Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 124/ШШ/2021/73

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: С.З

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.-т  холбогдуулан гаргасан,

Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 11 сарын 04-ний өдрийн ....... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч С.З /цахимаар/, хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч С.З нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эт  холбогдуулан “улсын байцаагчийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн ......... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг гаргасан байна.

2. Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э 2021 оны 11 сарын 04-ний өдрийн ...... дугаар шийтгэлийн хуудсаар орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигч С.З нь сонгуулийн зардлын тайлангаа Төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. Гомдол гаргагч С.З Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу 2021 оны 11 сарын 19-ний өдөр шүүхэд гомдлыг гаргасан болно.

 4. Гомдол гаргагч С.З шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие МАН-ын дотоод дүрэм журмын хүрээнд намын нэрийн өмнөөс Улаангом сумын 5-р багт 2020 оны 10 сард болсон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч сонгох сонгуульд нэр дэвшин оролцсон.Сонгуулийн дараа сонгуульд оролцсон санхүүгийн тайлангаа гаргаж Аудитын газарт хүргүүлэх тухай хуулийн заалттай гэдгийг мэдээгүйгээс болж 10 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан.Сонгуулийн зардлын тайланг гаргасан байсан. 10.000.000 төгрөгийн торгууль ноогдуулж байгаа нь хүний сэтгэл санаанд их дарамт болж байна. Төрийн байгууллага нь сонгууль нэр дэвшигч иргэдтэйгээ уялдаа холбоотой ажилласан бол асуудал үүсэхгүй байх байсан. Холбогдох төрийн байгууллагын зүгээс энэ асуудлаар мэдээ мэдээлэл дамжуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ аваагүй гэж үзэж байна.Миний бие ямар нэг хохирол учруулаагүй.Гэтэл бүтэн жилийн хугацаанд ийм дүрэм журам байдгийг албан ёсоор мэдэгдэж сануулаагүй байтал нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасны дагуу 10.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Иймд улсын байцаагчийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн ...... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэж гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.

5. Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.З нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацааны дотор Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь Аудитын газрын Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хийсэн 2021 оны 1 сарын 14-ний өдрийн нийцлийн аудитын тайлангаар тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэл ногдуулсан...” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

6. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч,  хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд гомдлын шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Иргэн С.З нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч-ын Э-ын  2021 оны 11 сарын 04-ний өдрийн ..... дугаар шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах тухай гомдлыг  шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцсон болно.

8. Гомдол гаргагчаас “Сонгуулийн дараа сонгуулийн зардлын тайлангаа гаргаж Аудитын газарт хүргүүлэх ёстойг би мэдээгүй бөгөөд холбогдох төрийн байгууллагын зүгээс энэ асуудлаар мэдээ мэдээлэл дамжуулаагүй тул сонгуульд ялагдсан хүмүүс тайлан өгөх шаардлагагүй гэж ойлгосон, улсад хохирол учруулаагүй тул өндөр хэмжээний торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй” тухай тайлбар гарган маргаж байна.

9. Хариуцагч улсын байцаагчаас “ С.З нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь нийцлийн аудитын тайлангаар тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулсан” гэсэн тайлбар гаргав.

10. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын үйлдсэн  2021 оны 11 сарын 04-ний өдрийн ........ дугаар шийтгэлийн хуудсаар иргэн С.З-ыг   Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан “сонгуулийн зардлын дансны тайланг Төрийн аудитын газарт хүргүүлээгүй болох нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн тайлангаар тогтоогдсон гэж үзэн 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

11. С.З-т холбогдох зөрчлийн хэрэгт Увс аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Т.Н-ын “Аудитын явцад аймгийн Сонгуулийн хороо болон намуудад тайлан авах талаар албан тоот хүргүүлсэн.Хавсралтаар журам,маягтуудыг хүргүүлсэн.Зөвлөмж чиглэлийг Сонгуулийн хороо болон намуудад хүргүүлсэн бөгөөд Зөрчлийн тухай хууль зөрчвөл өндөр шийтгэлтэй гэдгийг анхааруулсан” гэх мэдүүлэг, холбогдогчийн “сонгуулийн зардлын тайлангаа Төрийн аудитын газарт хүргүүлэх хуулийн заалтыг мэдээгүй.Иймд тайлангаа хуулийн хугацаанд өгч чадаагүй” гэх  мэдүүлэг,нэр дэвшигч Ж.Н-ийн өөрөө гаргасан, хувийн аудитын газраар дүгнэлт гаргуулаагүй, төрийн аудитын газарт хүргүүлээгүй сонгуулийн зардлын тайлан, Ж.Н-ийн сонгуулийн зардлын дансны дэлгэрэнгүй хуулга,Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн аудитын тайлан, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021.09.16-ны өдрийн 396 дугаар сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй 116 нэр дэвшигчийн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг болон Увс аймаг дахь Төрийн аудитын газар, Увс аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын холбогдох албан бичгүүд, эрх бүхий албан тушаалтны 2021.10.05-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 10 сарын 15-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, прокурорын тогтоолыг холбогдогчид мэдэгдсэн тухай тэмдэглэл, холбогдогчийн прокурорын газарт гаргасан гомдол, гомдлын хариу, ......... дугаар шийтгэлийн хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

12. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан ба Увс аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн нийцлийн аудитын тайланд сонгуулийн зардлын тайланг 116 нэр дэвшигч ирүүлээгүй тухай дүгнэлтийг гаргажээ.

13. Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8-р бүлэгт сонгуулийн зардалтай холбогдох харилцааг зохицуулж, уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан,төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж нэр дэвшигч нарт үүрэг хүлээлгэсэн байна.

14. Энэхүү зохицуулалт зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

            15. Гомдол гаргагч С.З нь Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж Улаангом сумын 5-р багт өрсөлдсөн талаар тайлбар гаргасан энэ талаар маргаангүй болно.

            16. С.З-ын  ХААН банк дахь сонгуулийн зардлын дансанд 2.400.000 төгрөгийн орлого орж, зарлага гарсан байна.

            17. Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн тайлангийн хавсралт 4-д сонгуулийн зардлын тайланг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлээгүй нэр дэвшигчдийн жагсаалтыг баталсан байх ба жагсаалтын 8-д нэр дэвшигч С.З-ын нэр багтсан, гомдол гаргагч С.З-аас тайлангаа хүргүүлээгүй талаар тайлбар гаргажээ.

18. Зөрчлийн хэргийн холбогдогч С.З сонгуулийн зардлын дансны тайлангаа хуульд заасан хугацаанд Төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангаж байх тул зөрчил гаргасан гэж үзэж,нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ......... дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

19. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар  материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүйг зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... шударга ёсыг тогтоох ...” зарчимтай нийцэх юм.

20. Өөрөөр хэлбэл гомдол, тайлбарт гаргасан “сонгуулийн талаарх хууль тогтоомжийн талаар буюу сонгуулийн зардлын тайлангаа Төрийн аудитын байгууллагад өгөх ёстойг мэдээгүй, холбогдох байгууллагаас ямар нэг зөвлөмж,чиглэл ирүүлээгүй, улсад бодит хохирол учруулаагүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигч нь хуульд заасан үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

21. Иймд С.З-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

22. Гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч С.З-ын  “Увс аймгийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 11 сарын 04-ний өдрийн ......... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч С.З-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНЦЭЦЭГ