Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/02465

 

2019 оны 11 сарын 18 өдөр

    Дугаар 183/ШШ2019/02465

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,       

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, Нарлаг хотхоны 00 байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Б овогт Т.Ү /рд:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн 0 гудамж, 0 тоотод оршин суух, 000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Х овогт И.О /рд:00000000 /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт  1 200 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагч Т.Ү, түүний өмгөөлөгч Д.З /ШТЭҮД-0000/, гэрч Л.С, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Иргэн Т.Ү миний бие 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр миний нөхрийн дүүгийн эхнэр болох Т.Ү-гийн гуйлтаар 1 200 000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг зээлэхдээ миний бие өөрийн ээжийн ээмэг, бөгжийг 3 дугаар хорооллын эцэст орших Начин Заан ломбарданд 1 300 000 төгрөгөөр барьцаанд тавиад, Т.Үгийн хэлсэн 000000000 тоот дансанд шилжүүлсэн. Иймд хариуцагч Т.Ү-гоос 1 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхэд илтэд худал тайлбар гаргажээ. Тухайлбал намайг өөрөөс нь мөнгө зээлсэн мэтээр, түүний хүсэлтийн дагуу манай найзын данс руу 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар хэлжээ. Тийм зүйл огт болоогүй бөгөөд би Т.Ү болон түүний төрөл садангийн хүнээс мөнгө аваагүй, бусад руу шилжүүлээгүй. Т.Ү хоёр хүүгийн хамт Ирланд улсад амьдарч байхад бага хүүхдийнх нь бие муудаж яаралтай Монгол улс руу буцах шаардлага гарч онгоцны тийзийн мөнгө шаардлагатай болсон бөгөөд өөрийн хадам н.Д-с мөнгө зээлдүүлэх талаар асуусан боловч байхгүй гэсэн учир өөрийн найз Л.С-с 2 500 000 төгрөг зээлж Ирланд улсаас Монгол улсад ирсэн. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зээлсэн мөнгө 2 516 800 төгрөгийг найз Л.С-д өгсөн. Мөн Т.Ү нь Т.Үгаас мөнгө зээлэхдээ хадмуудад битгий хэлээрэй, нөхөрт битгий хэлээрэй зөвхөн та бид хоёрын нууц шүү гэж хэлээд зээлэхээр болсон, зээлсэн мөнгөө өөрийн аав М.И гуайн данс руу шилжүүлүүлсэн” гэв. 

 

            Хариуцагч Т.Ү шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Ү нь миний нөхрийн ахын эхнэр байсан бөгөөд 2019 оны 3 дугаар сараас тусдаа амьдарч байгаа. Тэрээр 2019 оны 7 дугаар сард Ирланд улс руу явсан бөгөөд тухайн улсад байхдаа “...хүүхдийн бие өвдсөн, мөн хүргэн ах ба өөрийн эгчтэйгээ муудалцсан таарахгүй байгаа тул буудалд байна, миний дүү эгчдээ мөнгө зээлээч, хугацаанаасаа өмнө билетээ урагшлуулж Монгол явах боллоо” гэж ярихаар нь тэр үед надад бэлэн мөнгө байгаагүй тул өөрийн аав М.И-с гуйсан юм. Аавыг мөнгө өгөх болоход Монголд байгаа найзынхаа данс руу 1 000 000 төгрөг хийлгэсэн, тэгээд ирэхээр нь мөнгөө нэхэхэд аавын дансанд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 200 000 төгрөг хийсэн байсан. Та өгсөн мөнгөө л буцааж өгөхөд  болно  гэхэд зүгээрээ тус болсон гээд өөрийнхөө хүсэлтээр хоёр зуун мянган төгрөг нэмж аавын дансанд хийсэн байсан. Би Т.Үд маш их гомдолтой байгаа. Саяхан хадам аавынд ирж надтай хэрүүл, маргаан үүсгэн гүтгэж доромжлоод явсан. Миний бодлоор Т.Ү гэр бүлийн маргаанаа шийдэж чадахгүй, бусдад уур бухимдлаа гаргаж байна. Надад Т.Ү-д хийсэн ёс бус үйлдэл, зүй бусаар харьцсан зүйл байхгүй. Хамгийн гол атаа хорсол нь надад хадмуудаа болон нөхрийгөө муулж бичиж байсан чат, мессежийг нь намайг гүтгээд байхаар нь ил болгосон нь ингэж гүтгэх гол шалтгаан болсон байхаа. Адилхан эмэгтэй эх хүн учир хэн хэнийхээ мууг үзхэгүй гэж энэ бүгдийг тэвчээртэй өнгөрүүлж байгаа. Т.Ү нь энэ үйлдлээ зогсоохгүй бол би цаашид нэр төрөө хуулийн дагуу сэргээн авах болно” гэв.   

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ү нь хариуцагч Т.Ү-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 200 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.   

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.Ү “...2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нөхрийн дүүгийн эхнэр болох Т.Ү-гийн мөнгө зээлдүүлээч гэсэн гуйлтаар 1 200 000 төгрөгийг түүний хэлсэн 5095085943 тоот дансанд шилжүүлж өгсөн. Иймд хариуцагч Т.Ү-гоос 1 200 000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.  

 

Хавтаст хэрэгт 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Т.Үгийн Хаан банк дахь 00000000 тоот данснаас мөн банкны 00000000 тоот данс руу 1 200 000 төгрөг шилжүүлсэн баримт авагджээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Т.Ү мөнгө хэрэгтэй байна гэсэн, тэр үед надад бэлэн мөнгө байгаагүй тул өөрийн аав М.Ишээс гуйж, Т.Ү-гийн Монголд байгаа найзынх нь данс руу 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Т.Ү буцааж миний аавын дансанд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 200 000 төгрөг хийсэн байсан ба 200 000 төгрөг нь мөнгө зээлсний урамшуулал гэж байсан тул зөвшөөрөхгүй” гэж маргасан.  

 

Талууд дээрх тайлбараар 1 200 000 төгрөгийг шилжүүлсэн, хүлээн авсан үйл баримтад маргаагүй, харин Т.Ү нь Т.Үд 1 000 000 төгрөг зээлдүүлсэн, М.И нь Т.Ү-д 1 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн гэх зөрүүтэй тайлбарыг гаргаж маргасан бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр М.И-г гэрчээр асуухад тэрээр “...Би хариуцагч Т.Ү-гийн төрсөн эцэг. Хаан банкны 0000000 тоот данс бол миний эзэмшдэг данс. Би Т.Ү-д зээлдүүлсэн мөнгөө буцааж авсан. Би ямар дансанд шилжүүлснээ санахгүй байна, манай охин хадам ахын хүүхэд өвдсөн байна, мөнгө зээлдүүлээч гэсний дагуу 1 000 000 төгрөг шилжүүлсэн, тэрийгээ буцааж авсан” гэж мэдүүлсэн байна.  

 

Дээрхээс дүгнэхэд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т.Ү хариуцагч Т.Үд 1 200 000 төгрөг зээлдүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Т.Ү-д 1 200 000 төгрөгийг зээлдүүлснээ өөрөө нотлох, түүнийг нотолсон баримтаа шүүхэд өөрөө цуглуулж өгөх үүргээ биелүүлээгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлж, шүүхэд хандан дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Ү-гоос 1 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.Ү-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ