| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2024/0966/З |
| Дугаар | 221/МА2025/0301 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2025/0301
“ДГ ” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Гомдол гаргагч: “ДГ ” ХХК
Хариуцагч: Монополын эсрэг газар
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч Б.С хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2024/0966/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “ДГ ” ХХК-аас Монополын эсрэг газарт холбогдуулан “Монополын эсрэг газрын Улсын байцаагч Б.С-ын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0002221 тоот шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар шийдвэрээр:
Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3, Хэрэглэгчийн эрхийг хамгааоах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “ДГ ” ХХК-аас Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С-т холбогдуулан гаргасан “Монополын эсрэг газрын Улсын байцаагч Б.С-ын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0002221 тоот шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “3ахиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан.
Хариуцагч Монополын эсрэг газрын Улсын байцаагч Б.С нь тухайн шийдвэрийг гаргахдаа тухайн гомдлыг гаргасан иргэн Э.А болон “ДГ ” ХХК нь тухайн зөрчилтэй холбогдуулан иргэний хэргийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн эцсийг харгалзалгүй шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй. Учир нь тухайн асуудалтай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй Улсын Дээд шүүхэд хянагдаж байгаа ба эд хөрөнгийн доголдолтой, гэрээний үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг баримтлаагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “ 3ахиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 65 дугаар зүйлийн 65.1.3-д “ эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж тус тус заасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0113 дугаар шийдвэрийг гаргахдаа хэргийн нөхцөл байдлыг гүйцэд тодруулалгүйгээр, гэрээний үүргээ биелүүлээгүй, доголдолтой талаарх иргэний хэргийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тус маргаан эцэслэн шийдвэрлэгдсэнээр тухайн үйлдвэрийн доголдолтой, хэрэглэгчийн эрхийг зөрчсөнтэй холбоотой асуудал шийдэгдэх байсан. Үүнтэй холбогдуулан шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хангалттай тайлбарласан боловч харгалзан үзэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчин шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.““барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа" гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг”, 14 дүгээр зүйлийн 14.3.“Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна” гэж тус тус заасан.
Тус асуудалтай холбогдуулан иргэн Э.А гомдол гаргасныг “ДГ ” ХХК шалган үзээд нэг жилийн хугацаандаа засвар үйлчилгээг хийхээр хандсан боловч иргэн Э.А нь зүгшрүүлэх, тохируулах боломж олголгүй гомдол гарган, засвар хийлгэхгүй гэж тус асуудлыг шийдвэрлэх боломжгүй болгосныг мөн шүүх харгалзан үзээгүй байна.
Иргэн Э.А-тай байгуулсан гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, доголдолтой гэх талаар өөр иргэн болон хуулийн этгээдээс гаргасан гомдол байхгүй, дан ганц тухайн иргэний орон сууцад гарсан асуудал ба тус асуудлаа шийдвэрлэж гэрээний үүргээ биелүүлж, хуулийн дагуу хугацаандаа засаж үйлчилгээ үзүүлэх талаар иргэн Э.А-т албан бичгээр болон утсаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч түүнийг хүлээн авалгүй гомдол гаргасныг улсын байцаагч шууд хүлээн авч, “ДГ ” ХХК- д алдаа дутагдлаа засах, хэрхэн холбогдсон эсэх талаар тайлбарыг авалгүй шийтгэлийн хуудас оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуульд заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн зарчмыг зөрчиж нэг талд шийтгэлийн хуудас оногдуулсан.
Иймд тус үндэслэлүүдийг харгалзан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “СГ” хотхон нь БНБД-ийг баримтлаагүй үйлдэл нь хэрэглэгчийг хохироож, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дахь зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 20.000 нэгж буюу /хорин сая/ төгрөгөөр торгож шийтгэл ногдуулсныг гомдол гаргагч “ДГ ” ХХК-аас эс зөвшөөрч “... шийтгэлийн хуудаст БНБД-ийг баримтлаагүй үйлдэл нь хэрэглэгчийг хохироож гэрээнд заасан чанар аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх эрхийг зөрчсөн гэж үзсэн шийдвэрийн үндэслэлийг нотолсон баримт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар бүрэн тогтоогдоогүй байхад үндэслэлгүй шийдвэр гаргасан, ... Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэлд хамаарахгүй, иргэн компани хоёрын хооронд байгуулагдсан хувийн эрх зүйн бусад хууль тогтоомжоор зохицуулагдах харилцаанд гэрээг зөрчсөн эсэхийг тогтоох байгууллага нь Монополын эсрэг газар биш бөгөөд бидний хооронд байгуулагдсан гэрээ нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх асуудал ба тус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан байхад давхар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан ...” гэх үндэслэлээр “Монополын эсрэг газрын Улсын байцаагч Б.Сын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0002221 тоот шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.2. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.1-д “"хэрэглэгч" гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг;”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж тус тус заасан.
2.3. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд бараа, ажил үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг хэрэглэгч гэж заасан байх бөгөөд хэрэглэгч нь эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын норм, хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй байхаар хуульд тусгайлан зааж энэхүү эрхийг зөрчсөн хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэн Э.А болон гомдол гаргагч “ДГ ” ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн DIG-2022-RE-118 дугаар “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байна.
Энэхүү гэрээгээр “ДГ ” ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдах “СГ” хотхоны орон сууцны барилга, инженерийн шугам, сүлжээ (дулан, цахилгаан, цэвэр, бохир усан хангамж), гадна зам талбайн тохижилтын хамт бүрэн барьж гүйцэтгэн 14** дүгээр блок, 1 дүгээр орц, 16 давхрын “И” загварын 16**тоот 43.36 м.кв байрыг хүлээлгэж өгөх заасан байх бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөхдөө Монгол Улсын Барилгын тухай хууль тогтоомж, барилгын норм дүрэмд заасан нөхцөл шаардлагыг хангаж, батлагдсан зургийн дагуу гүйцэтгэхээр тусгайлан заасан байна.
2.5. Улмаар иргэн Э.А-аас худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн доголдлыг тодорхойлуулахаар “Х” ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Хөрөнгийн доголдол тодорхойлох гэрээ”[1]-г байгуулсны дагуу 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 67 дугаар албан бичгээр[2] гүйцэтгэгч компанийн ажил чанаргүй хийснээс болж үүссэн доголдлуудын дүгнэлт[3]-ийг иргэн Э.Ат хүргүүлсэн байна.
2.6. Мөн иргэн Э.А-аас 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хотын стандарт, хяналтын газарт гаргасан өргөдлийн дагуу Хотын стандарт, хяналтын газрын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01-13-01/033/12 дугаар албан шаардлагаар[4] барилгын дутагдлыг арилгаж, доголдолтой ажлуудыг хийж гүйцэтгэж, хариуг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор албан бичгээр ирүүлэхийг үүрэг болгож, ийнхүү албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зохих арга хэмжээ авахыг “СС” ХХК-д мэдэгдсэн байна.
2.7. Уг албан шаардлагын дагуу “СС” ХХК-аас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар албан бичгээр “... иргэн Э.А нь 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шинээр илэрсэн доголдлын талаар Хотын стандарт, хяналтын газарт дахин гомдол гарган шийдвэрлүүлж, уг гомдол хянагдаж холбогдох дүгнэлт, шаардлага гарах хүртэл засварын ажил хийлгэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн, ... дутагдлыг арилгаж, доголдолтой ажлуудыг гүйцэтгэн хариу албан бичиг хүргүүлэх хугацааг ... иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хойшлуулж өгнө үү” гэх хариуг Хотын стандарт, хяналтын газарт хүргүүлсэн байна.
2.8. Үүний дараа иргэн Э.А-аас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргасан гомдлын дагуу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2402000157 дугаартай зөрчлийн хэргийг “ДГ ” ХХК-д холбогдуулан нээсэн байна.
2.9. Хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн албан шаардлага зэрэг баримтуудаар гомдол гаргагч “ДГ ” ХХК-ийг барилгын норм дүрэм зөрчиж, хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, аюулгүйн шаардлагыг хангаагүй орон сууцыг хэрэглэгч Э.А-т шилжүүлсэн болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцагчаас шийтгэлийн хуудас оногдуулсныг үндэслэлгүй, хууль бус гэж үзэх боломжгүй байна.
2.10. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа” гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг”, 14 дүгээр зүйлийн 14.3-д “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангахаар заасан байх бөгөөд энэ тохиолдолд барилга байгууламжийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн БА/181/2022 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсанаас хойш 1 жилийн дотор буюу 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд барилга байгууламжийг ашиглалт зүгшрүүлэх, тохируулахаар байна.
2.11. Харин гомдол гаргагч “ДГ ” ХХК нь “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан Монгол Улсын Барилгын тухай хууль тогтоомж, барилгын норм дүрэмд заасан нөхцөл шаардлагыг хангасан орон сууцыг иргэн Э.А-т хүлээлгэн өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд ийнхүү ашиглалтад орсноос хойш 1 жилийн дотор барилга байгууламжийг ашиглалт зүгшрүүлэх, тохируулах ажиллагааг хуульд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй байна.
Энэ талаарх анхан шатны шүүхийн “... талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлгүүдээр дээрх хуульд заасан хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд тодорхой арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдсон бөгөөд иргэн Э.А-ын зүгээс Хотын стандарт, хяналтын газарт хандсаны дараа засварлах боломжтой талаар иргэнд мэдэгдсэн, энэ үед эд хөрөнгийн доголдлын талаар маргаантай байсан талаар иргэн Э.А нь гэрчээр асуугдах үедээ мэдүүлсэн. Нэгэнт Барилгын тухай хуульд заасан хугацаа өнгөрсөн тул зүгшрүүлэх, тохируулах хугацаанд хийгдэх засвар байсан, бид тухайн хугацаандаа хийх гэтэл иргэн өөрөө засвар хийлгэх боломжоор хангаагүй гэх гомдол үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн нь буруу биш тул гомдол гаргагчийн “... иргэн Э.А нь зүгшрүүлэх, тохируулах боломж олголгүй гомдол гарган, засвар хийлгэхгүй гэж тус асуудлыг шийдвэрлэх боломжгүй болгосныг мөн шүүх харгалзан үзээгүй ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.12. Түүнчлэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “... гэрээний үүрэгтэй холбоотой иргэний журмаар маргасан хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Манай компанийн зүгээс хохирлыг барагдуулахаар шийдвэрлэгдсэн ...” гэж тайлбарласан тул гомдол гаргагчийн “... гэрээний үүрэгтэй холбоотой иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэлгүйгээр шийдвэрлэсэн ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хэрэгт нотлох баримтаар авагдсан 128/2024/0695 дугаар индекстэй захиргааны хэргийн 105-107 дахь талууд
[2] Хэрэгт нотлох баримтаар авагдсан 128/2024/0695 дугаар индекстэй захиргааны хэргийн 109 дэх тал
[3] Хэрэгт нотлох баримтаар авагдсан 128/2024/0695 дугаар индекстэй захиргааны хэргийн 111-142 дахь талууд
[4] Хэрэгт нотлох баримтаар авагдсан 128/2024/0695 дугаар индекстэй захиргааны хэргийн 70-71 дэх талууд