Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 01

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС

                            Хэргийн индекс: 180/2016/0003/Э

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга             Г.Мөнхномин,
Улсын яллагч                  Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч         Д.Оюунцэцэг, Л.Наранчимэг,
Хохирогчийн өмгөөлөгч            Г.Бадамгэрэл,
Хохирогч                                Б.Золзаяа,
Шүүгдэгч                                           Э.Жавхлантөгс, Э.Мөнгөншагай,
нарыг оролцуулан

    Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мөнгөншагай, Э.Жавхлантөгснарт холбогдох эрүүгийн 201623000304 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, авто засварын газарт ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Өргөөгийн 3А-8 тоотод оршин суух, урьд 2012 оны 11 сарын 26-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 08 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 01 сарын 29-ний өдөр 01 жил 27 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Энхбатын Мөнгөншагай /РД:СЗ90112314/

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хурх тосгонд төрсөн, Монгол улсын иргэн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж дүү нарын хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 2-р багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Ноён овогт Энхбатын Жавхлантөгс /РД:СО91020932/

Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Яллагдагч Э.Мөнгөншагай нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн “Эвт” худалдааны төвийн баруун талд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Э.Жавхлантөгсийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан, яллагдагч Э.Жавхлантөгс нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  Хэнтий аймгийн “Эвт” худалдааны төвийн баруун талд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Б.Золзаяагийн баруун шанаан тус газар цохиж эрүүг нь хугалж хүндэвтэр гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч Б.Золзаяагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...”Эвт” худалдааны төвийн баруун талд хойшоо чигтээ явж байхад Мөнгөншагай гүйж ирээд Жавхлантөгстэй маргалдаж тэр хоёр зодолдсон. Жавхлантөгсийг Мөнгөншагай цохиход малгай нь үсрээд ойчсон. Би малгайг нь авч өгөөд боль гэж хэлэхэд Жавхлантөгс гэнэт миний куртикны заамнаас барьж аваад намайг ташиж унагаагаад дээр гарч суугаад баруун шанаан тус газар зүүн гараараа нэг удаа цохисон. Миний чих дүнгэнээд, нүд рүү гал бутраад газар суусан. Жавхлантөгс яагаад намайг цохисоныг мэдэхгүй. Би түүнтэй хэрүүл маргаан хийгээгүй”... намайг дундуур нь ороод цохиулсан гэж мэдүүлээд байгаа нь худлаа намайг барьж аваад унагаж цохисон. Би Жавхлантөгсөөс эмчилгээний зардал 860,000 төгрөг авсан. Одоо түүнээс нэхэмжлэх зүйл гомдол саналгүй. Харин Ишгэнхүү нь намайг оролдож, миний гар утсыг булааж аваад унтраагаад цагдаа дуудуулаагүйд гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-8 тал/
Хохирогч Э.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...баарнаас гараад гэр рүүгээ харих гээд явж байтал Ишгэнхүү, Золзаяа хоёртой таарч цуг “Эвт” худалдааны төвийн баруун талд явж байхад “Түмэндэмбэрэл” бааран дотор байсан Мөнгөншагай гэдэг залуу араас ирж нэг юм хэлээд муудсан. Намайг цохиод боогоод миний малгай газар унаад би түүнд малгай авч өг гэж хэлээд маргаад байж байснаа санаж байна. Мөнгөншагай намайг нилээн олон удаа нүүр болон гар руу цохисон. Мөн боож унагаасан. Би Мөнгөншагайд гар хүрээгүй...Одоо Мөнгөншагайтай эвлэрч найзууд болсон тул түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/
Гэрч Г.Ишгэнхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”тэр өдөр Түмэндэмбэрэл бааранд байж байхад гаднаас Золзаяа ганцаараа орж ирээд бүжиглэсэн. Тэгж байгаад удаагүй баар хаахаас өмнө намайг гэр рүү хүргээд өгөөч гэхээр нь би түүнтэй хамт явсан. Тэгээд  Эвт” худалдааны баруун талд явж байхад манай найз Жавхлантөгс ард ирж яваа харагдсан, түүний ард Мөнгөншагай гэдэг залуу Золоо гэж хашгираад гүйгээд ирсэн. Тэгээд гудамжинд Жавхлантөгстэй маргалдаж түүнийг эхлээд цохисон. Энэ үед Жавхлантөгсийн малгай газар ойчсон. Золзаяа Жавхлантөгсийн малгайг авч зодолдоод байгаа хоёрын дундуур орж болиулах гэхэд Жавхлантөгс зүүн гараараа Золзаяаг цохисон..Би зодооноос зайдуу, нэлээн халамцуу байсан болохоор тэр үеийн явдлыг бүдэг бадаг санаад байна  гэсэн мэдүүлэг /хх-ийн 98 тал/,
Гэрч Г.Ишгэнхүү, хохирогч Б.Золзаяа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 108 тал/,
Шинжээчийн дүгнэлт №250: Дүгнэлт 1.Э.Жавхлантөгсийн биед хүзүүний баруун хэсгийн зулгарсан шарх, зүүн хацар, зүүн гарын бугуйн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь цохиулах, хүзүү шахагдах, боогдох үед үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ  /хх 26 тал/,

Шинжээчийн дүгнэлт №248: Дүгнэлт 1.Б.Золзаяагийн биед эрүү ясны баруун талд дунд хэсгийн зөрүүтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь гадны механик үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал цохиулах үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15-30 хувь алдагдана гэжээ /хх-ийн  28 тал/,
Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 76, 77 тал/,
Хэнтий аймгийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/15 дугаартай прокурорын тогтоол /хх 97 тал/ зэрэг болно.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслээд шүүгдэгч  Э.Мөнгөншагайг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар багт байрлах “Эвт” худалдааны төвийн баруун талд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Э.Жавхлантөгсийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан, шүүгдэгч Э.Жавхлантөгсийг  мөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  “Эвт” худалдааны төвийн баруун талд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Б.Золзаяагийн баруун шанаан тус газар цохиж эрүүг нь хугалж хүндэвтэр гэмтэл учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Жавхлантөгс, хохирогч Б.Золзаяа нар нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгч Э.Жавхлантөгс, Э.Мөнгөншагай нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Мөнгөншагай нь урьд танхайрах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн байх боловч түүний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуульд хамрагдаж байх тул шүүгдэгчийг анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.
Хохирогч Б.Золзаяагийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл нь Хэнтий аймгийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/15 дугаартай прокурорын тогтоол нь үндэслэлгүй сэжигтэн, яллагдагч Г.Ишгэнхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 246, 247, 107 дахь хэсэгт зааснаар дахин шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорын газар буцаах нь зөв хэмээн улсын яллагчтай  мэтгэлцсэн байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж, дүгнэж үзвэл Г.Ишгэнхүү нь хохирогч Б.Золзаяаг шүүгдэгч Э.Жавхлантөгст зодуулж эрүү нь хугарсан байдлыг гаднаас хараад мэдэх боломжгүй мөн хохирогч Б.Золзаяа нь Г.Ишгэнхүүгийн гэрийн тооноор авираад өөрөө гараад явсан гэж мэдүүлсэн зэргээс үзвэл  хохирогч Б.Золзаяагийн тухайн үеийн биеийн байдал нь амь биед аюултай, биеэ хамгаалж чадахгүй байдалд   байсан гэж үзэх үндэслэлгүй болно мөн Г.Ишгэнхүү нь  хохирогчийг цагдаагийн болон эмнэлгийн  байгууллагад дуудлага өгөхөд саад болж гар утсыг нь унтраасан гэх боловч энэ үйлдлийн улмаас хохирогчид гэм хор учирсан гэдэг нь нотлогдохгүй байна.
Иймээс шүүх 5/15 дугаартай прокурорын тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэн, өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаалгах тухай хүсэлтийг  үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа согтуурсан байхдаа гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.
Шүүгдэгч Э.Мөнгөншагайн урьд хорих ял эдэлж байсан байх боловч шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж, шүүгдэгч Э.Мөнгөншагайн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

                                            ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхбатын Мөнгөншагай, Ноён овогт Энхбатын Жавхлантөгс нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Мөнгөншагай, Э.Жавхлантөгс нарыг 3 /гурав жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнгөншагай, Э.Жавхлантөгс нарт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.Мөнгөншагай, Э.Жавхлантөгс нар нь 7 хоног цагдан хоригдсон ба бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жавхлантөгст оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Мөнгөншагайд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Э.Жавхлантөгс, Э.Мөнгөншагай нарт хяналт тавихыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн болох хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Мөнгөншагай, Э.Жавхлантөгс нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА