Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Э.Болор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь Алтай аймгийн Хөх морьт сумын харъяат, 1969 оны 05 сарын 30-нд төрсөн, эрэгтэй, 48 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, 11-24 насны 5  хүүхдийн хамт амьдрах, Замын-Үүд сумын 2-р баг, Үүдийн 2-6 тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буур хээр 2 дугаар хэсэг 270 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Совдын Лувсанцэрэнд /РД: МЬ69053015/ холбогдох эрүүгийн 201710010009 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч С.Лувсанцэрэн нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг БОС-ын 2-35 тоотод иргэн Нордог овогтой Түмэнбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь архины шилээр цохиж улмаар Н.Түмэнбаярын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Лувсанцэрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Хохирогчтой тоглоом дээрээс болж муудалдцаж, гэрээсээ хөөхөөр нь ууж байсан архины шилээр толгой руу цохьсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хэрэгт үйлдсэн хэрэг тодорхой авагдсан.  Хохирогчтой сайн дураар эвлэрч хохирогчид 1,000,000 төгрөгийг төлсөн. Хэргийг маань хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү ” гэсэн мэдүүлэг

Хохирогч Н.Түмэнбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн “2016 оны 12 сарын 20-ны  өдөр надтай хамт амьдардаг Эрдэнэбаатар, Ганболд нарын хамт гурвуулаа гэртээ байж байсан. Тэгсэн манай нутгийн ах Жаргалсайхан, Лууяа /Лувсанцэрэн/ хоёр манайд орж ирээд тоглоё гэсэн. Тэгээд Ганболд бид хоёроос бусад нь Лууяа бас нэг найзтайгаа ирсэн байсан, тэр дөрөв хөзөр тоглосон. Тэд нар 2016 оны 12 сарын 21-ний өглөө 07 цаг хүртэл тоглосон. Манай хамаатан Эрдэнэбаатар унтаад өгсөн. Тэгсэн чинь Лууяа буцаж 09 цагийн үед эргэж ирээд Эрдэнэбаатарыг босоод ир тоглоё гээд татаж чангаагаад байсан. Тэгээд Эрдэнэбаатар босч, Жаргалсайхан, Лууяа гурав хөзөр тоглосон. Тэгээд Лууяа надад виза картаа өгч явуулан данснаасаа 50.000 төгрөг авахуулсан. Тэд нар тоглоод өдөржин болсон. Тэр хугацаандаа надаар дэлгүүр явуулж идэж уух юм авчруулсан Орой 17 цагийн үед Жаргалсайхан ах надад картаа өгч явуулан 200.000 төгрөг авахуулсан. Лууяа мөнгөгүй болчихлоо гээд сууж байхад нь манай дүү Эрдэнэбаатар “та одоо харь, яв, яв” гээд бичиг, бензиний мөнгө 100 юань, 20.000 төгрөгтэй хамт өгсөн чинь явахгүй суугаад байсан. Тэгээд намайг гарч банк руу явах гээд машин асааж байхад Лууяа араас гарч ирээд “ахдаа нэг шил архи аваад ир” гээд мөнгөө өгөхөөр нь би “та яв, гэрт архи дарс уулгахгүй, шөнөжингөө тоглож тамхи татаад гэр орон хэцүүдлээ” гэхэд ах нь танайд уухгүй, аваад гэртээ харьлаа гэсэн. Тэгээд би ирэхдээ нэг шил Болор архи авчраад үүдний таамбарт тавьчихлаа гээд үүдэнд тавьсан. Тэгээд гарахгүй оруулж ирээд ууя гээд байсан. Тэнд байсан хүмүүс дургүйцсэн. Тоглоом тараад хүмүүс бужигналдаж байхад гаднаас архиа бариад гэрт ороод ирсэн байсан. Лууяа архиа уух гээд аяга хайгаад байхаар нь та архи энд уухгүй гэхэд “ах нь мөнгө төгрөгөө алдсан сэтгэл санаа жаахан тавгүй байнаа” гэсэн Манай хамаатны дүү Эрдэнэбаатар, найз Хуягаатай гараад яваад өгсөн. Жаргалсайхан, Ганболд, Лууяа бид дөрөв үлдсэн. Тэгээд Жаргалсайхан ах бас мөнгөө алдсан гээд дөрвүүлээ нөгөө архиа хувааж уусан. Тэгээд тамхигүй болчихоод дэлгүүр лүү тамхинд явах гэсэн чинь Лууяа дахиад нэг шил архи аваад ир гэсэн Тэгээд би мөнгөө өгөөч гэхэд ах нь мөнгө төгрөг их алдсан мөнгө байхгүй байна, чи өөрөөсөө нэг юм аваад ир гэсэн. Надад байгаа мөнгө архи авч хүрэхгүй байхаа гэхэд Ганболд ах нэмж 10.000 төгрөг өгсөн. Гарч дэлгүүрээс тамхи, нэг шил Болор архи авчирсан. Нөгөө архиа задлаад уух явцдаа дөрвүүлээ байсан болохоор хоёр, хоёроороо талцаж 20.000 төгрөгийн бооцоотой хөзөр тоглосон. Тэр үед Лууяагийн банди нь нэг залуугийн хамт орж ирсэн. Тоглож байгаад Жаргалсайхан ах би харьж унтлаа гээд яваад өгсөн. Жаргалсайхан ахын оронд Лууяагийн хүү нь орж тоглосон Тоглож байхдаа Лууяа ах согтоод агсарч эхэлсэн. Тэгээд хүүхдэд нь хандан “одоо тоглоомоо боль, архи дарсаа больё аавыгаа аваад яв” гэсэн. Тэгсэн чинь Лууяа чи намайг хөөлөө гээд босоод ирсэн. Тэгтэл бас банди нь босч ирээд та нар мөнгө төгрөгийг нь хувааж авчихаад хөөлөө гээд намайг заамдаж авсан. Тэгсэн чинь Лууяа миний шанаа руу хоёр удаа гараараа цохиод авсан. Тэгээд Ганболд ах Лууяаг тэвэрч аваад салгах гэхэд Ганболд ахын нүүр лүү мөр нүдийг нь хөхрүүлсэн. Чи мөнгийг нь авсан хүмүүст нь хэл би тэр тоглоомонд тоглолгүй, харин ч өдөржин хоол унд хийж өгч тамхи тарианых нь хогийг цэвэрлэж өгч байсан гэсэн. Тэгэхээр нь би аавыгаа аваад явахгүй бол цагдаа дуудаад өгчихнө шүү гэсэн. Тэгсэн чинь банди нь буйдан дээгүүр дамжиж ирээд миний утсыг гараас шүүрч аваад өгөхгүй байсан. Намайг буйдан дээр дарж хоёр удаа толгой руу цохисон. Тэгэхээр нь би “чи яасан хүнийг цохидог юм бэ” гээд Ганболд ахыг цагдаа дуудаадах гэхэд Лууяатай зууралдаад дуудаж чадаагүй. Тэгээд Лууяагийн бандид нь чи зүгээр байгаа хүнийг аавтайгаа нийлж зодлоо гэхэд тэгвэл намайг цохь гээд нүүрээ над руу өгөөд байсан. Тэгээд байж байтал Ганболд ахаас салангуутаа өмнө нь ууж байсан архины шилийг хүзүүн дээрээс бариад хүрээд ирсэн. Тэгээд би арай ч цохихгүй байх гэж байтал Ганболд ахын араас нь Лууяаг архины шилтэй нь тэврээд авсан. Тэгсэн чинь банди нь цуг ирсэн залуугийн хамт Ганболд ахыг тэвэрч цааш нь салгаж хориод байсан. Лууяа нь шилээ бариад намайг цохих гээд дээрээс шилээ бариад далайлгаад байсан. Би буйдан дээрээ дээшээ харан хэвтээд гараараа толгойгоо хамгаалах маягтай байж байгаад цохьчихгүй байх гэж бодоод гараа доошлуулахад толгой руу шилээрээ цохисон. Тэгээд миний толгойн зүүн талаас их хэмжээгээр цус гарсан. Тэгээд банди нь миний утсыг барьсан байхаар нь би “цагдаа дуудаад яах вэ, надад түргэн дуудаад өгчих гэсэн чинь миний утсыг гэрийн хоймор луу шал руу шидээд аавыгаа хоёр талаас сугадаад машинаа асаагаад яваад өгсөн. Бид нар тоглож байхдаа хөзөр тасласан, таслаагүй гэх шалтгаанаас хөөлөө гэж маргаж архины шилээр цохисон байх. Бид нарын хооронд өр авлага хонзонгийн асуудал байхгүй Миний толгой хагарсан, оёоо тавиулаагүй, маргааш ирээд цус хурсан байсныг авахуулж оёдол тавиул гэхээр нь би очоогүй. Хүзүү, зүүн талын нүд хөхөрсөн байсан. Өөр гэмтэл байхгүй Би цохиулснаас хойш гаралгүй өнөөдрийг хүртэл гэртээ хэвтсэн эмнэлгээр яваагүй, хот руу яваад баяр гээд эмч нар байхгүй, үзүүлж чадаагүй ирсэн. Тодорхой нэхэмжлээд байх зүйл байхгүй. Би гомдолтой байгаа “гэсэн мэдүүлэг  /хх-ийн 14/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 23-ны өдрийн “ 1.Н.Түмэнбаярын биед  толгойн орой зүүн талд язарсан шарх, цус хуралт, зүүн хөмгсөгний дээд талд хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх  гэмтлүүдийн толгойн оройн зүүн талд язарсан шарх  гэмтэл  нь  гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, толгойн оройн зүүн талд цус хуралт, зүүн хөмсөгний дээд талд хүзүүнд цус хуралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтэл тогтоогдохгүй болно.

4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах ба энгийн  хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалданд нөлөөлөхгүй” гэсэн 12 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 19/

Шүүгдэгч С.Лувсанцэрэн нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/

Хохирогч Н.Түмэнбаярын Цагдаагийн хэлтэст гаргасан Миний бие Лувсанцэрэнтэй сайн дураараа эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Лувсанцэрэн намайг архины шилээр цохиж биед хөнгөн гэмтэл учруулсан. Учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”  гэсэн хүсэлт /хх-ийн 11/ 

Шүүгдэгч С.Лувсанцэрэнгийн Цагдаагийн хэлтэст гаргасан “ миний бие 2016 оны 12 сарын 21-ний өдөр иргэн Түмэнбаяртай маргалдаж улмаар толгой руу нь цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Лувсанцэрэн миний бие гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч Түмэнбаяртай хохирлын талаар маргаангүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт” /хх-ийн 12/

Хохирогч Н.Түмэнбаярын шүүхэд гаргасан “ Миний бие хохирогчоор татагдсан. Миний бие Лувсанцэрэнтэй сайн дураараа эвлэрсэн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал болох 1,000,000 төгрөг авсан. 2017 оны 01 сарын 26-нд шүүх хуралд намайг оролцуулахгүй шүүх хуралдаан хийж өгнө үү /хх-ийн 46/ гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Лувсанцэрэн нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг БОС-ын 2-35 тоотод хохирогч Н.Түмэнбаярыг гэрээсээ хөөлөө гэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар маргалдан толгойн тус газарт нь архины шилээр цохиж, Н.Түмэнбаярын бие махбодид нь  толгойн оройн зүүн талд язарсан шарх  бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Лувсанцэрэнгийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Түмэнбаярын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 23-ны өдрийн 12 тоот шинжээчийн дүгнэлт, хохирол төлсөн талаарх баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Лувсанцэрэн нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгчийн уг хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдох боловч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, мөн хохирогч Н.Түмэнбаярт эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг төлсөн, сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн хүсэлтийг /хх-ийн 46/ шүүхэд ирүүлсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй “ гэж заасанд хамрагдаж байх боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч Н.Түмэнбаяр нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч С.Лувсанцэрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Лувсанцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй, хохирогч Н.Түмэнбаярт эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Совдын Лувсанцэрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Совдын Лувсанцэрэнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн  хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. С.Лувсанцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. С.Лувсанцэрэн нь хохирогч Н.Түмэнбаярт эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба С.Лувсанцэрэнд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг С.Лувсанцэрэн, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД