Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0315

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

   “ӨТА ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                  захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А

Нэхэмжлэгч: “ӨТА ХХК” ХХК

Хариуцагч: Сангийн яам,

Хариуцагч: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Э.Б

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0054 дүгээр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 128/2024/0747/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0054 дүгээр шийдвэрээр:

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2, 56.6.1, 56.6.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ӨТА ХХК” ХХК-аас Сангийн яам болон Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалыг “ӨТА ХХК” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

            2.1.“ Шүүхийн шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 болон 56.6.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

            Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1-д “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн” гэж заасан зохицуулалт нь худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах зорилгоор хуурамч барит бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн нөхцөлийг улсын байцаагч тогтоох харилцааг зохицуулсан.

            Нэхэмжлэгч нь “ЭҮ” ТӨҮГ-аас 2023 онд зарласан ЭҮТӨҮГ/202301797 дугаартай “Тусгай зориулалтын компьютер” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын шаардлага буюу “Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.2-т “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: “Шаардана” Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ (албан бичиг, мэдэгдэл, зөвшөөрөх бичиг г.м байж болно). Хэрэв гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ”, ТШЗ 18.6.4-т “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: “Шаардлагатай” Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл. Үүнд: 2021, 2022 оны аль нэг жилд компьютер нийлүүлж байсныг ойлгоно. Ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг дараах байдлаар нотолно. Үүнд: Бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн акт /протокол эсхүл дүгнэлт/-ыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлнэ” гэх шаардлагыг хангах зорилгоор ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулалгүй хуурамчаар нотариатын тэмдэг, дугаарыг зөөж тавьсан зөрчлийг гаргасан талаар улсын байцаагч тогтоосон. Энэ талаар шүүх хуралдаанд тус нотариатч оролцож энэ баримт бичгийг гэрчлээгүй гэдгээ мөн илэрхийлсэн байтал тухайн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.

            Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.6.2-т “энэ хуулийн 7.1.3, 7.1.6, 7.1.7, 7.1.9-д заасан нөхцөлийн талаар худал мэдүүлсэн тендер ирүүлсэн” гэх зохицуулалт нь хяналт шалгалтын явцад тус хуулийг зөрчсөн зөрчил илэрсэн нөхцөлд тухайн зөрчлийг арилгуулах болон хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх талаар дүшнэлтийг хүргүүлэх агуулгыг зохицуулсан.

            Гэтэл шүүгч энэхүү зохицуулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1 дэх заалттай хольж аль нэг дүшнэлтийг улсын байцаагч гаргах мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

            Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

            2.1. Маргаан бүхий Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар “... “ӨТА ХХК” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтыг үндэслэн “ӨТА ХХК” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг үндэслэн Сангийн сайдын маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 182 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 6-д нэхэмжлэгч “ӨТА ХХК” ХХК-ийг бүртгэсэн байна.

            2.2. Дээрх маргаан бүхий дүгнэлт, тушаалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “... Бидний зүгээс хуурамч бичиг баримт гаргаагүй, тухайн баримт бичгийн утга агуулгыг өөрчилж, ямар нэг байдлаар засвар оруулсан зүйл байхгүй, уг баримт бичиг дээр дарагдсан нотариатчийн тамгын дардас нь өөр баримт бичигт давхар дарагдсан эсэхийг мэдэх боломжгүй, манай компаниас гаргасан бичиг баримт биш, ... өөр компанийн гаргасан баримт бичгийг хуурамч эсэх асуудал дээр огт хамааралгүй манай компанид хариуцлага ногдуулж тендерт оролцох эрхийг хязгаарласан нь компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна” гэх үндэслэлээр “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалыг “ӨТА ХХК” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            2.3. Анхан шатны шүүхээс “... “ӨТА ХХК” ХХК-ийн тендер шалгаруулалтад өгсөн Үйлдвэрлэгч гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг хуурамч эсхүл өөрчилсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин түүн дээр дарагдсан нотариатын тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байна. Тиймээс улсын байцаагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.2-т “энэ хууль зөрчсөн зөрчлийг арилгах, хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх”-ээр заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй, ... Худалдан авах ажиллагааны байцаагчийн дүгнэлтийг хянасан ерөнхий байцаагч энэ чиг үүргийн дагуу дүгнэлтэд дурдсан асуудлыг холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна ...” гэх дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            2.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана”, 56.5.1-д “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн”, 56.6-д “Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 56.6.1-д “энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах”, 56.6.2-т “энэ хууль зөрчсөн зөрчлийг арилгах, хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх” гэж заасан.

            2.5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд улсын байцаагч нь худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах, зөрчлийг арилгах, хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх бүрэн эрхтэй байхаар хуульчилсан байна.

            2.6. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолоор баталсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын  /Засгийн газрын 147 дугаар тогтоолоор хүчингүй болсон/ 2.1-д “Тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, сүүлийн 3 жилийн хугацаанд авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно”, 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж заасан.

            Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолоор баталсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 3.4-т “Улсын ерөнхий байцаагч нь энэ дүрмийн 3.2-т зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 3.4.7-д “илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол хяналт шалгалтын дүгнэлт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх”, 5.1-д “Улсын байцаагч нь хяналт шалгалтыг улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийнэ”, 5.2-т “Удирдамж нь улсын ерөнхий байцаагч баталж, тамга дарж, дугаар авснаар хүчин төгөлдөр болно. Шаардлагатай тохиолдолд улсын ерөнхий байцаагч тухайн удирдамжид заасан хяналт шалгалт хийх хугацаа, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болно”, 5.3-д “Хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заажээ.

            2.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ӨТА ХХК” ХХК нь “ЭҮ” ТӨҮГ-аас зарласан “Тусгай зориулалтын компьютер” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301797” дугаартай тендерт оролцсон байх бөгөөд уг тендер сонгон шалгаруулалтад оролцсонтой холбоотойгоор “ЭҮ” ТӨҮГ-аас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн СЭ-112-12/416 дугаар албан бичгээр “... тендер сонгон шалгаруулалтад оролцсон “ӨТА ХХК” ХХК-ийн ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ болон үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн нотариатын тамга, баталгааны тэмдгийн хүчинтэй эсэх талаар Монголын нотариатчидын танхимаас тодруулга авахад ... уг баримт бичгийг гэрчилсэн нотариатын тамгын дардас, баталгааны тэмдгийг хуурамчаар үйлдсэн талаар мэдэгдсэн ...” гэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн байна.

             2.8. Улсын байцаагчийн маргаан бүхий 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар дүгнэлтийн Үндэслэх нь хэсгийн 2-т “... “ӨТА ХХК” ХХК-аас ЭҮТӨҮГ/202301797 дугаартай тендер шалгаруулалтад оролцохдоо хүргүүлсэн тендерийг үзэхэд нотариатч Ц.Ц-н 7781 бүртгэлийн дугаартай гэрчилсэн гэх баримт бичиг нь нотариатчаас ирүүлсэн тайлбар болон бүртгэлийн дэвтрийн мэдээллээс зөрүүтэй байх тул “ӨТА ХХК” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн” гэж заасан нөхцөл үүссэн байна” гэж дүгнэсэн байна.

            2.9. Анхан шатны шүүх хуралдаанд нотариатч Ц.Ц “... 7781 дугаар дээр өөр бичиг баримт гэрчлүүлсэн, ... энэ батлуулсан дугаар болон тамга тэмдгийг өөр баримт дээр зөөгөөд тавьсан харагдана, ... би тэр бичгийг огт мэдэхгүй, үнэн худлыг мэдэхгүй ...”, “БК” ХХК-ийн гэрээт борлуулагчдын мэргэжилтэн А.Н “... 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16 тоот Үйлдвэрлэгч гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг “ӨТА ХХК” ХХК-д гаргаж өгсөн” гэж тус тус мэдүүлсэн байна.

            2.10. Мөн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 30л-1/3155 дугаар албан бичгээр “... тендерийн хариуцан ажиллаж байсан төслийн менежер нь тухайн тендерийн материал дахь БК ХХК-ийн гэрээт борлуулагчийн итгэмжлэл дээр нотариатын тамга тэмдгийг зассан байж болзошгүй талаар гаргасан гомдлыг шалгаж байгаа” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

            2.11. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “ӨТА ХХК” ХХК нь гэрээт борлуулагч “БК” ХХК-ийн Үйлдвэрлэгч борлуулагчийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдэж, баримт бичгийг өөрчилсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нотариатын тамга тэмдгийг зассан байж болзошгүй гэх үйл баримттай холбогдуулан эрх бүхий албан тушаалтан, байгууллагын шийдвэр гараагүй тухайн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

            2.12. Нэхэмжлэгчээс тендер сонгон шалгаруулалттай холбоотойгоор хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж өгсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар дүгнэлтийг үндэслэн Сангийн сайдын маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 182 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 6-д нэхэмжлэгч “ӨТА ХХК” ХХК-ийг бүртгэсэн нь үндэслэлгүй байх тул шүүх улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар дүгнэлт, Сангийн сайдын маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 182 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль ёсны шийдвэр гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 125/ШШ2025/0054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ