Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: Н.Ням, 

Шүүгдэгч: Г.Сүхбаатар,

Шүүгдэгч: О.Цэрэннадмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2327000000056 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

                                            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин сум дахь Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар харуул машинист ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг, Мойлт 10-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Даваадорж овогт Гонгорын Сүхбаатар /РД: ЙР64122314/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг, Мойлт 10-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хорчин овогт Осорын Цэрэннадмид /РД: ЙР68040165/

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Сүхбаатар, О.Цэрэннадмид нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Сүхбаатар, О.Цэрэннадмид нар нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг, ******* тоотод өөрсдийн гэртээ ***** өмнөх амьдралын талаар ярилцаж байгаад маргалдан улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч **** эхнэр **** руу дайраад нүүр хэсэг рүү нь нэг удаа гараа атгаж байгаад цохьсон. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/, шүүгдэгч ****** ...нөхөртэй маргалдаж би уурлаад ширээн дээр байсан шилэн аягыг авч шидэж нөхрийн толгойг нь хагалсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/,    

гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Өнөөдөр 20 цаг 05 минутад ...дугаартай утастай цагдаагаас гэр бүлийн хүмүүс Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг ***** тоотод маргалдаж нэг нь цус алдаж байна гэж дуудлага ирсэн. Очиход эхнэр, нөхөр гэх эрэгтэй, эмэгтэй хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эхнэр нь илүү согтолттой орилоод нөхөр рүүгээ дайраад үгээр хараагаад байсан. Эхнэр нь гэртээ найзуудтайгаа архи уугаад гэртээ байж байсан нөхөр нь уурлаад хоорондоо маргалдаж эхлээд эхнэр гэх ******* нь нөхөр рүүгээ шилэн аяга авч шидсэн нөхөр ********* дух хэсэгт шарх үүсгэсэн учраас нөхөр нь уурлаад баруун нүднийх нь доод хэсэгт гараараа цохиж гэмтэл учруулсан гэж надад хэлсэн. Үзүүлэгч ******* биед дух хэсэгт үүссэн гэмтлээс цус гараад тогтохгүй байсан тул 4 оёдол хийж цусыг нь тогтоосон. Биеийн амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Үзүүлэгч ****** биед баруун нүдний доод хэсэгт хавдсан хөхөрсөн битүү гэмтэл үүссэн хамраас нь цус гараад очих үед тогтсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2023 оны 03 дугаар сарын ***-ний өдөр би цагдаагийн дэд ахлагч **** хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр чиглэл авахаар ирсэн байх үед цагдаагийн хэлтсийн дуудлага мэдээлэл хүлээн авах 70327102 дугаарын утсанд манай нөхөр намайг зодоод байна гэх дуудлага ирсэн талаар мэдээлэл хүлээн авагч цагдаа бид хоёрт хаяг байршлыг нь зааж өгсөн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн ***** гудамжинд ***** бид хоёр очсон. Би албан хэрэгцээнд ашиглагддаг энгэрийн камер асаагаад байшин руу орсон. ********* гэх эмэгтэй том өрөөний буйдан дээр нөхөр гэх эрэгтэйн хамт сууж байсан. ******* нүүр болон хувцасных нь энгэр хэсэг нь цусаар бохирлогдсон уйлж орилсон байдалтай харин түүний дэргэд байсан нөхөр нь гэх эрэгтэйн дух нь ямар нэгэн зүйлээр зүсэгдсэн тухайн газраас нь цус гараад тогтохгүй байсан. ********, ******** гэх хоёр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай архи их үнэртэж байсан. *********** нь шилэн аяга шидээд толгойг нь хагалсан нөхөр нь эхнэрийнхээ нүүр хэсэг рүү гараараа цохиж гэмтэл учруулаад духнаас гарч байгаа цусаа эхнэрийнхээ нүүр хэсэгт гоожуулж нялсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Өвөрхангай  аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын ***-ны өдрийн **** дугаартай “...1. ******н биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын ****-ны өдрийн **** дугаартай “...1. *****н биед 2 нүдний зовхи, баруун шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

            эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 66-68, 73-75 дугаар хуудас/,

        гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

           Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

      Шүүгдэгч *****, ***** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгч нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогтоогүй.

Энэ хэргийн улмаас хохирогч ******, ****** нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                                       Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгч *******, ****** нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн харицлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд шүүгдэгч ******** овогт **********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ********* овогт ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                         Бусад асуудлаар:

Шүүгдэгч нар торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дуу дүрсний бичлэг бүхий дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хоёр ширхэг хагарсан шилэн аягыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгав.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт ******, шүүгдэгч ****** овогт ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овогт *********г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

  шүүгдэгч ****** овогт **********г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дуу дүрсний бичлэг бүхий дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хоёр ширхэг хагарсан шилэн аягыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай. 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********, ********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА