Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 651

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г, Ш.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03226 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Г, Ш.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “КБ” ХХК болон “МК” ХХК-д тус тус холбогдох

 

“МК” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Блью скай /Blue sky/ хотхоны ............... тоот автозогсоолд холбогдох хэсгийг, 44Б байрны зоорийн давхрын 140 тоот автозогсоолд холбогдох хэсгийг, мөн “МК” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 02-ны өдрийн Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Блью скай /Blue sky/ хотхоны 44Б байрны ........тоот хаягт байрлах, 132 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц болон автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: М.Э,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 4 сарын 23-ны өдөр “МК” ХХК-тай №125 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Blue Sky хотхоны 44Г байрны зоорийн дав тоот автозогсоолыг захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Улмаар “МК” ХХК-иас автозогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул иргэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “МК” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн. “МК” ХХК нь иргэн миний хөрөнгө оруулалтаар бий болсон автозогсоолыг захиалагч Г.Г миний нэр дээр шилжүүлэлгүй, 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр хийлгэжээ. Улмаар 2010 оны 9 сарын 02-ны өдөр “Капитрон” банк ХХК-тай Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн автозогсоолыг барьцаалсан байна. Иймд “МК” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд 2010 оны 9 сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11-р хороо, Blue Sky хотхоны 44Г дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Г.Г миний өмчлөлийн 18 тоот автозогсоолд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 11 сарын 11-ний өдөр “МК” ХХК-тай 181 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулан, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 44Б байрны 15 тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууцыг, мөн байрны зоорийн давхрын 140 тоот автозогсоолын хамт захиалан бариулж, захиалгат ажлын төлбөр 163 400 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан. Ингээд орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул миний бие шүүхэд хандсанаар өмчлөгчөөр намайг тогтоосон юм. Гэвч хариуцагч “МК” ХХК нь надад огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр өөрийн нэр дээр бүртгүүлж, улмаар “КБ” ХХК болон “Си эм эс эл” ХХК-ийн хооронд 2007 оны 10 сарын 29-ний өдөр байгуулагдсан Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “КБ” ХХК-тай Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, орон сууцыг барьцаалсан байна. Мөн хариуцагч “МК” ХХК нь “КБ” ХХК-тай 2007 оны 8 сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 9 сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, уг гэрээний хавсралтаар миний өмчлөлийн 140 тоот автозогсоолыг мөн барьцаалжээ. Иймд “МК” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд 2010 оны 9 сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11-р хороо, Blue Sky хотхоны 44Б дугаар байрны 15 тоотод байрлах 132 м.кв талбайтай 4 өрөө, иргэн Ш.Б миний өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг, мөн “МК” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд 2010 оны 9 сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11-р хороо, Blue Sky хотхоны 44Б дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Ш.Бийн өмчлөлийн 140 тоот автозогсоолд холбогдох хэсгийг тус тус барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

    Хариуцагч “КБ” ХХК-иас Г.Ггийн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: “Капитрон” банк ХХК нь “МК” ХХК-тай 2007 оны 8 сарын 10-ны өдөр T07/141 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 400 000 ам.долларыг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн “МК” ХХК-тай 2007 оны 8 сарын 01-ний өдрийн T07/141 тоот барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. “Капитрон” банкны “МК” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Нэхэмжлэгчийн маргаж буй автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр “МК” ХХК нь 2007 оны 8 сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 5 сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр “МК” ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн “МК” ХХК дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Дээрх автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр хэвээр бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан автозогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг болтол аваагүй байна. Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох “МК” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин иргэн Г.Г нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир Капитрон банк нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч “КБ” ХХК-иас Ш.Бийн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: “Капитрон” банк нь “Си эм эс эл” ХХК-тай 2007 оны 10 сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 500 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2007 оны 10 сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг “Си эм эс эл” ХХК-тай байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. 2010 оны 5 сарны 13-ны өдөр “МК” ХХК-ийн өмчлөлд 44А,Б,В,Г байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 9 сарын 02-ны өдөр T07/141 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44А,Б,В,Г байрны 1-205 тоот автозогсоол, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44А,Б,В,Г байрны 1-24 тоот орон сууцнуудыг тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан. “Капитрон” банкны “МК” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Нэхэмжлэгчийн маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр “МК” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 сарын 30-ны өдөр 55 хувийн гуйцэтгэлтэйгээр, 2010 оны 5 сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байсан. Банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. “МК” ХХК нь 2010 оны 5 сарын 13-ны өдөр 44А,Б,В,Г байрны 15 тоот орон сууц болон 140 тоот автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, “Капитрон” банк нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208, T07/141 тоот зээлийн барьцааны гэрээг “МК” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин Ш.Б нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир “К” банк нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн автозогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир нь улсын комисс 2010 оны 10 сарын 05-ны өдөр хүлээн авсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч “МК” ХХК-иас Г.Ггийн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Иргэн Г.Г нь 2008 оны 4 сарын 23-ны өдөр манай компанитай 125 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу дахь Blue Sky хотхоны 44Г байрны зоорийн давхарт байрлах 18 тоот 1 ширхэг автозогсоолыг захиалан бариулсан. Ийнхүү гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо болох 10,000 ам.долларыг бүрэн буюу 2008 оны 7 сарын 10-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд 2010 оны 6 дугаар сараас автозогсоолоо эзэмшиж ашиглаж байгаа болно. Нэгэнт тухайн автозогсоол нь иргэн Г.Ггийн өмч хөрөнгөөр бий болсон тул түүний өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд өгсөн нэхэмжлэлийг манай компаниас зөвшөөрч, хүндэтгэлтэй хандаж байгаа юм. “МК” ХХК нь “КБ” ХХК-тай 2007 оны 8 сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээ, Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. “КБ” ХХК-ийн шаардлагаар 2010 оны 9 сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг компанийн нэр дээр бүртгүүлэн “Капитрон” банкинд барьцааны үүргийн гүйцэтгэлд барьцаалах явцдаа 44Г байрны 18 тоот зогсоолыг иргэн Г.Гд мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

    Хариуцагч “МК” ХХК-иас Ш.Бийн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Иргэн Ш.Б нь 2009 оны 11 сарын 11-ний өдөр манай компанитай 181 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу дахь Blue Sky хотхоны 44Б байрны 15 тоот орон сууцыг, мөн байрны зоорийн давхарт байрлах 140 тоот 1 ширхэг автозогсоолын хамт захиалан бариулсан. Ийнхүү гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог бүрэн төлж дууссан. “МК” ХХК нь “Капитрон” банктай 2007 оны 8 сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээ, Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 205 автомашины зогсоолыг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө биет байдлаар бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. 2010 оны 9 сарын 02-ны өдрийн Т07/41 тоот зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд 44Б байрны 140 тоот зогсоолыг, Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөн дээрх байрны 15 тоот орон сууцыг “Капитрон” банкны шаардлагаар иргэн Ш.Бт мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар “МК” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Блью скай /Blue sky/ хотхоны 44Г байрны зоорийн дав тоот автозогсоолд холбогдох хэсгийг, 44Б байрны зоорийн  тоот автозогсоолд холбогдох хэсгийг, мөн “МК” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 02-ны өдрийн Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Блью скай /Blue sky/ хотхоны 44Б тоот хаягт байрлах 132 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 

    Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Блью скай /Blue sky/ хотхоны 44Г байрны зоорийн давхрын 1................... тоот автозогсоол, 44Б байрны зоорийн давхрын 140 тоот автозогсоол, 44Б байрны .............. тоот хаягт байрлах 132 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг тус тус барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч “КБ” ХХК-д даалгаж, 

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ггаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346,077 төгрөг, нэхэмжлэгч Ш.Боос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 678,088 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “МК” ХХК-иас 140,400 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан нэхэмжлэгч Г.Гд 70,200 төгрөг, нэхэмжлэгч Ш.Бт 70,200 төгрөгийн тус тус олгож, хариуцагч “КБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 883,765 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гд 205,677 төгрөгийг, нэхэмжлэгч Ш.Бт 607,888 төгрөгийг тус тус буцаан олгож,  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ. 

 

     Хариуцагч “КБ” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухай: Шүүхийн зүгээс гэрээний эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шуүх гэрээний нөхцөл, хугацаа, талуудын эрх, үүрэг нь худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас илүүтэйгээр ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд илүүтэйгээр хамаарч байна гэж дүгнэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний хамгийн гол нөхцөл нь ажлын үр дүн байдаг ба үүнээс гадна ажлын төсөв, ажил гүйцэтгүүлж буй этгээдийн хүсэл зоригийг тайлбарлах замаар тодорхойлдог. Гэтэл шүүхийн зүгээс гэрээний нөхцөл, талуудын эрх, үүргийг харгалзан гэрээний харилцааг тодорхойлж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бус худалдах худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн байтал шүүх гэрээний харилцааг буруу тодорхойлж шийдвэртээ тусгажээ. Дээрх гэрээний харилцааг буруу тодорхойлсны улмаас шүүх өмчлөгчийг тодорхойлохдоо хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шүүхийн зүгээс иргэн Г.Г, Ш.Бийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үүссэн хугацааг буруу тодорхойлж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэн Г.Ггийн хувьд: Иргэн Г.Г нь “МК” ХХК-тай 125 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-г 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулж, төлбөрийг 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр төлсөн байна. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийи шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1775 тоот захирамжаар 44Г байрны зоорийн давхрын 18 тоот автозогсоолын өмчлөгчөөр иргэн Г.Гг тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан. Иргэн Ш.Б нь “МК” ХХК-тай 181 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулж, төлбөрийг 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бэлнээр төлсөн байна. Харин Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1937 тоот захирамжаар 44Б дугаар байрны 15 тоот орон сууц, зоорийн давхрын 140 тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан байна. Иргэн Г.Г, Ш.Б нар болон “МК” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үүсэх тусгай зохицуулалтгай. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх хуулийн зохицуулалт нь ийнхүү тусгай зохицуулалттай учир үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх үүснэ гэж тайлбарлаж, хуулийг хэрэглэх нь буруу юм. Иргэн Г.Г нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01775 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хороо, Блю скай хотхон, 44Г байрны 18 тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр, иргэн Ш.Б нь дүүргийн иргэний хэргийн II дугаар шүүхийн шүүгчийн 1937 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хороо, Блю скай хотхон, 44Б байрны 15 тоот орон сууц, 44Б байрны 140 тоот автозогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгосон байдаг. Дээрх үйл баримтаас харахад “МК” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 44Б байрны 1-24 тоот орон сууц болон 205 автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, Капитрон банк нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр T07/141, Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох “МК” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин иргэн Г.Г, Ш.Б нар дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир “Капитрон” банк нь тухайн үед зохих ёсны этгээдэд мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Ийнхүү нэхэмжлэгч нар 2014, 2016 оноос өмчлөх эрхтэй болсон байх тул “Капитрон” банкны зүгээс хожим эрх нь үүссэн өмчлөгч нараас зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд энэхүү харилцаанд шүүгчийн зүгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, улмаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс хэргийг буруу шийдвэрлэсэн. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчлэх хууль ёсны баримт бичиг бөгөөд банкны зээлийн үйл ажиллагаанд үл хөдлөх хөрөнгө барьцаалж буй тохиолдолд тус хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хувийн хэрэгт заавал бүрдүүлэх шаардлагатай байдаг. “Капитрон” банкны хувьд хуульд заасан шаардлагыг биелүүлж, хууль ёсны баримт бичгийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэтэл шүүхийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу анхнаасаа хууль ёсны өмчлөгч нь иргэд байхад хөрөнгийг барьцаалсан гэж тайлбарлах нь Улсын бүртгэл ил тод байх, улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчимд нийцэхгүй юм. “Капитрон” банкны хувьд хуульд заасан шаардлагыг хангаж, гэрчилгээнд дурдагдсан этгээдийн хөрөнгийг барьцаалсан бөгөөд ямар нэг хуулийн хориг хэм хэмжээг зөрчөөгүй болно. Мөн шүүхийн зүгээс шийдвэртээ орон сууц захиалагчтай худалдах худалдан авах гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн байтал ажлын үр дүн бий болоогүй байхад иргэд өмчлөх эрхтэй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ" гэж заасан. Хариуцагч “Капитрон” банкны зүгээс 2007 он болон 2010 онд зээлийн барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж үнэлгээ хийсэн тухай баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. “Капитрон” банкны хувьд 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайланд 44АБВГ байр, автозогсоолыг нэг бүрчлэн шалгаж, үнэлсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Харин шүүгч дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалсан атлаа “Капитрон” банкийг уг хуулийн дагуу газар дээр нь очиж, үнэлгээ өгөөгүй гэж буруутгасан байна. Хариуцагч “Капитрон” банк нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23.2.3, 23.4 дэх заалтыг биелүүлсэн бөгөөд зөрчил гаргаагүй талаарх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байхад шүүх банкийг буруутгаж байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Түүнчлэн шүүх хариуцагч “МК” ХХК-ийг буруутгахдаа Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дах заалтыг зөрчсөн гэжээ. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т "барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх" гэж заасан. Хуулийн уг зохицуулалтаас харахад гуравдагч этгээдэд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх тухай зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл нэгэнт бий болсон үр дагавар буюу барьцааны гэрээ байгуулагдаж, барьцааны эрх үүссэний дараа хийгдэх үүргийг уг хуулийн заалтаар зохицуулсан болохоос барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө мэдэгдэж, зөвшөөрөл авах тухай зохицуулаагүй юм. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03226 тоот шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтад хамааралтай, барьцаалагчийн эрхтэй холбоотой хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Г, Ш.Б нар нь хариуцагч “КБ” ХХК болон “МК” ХХК-д тус тус холбогдуулан “МК” ХХК-ийн “КБ” ХХК-тай байгуулсан 2010 оны 9 сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Блью скай /Blue sky/ хотхоны 44Г байрны зоорийн давхрын ........... тоот автозогсоолд холбогдох хэсгийг, 44Б байрны зоорийн давхрын ....... тоот автозогсоолд холбогдох хэсгийг, мөн “МК” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 02-ны өдрийн Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Блью скай /Blue sky/ хотхоны 44Б байрны ........... тоот хаягт байрлах 132 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц болон автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “МК” ХХК хүлээн зөвшөөрч, хариуцагч “КБ” ХХК нь эс зөвшөөрч маргажээ.

 

“МК” ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг “КБ” ХХК-д барьцаалж, зээлийн мөнгөн хөрөнгийг авсан үйл баримт тогтоогджээ. /1-р хх-ийн 8-13, 68-74, 2-р хх-ийн 15-23, 113-118, 131-132 дугаар тал/

 

Уг барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байна. Барьцааны гэрээ байгуулагдах үед барьцааны зүйл болох дээрх орон сууц, авто зогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэйгээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд хариуцагч “МК” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогджээ.

 

Тодуулбал, хариуцагч “КБ” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулагдах үед маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч “МК” ХХК-ийг өмчлөгч гэж үзэж, барьцааны эрх үүсгэхээр хэлцэл хийсэн нь хууль зөрчөөгүй болно.

 

Иймд  барьцааны эрхийг шилжүүлэн авч байгаа этгээд болох “КБ” ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу барьцаалуулах эрхтэй этгээд болох “МК” ХХК-тай  байгуулсан гэрээний үндсэн дээр барьцааны эрхийг олж авсан тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар “КБ” ХХК нь уг барьцааны хувьд шудрага эзэмшигч гэж тооцогдоно.

 

Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт  зааснаар оюуны үнэт зүйл, аливаа эрх хөрөнгө болохын хувьд эзэмшилдээ авахад мөн хуулийн 89-94 дүгээр зүйлийн эд хөрөнгөтэй холбоотой зохицуулалт нэгэн адил хамаарах тул барьцааны эрхийг шударгаар олж авсан “КБ” ХХК-тай  байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардахгүй байх зарчимд харшилна. 

 

Түүнчлэн хариуцагч “КБ” ХХК-ийн хувьд хариуцагч “МК” ХХК-тай зээлийн барьцааны гэрээ байгуулах үедээ нэхэмжлэгч нараас зөвшөөрөл авах шаардлагатай байсан гэдгийг мэдэх боломжгүй байсан гэж үзнэ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нар нь хариуцагч “МК” ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах, худалдах, худалдан авах гэрээг байгуулж, үүний дагуу төлбөрийг төлсөн гэх боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гэрээний үнийг төлснөөр бус, харин Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүснэ. 

 

Хариуцагч “МК” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд  барьцааны гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч нар нь өмчлөгч биш байсан тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан “хууль зөрчсөн ...”, “... зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй. Уг хэлцлийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаатай холбоотойгоор нэхэмжлэгч нь буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

           

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул “МК” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Блью скай /Blue sky/ хотхоны 44Г байрны зоорийн давхрын ......... тоот автозогсоолд холбогдох хэсгийг, 44Б байрны зоорийн давхрын ............ тоот автозогсоолд холбогдох хэсгийг, мөн “МК” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 02-ны өдрийн Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Блью скай /Blue sky/ хотхоны 44Б байрны ........... тоот хаягт байрлах, 132 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц болон автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Г, Ш.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч Г.Ггаас төлсөн 346 077 төгрөг, Ш.Боос төлсөн 678 088  төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “КБ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 024 165 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ         

                                   

                                            ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ                                                                                                        

                                                                                                  Г.ДАВААДОРЖ