Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/183

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000191 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, ******* ******* ******* дугаар ангид харуулчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын тоотод оршин суух иргэн хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн орчимд  согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын тоот хашаанд хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж духанд шарх, хамарт зулгаралт гэмтлүүд бүхий түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2023 оны 05 дугаар сарын 08-ны орой найзуудтайгаа гадуур явж байгаад архи уусан. ... ахын гэрт очиход манай ажлын  ах ирээд архи уугаад сууж байсан. Бид 3 хэсэг юм ярьж сууж байгаад гадаа гараад ах бид 2 маргасан. Тухайн үед ямар шалтгааны улмаас маргалдсанаа санахгүй байна. Маргалдаж байхад ах миний нүүр рүү 2 удаа цохиход нь би зөрүүлээд ахын нүүр рүү нэг удаа цохисон. ...Би тухайн үед хашааны гадаа зогсож байсан бөгөөд удалгүй ах гарч ирэхэд түүний зүүн нүдний дээд хэсэгт урагдсан шархтай болсон байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Т.ын “...2023 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цагийн орчимд хамт ажилладаг гэх залуутай ын гэрт үл ойлголцсоноос болж хоорондоо маргалдсан юм. Бид хоёр бие биеийнхээ энгэрээс заамдаж байсан ба тухайн үед миний хамар хэсэгт гараараа цохиход цус гарсан. Ингээд би цусаа дарж байгаад  уурлаад түүний нүүр хэсэгт нэг удаа цохиход зөрүүлээд миний нүүр рүү 2 удаа цохих шиг болсон. Би түүнийг юугаар цохисон гэдгийг нь харж чадаагүй. Ямартай ч тухайн цохилтын улмаас миний духны зүүн талд зүсэгдсэн шархтай болсон. ...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч “...Би 2023 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цагийн орчимд гэртээ ирэхэд манай нөхөр нь байхгүй байсан ...ын гэрт нь очиход манай нөхөр ын дух нь зүсэгдэж цус гарсан, хамраас нь цус гоожсон, ер нь л бөөн цус болсон байдалтай хамт ажилладаг гэгчтэй юм яриад сууж байсан. Харин гэрийн эзэн нь унтаж байсан. Тэгээд би юу болсон талаар асууж, хэн ийм байдалтай болгосон юм бэ гэхэд нь надад хандаж би ийм болгосон гэж хэлсэн. Гэтэл хэсэг байж байгаад нь би ийм болгоогүй, танай хүн чинь өөрөө духаа ийм болгосон, буруу хараад өөрийнхөө духыг маажаад сууж байсан гээд байсан. Ингээд би г орон гаран зүйл яриад байхаар нь түүнтэй хэсэг маргалдахад нь намайг цохих гээд далайгаад байсан. ...Тухайн өдөр манай нөхрийн биед ил харагдах гэмтэл шарх огт байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч “...Би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн орчимд гэртээ ажлын найз Т.ын хамт байраа засварлаж цэвэрлэнгээ бид 2 нэг шил архи хувааж ууж байсан юм. Ингээд бид хоёрыг архи ууж байхад ажлын дүү ******* нэмэгдэж ирсэн. Бид 3 байшин дотор хэсэг сууж архи ууж байхад , 2 хэрэлдээд маргалдаад байсан. Яриаг нь сонсоход өмнө нь ажил дээр болсон үйл явдлаас болоод хоорондоо маргалдаад байсан бөгөөд хэсэг маргалдаж байгаад , 2 байшингаас гарч хашаанд маргалдаж байсан. Намайг гадаа гарахад , 2 зууралдаж байсан ба би очиж салгасан юм. Тэр хоёрыг салгахад ын духны зүүн хэсгээс нь цус гоожоод тогтохгүй байсан. Харин гийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 306 тоот “...Т.ын биед духанд шарх, хамарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.  Дээрх духны шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

   Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх та түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь тусгай дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар *******г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА