Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Б.Алтансүх

Улсын яллагч                                                      Э.Болор  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямдаваагийн Нямбаярт холбогдох эрүүгийн 201710010011 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дүрслэх урлаг судлаач мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 147-502  тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямдаваагийн Нямбаяр  РД/ЕО87052775/

Яллагдагчаар татах тогтоолоор: шүүгдэгч Н.Нямбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг “Морс” рестораны 3 давхарт хохирогч Б.Анхбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь шилэн стакагаар цохиж, хохирогч Б.Анхбаярын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Нямбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Тухайн өдөр тамгын газрын шинэ жилийн арга хэмжээ болж байсан. Бүгдээрээ согтолттой байсан ч ухаан зүгээр байсан. Эрхэм Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Б.Анхбаяртай сонгуулийн нөхцөл байдал, ажил төрлөөс болж маргалдсан. Юунаас болж маргалдсан бэ гэвэл Анхбаяр чиний амьдралыг мэднэ гэх мэт зүйл ярьснаас болж маргалдсан юм. Нөхцөл байдал ийм зүйл болсон юм гэв.

Хохирогч Б.Анхбаяр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Н.Нямбаяртай сайн дураараа эвлэрсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

-  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 7/

- 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Анхбаярын зүүн хацарт зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Уг гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтлүүдийн зүүн хацарт зүсэгдсэн шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хацар дахь зулгаралт гэмтэл нь “ Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэжээ.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  Н.Нямбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг “Морс” рестораны 3 давхарт хохирогч Б.Анхбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь шилэн стакагаар цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Нямбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Нямбаяр, хохирогч Б.Анхбаяр нар нь шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураараа эвлэрсэн, хохирогч Б.Анхбаяр нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн болно.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д “энэ хуулийн 25.1-д заасан гэмт хэргийн хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн бол”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.Нямбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ

Шүүгдэгч Н.Нямбаяр нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямдаваагийн Нямбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар шүүгдэгч Н.Нямбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Нямбаярт авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар Н.Нямбаяр, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ