| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0956/3 |
| Дугаар | 221/МА2025/0484 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0484
Б.Тын гомдолтой захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д
Гомдлын шаардлага: “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Бгийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №094****1 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 348 дугаар шийдвэр
Гомдол гаргагч: Б.Т
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам
Хэргийн индекс: 128/2024/0956/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч Б.Т нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Бд холбогдуулан “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Бгийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №094****1 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 348 дугаар шийдвэрээр:
“Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Б.Тын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №094****1 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1.“...Тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0348 дугаар шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт: Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан агуулгаас үзэхэд, сонгуулийн зардлын дансаа бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхээр хуульчилсан байх ба сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй зөрчил нь банкинд данс нээгээд, уг нээсэн дансаа бүртгүүлэх үйлдлийг багтаасан, данс нээхтэй шууд холбоотой байна. Тодруулбал тус хуулийн зохицуулалтын агуулгыг задлан авч үзвэл, зөрчлийн бүрэлдэхүүний объектив талын үйлдэл, эс үйлдэхүйн шинжийг "банкинд данс нээгээд, улмаар дансаа зохих байгууллагад бүртгүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй" байдлаар хуульчилсан байна... гэж үзжээ. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйл. "Сонгуулийн зардлын данс": 51.1. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна."; 51.3. Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ."; 51.4. Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй." гэж тус тус заасан байгаа нь гомдол гаргагч ЭЧЭНаас нэр дэвшсэн Б. Тыг сонгуульд оролцож нэр дэвшиж байгаа бол сонгуулийн зардлын дансыг холбогдох хууль журмын дагуу нээх үүрэгтэй, тухайн нээсэн дансыг хуульд заасан хугацаанд холбогдох байгууллага буюу төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэх үүргийн тухайд хуульчилж өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн зорилго нь 1.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино" гэж, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1.Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино." гэж тус тус тодорхойлсон байгааг үзхэд гомдол гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь хууль зөрчсөн үйлдэл мөн байхад данс нээгээгүй, данс байхгүй учир төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэх үүгээр үүсэхгүй гэж үзэх нь үндэслэлгүй юм.
Мөн энэ маргааны тохиолдолд гомдол гаргагчийн харьяалагдах ул төрийн нам нь нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын данс нээхгүй байхаар шийдвэрлэсэн болох нь дээрх ЭЧЭНын Сенатын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №*** тоот тогтоолоор тогтоогдож байх тул гомдол гаргагчийн буруутгах боломжгүй... мөн хандив авах эсэх нь сонгуульд нэр дэвшигчийн эрх бөгөөд үүрэг биш тул үүнээс улбаалаад нэр дэвшигч нь хандив авахгүй гэж үзсэн нөхцөлд сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй гэж үзсэн байна... Үүнээс харахад Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 51.1. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна." гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд тухайн нэр дэвшигч нь зардлын данс нээх үүргээ биелүүлснээр хандив авахгүйгээр сонгуульд оролцсон тухайг нотлох гол үндэс нотолгоо нь байхаар байна. Тодруулбал МУИХС тухай хууль нь сонгууль ил тод нээлттэй, шударга явагдах зарчимд үйлчлэх буюу 51 дүгээр зүйлд заасан үүрэг нь аливаа нэр дэвшигчийн бусдаас хандив авсан, аваагүй тухай, сонгуулийн зардлын зарцуулалтын тайлан олон нийтэд нээлттэй байх, төрийн холбогдох эрх бүхий байгууллагад бүртгэгдэж хянагдах, ингэснээр сонгууль цэвэр шударга явагдах нөхцөлөөр хангагдах нь гол зорилго юм. Мөн дээрх хуульд сонгуульд оролцож буй нам, нэр дэвшигч нар нь дундаа нэг данстай байх эсхүл данс нээхгүй байж болох тухай хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд зөвхөн сонгуулийн зардлын данс нээх, бүртгүүлэх, тайлагнах гэх мэт үүргийн харилцаатай холбогдсон заалтууд байхад намын сенатын тогтоолыг үндэслэн сонгуулийн зардлын данс нээж, бүртгүүлээгүй зөрчлийг зөвтгөх нь үндэслэлгүй байна.
Гомдол гаргагч Б.Тын Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй зөрчилд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т зааснаар хариуцлага тооцох үндэслэлтэй байх бөгөөд төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдохоор сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нар нь үүрэг хариуцлагын хувьд хуулийг даган мөрдөх, шударга ёсыг тогтоох, хууль дээдлэн сахих биелүүлэх баталгаа болгох үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйг зөвтгөсөн шийдвэр нь холбогдох хуулийн суурь зарчмыг гажуудуулсан шийдвэр гэж үзэн гомдол гаргаж байна.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №094****1 дугаартай шийтгэлийн хуудсаар “Б.Тыг сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж зарцуулах журмыг зөрчсөн үйлдэл”-д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2.Гомдол гаргагч Б.Т нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Бд холбогдуулан “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Бгийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №094****1 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлыг шүүхэд гаргасан.
3.Гомдлын үндэслэлдээ “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д сонгуулийн данс нээлгэсэн нэр дэвшигч нь тус журам, хугацаа ёсоор зардлаа бүртгүүлэх үүрэгтэй....Гэтэл би сонгуулийн зардлын данс нээгээгүй тул түүнийг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй буюу бүртгүүлэх бодит боломж байхгүй билээ. Өөрөөр хэлбэл, зардлын данс нээгээгүй нэр дэвшигчээс данс бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй. ЭЧЭН нь намын хэмжээнд нэг данстай байж, түүнийг хууль журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагуудад мэдэгдэж, бүртгүүлсэн. Тухайн үед төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс үүнийг буруутгасан, нэр дэвшигч тус бүр данс нээхийг шаардсан зүйл байхгүй.” гэж маргажээ.
4.Хариуцагчаас “...нэр дэвшигч Б.Т нь Монгол Улсын Их сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын нэг данстай байна гэж заасныг зөрчсөн. ” гэж тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “ЭЧЭН”-аас тус намын нэр дэвшигчид Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банканд зардлын /хандивын/ данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бүртгэлтэй ЭЧЭНын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлд даалгасан гэдэг нь тогтоогдож байна.
6.Уг шийдвэрийн дагуу ЭЧЭН нь зардлын данс нээж, уг дансны мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлсэн, харин нэр дэвшигч Б.Т нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо өөрийн нэрээр зардлын данс нээлгээгүй, өөрийн нэр дээр хандив аваагүй нь “Н аудит” ХХК-иас Үндэсний аудитын газарт хүргүүлсэн ЭоЭНын сонгуулийн зардлын тайланд хийсэн аудитын дүгнэлт[1], талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.
7.Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 3/1090, 3/1110, 3/1095 дугаар албан бичгүүдээр[2] “...хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг ... нам, эвсэл өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлж, улмаар нам эвслийн сонгуулийн зардлын данснаас зарцуулж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой” гэсэн тодруулгыг ЭЧЭН, Үндэсний аудитын газар, Сангийн яаманд тус тус хүргүүлжээ.
8.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид "сонгуулийн зардал" гэх/ гаргана.”, 49.2-т “Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ:”, 49.2.1-д хандив, 49.2.2-т намын өөрийн хөрөнгө, 49.2.3-д нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна.”, 49.4-т “Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.”,
Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-д “Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
9.Хуулийн эдгээр зохицуулалтаас дүгнэхэд, нам, эвсэл, мөн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах, тайлбарлах зорилгоор гаргах сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна, сонгуулийн данснаас өөр дансанд сонгуулийн зардлыг цуглуулахыг хориглосон, мөн нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байхаар заасан.
10.Маргааны тохиолдлын хувьд, ЭЧЭНаас “сонгуульд оролцох нэр дэвшигчдийн танилцуулга, намын сурталчилгааг тус намын сонгуулийн төв ажлын хэсгээс нэгдсэн байдлаар зохин байгуулахаар шийдвэрлэж, нам нь нэгдсэн нэг сонгуулийн данс нээлгэж, түүндээ сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зардлыг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлж, зарцуулахаар, шийдвэрлэсэн байна.
11.Уг шийдвэрийн дагуу тухайн намаас нэр дэвшигч Б.Т нь сонгуулийн зардлын данс нээлгээгүй байна. Нэгэнт нэр дэвшүүлсэн нам нь нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгаа болон бусад зардлын мөнгөн хөрөнгийг бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн байхад нэр дэвшигчийг сонгуулийн зардал цуглуулахгүй эсэхээс үл хамааран заавал сонгуулийн зардлын нэг данс нээхийг шаардах, нээгээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх нь сонгуулийн чөлөөт зарчимд нийцэхгүй.
12.Түүнчлэн нэр дэвшигч нь өөрийн нэр дээр сонгуулийн зардлын данс нээгээгүй, харин намаас нэгдсэн данс нээж, сонгуулийн зардлын тайланд дүгнэлт гаргуулж тус намаас төрийн аудитын холбогдох байгууллагад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байхад нэр дэвшигч Б.Тыг сонгуулийн зардлын дансыг нээлгэх, сонгуулийн дансны зардлын тайланд дүгнэлт гаргуулах хуульд заасан үүргийг биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.
13.Иймээс нэр дэвшигч Б.Тыг сонгуулийн зардлын данс нээлгэх, сонгуулийн зардлын тайланд дүгнэлт гаргуулж төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх хуульд заасан үүргийг зөрчсөн, хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчид шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.
14.Анхан шатны шүүхээс “...сонгуулийн талаарх хууль, тогтоомжуудын агуулгаас үзэхэд, хандив авах эсэх нь сонгуульд нэр дэвшигчийн эрх бөгөөд үүрэг биш тул үүнээс улбаалаад нэр дэвшигч нь хандив авахгүй гэж үзсэн нөхцөлд сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй юм.” гэж дүгнэн маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
15.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдлийн хувьд зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ