Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2019/00952/И |
Дугаар | 183/ШШ2019/01933 |
Огноо | 2019-09-17 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2019/01933
2019 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2019/01933 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, ... тоотод оршин суух Х овогт М.Н -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах Нт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :
М.Н миний Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ... тоот хаягт байрлах 42 м.кв 2 өрөө байрыг Н 28 850 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байна. Манай байрны зах зээлийн үнэлгээ 70 000 000 төгрөг байдаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Учир нь анхны дуудлага худалдааг надад мэдэгдээгүй бөгөөд сүүлд хаягаар ирснийг мэдсэн. Гэтэл гэнэт 28 850 000 төгрөгөөр миний байрыг үнэлж дуудлага худалдаанд оруулахаар болж байгаад гомдолтой байна. Миний бие энэ талаар гомдол гаргасан боловч хүлээн аваагүй. Шүүхэд хандсан боловч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн С ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өнгө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны 183/ШШ2017/02258 дугаар захирамжаар В ХХК, Ц.Б. А.Н нараас 133 320 934 төгрөгийг гаргуулж Хинд олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 18290472 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлээгүй талаар мэдэгдэж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... тоот хаягт байрлах 42.3 м.кв талбайтай орон сууцыг 18290472/05 тогтоолоор битүүмжилж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18290472/08 дугаар тогтоолоор хураасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний С ХХК-ийг томилоход 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх болон газрыг 278 500 000 төгрөгөөр 42,3 мкв талбайтай орон сууцыг 57 100 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/3024, 4/3023 дугаар албан бичгээр мэдэгдэж өмчлөгч М.Н 1 дүгээр сарын 25-ны өдөр үнэлгээний тайланг танилцуулсан байна. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Нт холбогдуулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, .... тоот, 42,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь “ ...манай байрны зах зээлийн үнэлгээ 70 000 000 төгрөг байдаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Учир нь анхны дуудлага худалдааг надад мэдэгдээгүй бөгөөд сүүлд хаягаар ирснийг мэдсэн. Гэтэл гэнэт 28 850 000 төгрөгөөр миний байрыг үнэлж дуудлага худалдаанд оруулахаар болж байгаад гомдолтой байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний С ХХК-ийг томилоход 42,3 мкв талбайтай орон сууцыг 57 100 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/3024, 4/3023 дугаар албан бичгээр мэдэгдэж өмчлөгч М.Нт 1 дүгээр сарын 25-ны өдөр үнэлгээний тайланг танилцуулсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Б, А.Н, В ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 132 430 631 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №183/ШШ2017/02258 дугаар захирамжаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 132 430 631 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017.11.25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017.12.25-ны өдөр 4 500 000 төгрөг, 2018.01.25-ны өдөр 8 500 000 төгрөг, 2018.02.25-ны өдөр 7 500 000 төгрөг, 2018.3.25-ны өдөр 8 500 000 төгрөг, 2018.4.25-ны өдөр 12 000 000 төгрөг, 2018.5.25-ны өдөр 12 000 000 төгрөг, 2018.6.25-ны өдөр 12 000 000 төгрөг, 2018.7.25-ны өдөр 29 000 000 төгрөг, 2018.8.25-ны өдөр 35 430 631 төгрөгийг тус тус нийт 132 430 631 төгрөгийг төлөхөөр, хариуцагч нар нь 2017.11.25-ны өдрөөс 2018.5.25-ны өдрийн дотор 56 000 000 төгрөгийг сар бүр хуваарийн дагуу бүрэн төлсөн нөхцөлд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206008981 дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, .... тоот 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөх эсэх асуудлыг талууд шийдвэрлэхээр, Хариуцагч Ц.Б, А.Н, В ХХК нар нь зээлийн төлбөр болох 132 430 631 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар, Үүнд: Улсын бүртгэлийн Ү-2201039011 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, ... тоот 827,5 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй гахайн фермийн барилга, улсын бүртгэлийн Ү-2201032262 дугаартай Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гахайн фермийн зориулалттай 00512535 тоот гэрчилгээний дугаартай, 10002 м.кв талбайтай газар, Улсын бүртгэлийн Ү-2206008981 дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... тоот 42.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №183/ШЗ2018/02292 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 280 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснээр 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 18290472 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна. /х.х -36, 37, 42/
Төлбөр төлөгч Ц.Б, А.Н, В ХХК нар нь 132 430 631 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18290472/05 тогтоолоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... тоот 42.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжилж, 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 18290472/08 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг өмчлөгч М.Нт хариуцуулан үлдээж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 68-81/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахаар төлбөр төлөгч В ХХК-д 2018.12.13-ний өдрийн 4/652, дугаар мэдэгдлийг хүргүүлсэн, өмчлөгч буюу гуравдагч этгээд М.Н уг орон сууцыг 78 сая төгрөгөөр үнэлж үнийн саналаа гаргасан ба төлбөр авагч, төлбөр төлөгч нар үнийн саналаа ирүүлээгүй, харилцан тохиролцоогүй үндэслэлээр мөн хуулийн 55.2.2-т зааснаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар тогтоолоор “С” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-ийн 52-84/
“С” ХХК нь эд хөрөнгийг үнэлэхдээ Олон улсын стандартыг баримтлан газар дээр нь очиж, хөрөнгийн ашиглалтын одоогийн байдал, холбогдох баримт бичгүүд, ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... тоот 42.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны үнийг 57 100 000 төгрөгөөр үнэлжээ. Дээрх үнэлгээний тайланг 2019.01.24-ны өдрийн 4/3024 дугаар мэдэгдлээр өмчлөгч М.Н, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлж, төлбөр төлөгч, өмчлөгч М.Н нар танилцаж, гарын үсгээ зурсан байх ба дээрх үнэлгээний тайланг өмчлөгч М.Нт танилцуулж, тэмдэглэл үйлдсэн байна./хх-ийн 85-87/
Нэхэмжлэгч М.Н нь хөрөнгийн үнэлгээ тогтоосон “С” ХХК-ийн орон сууц үнэлсэн хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй гэж маргаж байгаа хэдий ч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийг үнэлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, баримтаар нотолж чадаагүй юм.
Нэхэмжлэгч М.Н нь шүүхэд анх 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3370 дугаар захирамжаар, эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан нь хэргийн баримтаар тус тус тогтоогдож байх тул 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гомдол гаргаж, хуулиар тогтоосон 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. /х.х-4, 87/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нт холбогдох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ... тоот хаягт байрлах 42,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ