Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 652

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/02937 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, ажилгүйдлийн тэтгэмж, ажил хавсран гүйцэтгэсэн болон илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Илүү олгосон цалин 8 000 000 төгрөг гаргуулах, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн гаргасан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М,

Хариуцагчийн төлөөлөгч: Ц.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Б” ХХК-д маркетингийн менежер, хүний нөөцийн менежерийн албан тушаалд 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан. Намайг 2016 оны 9 сарын 01-ний өглөө ажилдаа ирэхэд ерөнхий захирал н.Отгонбаатар 2016 оны 9 сарын 01-ний өдрийн 110 тоот тушаалаар маркетинг, хүний нөөцийн менежерийн албан тушаалаас чөлөөлсөн тушаал гаргасан байсан. Компанийн хэмжээнд болон надаас ямар нэг байдлаар аттестатчиллын шалгалт авч байгаагүй, ямар нэгэн аттестатчилал болон мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулагдаж байгаагүй болно. Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээ цуцлахаас нэг сарын өмнө мэдэгдээгүй. Миний бие 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр маркетингийн менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс маркетинг менежер, хүний нөөцийн менежерийн ажил үүргийг хавсран гүйцэтгэх болсон. Ажиллаж байх хугацаанд ажил үүрэг хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл хөлсийг олгож байгаагүй тул 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажил хавсран гүйцэтгэсэн цалин хөлс, олговорыг нэхэмжилж байна. Ажил үүрэг хавсран гүйцэтгэсэн цалин хөлсийг надтай тохиролцоогүй тул үндсэн цалинг 100 хувиар буюу 1 200 000 төгрөгөөр тооцон 10 сарын нэмэгдэл хөлс, олговор болох 12 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Манай компани жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажлын 6 өдөртэй, ажлын өдрүүдэд 08.00 цагаас 19.00 цаг хүртэл, бямба гаригт 09.00 цагаас 19.00 цаг хүртэл ажилладаг. Миний бие 2015 оны 10, 11 дүгээр сар, 2016 оны 4, 5, 6, 7, 8, 9 саруудад нийт 580 цаг илүү цагаар ажилласан бөгөөд ажил олгогчоос илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгож байгаагүй болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу илүү цагаар ажилласны нэмэгдлийг нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн цалин 1 200 000 төгрөг нэг цагт ногдох дундаж цалин 10 465  төгрөг байна. Хөдөлмөрийн тухай хуулиар илүү цагаар ажилласан хөлс 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нь тооцвол 110,465төгрөг * 1,5 дахин) 15 697 төгрөг болж байна. Үүнийг 580 цагаар ажилласан цагаа тооцвол нийт 9 104 550  төгрөгийг нэхэмжилж байна. Би 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ээлжийн амралт тооцуулан авч байгаагүй болно. Иймд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалд заасны дагуу 1 сард ногдох ээлжийн амралтын хоног 1,25 бөгөөд үүнийг ажилласан хугацаанд ногдуулвал 13,75 өдрөөр тооцогдож байна. Ингээд 2005 оны дундаж цалин хөлс тооцох журмын дагуу нэг хоногийн дундаж цалин хөлсийг тооцвол 84 906 төгрөг болж байгаа бөгөөд 13,75 хоногт тооцвол нийт 1 167 453 төгрөгийг нэхэмжилж байна. Манай компани ажилтнуудын нийгмийн даатгалын хуульд заасан журмын дагуу тооцон бичилт хийгээгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулиар ажилтны нийгмийн даатгалыг цалин хөлснөөс тооцон суутгах ёстой бөгөөд миний бие үндсэн цалин 1 200 000 төгрөг, нэмэгдэл цалин 300 000 төгрөг, урамшуулалт цалин 300 000 төгрөг олгох ёстой цалин 1 800 000 төгрөгийн цалин хөлс авч байсан болно. 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 1 сар туршилтын хугацааны гэрээ байгуулсан бөгөөд ажил олгогчоос туршилтын хугацаанд нийгмийн даатгалын бичилт хийгддэггүй гэсэн тайлбараар дээрх хугацааны нийгмийн даатгалын бичилтийг хийгээгүй болно. Нөгөө талаар 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын бичилтийг 1 сая төгрөгөөс тооцож бичилт хийж байсан. Иймд дээрх хугацааны нийгмийн даатгалын суутгалыг 1 800 000 төгрөгөөр тооцон нөхөн бичилт хийж өгнө үү. Ажил олгогч 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн боловч тушаалтай танилцах хүсэлт гаргахад удаа дараа ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөөгүй, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулалтыг хийгээгүй, ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас тэтгэмж аваагүй тул ажилгүйдлийн тэтгэмжийг нэхэмжилж байна. Миний бие 76 хоногоор, 45 хувиар ажилгүйдлийн тэтгэмж бодогдож олгох ёстой байсан. Дээрх тэтгэмжийн хэмжээ нь 2 827 370 төгрөг болж байгаа тул ажилгүйдлийн тэтгэмжийг нэхэмжилж байна. Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэн ажилласан бөгөөд түүнд ногдох цалинг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан харилцан тохиролцоогүй цалингаар бодон цалинг олгосон. 2016 оны 9 дүгээр сар нь ажлын 2 хоногтой ба нэг хоногийн цалин хөлс нь 81 818  төгрөг болж байгаа ба миний бие 22-ны өдөр хүртэл ажилласан нь 16 хоног ажилласан болно. Иймд 81 818 төгрөг * 16 хоног = 1 309 091 төгрөг болно. Миний цалин гэж 488 540 төгрөг энэ цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг 1 000 000 төгрөгөөр тооцон суутган авсныг олгосон. Иймд өөрийн зөрүү цалин болох 820 551  төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 26 371 800 төгрөг нийт 52 291 724 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ажиллах хугацаанд 1 000 000 төгрөгийн үндсэн цалин, ажлын тайлан, төлөвлөгөө, биелэлтээс хамааран 800 000 төгрөгийн цалинг нэмж авч байсан ба нийгмийн даатгалийн шимтгэлийг 1 000 000 төгрөгөөс төлж байсан. Б.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.9-д ажилтан ажлаа жил, сараар төлөвлөн ажиллах бөгөөд төлөвлөгөө тайланг тогтоосон цаг хугацаанд зөв чанартай гаргаж, түүний гүйцэтгэх үр дүнг ерөнхий нягтлан бодогч, ерөнхий захирлын өмнө тайлагнах үүргийг ажилтанд хүлээлгэсэн байдаг. Б.Г нь ажиллах хугацаандаа энэхүү үүргээ нэг ч удаа биелүүлээгүйн улмаас түүний ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх боломжгүй болсон. Мөн Б.Г нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн дээрх төлөвлөгөө, тайлан гаргаж өгөх үүргээ ажлаас чөлөөлөгдөх хүртлээ биелүүлж байгаагүй. Тус хэргийг шийдвэрлэх явцад төлөвлөгөө, тайланг өгч байгаагүй үеийн цалинг илүү олгосон болохыг нягтлан бодогчийн цалингийн хүснэгтээр нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Г нь ажлын төлөвлөгөө тайланг өгч байгаагүй үеийн цалинг илүү олгосон болохыг нягтлан бодогчийн цалингийн хүснэгтээр тогтоогдож байгаа тул 10 сарын урамшуулал цалинд илүү олгосон  8 000 000 төгрөгийг гаргуулна. Мөн Б.Г нь хүний нөөцийн менежерийн албан тушаалд ажиллах явцдаа дур мэдэн өөртөө “Б” ХХК-ийн маркетинг, хүний нөөцийн газрын захирал гэсэн нэрийн хуудсыг хийлгэж, гадуур бусдад тарааж байсан компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх байдал үүсгэж байсан.Түүнчлэн Б.Г нь өөрийн эрхэлж буй албан тушаалаа ашиглан өөрийн найз гэх Б.Эрдэнэчимэг гэгчтэй 2016 оны 3 сарын 23-ны өдөр оффисын байр түрээслэх 16/К/04 тоот гэрээг байгуулсан байдаг. 16/К/04 тоот түрээсийн гэрээний 4.3 дахь заалт болон 6.3 дахь заалтуудад түрээслэгч барьцаа мөнгө авахаар харилцан тохирсон байдаг. Гэтэл Б.Г түрээслэгч иргэн Б.Эрдэнэчимэгээс нэг сарын барьцааны төлбөрийг бэлэн гаргуулан авч компанид тушаагаагүй болох нь 2016 оны 9 сард тогтоогдсон. Б.Г нь Б.Эрдэнэчимэг гэгчтэй түрээсийн гэрээ байгуулахдаа компанийн эрх бүхий албан тушаалтан болох ерөнхий нягтлан бодогчид хууль бус үйлдэл хийхийг санал болгож Б.Эрдэнэчимэг хэд хоногоос түрээсийн гэрээний барьцаагаа төлнө гэсэн тул та захиралд энэ тухай хэлээд хэрэггүй гэсэн байдаг. Харин “Б” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Отгонбаатарт Б.Эрдэнэчимэг түрээсийн гэрээний барьцаа мөнгөө бүрэн төлсөн гэж төөрөгдүүлэн гэрээ батлуулсан байдаг. Мөн 16/К/06 тоот түрээсийн гэрээ Н.Энхцэцэгтэй 420 000 төгрөгийг гэрээ байгуулж 300 000 төгрөг авч, компанид 480 000 төгрөгийн хохирол учруулсан. “Б” ХХК нь Б.Гын дээрх итгэл эвдсэн үйлдлүүдийг болон худал мэдээллээр төөрөгдүүлэн байгуулсан гэрээний улмаас компанид 7 059 950 төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Уг хохирлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан боловч уг шаардлагаасаа татгалзаж байна.  Иймд илүү олгогдсон цалин 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Гын нэг сарын үндсэн цалин нь 1 200 000 төгрөг, урамшуулалт цалин нь 300 000 төгрөг, зардлын нэмэгдэл цалин нь 300 000 төгрөг нийт 1 800 000 төгрөгийн цалин урамшуулалтай ажиллаж байсан. Үнэлгээ муу байсан юм бол яагаад 300 000 төгрөгийн нэмэгдэл олгоод байгаа юм. Б.Г өөртөө цалин олгоогүй. Захирал нь шийдсэн байгаа. Хууль зүйн үндэслэл байхгүй. Б.Г өөрийн ногдсон ажил үүргээ гүйцэтгэсний дагуу авсан цалин байгаа. Өөрсдөө 1 800 000 төгрөгийн цалинтай хүний нийгмийн даатгалын шимтгэлийг 1 000 000 төгрөгөөр тооцож төлсөн атлаа одоо болохоор гэрээнд заасны дагуу ажлаа гүйцэтгээгүй гэж урамшуулалт цалинг нь 10 сараар тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Б.Гыг 2015 оны 11 сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 сарын 01-ний хооронд ажиллахдаа үндсэн цалин 1 000 000 төгрөг, ажлын тайлан, төлөвлөгөө, биелэлтээс хамааран 800 000 төгрөгийн цалинг нэмж авч байсан. Нийгмийн даатгалийн шимтгэлийг 1 000 000 төгрөгөөс төлж байсан гэж Б.Гтай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 3.9-д зааснаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн төлөвлөгөө, тайлан гаргаж өгөх үүргээ ажлаас чөлөөлөгдөх хүртлээ биелүүлж байгаагүй гэж илүү олгогдсон 10 сарын урамшуулалт цалинд авсан 8 000 000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэл байхгүй. Ажил олгогч компани нь өөрөө хууль бусаар ажилтаны шимтгэлийг 1 000 000 төгрөгөөс нийгмийн даатгал төлж байсан. Үүнээс харахад Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчдөг гэдэг нь харагдаж байгаа. Гэрээгээр ажиллаж байгаа ажилтан өөрөө өөрийнхөө цалинг тодорхойлоно гэсэн ойлголт байхгүй. Ажилтаныхаа гуйснаар ажил олгогч компани нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхойлж төлүүлнэ гэсэн хуулийн заалт байхгүй байгаа. Өөрсдөө цалинг нь тодорхойлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, мөн 1 800 000 төгрөгийн цалин олгосон атлаа буцааж нэхэмжилнэ гээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй гээд байгаа юм бол гэрээг нь дүгнэсэн хурлын тэмдэглэл нь хаана байна. Зөрчлийн акт үйлдээд гарын үсэг зуруулахгүй яасан юм бэ. Хурлын тэмдэглэл үйлдэхгүй яасан бэ. Хариуцагчийн дан ганц тайлбар нотлох баримт болохгүй. Нотлох баримтууд нь хаана байна вэ. Тушаалд ямар зөрчил гаргасанг бичээгүй. Гаргасан үйлдэл болгоныг тушаалдаа бичих ёстой. Зөрчил илрүүлсэнээс хойш 1 сар гэдэг чинь 6 сардаа ордог. Ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зураагүй байгаа. Ажилд ороход нь танилцуулж зуруулах ёстой. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулахыг хүний нөөцийн даргад өөрт нь эрх нь байгаа гээд байх юм. Өөрөө өөртөө танилцуулахыг Б.Г одоо даалгах уу. Иймд учраас илүү олгогдсон 10 сарын урамшуулал цалин болох 8 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2016 оны 9 сарын 01-ний өдрийн 110 тоот ажлаас өөрчлөх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-р гаргасан болохыг тогтоолгоно гэсэн байна. Тийм л байсан юм бол тухайн үедээ тушаалаа гаргахдаа 40.1.4 гэсэн заалтаа барихгүй яасан юм. Улсын Дээд шүүхийн 33-р тогтоолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлахад давхар зөрчил, ноцтой зөрчил гэдгийг тодорхойлсон байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаалдаа хөдөлмөрийн гэрээний 3.9 баримтлаагүй, 3.5.1-г баримталсан. Энэхүү тушаал нь тэр чигтээ агуулгын хувьд ч, хууль зүйн хууль хэрэглээний хувьд ч тэр, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан үндэслэл нь ч тэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар чөлөөлсөн байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахад албан тушаал бууруулах гэсэн ойлголт байхгүй учир ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа. Нэгэнт ажлаас халагдсан үйл баримтыг одоо энд тогтоохгүй. Энэхүү шүүх хурал нь ажлаас халах үйл явц, тушаалыг өөрчлөх шүүх хурал биш юм. Энэ 110 тоот тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна уу үгүй байна уу, энэхүү 110 тоот тушаал нь нэхэмжлэгч Б.Гын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна уу үгүй юу гэдгийг шийдвэрлэх, хөндөгдсөн эрхийг сэргээх шүүх хурал байгаа. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар нь энэхүү тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй. Хариуцагч тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 болгоё гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж болохгүй. Зохигчид шүүх хуралдаанд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Тэгэхээр тушаал бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-оор гарсан байгаа. Хариуцагчийн амаар болон бичгээр өгч байгаа энэхүү тайлбар нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот тушаалтай бодит үнэнтэй нийцэхгүй байгаа тул 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот албан тушаал өөрчлөх тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар гаргасан болохыг тогтоолгоно гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Б.Гыг ажиллах хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж компанид хохирол учруулсан гэж 7 059 950 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул үүнд тайлбар байхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баттулгын Ганбаатарыг /РД:ХК87012411/ “Б” ХХК-ийн маркетинг, хүний нөөц хариуцсан албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Гын ажилгүй байсан хугацааны цалин 26 671 800 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 2 817 370 төгрөг, ээлжийн амралтийн олговор 1 167 453 төгрөг, үлдэгдэл цалин 820 551 төгрөг нийт 30 478 174 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар Б.Гын нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлс 1 800 000 төгрөгнөөс бодогдоогүй үлдсэн 800 000 төгрөгөөр тооцож, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Б” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК нь хохирол 7 059 950 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч “Б” ХХК-ийн илүү олгосон цалин 8 000 000 төгрөг гаргуулах, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот албан тушаал өөрчлөх тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн гаргасан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.2, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гын ажил хавсран гүйцэтгэсний цалин хөлс 12 000 000 төгрөг, илүү цагаар ажилласаны нэмэгдэл цалин хөлс 9 104 550 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 730 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 127 909 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид олгуулахаар шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ажлын цагийг нэгтгэн бодох журам нь өдөрт 12 цаг ажиллуулж, илүү цагийн нэмэгдэл хөлс олгохгүй байх зохицуулалт мэтээр тайлбарлан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д "Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна", 70.2-д "Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна." гэж ердийн ажлын цагийг зохицуулсан бөгөөд илүү цагаар ажиллуулахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "Энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ".  Өөрөөр хэлбэл, ажил олгогч өдөрт 12 цаг ажиллуулж болох хэдий ч өдөрт 8 цаг нь ердийн ажлын цаг, харин 4 цаг нь илүү цаг болох юм. Гэтэл шүүхээс 12 цагийг ердийн ажлын цаг байж болох мэтээр тайлбарлан хэрэглэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д "Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэж болно" гэж заасан нь илүү цагийн хөлс олгохгүй байх үндэслэл биш бөгөөд тухайн ажилтны ажлын жилд багтаан жилд ажилласан илүү цагийг нөхөн амраах, нөхөн амраагаагүй бол үндсэн цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгох заалт юм. Нэхэмжлэгч Б.Г нь 580 цаг илүү цагаар ажилласан нь хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох ирцийн тайлан, илүү цагийн хөлс олгож байгаагүй нотлох баримт нь цалингийн баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК нь 26 ажлын өдөр ажиллуулж, түүндээ илүү цагийн хөлс олгох, нөхөн амраах зэрэг хуульд заасан нөхцлийг биелүүлээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон ирцийн тайлангаас тодорхой харагдаж байна. Ажлын цагийг нэгтгэн бодох журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Засгийн газрын 122 дугаар тогтоол буюу ажлын цагийг нэгтгэн бодох журмын 7 дугаар зүйлд "Оргил ачааллын үед ажлын цагийг хэтрүүлэн ажилласан цагийг тодорхойлохдоо жинхэнэ ажилласан цагийн нийт дүнгээс тухайн хугацааны ердийн ажлын үргэлжлэлээр тооцсон ажлын цагийг хасна", 8 дугаар зүйлд “Тооцоот хугацааны ажлын цагийн фондоос хэтрүүлэн ажилласан цагийг оргил ачааллын бус үед дараахь байдлаар зохицуулна. а/ ачаалал багатай үед ажлын өдрийн үргэлжлэлийг богиносгох; б/ долоо хоногийн ажлын өдрийн тоог цөөрүүлэх; в/ ээлжийн амралт дээр нь нэмэгдэл амралт олгох/ сул зогсолт гарвал өмнөх хугацаанд хэтрүүлэн ажилласан цагт нь тооцож нөхөн амрааж болно", 9 дүгээр зүйлд "Тооцоот хугацааны ажлын цагийн фондоос хэтрүүлэн ажилласан цагийг энэ журмын 8-д зааснаар нөхөн амруулахаар зохицуулж чадаагүй, 9-д дурдсанаар биеэр нөхөн амруулаагүй тохиолдолд хэтрүүлэн ажилласан цагт ногдох цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу цагийн тарифт цалинг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлэн тооцож олгоно" гэж заасныг шүүх хэрэглэхгүйгээр 5 дугаар зүйлийг шууд баримталж хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, ажилласан хугацааны илүү цаг буюу 580 цагийн илүү цагийн хөлс болох 9 104 550  төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Гын нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох хөдөлмөрийн маргааныг шүүх шийдвэрлэхдээ “... манай компаниас Б.Гыг өөр ажилд шилжүүлсэн тушаалыг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан үйл баримт” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Бидний зүгээс өөр ажилд шилжүүлж байгаа нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, ноцтой зөрчсөн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авч байгаа нөхцөл байдал бөгөөд тэрээр буруугаа хүлээн зөвшөөрч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сайн дураар өгснөөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон юм. Тодруулбал, шүүхээс ажлын тайлан, гүйцэтгэлээ Б.Г өгч байгаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй гэх манай тайлбарыг нотлогдоогүй гэж дүгнэсэн бөгөөд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан, тайлангаа гаргаж өгч байснаа нотлох үүрэг нь нэхэмжлэгч талынх байх ёстой. Тайлангаа хийгээгүй өгеөгүй байхад бид хаанаас гаргаж өгөх, нотлох асуудал байх билээ. Хөдөлмөрийн харилцаа, хууль тогтоомж нь ажилтныг эрх ашгийг илүүтэй хамгаалах, ажил олгогчийн хууль бус шийдвэр, давуу эрхийг хязгаарлах хандлагатай гэдэг ч Иргэний хуульд заасан хэлцлийн нэг хэлбэр, талуудын харилцан тохиролцоо бөгөөд ажлын байрыг өөрчлөх, шилжүүлэх саналыг Б.Г хүлээн авсан, хариуцлагаа ухамсарлаад ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо хэн нэгний дарамт шахалтгүйгээр илэрхийлсэн үйл баримт нотлогдож байгаа. Ажил албан тушаалыг шилжүүлж буй үйлдлийг ажлаас халсантай адилтган
үзнэ гэх Дээд шүүхийн тогтоолыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь
өөрөө хууль хэрэглээ биш гэж үзэж байна. Ажилтны эрх ашгийг Хөдөлмөрийн хуулиар хамгаалах нь зүйн хэрэг ч түүний бусдын нэрийн өмнөөс гарын үсэг хуурамчаар үйлдэн гэрээ байгуулсан, хуурамч нэрийн хуудас ашигласан, өөрийн танилцуулгыг худал мэдээлсэн, үнэнч бус эрүүгийн болон зөрчлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байсанд байгууллагын зүгээс санаачилгаар арга хэмжээ авсныг ажлаас халсан гэж шууд тайлбарлаж шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Тэрээр ийм арга заль хэрэглэн өөр хэдэн ч байгууллагыг хохироож яваа билээ, энэ талаар холбогдох баримт мэдээллүүд ч сүүлд манайд ирсэн. Шүүх хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажил олгогчийн зүгээс мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, манай хүсэл зориг биш бөгөөд ажлаас чөлөөлөөгүй учир хуульд заасны дагуу 45 хоногийн өмнө мэдэгдэх, ажлаас халагдсаны тэтгэмж өгөх үндэслэлгүй болно. Б.Г нь хэрвээ өөр ажилд шилжүүлсэн тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй ажлаас үндэслэлгүй халсан гэж маргах байсан бол тухайн үед буюу тушаал гарснаар гомдлоо гаргаад шийдвэрлүүлэх бүрэн боломжтой атал шилжүүлсэн албан тушаалд cap гаран ажилласан, цалин авсан, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд гарсан болно. Түүнчлэн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний талаар хууль зөрчсөн эсэх талаар ямар нэг дүгнэлт гараагүй, энэ талаар маргаагүй байгаа нь тухайн талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн санал, хэлцэл, нөхцөл хүчинтэй байх хуулийн зарчим юм. Хөдөлмөрийн харилцаа нь тусгайлсан харилцааг зохицуулж байгаа хэдий ч иргэн, хуулийн этгээдийн хоорондын харилцан тохиролцсон гэрээ, хэлцэл бөгөөд Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаагүй хөдөлмөрийн харилцааг тодорхой заагаагүй асуудал нь хориглож байгаа зүйл биш юм. Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлчихээд тухайн баримтуудыг буюу шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн, үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар мэдүүлэгт хөтлөгдөж нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд тус шүүхийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 02937 дугаартай шийдвэрийг Хөдөлмөрийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, ажилгүйдлийн тэтгэмж, ажил хавсран гүйцэтгэсэн болон илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч илүү олгосон цалин 8 000 000 төгрөг гаргуулах, 2016 оны 9 сарын 1-ний өдрийн 110 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн гаргасан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Ажилтан Б.Г нь 2015 оны 10 сарын 18-ны өдрөөс ажил олгогч “Б” ХХК-д маркетингийн менежерийн албан тушаалд түр томилогдон ажиллаж, 2015 оны 11 сарын 16-ны өдрөөс маркетинг, хүний нөөцийн менежерийн албан тушаалд үндсэн ажилтнаар, 2016 оны 1 сарын 01-ний өдрөөс маркетинг, хүний нөөц хариуцсан албаны даргаар /менежер/ томилогдсон үйл баримтад талууд маргаагүй, энэ талаархи бичгийн нотлох баримт хэрэг авагдсан байна.

 

Ажил олгогч “Б” ХХК-ийн захирлын 2016 оны 9 сарын 01-ний өдрийн 110 тоот тушаалаар хөдөлмөрийн дотоод журмын 3.5 дугаар зүйлийн 3.5.1-т заасныг үндэслэн маркетинг, хүний нөөцийн менежерийн албан тушаалаас чөлөөлж, хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилжээ. Уг тушаалын агуулгаас үзэхэд маркетинг, хүний нөөцийн менежер, хүний нөөцийн менежер зэрэг албан тушаал нь тусдаа өөр албан тушаал байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Уг тушаал нь хэлбэрийн хувьд албан тушаалаас чөлөөлж, өөр албан тушаалд томилсон агуулгатай байгаа боловч албан тушаалын нэршил өөрчлөгдсөн, нэг талын санаачилгаар ажилтны хөдөлмөрийн цалин хөлсийг бууруулсан гэж үзэхээр байх тул тэрээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэж цалин хөлсний зөрүү шаардах эрхтэй, харин уг тушаалын хүрээнд ажилд эгүүлэн томилуулахаар шаардах эрхгүй юм. 

 

Ажилтан Б.Г нь 2016 оны 9 сарын 22-ны өдөр өөрийн санаачилгаараа албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан талаар талууд хэн аль нь маргаагүй, тайлбар гаргасан, мөн энэ талаархи бичгийн баримт хэрэгт авагджээ. Ажилтан нь хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах хүсэлт өгөхөд ажил олгогчийн зүгээс нөлөөлсөн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ажилтны хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасантай нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин ажил олгогчоос ажилтантай байгуулсан 2016 оны 1 сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалин, нэмэгдэл хөлсний хамт 1 800 000 төгрөгийн цалин олгохоор тохиролцсон атлаа ажилтны зөвшөөрөлгүйгээр  хөдөлмөрийн хөлсний хэмжээг 900 000 төгрөг болгон бууруулсан нь үндэслэлгүй байна. Иймд 2016 оны 9 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 9 сарын 22-ны өдөр хүртэлхи ажлын 15 хоногийн цалингийн зөрүү болох 613 636 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 10 сарын 28-ны өдрөөс өөр ажил хавсран гүйцэтгэсэн ба үндсэн цалин дээр 300 000 төгрөгийн цалин нэмж олгохоор тохиролцсон боловч уг нэмэгдэл цалинг олгоогүй гэж 12 000 000 төгрөгийг, илүү цагийн хөлс 9 104 550 төгрөг, ээлжийн амралтын олговор  1 167 453 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч уг тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар дууссан байна. Иймд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар ажилтны ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогч бус, харин хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага олгохоор заасан тул энэ талаарх хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй болно.

 

Хэрэгт нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагаас үндэслэлгүй илүү цалин авсан гэх баримт байхгүй тул анхан шатны шүүх хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/02937 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1, 2, 3, 6 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрт 1 дэх заалт нэмж “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Гын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26 371 800 төгрөг болон нэмэгдэл хөлс 12 000 000 төгрөг, илүү цагийн хөлс 9 104 550 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 167 453 төгрөг,  ажилгүйдлийн тэтгэмж 2 827 370 төгрөг, үлдэгдэл цалин 820 551 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Б” ХХК-иас 613 636 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгосугай” гэж,

4 дэх заалтыг “2”, 5 дахь заалтыг “3” гэж дугаарлан “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул илүү олгосон цалин 8 000 000 төгрөг гаргуулах, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот албан тушаал өөрчлөх тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн гаргасан болохыг тогтоолгох тухай хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж найруулж, 7 дахь заалтыг “4”, 8 дахь заалтыг “5”, 9 дэх заалтыг “6”, 10 дахь заалтыг “7” болгон дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 310 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ