэмшүүлсэн талбай бүхий газар нь ... оны .... архитектур төлөвлөлтийн даалгаврын аль хэсэгт хамаарч байгаа болох нь тодорхойгүй, эсхүл газар нэмж эзэмшүүлсэнтэй холбогдуулан шинээр архитектурын төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан эсэх, эсхүл өмнөх даалгавал, зөвшөөрлөөр барилгыг барьсан эсэх, нэхэмжлэгчийн орц гарцтай давхцаж байгаа эсэх, шүүхээс хийсэн үзлэгээр газрын байршил болон орц, гарцын төлөвлөлт, гуравдагч этгээдийн барилгатай давхцаж байгаа эсэх нь  тодорхойгүй, ойлгомжгүй байх тул шүүх эдгээрийг тодруулах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзлээ. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар  эдгээрийг тодруулах талаар дүгнэлт гаргуулах зүйтэй юм.

4. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж, өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно”, 30.3-д “Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 30.3.1-д “захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах;” гэж тус тус заажээ.

4.1. Хэдийгээр хэргийн оролцогч тэр тусмаа өмгөөлөгч нь өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ гүйцэтгэх хүрээнд өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ хэргийн оролцооных нь тухайд хэргийн үйл баримттай холбоотой, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэн мэтгэлцэх байдлаар мэтгэлцэх замаар хууль зүйн мэргэжлийн  үзүүлэх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох замаар өмгөөлүүлж буй этгээдийнхээ ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах үүрэгтэй боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н-с шалтгаалан шүүх хуралдаан өмнө нь 3 удаа хойшилсон байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н-д 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдаан давхацсан[3] гэсэн үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо илэрхийлж шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан байхад түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтайг дурдах нь зүйтэй байна.

5. Монгол улсын Дээд шүүхийн нийтийн шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын 5.1.2-т “... Улсын бүртгэлийн маргааны хувьд иргэний болон захиргааны хэргийн шүүх нь эрх зүйн маргааны үндсэн шинжээс хамаарч өөр өөрийн харьяаллаар хэргийг хянан шийдвэрлэнэ. Тухайлбал, улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн, эсхүл бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсаны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгохтой холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаардаг. Гэвч бодит байдалд хүн, хуулийн этгээдээс улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар, жишээ нь “улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга нь иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан буюу иргэний гэрээ, хэлцэл, итгэмжлэл, хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой, эсхүл онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх үйл баримт байх нь цөөнгүй. Иймд шүүхийн процесс хэмнэлттэй байх, шүүхийн шийдвэр нэгдмэл байх, иргэдэд эрх зүйн үр нөлөөтэй хамгаалалтыг түргэн шуурхай үзүүлэх зарчмыг хангах үүднээс захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх улсын бүртгэлтэй холбоотой маргааныг захиргааны байгууллагын “шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлах”-аар тайлбарлав. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянана гэж ойлгоно. Харин нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллага (захиргаа)-д холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар маргаж байгаа боловч тухайн маргааныг шийдвэрлэхийн тулд эхэлж иргэний маргааныг хянан шийдвэрлэх шаардлагатай болох нь илэрхий тодорхой байгаа тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эл байдал тогтоогдвол шүүх нэг бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх 8 бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”, эсхүл (шаардлагатай гэж үзвэл) мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь оновчтой. Түүнчлэн, иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдан зөвхөн хувийн эрх зүйн маргааны үйл баримтыг шийдвэрлэж (өмчлөгчөөр тогтоох, маргаан бүхий гэрээ хэлцэл, эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэх мэт), бүртгэлийн асуудлыг орхигдуулдгаас дахин захиргааны маргаан үүсэх шалтгаан болж байна. Иймд иргэний хэргийн шүүх цаашид бүртгэлийн маргааны үндэс болох хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ (үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал өмчлөх эрхийн маргаан гэх мэт) нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татсан эсэхээс үл шалтгаалж улсын бүртгэлийн асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх арга, журмыг тодорхойлохдоо нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна. Ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордохгүй, харин ч эрх зүйн хамгаалалтыг бүрэн үзүүлэх тул агуулгын хувьд “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”- д тооцогдохгүй, мөн “нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох” зарчимтай зөрчилдөхгүй юм”, Тайлбарлах нь хэсгийн 1.2-т “Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлагдах тул хэрэв тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохиногэж тайлбарласан байна.

            5.1. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс  “... Х.Уээс Д.М-д газар эзэмших эрх шилжүүлсэн асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа ... өмнө нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар “үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийнх нь хувьд орц, гарцын тухай дүгнэлт хий” гэсэн үндэслэлээр хүчингүй болгочхоод байхад өмчлөгчийн хувьд эрх нь зөрчигдөж байгаа эсэх дээр огт дүгнэлт хийхгүйгээр зөвхөн газар эзэмшигчийнх нь тухай дүгнэлт хийсэн, ... анхан шатны шүүх 5 үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрх ашиг нь зөрчигдөж хөндөгдөж байгаа эсэх дээр орц гарцын тухай заавал дүгнэлт хийх шаардлагатай” гэж тайлбарласан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч Х.Уээс Д.М- газар эзэмших эрх шилжүүлсэнтэй холбогдуулан маргаан үүссэн эсэх, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан өмчийн маргаан үүссэн эсэх талаарх холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулж, тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан захиргааны шүүхийн хяналтын цар хүрээнд хамаарах буюу хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтад хамаарч байгаа эсэх, талуудын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

            6. Ийнхүү анхан шатны шүүх дээр дурдсан холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

[1] Хэргийн 1 дэх хавтас-219, 2 дахь хавтас-168

[2] Хэргийн 2 дахь хавтас, 127-136 дахь хавтас

[3] Хэргийн 3 дахь хавтас, 100 дахь тал