Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/158

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Иргэдийн төлөөлөгч Д.Цэрэндулам

Улсын яллагч Э.Ундармаа

Хохирогч Р.Бат-Ундрах

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч Б.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Баяртогтохын Баярбатад холбогдох эрүүгийн 2321000000097 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 13ы өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг Аят хороололд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт Баяртогтохын Баярбат. /РД: ЖЕ88101376/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Баярбат нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг Аят хороололд гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Р.Бат-Ундрахтай үл ялих зүйлээс болж маргаж хэвлийн хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн баруун доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, хөндлөн гэдэсний өмнөд ханын нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Баярбат шүүх хуралдаанд: “...Намайг гадаа гараад зогсож байхад Бат-Ундрах гарч ирээд сандлаар цохисон. Миний урдуур Мөнхбат гэж найз маань орж ирэхэд биднийг хамт зодсон. Би цохиулаад зугтаж машины ардуур орсон. Тэр үед Бат-Ундрах труба бариад дайрсан. Тэгээд ийм зүйл болсон...” гэв.

Хохирогч Р.Бат-Ундрах шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед миний бие дээрдээгүй байсан. Би эход харуулаагүй байсан тул өөрийн биеийг ямар байдалтай байгааг мэдэхгүй байсан учир тэр мөнгийг нэхэмжилнэ гэж мэдүүлэг өгсөн. Одоо миний бие зүгээр болсон тул найзаасаа мөнгө нэхэмжлэх шаардлагагүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Бат-Ундрах, Баярбат нар нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас нэгнийхээ биед хүнд хохирол учруулсан байна. Иймээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

Хохирогч Р.Бат-Ундрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баярбат уурлаад хутга бариад над руу дайрсан. Тэгэхээр нь би зүүн гараараа хаасан чинь миний гарыг зүсчихсэн. Улмаар Баярбат нь гартаа хутга бариад гадагш гарсан ба би араас нь сандал аваад гарсан чинь Баярбат гартаа барьж байсан хутгаараа миний хэвлий рүү хатгасан. ...миний гэдэс задраад өөх, сэмж гэмээр тийм зүйл гараад ирсэн. ... би гэдсээ дараад намайг Мөнхбат, Баатаржав хоёр эмнэлэг рүү хүргэж өгсөн. ...Өчигдөр эмнэлэгт ирээд шууд хагалгаанд ороод орой сэрсэн. Би эд эрхтнээрээ хохироод үлдмээргүй байна. Би эмчилгээ, тээврийн зардалд нийт 700.000 төгрөгийг зарцуулсан. Баярбат нь надад гар утасныхаа эрхийг сунгаарай гээд 100.000 төгрөг  өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Би одоо хэвтрийн байдалтай байгаа бөгөөд ажил хийх боломжгүй болсон. Би эрүүл саруул байсан бол одоогийн байдлаар 30.000.000 төгрөгийн хөдөлмөр эрхлэх боломжтой байсан. Баярбатаас 30.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 19-20/

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Баярбат ахын гэрт ирээд 2 шил 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад тасраад унтчихсан байсан. Намайг тасраад унтаж байх хооронд манай нутгийн ах Бат-Ундрах нь Баярбат ахын гэрт ирсэн юм шиг байна лээ. Тэрнээс биш хэдэн цагийн үед хэнтэй ирсэн талаар нь мэдэхгүй байна. Миний хувьд Баярбат ахыг Бат-Ундрах ахтай ямар шалтгааны улмаас болж маргалдсан талаар юу ч мэдэхгүй байна. Намайг унтаж байх хооронд ийм асуудал болсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Гэрч Б.Мөнх-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баярбат, Бат-Ундрах гэх залуутай өмнө нь мөнгөний тооцоотой юм шиг байсан. Тэгж байснаа Баярбат, Бат-Ундрах хоёр маргалдаад эхэлсэн. Улмаар Баярбат нь хаанаас хутга авсныг нь харж амжаагүй, гартаа хутга бариад Бат-Ундрах руу дайраад хатгах шиг болсон чинь Бат-Ундрах нь зүүн гараараа хаасан бөгөөд гарыг нь зүсчихсэн. Удалгүй тэр хоёр бүр ширүүн маргалдаад  гарч зодолдоно гээд гэрээс гарсан. Гадаа гараад удаагүй байж байтал Бат-Ундрах намайг хутгалчихлаа гээд хашхирсан. Түүн рүү харахад гэдсээ бариад атрилдаад газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

Гэрч Ч.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгүүрээс авсан архиа ууж байхад Баярбат болон Бат-Ундрах нар нь мөнгөний асуудлаас болж маргалдаад байсан. Баярбат нь хаанаас хутга авсан гэдгийг харж амжаагүй байхад ямар ч байсан гартаа хутга барьчихсан Бат-Ундрах руу дайрсан. Бат-Ундрах хутгыг нь гараараа хаасан бөгөөд куртик нь урагдаж тэр хоёр бүр ширүүн маргалдаад гадаа гарч зодолдохоор болсон. Тэр хоёрыг гарч зодолдоно гэхээр нь би хамт гарсан. Гараад Бат-Ундрах гартаа модон сандал бариад Баярбатыг цохих гээд шидсэн боловч оноогүй. ...Баярбат нь Бат-Ундрахын хэвлийн тус газарт  хутгалчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

Гэрч Д.Баатаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз Бат-Ундрах гэдсээ барьчихсан атийгаад зогсож байсан. ...би юу болсон талаар нь  асуугаагүй Мөнхбат бид хоёр эмнэлэг рүү хүргэж өгсөн. Замдаа Бат-Ундрахын цамцыг сөхөж харахад гэдэснээс нь өөх ч юм уу, сэмж ч юм уу бүү мэд ямар ч байсан гэдэснээс нь юм гарчихсан явж байсан. Тэгээд сандраад аль болох хурдан эмнэлэг рүү хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Шүүгдэгч Б.Баярбат мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ...манай гэрт архи ууж би нилээн согтсон байсан. ...Миний  санаж байгаагаар Бат-Ундрахтай маргалдсан шалтгаан бол хамт явж байсан Баатаржав нь гэрийн гадаа унтаж байсан юм билээ. Тэгсэн Бат-Ундрах надад хандаж Баатаржавыг гэрт оруулж унтуул гэхээр нь би түүнд хандаж би гал түлж байна чи өөрөө оруулж унтуул гэхэд Бат-Ундрах гараад оруулчихад юу нь болохгүй байгаа юм гэх утгатай үг хэлж байсныг санаж байна. Тэгээд нэг ухаан ороход гадаа хашаан дотор Бат-Ундрах сандал барьчихсан намайг цохих гэж байхад Мөнхбат голоор орж ирээд бид 2 хамт цохиулсан. ...Бат-Ундрах гартаа труба бариад намайг 1 удаа цохисон, дахиад цохих гэхээр нь би гэрт байсан хутгаар Бат-Ундрахын хэвлийн  хэсэг нь нэг удаа хутгалсан. ...Миний хувьд Бат-Ундрахын гарын шуу, хэвлий хэсэгт хутгаар зүсэж, хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 11ий өдрийн 126 тоот дүгнэлтэд:

1. Р.Бат-Ундрахын биед хэвлийн баруун доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, хөндлөн гэдэсний өмнөд ханын нэвтэрсэн шарх, хэвлий хөндийн цус хуралдалт зүүн тохойны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Хэвлийн баруун доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, хөндлөн гэдэсний өмнөд ханын нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн тохойны зүсэгдсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 41-42/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/

- Анхны тусламжийн тодорхойлолт /хх-ийн 43/

- Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас /хх-ийн 44-46/

- Өвчний түүх /хх-ийн 47-50/

- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 51/

- Б.Баярбатын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 85/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Баярбатад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Баяртогтохын Баярбат нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг Аят хороололд согтуугаар хохирогч Р.Бат-Ундрахтай үл ялих зүйлээс болж маргаж улмаар хэвлийн хэсэгт нь хутгалж хэвлийн баруун доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, хөндлөн гэдэсний өмнөд ханын нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Баярбатын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Бат-Ундрах, гэрч Б.Бат-Эрдэнэ, Б.Мөнх-Отгон, Ч.Мөнхбат, Д.Баатаржав нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 11ий өдрийн 126 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Баярбат нь хутга хэрэглэн хохирогч Р.Бат-Ундрахын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгч Д.Цэрэндуламын Б.Баярбат нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас найзынхаа биед хүнд хохирол учруулсан тул гэм буруутай” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Баярбат нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Б.Баярбатад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Баярбатыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Баярбатын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирогч Р.Бат-Ундрах шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Баярбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийг хүлээн авах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б.Баярбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Иймд шүүгдэгч Баяртогтохын Баярбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Баярбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Р.Бат-Ундрахын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогч Р.Бат-Ундрах нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Р.Баярбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй 1 ширхэг хутгыг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Баяртогтохын Баярбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Баяртогтохын Баярбатад 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярбатад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй 1 ширхэг хутгыг устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Баярбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА

  ШҮҮГЧИД                                        Л.БАТЖАРГАЛ

                                                     П.ПАГМА