Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/137

 

                                       

  

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Б.Батцоож, хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч Г.******* түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Гантулгын *******д холбогдох эрүүгийн 2336000600099 дугаартай, 178/2023/0132/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,   мэргэжилгүй, Монгол улсын Их сургуулийн ******* дахь салбар сургуулийн 1 дүгээр курсийн оюутан,ам бүл-2, аавынхаа хамт амьдрах, ******* аймгийн ******* сумын 6 дугаар (*******) багийн 12 дугаар байрны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт Гантулгын *******, регистрийн дугаар: ПЮ*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө  ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна Ө.*******г толгойн тус газар нь цементний хагархайгаар цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 11-р хуудас)

Хэргийн газрын үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах баарны гадаа үүдний элсэрхэг хайргатай чулуутай газар байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 13-15-р хуудас)

Хяналтын камерт үзлэг хийсэн...22:56 цагт тухайн 3 хүн зогсож байсан газарт хүмүүс цуглараад зодоон эхлэв. Тус зодоон нь шөнө болсон болохоор хяналтын камерийн бичлэгт тод харагдахгүй байв...гэх тэмдэглэл (хэргийн 19-20-р хуудас)

Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... бааранд сууж байгаад *******г орж ирэхгүй удаад байхаар нь гарч харахад Ө.*******г хэсэг хүмүүс зодож байсан. Би очоод тэднээс салгаж оруулж ирсэн. 00 цаг өнгөрөөд бүжиг дуусч бид нар гарах гэхэд Ө.*******гийн эгч “ гадаа хүмүүс та нарыг хүлээгээд байх шиг байна, байж байгаад гар” гэхээр нь нэлээн байж байгаад гарч явсан.Бид нарыг гараад явж байхад баарны гадна нэг залуу бас нэг залууг өшиглөж байсан. Бид нар хажуугаар нь гараад явж байтал нэг залуу араас хүрч ирээд Ө.*******г шууд гараараа цохисон. Тэгээд тэнд байсан баахан залуучууд Ө.*******г нийлж зодсон. Би салгах гээд очиход цагаан куртиктай залуу намайг өшиглөсөн. Би зугтаад Номингийн 4 замын уулзвар дээр зогсож байтал Ө.******* ирсэн.Толгой нь хагараад цус гарчихсан байсан, бид хоёр шууд цагдаа дээр очиж гомдол гаргасан...гэх мэдүүлэг (хэргийн 29-30-р хуудас)

Гэрч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би баарны гадна Ө.*******тай уулзаад зогсож байтал нэг намхан нуруутай залуу хэсэг залуучуудтай ирээд Ө.*******гийн гэдэс рүү өшиглөөд цохиод авсан. Би дүүгээ салгаж аваад дотогшоо дагуулаад орсон. Би нар баар хаахаар нь гараад явж байтал баарны гадна нөгөө залуучууд нэг залууг зодож байсан. Бид нар хажуугаар нь өнгөрөх гэтэл хүрч ирээд Ө.*******г тал талаас нь зодож эхэлсэн. Би салгах гэхэд намайг түлхэж унагасан...гэх мэдүүлэг (хэргийн 34-35-р хуудас)

Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...баар хаах цаг болоод бид хэд баарны гадна нөгөө хэдэн казах залуучуудыг хүлээж байтал хэдэн хүмүүс гараад ирэхэд Г.******* андуураад нэг нөхрийг хэд хэд цохиод авсан. Тэгтэл бааран дотор байсан казах залуучууд гарч ирээд бид нарын хажуугаар явж байхаар нь араас нь очоод тэнд байсан баахан залуучууд зодоон болсон. Нэг казах залуу гартаа чулуу бариад орилоод байхаар нь чулууг нь хаяулах гээд гартаа чулуу барихад тэр залуу чулуугаа хаячихаад зугтсан. Бид нар араас нь хөөгөөд гүйцээгүй болохоор орхисон. Тухайн зодооныг Г.******* эхлүүлсэн... гэх мэдүүлэг (хэргийн 39-40-р хуудас)

Хохирогч Ө.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би найз Э.тай баарны гадна ирээд найз түрүүлээд баар луу орсон, би гадаа нь нэг таньдаг эгчтэйгээ юм яриад зогсож байтал намхан бүдүүн залуу ирээд “ хөөе хасаг аа, найзыгаа дуудчих” гэхээр нь “ ямар найз, би дөнгөж сая таксинаас буулаа” гэхэд тэр залуу миний гэдэс рүү шууд өшиглөсөн. Манай эгч намайг салгаад баар луу оруулсан. Баар хаагаад бид нар гарах гэтэл манай эгч бид нарыг хүлээж бай гээд гаргаагүй.Тэгээд манай найз гарч байдлыг харчихаад орж ирээд бид нар хамт гарсан.Тэгтэл баарны гадна намхан бүдүүн залуу нэг залууг өшиглөж байсан.Бид нар хажуугаар нь гараад явах гэтэл намайг барьж аваад өшиглөсөн.Би газарт унахад нэг залуу намайг үсдэж аваад тавихгүй байсан.Би нүүрээ хамгаалаад газарт хэвтэж байхад нөгөө намхан залуу цементний хагархай шиг зүйлээр миний толгой руу цохисон.Манай найз Э. гартаа чулуу бариад “ хүрээд ирцгээ” гэхэд тэнд байсан залуучууд бас гартаа чулуу барьсан байсан. Э. зугтаахад тэд нар араас нь хөөгөөд явсан. Тэгж байтал улаан өнгийн куртиктай залуу ирээд намайг босгож аваад нүүрээ арч гээд нойтон салфетка өгөөд явсан. Тэнд байсан хүмүүс бүгд явчихсан болохоор би зүүн хаалга руу чиглээд явж байтал Э. таараад бид хоёр Цагдаагийн газар луу явж гомдол гаргасан... гэх мэдүүлэг (хэргийн 47-48-р хуудас)

Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...баарны гадна би Ө.*******г үсдэж байгаад гартаа барьж байсан цементний хагархайгаар толгой руу нь нэг удаа цохисон...гэх мэдүүлэг (хэргийн 71-72-р хуудас)

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 100-108-р хуудас) зэрэг баримтуудаар шүүгдэгч Г.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр баарны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Ө.*******г зодсон болох нь тогтоогдож байна.

 1.2. ******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 98 дугаартай...Ө.*******гийн биед зулайн дунд хэсгийн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хэргийн 58-59 дугаар хуудас) гарчээ.

Шүүгдэгч Г.******* хохирогч Ө.*******гийн толгойн тус газарт цементний хагархайгаар цохисноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Г.******* цохисон гэдэг нь түүнийг таньж олуулах ажиллагаагаар тогтоогдсон.

 1.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: 2023 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр бааранд хэсэг зулуучууд архидан согтуурч баарны гадна үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зодоон болсноос шүүгдэгч Г.******* хохирогч Ө.*******гийн толгойн тус газарт цементний хагархайгаар цохисноос түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасан байх ба шүүгдэгч Г.*******ын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч Г.******* нь үл ялих зүйлээр шалтаглаж танхайн сэдэлтээр хохирогчийн биед халджээ. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан байна.

2.3. Шүүгдэгч хохирогч нар архидан согтуурснаас үүдэн  хоорондын зүй бус харилцаа үүсгэсэн нь  гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

2.4. Иймд шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1. Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирогчид зарим хохирлыг төлсөн гэх,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат “ Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн асуудал эрүүгийн хариуцлагын хувьд хэлэх зүйл байхгүй. Хохирогч Ө.******* нь бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй, монгол хэлээр сайн ойлгодог. Хохирогчийн зүгээс 465550 төгрөг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч нь 165,500 төгрөгийг шүүх хуралдааны танхимд өгсөн. Одоо өмгөөллийн хөлс 300,000 төгрөг нэхэмжилж байгаа. Учир нь өмгөөллийн зардал нь хохирогчоос гарсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчид төлөх зардал гэж үзнэ. Засгийн газрын тогтоолоор монгол хэл бичиг мэдэхгүй тохиолдолд өмгөөлөгчөөр орсон бол өмгөөлөгчийн хөлсийг гаргаж болно гэж заасан байх тул өмгөөлөгчийн зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэх санал, тайлбарыг тус тус гаргасан.

  Шүүгдэгч Г.*******ын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 76 дугаар хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 79 дүгээр хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хэргийн 80 дугаар тал), гэрч Б.Батцогийн өгсөн “Г.******* нь тайван дөлгөөн зантай, ажлын идэвх зүтгэлтэй, гэм нь жаахан огцом түргэн ууртай хүн.Айлын бага хүүхэд аавынхаа хамт амьдардаг, 2 эгч нь Солонгос улсад амьдардаг” гэх мэдүүлэг (хэргийн 83 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь эцгийнхээ хамт хоёулаа амьдардаг, МУИС-ийн ******* аймаг дахь салбар сургуульд элссэн боловч одоогоор суралцаагүй байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалахыг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяраас хэрэгт ирүүлсэн нотлох баримтаар 160,550 төгрөгний хохирол гарсныг шүүгдэгч Г.******* төлсөн. Харин өмгөөллийн хөлс 300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Г.******* нь аавтайгаа амьдардаг, оюутан зэрэг хувийн байдлыг нь харгалзан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж  өгнө үү “ гэх санал, тайлбар тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.*******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 500,000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогч нь бичиг үсэг мэдэхгүй тул өмгөөлөгчид төлсөн зардал 300,000 төгрөгийг шүүгдэгч Г.*******аас гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалж,бусдад төлөх хохиролгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт Гантулгын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт Гантулгын *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялын 500,000 төгрөгийг 05 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******д тайлбарласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмгөөлөгчид төлөх зардал 300,000 төгрөгийг шүүгдэгч Г.*******аас гаргуулж хохирогч Ө.*******д олгосугай.

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай

7.Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар эрүүгийн хэрэгт хадгалах, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС