Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2019/00577/И |
Дугаар | 183/ШШ2019/01993 |
Огноо | 2019-09-23 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2019/01993
Дугаар 183/ШШ2019/01993 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Махатма ганди гудамж ... тоот хаягт байрлах Д ХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ... тоот хаягт байрлах М ХХК д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохирол 64 871 334 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, О.А хариуцагчийн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д ХХК нь М ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 20 хоногийн хугацаатай буюу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор 67 м.кв талбайтай байрыг гоо сайхан мэс заслын эмнэлгийн зориулалтаар дотор засал, интерьерийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх аман гэрээ байгуулсан. М ХХК нь ажлыг хугацаандаа эхлүүлсэн боловч гэрээний хугацаанд ажлаа дуусгаж өгөлгүй алга болсон бөгөөд хийгдсэн ажил нь зургийн дагуу хийгдээгүй, буруу, дутуу хийгдсэн, чанар, стандартын шаардлага хангахгүй, агааржуулалт нь буруу хийгдэж эмнэлгийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд үүнээс үүдэн цахилгааны болон агааржуулалтын ажлыг дахин шинээр хийх, дотор заслын ажлыг дахин засварлах бодит нөхцөл байдал бий болсон.
Үүний дагуу манай компани М ХХК-ийн гэрээ байгуулсан захирал И, Н нарын гар утасруу удаа дараа залгасан боловч утсаа авахгүй бүр блок хийж алга болсон учраас манай гэрээт хуулийн зөвлөх “Х” ХХН-өөс хуульч С.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 21-нд мэдэгдэл шаардлага хүргүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч биелүүлээгүй ирж уулзалгүй өнөөдрийг хүргэсэн. Манай компани М ХХК-иар хийлгэсэн ажлыг Мэргэжлийн хяналтын газарт шалгуулж дүгнэлт гаргуулсан. Ийнхүү бид М ХХК-иас хийлгэсэн бүх ажлыг нурааж дахин өөр ажил гүйцэтгэгчээр ажиллагаа хийж дуусгасан.
Иймд Иргэний хуулийн дагуу М ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж өөрт учирсан бодит хохирол болох М ХХК-д шилжүүлсэн төлбөр, М ХХК-ийн хийсэн ажлын бараа бүтээгдэхүүний зардалд нийт 64 871 334 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
М ХХК нь Д ХХК-тай хамтран ажиллаад тодорхой хугацааг өнгөрөөсөн билээ. Хамтран ажиллах хугацаандаа хэд хэдэн төслүүд дээр нь барилгын засал чимэглэл, зураг төслийг нь гаргаж өгч байсан. Өмнө нь бидний хооронд ямар нэгэн асуудал гардаггүй байсан ба одоогийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь бидний хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бид амаар тохироод олон ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Мөн өмнө хийгдэж байсан ажил, үйлчилгээний төлбөрөө төлөөгүй хийлгэсэн ч тохиолдлууд байдаг ба бид тэр болгонд төлбөрийг нэхээд байдаггүй манай байнгын үйлчлүүлэгч тул аль болох тохиролцох, дараа дараагийн ажлаа бодоод явдаг байсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжилж буй нэхэмжлэлийн төлбөр нь үндэслэлгүй байх тул төлөх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан зүйлс нь бодит нөхцөл байдалтай огт тохироогүй, мөн ажил гүйцэтгэж хүлээлгэн өгсөн урьдчилгаа 70 хувийн төлбөрийг 2 дахин өсгөж нэхэмжилж байгаад харамсаж байна. Бидний зүгээс харилцан тохиролцсоны дагуу гэрээт ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өгсөн ба үлдэгдэл төлбөрөө аваагүй. Мөн гэрээт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш захиалагч нь өөрсдийн буруутай үйлдлээс болж эвдэрсэн нөхцөл байдлыг бид өөрсдийн зардлаар засварлаж өгч байсан. Мөн захиалагчийн байранд ус алдсан засвар маань муухай болчихлоо гэхэд нь өөрсдөө очоод засварлаад өгсөн, үүндээ ч мөн адил төлбөр аваагүй тухай бүр нь гүйцэтгэж засварлаж өгсөөр ирсэн. Гэтэл урьдчилгаанд өгсөн мөнгөнөөсөө хоёр дахин их төлбөр шаардаж байгааг миний бие ойлгохгүй байна. Яагаад ийм их хэмжээний мөнгө нэхэж шаардаж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Бодит нөхцөл байдал:
- Д ХХК нь манай компаниар зураг төсөл, барилгын дотор заслын ажил хийлгэхээр тохиролцсон байдаг.
- Манай компани нь зураг төслийг бэлтгэн захиалагчаар баталгаажуулсан. Үүнд: өрөөний дизайн, түүнийг хийх материалын өртөг зэрэг багтдаг.
- Манай компани нь захиалагчтай тохиролцсон бүхий л материал дизайны дагуу ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.
- Тодорхой хэмжээний захиалагчаас хамааран эвдрэл гэмтлийг захиалагчийн хүсэлтээр тухай бүрт нь засварлаж өгч байсан.
- Захиалагч нь үлдэгдэл төлбөрийг өгөөгүй.
- Энэ хугацаанд захиалагчийн Мишээл экспод байрлах павилоныг засварлаж өгч хамтын ажиллаагаагаа бодсон байдаг.
Үндсэндээ дээр дурдсан нөхцөл байдалтай л байсан ба хожим нь гэнэт ийм асуудал гаргаж ирээд шүүхээр төлбөр нэхэмжилж байгаад гайхаж байна. Иймд Д ХХК-ийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохирол 64 871 334 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Д ХХК нь шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... М ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 20 хоногийн хугацаатай буюу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор 67 м.кв талбайтай байрыг гоо сайхан мэс заслын эмнэлгийн зориулалтаар дотор засал, интерьерийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх аман гэрээ байгуулсан. М ХХК нь ажлыг хугацаандаа эхлүүлсэн боловч гэрээний хугацаанд ажлаа дуусгаж өгөлгүй алга болсон бөгөөд хийгдсэн ажил нь зургийн дагуу хийгдээгүй, буруу, дутуу хийгдсэн, чанар, стандартын шаардлага хангахгүй, агааржуулалт нь буруу хийгдэж эмнэлгийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд үүнээс үүдэн цахилгааны болон агааржуулалтын ажлыг дахин шинээр хийх, дотор заслын ажлыг дахин засварлах бодит нөхцөл байдал бий болсон тул нийт 64 871 334 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч М ХХК “...Д ХХК нь манай компаниар зураг төсөл, барилгын дотор заслын ажил хийлгэхээр тохиролцсон, манай компани нь зураг төслийг бэлтгэн захиалагчаар баталгаажуулсан. Үүнд: өрөөний дизайн, түүнийг хийх материалын өртөг зэрэг багтдаг ба захиалагчтай тохиролцсон бүхий л материал дизайны дагуу ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэрээт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш захиалагч нь өөрсдийн буруутай үйлдлээс болж эвдэрсэн нөхцөл байдлыг бид өөрсдийн зардлаар засварлаж өгсөн. Мөн захиалагчийн байранд ус алдсан, ус алдснаас засвар муухай болчихлоо гэхэд нь бид очоод засварлаад өгсөн. Гэтэл урьдчилгаанд өгсөн мөнгөнөөсөө хоёр дахин их төлбөр шаардаж байгааг миний бие ойлгохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргадаг.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Д ХХК нь арьс гоо заслын, эмнэлгийн интерьерийн зураг төсөл, барилгын дотор талд Тааз: 1-р давхарт таазанд засал хийх, границ хийх, таазанд гэрэлтүүлгийн тоноглол суулгах, 2-р давхарын таазанд эмульс шүрших, гипсэн тааз хийх, Хана: гипсэн тусгаарлах хана, 1-р давхарын гипсэн тусгаарлах хана, 1-р давхарын гипсэн хананд керамик тоосго наах, 1-р давхарын шилэн хананд МДФ хана, багана гаргах, 1-р давхарын МДФ ханын засал, будаг, 1-р давхарын МДФ ханын границ, 1-р давхарын шилэн хананд шилэн тавиур хийх, 1-р давхарын хананд засал хийх, 1-р давхарын хананд лого, ТВ тогтоох, 1-р давхарын хананд керамик тоосго будах, 1-р давхарын шатны тусгаарлах хананд аяга наах,1-р давхарын шатны тусгаарлах ханыг будах, 1-р давхарын хананд цахилгааны тоноглол суулгах, Шал: 2-р давхарын шал сутгалт, 2-р давхарын шаланд плита наах, 2-р давхарын төмөр карказ, шатны хийц, 2-р давхарын шалны плитанд чигжээс хийх, 1-р давхарын шаланд плита багсарч наах, 1-р давхарын шалны плинтусыг наах, 1-р давхарын шалны плитанд чигжээс хийх, 1-р давхарын плинтусны силикон татах, 1-р давхарын үүдний плитаны ам дарагчийг хийж гүйцэтгэх заслын ажлыг хариуцагч М ХХК-иар хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон болох ажлын зураг, төслөөр тогтоогдож байх ба уг зураг төслийг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна. /х.х-ийн 13 дугаар тал /
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т “гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх” зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч уг доголдол захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас бий болоогүй эсэх, ажлын үр дүн доголдолтой байсан эсэх талаар нэхэмжлэгч нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний талууд ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, ажлыг мөн амаар хүлээлцэж, авалцаж байсан байх ба ажлыг хүлээлгэж өгснөөс хойш захилагчийн ажлын байранд ус алдсан энэ талаар зохигчид маргаагүй, ус алдснаас ажлын чанар, үр дүнд доголдол үүсээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч энэ нь тогтоогдохгүй байна.
Мөн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02-07-119/48 тоот Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтэд “... дотор засал, /Интеьрер/, цахилгааны угсралтын ажлыг “М” ХХК гүйцэтгэсэн байна. Ингэхдээ цахилгааны холболтыг дутуу, буруу хийснээр гэмтэл үүссэн, дотор заслын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн байна. Дээрх байдлыг үндэслэн дүгнэх нь: ... 204 тоотод илэрсэн дээрх эвдрэл, гэмтлүүд нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дах ... заалтын дагуу гүйцэтгэгч шинэчлэх нь зүйтэй” гэж дүгнэн дүгнэлт гаргасанг шүүх үнэлээгүй болно. Өөрөөр хэлбэл талуудын хооронд цахилгаан угсралтын ажил гүйцэтгэх талаар тохиролцож хийж гүйцэтгэсэн ажил хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагч “М” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг тодруулж дүгнэлт гаргаагүй нь дүгнэлтээр нотлогдож байх ба барилын дотор засал хийсэн ажилд ямар эвдрэл гэмтэл гарсан талаар дурдаагүй, дотор заслын ажил материалын чанараас болоод чанаргүй болсон эсэх, эвдрэл гэмтэлтэй байснаас чанаргүй болсон эсэх, эсвэл цахилгааны угсралтын ажил чанаргүйгээс эвдрэл гэмтэл үүсэж чанаргүй болсон эсэх талаар тодорхой ойлгомжтой дүгнэлт гаргаагүй, захиалагчийн хүсэлтээр гаргасан дүгнэлт нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг дүгнэлтийг шүүх үнэлэх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь цахилгаан угсралтын ажил, мэс заслын өрөөний агааржуулалтын ажил тус тус гүйцэтгүүлэх ажлын захиалга өгсөн нь баримтаар нотлогдоогүй ба маргаан бүхий ажлын чанар, үр дүнд доголдол гарсан эсэхийг тогтоогоогүй байхад ажлыг бүхэлд нь нураасан нь шинжээч томилж ажлын чанар, үр дүн, доголдлыг тогтоох боломжгүй нөхцөл байдал бий болжээ.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т “Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгч ажлын үр дүн биет байдлын доголдолтой байсан талаар нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй байсан болох нь тогдоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүх 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн бөгөөд уг үзлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасантай нийцээгүй байх тул уг үзлэгийн ажиллагааг зөвтгөж 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үзлэгийг дахин хийсэн болохыг дурдах нь зүйтэй. Мөн 2019.05.08-ны өдрийн үзлэгийн ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул хавсаргасан 79 хуудас нотлох баримтыг шүүх үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохирол 64 871 334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483 000 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ