Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/02057

 

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/02057

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух, Тамжид овогт Гын А -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 5 хаягт байрлах, Нт холбогдох

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                                                                                                                                                                                     

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 182/ШШ2017/00436 дугаартай захирамжаар Г.А, Ц.Т бид нараас 156 687 416 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Н нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г.А миний өмчлөлийн эрхийн улсын Ү-2206032096 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, .. тоот 103.68 м.кв талбайтай, орон сууцны зах зээлийн ханшийг 187 900 000 төгрөгөөр үнэлэн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үнэлгээ тогтоон, албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэх хуудсыг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр намайг дуудаж, энэ бичгийг хүлээж авахгүй бол дуудлага худалдаанд оруулах болно гэж хүлээлгэж өгсөн. Н нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар 3 хоног дотор танилцуулаагүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчид эрх үүргийг хэдэн сарын хэдний өдөр, хэн танилцуулсан нь тодорхойгүй, үнэлгээ гаргуулсан байна. Уг үл хөдлөх хөрөнгийг бараг 10 жилийн өмнө одоо тогтоосон үнээр шахуу худалдаж авсан, одоо бол 230 000 000 төгрөг хавьцаа бэлэн мөнгөөр зарагдаж байхад хэт доогуур хууль зөрчин үнэлгээ гаргуулсан, төлбөр мөнгөө төлсөөр байхад үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлүүлсэн үл хөдлөх хөрөнгийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 257 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулж, өмчлөгч миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр Г.А, Ц.Т нараас 156 687 416 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор, төлбөр төлөгч нар хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ... тоот, 103.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17290812 дугаар тогтоолоор үүсгэж, шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ... тоот орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17290812/06 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17290812/03 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Г.Ат, Ц.Т нарт төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэх тухай 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4/10599 тоот мэдэгдлийг гардуулахад үнийн санал өгөхөөс татгалзсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилоход Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ... тоот орон сууцыг 187 900 000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/13190 дүгээр албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тайлан, мэдэгдлийг оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Г.Аийн 99102713 дугаарын утсаар холбогдон мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00436 дугаар захирамжаар хариуцагч Г.А, Ц.Т  нараас зээлийн төлбөрт 156 217 897 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 32 217 897 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 469 519,5 төгрөгийн хамт нэхэмжлэгч Хас банк ХХК-д төлөх, хариуцагч Г.А, Ц.Т нар нь хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2206032096 дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод байрлах, 103.68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нт шилжүүлсэн бөгөөд уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, дээрх үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээч 187 900 000 төгрөгөөр үнэлэн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Гэтэл төлбөр төлөгч Г.А, Ц.Т нар нь үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Уг орон сууцны 1 м.кв талбайн үнэлгээ нь 1 812 307 төгрөг /103.68 м.кв талбайн үнэ 187 900 000/ төгрөг байгаа нь зах зээлийн бодит ханш бөгөөд уг хөрөнгийг багаар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Зарын unegui.mn сайтаас үзэхэд тухайн байрлалд байрлах орон сууцны үнэ ханш үнэлгээчний гаргасан үнэтэй дүйцэж  байна Тухайлбал:

1.Рапид харшид 4 өрөө байр 128.78 м.кв 233 500 000 төгрөг буюу 1м.кв нь 1 850 000 төгрөг, үнэ тохирно гэсэн байна.

2.Хурд рапид харш хороололд 4 өрөө байр 128.78 м.кв 233 500 000 төгрөг буюу 1 м.кв нь 1 813 170 төгрөг байна.

3.Хурд рапид харш хороололд 3 өрөө байр 103.6 м.кв 1 м.кв нь 1 900 000 төгрөгөөр тохирно гэсэн байна гэжээ.

 

  Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Нт холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ... тоот 103,68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь “ ... Уг үл хөдлөх хөрөнгийг бараг 10 жилийн өмнө одоо тогтоосон үнээр шахуу худалдаж авсан, одоо бол 230 000 000 төгрөг хавьцаа бэлэн мөнгөөр зарагдаж байхад хэт доогуур хууль зөрчин үнэлгээ гаргуулсан, төлбөр мөнгөө төлсөөр байхад үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байна.

 

           Хариуцагч нь  “...Төлбөр төлөгч Г.А, Ц.Т нар үнийн санал өгөхөөс татгалзсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв”  ХХК-ийг томилоход Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ... тоот, 3 өрөө орон сууцыг 187 900 000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/13190 дүгээр албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тайлан, мэдэгдлийг оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Г.Аийн 99102713 дугаарын утсаар холбогдон мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй”  гэж маргажээ.

 

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.

             Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

           Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.А, Ц.Т нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 180 438 427.42 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №183/ШШ2017/00436 дугаар захирамжаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 24 220 530 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 156 217 897 төгрөгийг хариуцагч тал 2017.3.20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017.4.20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017.5.20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017.6.20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017.7.20-ны өдөр 31 217 897 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирч, хариуцагч нар энэхүү хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ... тоот хаягт байрлалтай, 103,68 м.кв талбайтай 3 өрөө орон сууц /УБД:Ү2206032096/-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн байна.

 

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №183/ШЗ2017/06486 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан  гүйцэтгүүлэх тухай” захирамж, 598 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснээр 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17290812 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна. /х.х -44, 47-48/

           

            Төлбөр төлөгч Г.Ат, Ц.Т нар нь 156 217 897 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2017 оны 11 дүгээр  сарын 21-ний өдрийн 17290812/06 тогтоолоор Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ... тоот 103,68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны  5 дугаар  сарын 01-ний өдрийн 17290812/03 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 61-62/

 

           Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас  эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахаар төлбөр төлөгч 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4/10599 дүгээр мэдэгдлийг хүргүүлсэн, төлбөр төлөгч нар үнийн саналаа ирүүлээгүй, харилцан тохиролцоогүй үндэслэлээр мөн хуулийн 55.2.2-т зааснаар 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 162 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилжээ./хх-ийн 64/

 

          Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь эд хөрөнгийг үнэлэхдээ Зах зээлийн харьцуулах аргаар, үнэлж буй хөрөнгөтэй байршил, барилгын зориулалт, ашиглалтанд орсон  он зэргээрээ ижил төстэй зах зээлд зарагдаж байгаа болон зарагдсан хөрөнгөтэй харьцуулан жишиж, хөрөнгийн үнэд нөлөөлөх бүхий ялгаатай хүчин зүйлсэд тохирох үнийн зохицуулалт, тохируулгыг хийснээр үнэлж буй объектын зах зээлийн үнэ цэнийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ... тоот 103,68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны  үнийг  187 900 000  төгрөгөөр үнэлжээ. Дээрх үнэлгээний тайланг 2019 оны  5 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Г.Аийн 99102713 дугаарын утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байна./хх-ийн 78/

 

           Нэхэмжлэгч Г.А нь хөрөнгийн үнэлгээ тогтоосон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн орон сууц үнэлсэн хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй гэж маргаж байгаа хэдий ч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийг үнэлэх ажиллагааг  явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, баримтаар нотолж чадаагүй юм.

 

          Нэхэмжлэгч Г.Ат үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь шүүхэд  2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. /х.х-78/

 

          Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч болон хариуцагч тал татгалзах зүйлгүй гэж хариулсан байна.

 

          Хуульд заасан хуралдааны дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчийн эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт гаргасан байна.

 

           Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан дээрх хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсон,  шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисонтой холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах  хүсэлт гаргасан бөгөөд шүүх хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар нь хэлэлцэхээс өмнө асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. 

        

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн хүсэлтийг хангаагүй үйл баримтыг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах,  шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх  үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл байх тул анхан шатны шүүх дэгийн дагуу хуралдааныг үргэлжлүүлсэн болно.        

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

       1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нт холбогдох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ... тоот 103,68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ