Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2016/0601

 

 

 

 

 

 

 

2016 оны 9 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2016/0601

Улаанбаатар хот

Ц.*******мын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.*******ма, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 428 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Ц.*******мын нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яамны сайд болон Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууцны комисст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 428 дугаар шийдвэрээр: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комисст 2012 онд гаргасан орон сууц хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэн орон сууц олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий Ц.*******мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасныг хэрэгжүүлэх үүднээс зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комисс өндөр настан Ц.*******мын орон сууц хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн бусад 733 тэтгэвэрт гарсан ахмадуудын гэр орон сууц хүссэн өргөдлийн бүртгэлийн адил шийдвэрлэх боломжгүй хүлээгдэж байгаа нь хариуцагчийн эс үйлдэхүй гэж үзэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "эс үйлдэхүй" гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг" гэж заасантай нийцээгүй дүгнэлт гэж үзэхээр байна.

Учир нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ" гэж зааснаар миний болон бусад тэтгэвэрт гарсан өндөр настангуудын өргөдлийг 30 хоногт, хугацааг сунгасан тохиолдолд нийтдээ 60 хоногийн дотор шийдвэрлэх ёстойг хуульчилсан энэ хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлэн миний 2012 онд гаргасан өргөдлийг шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэл гаргах хүртэл ямар нэг байдлаар шийдвэрлээгүй, Зэвсэгт хүчний жанжин штабын арын албаны даргын өгсөн гэх ямар ч албан бланк, тамга тэмдэг байхгүй хариуг миний бие өргөдлийг минь шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэхгүй байгаа болно.

Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацаанд миний өргөдлийг төрийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлээгүй эс үйлдэхүйг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байхад хууль зөрчсөн бусад үйлдлүүдийг нь хуульд нийцсэн байдлаар буюу нэгэнт бусад өндөр настангуудын орон сууц хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй байгаа шалтгааныг миний гаргасан өргөдөлтэй холбон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласныг шүүхээс зөв мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, нэгэнт зөрчигдсөн эрхийг минь анхаарч үзээгүйгээр шийдвэрээ гаргасан гэхээр байна.

Түүнчлэн хариуцагчаас шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа одоо ажиллаж байгаа тэтгэвэртээ гарсан өндөр настангуудыг гаргах боломжгүй тул тус иргэдэд амьдарч байгаа орон сууцыг нь олгосон гэж тайлбараас өмнө амьдарч байгаад орон сууцны дэмжлэг авч чадаагүй иргэдийн өмнүүр орж байгаа буюу адилхан өндөр настан иргэдийн хувьд тэгш бус байдлаар хандаж, одоо ажиллаж байгаа иргэдэд орон сууцны дэмжлэг үзүүлж байгаа бодит байдлыг анхааралгүйгээр шүүх шийдвэрээ гаргасан нь буруу гэж үзэж байна.

Нэхэмжлэгч иргэн миний төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа, орон сууцны дэмжлэг үзүүлэх боломжтой байдлыг нарийн анхаарч үзэлгүйгээр хариуцагчийн гаргасан хууль бус тайлбарыг дэмжих байдалтайгаар шийдвэрээ гаргасныг хууль бус гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 428 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр “Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комисст 2012 онд гаргасан нэхэмжлэгчийн орон сууц хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Анхан шатны шүүхээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Батлан хамгаалахын сайдын 2005 оны 179 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалын орон сууцыг ашиглах журам”-ын 1.3, 2.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ц.*******мад орон сууц олгохыг хариуцагч Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комисст даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Тиймээс нэхэмжлэгчийн “орон сууц олгох”-ыг Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комисст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн гомдлын “...2012 онд гаргасан өргөдлийг шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэл гаргах хүртэл ямар нэг байдлаар шийдвэрлээгүй, Зэвсэгт хүчний жанжин штабын арын албаны даргын өгсөн гэх ямар ч албан бланк, тамга тэмдэг байхгүй хариуг миний бие өргөдлийг минь шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэхгүй байгаа болно” гэх үндэслэлийн тухайд:

Төрийн захиргааны удирдлагын газрын даргын орлон гүйцэтгэгч хурандаа О.Нямчулуун “... урьд нь орон сууц авч байсан эсэхийг судлах, Зэвсэгт хүчний орон сууцны төв комисст уламжлах зэрэг арга хэмжээ авна уу” гэсэн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 3/1601 тоот албан бичгийг Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн дарга, ерөнхий эмч, хурандаа Л.Зоригтод Батлан хамгаалах яамнаас хүргүүлж байснаас үзэхэд 2012 онд нэхэмжлэгч Ц.*******ма нь орон сууц хүссэн хүсэлтийг Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хувьчлах комисст гаргасан байна.

Дээрх албан бичиг болон Зэвсэгт хүчний жанжин штабын хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Алтанхуягт хүргүүлсэн Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очирын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3/1805 дугаар албан бичиг, нэхэмжлэгч Ц.*******ма танаа “хариу хүргүүлэх тухай” гэсэн Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын дарга, хурандаа М.Эрдэнэдалайн баримт зэрэг нь 2012 онд Батлан хамгаалахын сайдад хандаж “орон сууц” хүссэн өргөдөл, гомдлын хариу гэж үзэх үндэслэлгүй юм.

Эдгээр албан бичгүүд нь Ц.*******мад хаяглан, хандаж хүргэгдээгүй, түүний хүсэлтэд албан ёсоор хариу өгөөгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзлээ.

Хэдийгээр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина” гэж заасан боловч иргэн Ц.*******мын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас албан ёсоор түүнд хариу өгч, мэдэгдээгүй зэрэг байдлаар хариуцагч нарын эс үйлдэл хууль бус болох нь тогтоогдож байна.

Тиймээс нэхэмжлэгч Ц.*******мын “Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комисст 2012 онд гаргасан нэхэмжлэгчийн орон сууц хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, албан ёсоор хариу өгөхийг Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын даргад даалгах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 428 дугаар шийдвэрийг “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.*******мын “Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комисст 2012 онд гаргасан нэхэмжлэгчийн орон сууц хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, албан ёсоор хариу өгөхийг Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын даргад даалгаж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэн орон сууц олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

                                     

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНД:

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР