Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/177

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч Б.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахар овогт Баасандоржийн Батзоригт холбогдох эрүүгийн 2321000000176 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нью Ариг Ус” ХХК-д үтрэмийн ажилтай, ам бүл 3, ээж, охины хамт Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг 23-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 3-т зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Цахар овогт Баасандоржийн Батзориг. /РД: ЖЙ82082171/

Шүүгдэгч Б.Батзориг нь Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг 23-03 тоотод 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим хохирогч Н.Бэрцэцэгтэй согтуурсан үедээ маргалдаж толгойн тус газар халуун савтай цай цацаж, цохиж биед нь “нүүрний баруун тал, хүзүүний баруун хэсгийн хамарсан түлэгдэлт, зүүн бугалганы цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Б.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Б.Батзориг нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг 23-03 тоот гэртээ согтуугаар хохирогч Н.Бэрцэцэгтэй маргалдаж улмаар халуун савтай цай цацаж, түүнийг зодож биед нь нүүрний баруун тал, хүзүүний баруун хэсгийн хамарсан түлэгдэлт, зүүн бугалганы цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бригадын төвөөс сумын төвд ирсэн. Тэгээд 16-ны өдөр гэртээ найз Батбаяртай нэг шил архи ууж байгаад Бэрцэцэг рүү утсаар ярьж ...хүрээд ир гэхэд удалгүй Бэрцэцэг орж ирээд бид 3 архи ууж байгаад Бэрцэцэг бид 2 маргалдсан. Тэгэхэд Бэрцэцэг халуун савтай цай барихаар нь би булааж авах гэж байхад нүүр рүү нь цацарчихсан юм. Тэр үед би уурлаад Бэрцэцэгийн нүүр рүү 2-3 удаа цохисон, өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Н.Бэрцэцэгийн “...2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байж байхад Батзориг 17 цагийн үед над руу залгаад гэрт хүрээд ир, юм хэлье гэхээр нь очиход Батбаяр гэдэг найзтайгаа архи уучихсан согтуу байсан. Тэгэхээр нь юу хэлэх гэсэн юм гэхэд юм хэлэхгүй над руу бахираад байхаар нь  гарах гэхэд Батзориг хаалгаа түгжээд түлхүүрээ нуугаад гаргахгүй байсан. Тэгж  байснаа халуун савтай цай миний нүүр рүү цацахаар нь би уурлаад юм шидэх гэхэд намайг шалан дээр унагаагаад зодож, миний толгой, нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Наранчимэгийн “...2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байхад 17 цагийн орчимд төрсөн охин Бэрцэцэг над руу залгаад  Батзориг над руу халуун ус цацаад нүүр шатаачихлаа, цагдаагийн дугаар өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө цагдаа руу ярьж дуудлага өгөөд гэр рүү нь очиход хаалга нь түгжээтэй байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирж гэр рүү нь орсон. Гэрт ороход Батзориг, охин Бэрцэцэг, Батбаяр нар байсан. Тэгээд охиныг харахад нүүр хүзүү хэсэгт нь арьс нь улайсан, дух нүд хэсэг нь хөхөрч хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 273 тоот “...Н.Бэрцэцэгийн биед нүүрний баруун тал, хүзүүний баруун хэсгийн хамарсан түлэгдэлт, зүүн бугалга, мөр, баруун бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун тохой, шуу хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх нүүрний баруун тал, хүзүүний баруун хэсгийн хамарсан 2, 3-р зэргийн түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нүүрний баруун тал, хүзүүний баруун хэсгийн хамарсан түлэгдэлт, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл, бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас 4-6 хоногийн өмнө үүссэн байх хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Батзориг нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх та түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Батзоригийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бэрцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Б.Батзоригийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Цахар овогт Баасандоржийн Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч Б.Батзориг нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Б.Батзоригийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цахар овогт Баасандоржийн Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баасандоржийн Батзоригийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батзориг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Батзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА