Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/172

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Ү.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Үржинхандын Гантөмөрт холбогдох эрүүгийн 2321000000164 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг Буян-Өндөр гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Хатгин овогт Үржинхандын Гантөмөр. /РД: ЖЖ84042418/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.Гантөмөр нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Дэнжийн 08-01 тоотоос 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим хохирогч Б.Түвшинжаргалын эзэмшлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч шунахайн сэдэлтээр, хууль бус болохыг мэдсээр байж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар түүний эмээлийг хулгайлан авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ү.Гантөмөр шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Б.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 04-ний ...шөнө 00 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харьсан. Гэртээ ирээд байшингийнхаа хаалгыг онгойлгоод ортол том өрөөний үүдэнд байрлуулж тавьсан дэгнүүр /тавиур/ дээр байсан мөнгөн хэрэглэлтэй хуучны ээжээс минь өвлөж ирсэн эмээл байхгүй байсан. Ингээд би гайхаад том өрөө рүүгээ ортол урагш харсан баруун талын цонх нь хагас онгойсон байдалтай байхад нь би гэрт хулгай орсон байна гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...Би алдсан эмээлээ буцааж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 24/

Гэрч Г.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 04-ний ...шөнө 00 цаг 20 минутын орчимд гэртээ ирээд хаалганы цоожийг онгойлгоод ортол том өрөөний үүдэнд байдаг манай нөхрийн мөнгөн тоноглолтой эмээл нь байхгүй байсан. Ингээд манай нөхөр том өрөө рүүгээ ороод хартал ертөнцийн зүгээр урагш харсан 2 цонхны баруун талын цонх хагас онгойсон байсан бөгөөд мөнгөн тоноглолтой эмээл аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

Шүүгдэгч Ү.Гантөмөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ...архиа ууж дуусаад ууж байсан газраасаа баруун тийш алхаж байгаад арын эгнээ рүү ороод дахин баруун тийш алхаж байхад улаан өнгийн модон хашаатай айлын дайман хаалга нь онгорхой харагдсан. Ингээд би байшин руу дөхөж очоод хаалгыг нь татаж үзэхэд хаалга нь цоожтой байсан. Харин тухайн байшингийн урд талын 2 цонхны баруун талын цонх онгорхой байхаар нь би тухайн байшингийн цонхыг гадна талаас нь түлхэж онгойлгоход байшинд ногоон өнгийн эмээл харагдахаар нь би түүнийг зарж архи авах зорилгоор аваад буцаж цонхоор гарсан. ...Ингээд би архи уусан байсан учраас ядраад унтсан бөгөөд унтаж байхад цагдаа нар манай гэрт ирсэн. Тэгээд авсан эмээлээ цагдаа нарт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 06-09/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-14/

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-17/

Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-36/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 44-47/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 49-58/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Ү.Гантөмөр нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Дэнжийн 08-01 тоотод  орших суух хохирогч Б.Түвшинжаргалын байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Түвшинжаргал, гэрч Г.Баярцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 Шүүгдэгч Ү.Гантөмөр нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууцаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Хатгин овогт Үржинхандын Гантөмөрийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ү.Гантөмөрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Үржинхандын Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Ү.Гантөмөр нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Ү.Гантөмөр нь шүүхээс оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах  ялаас 32 хоног буюу 1 сар 02 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ү.Гантөмөрт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 32 хоног буюу 1 сар 02 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сар 02 хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч Ү.Гантөмөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Түвшинжаргалд 2,200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “эмээлээ буцааж авсан тул гомдол, саналгүй, шүүх хуралд оролцохгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овогт Үржинхандын Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Үржинхандын Гантөмөрийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Ү.Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 32 хоног буюу 1 сар 02  хоногийн  зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сар 02 хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Гантөмөрт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 02 /хоёр/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ү.Гантөмөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА