Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 687

 

 

 

 

 

 

 

 

 

    Ж.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/00173 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЧДГБХЗХХт холбогдох

 

Хэлтсийн даргын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/69 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ЧДГБХЗХХд нягтлан бодогч албан тушаалд 2013 оны 12 сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан. 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/69 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасны дагуу надад сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй алдаа, дутагдал гаргасан тул үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие 2017 оны 10 сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 сарын 07-ны өдрийг хүртэл эмчийн акттай байсан бөгөөд удирдлагадаа өгсөн боловч өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, 2 хоногийн өмнө актаа өгөх ёстой байсан гэж хэлээд сахилгын шийтгэл ногдуулсан. Надад ямар үүрэг даалгавар, хэзээ өгсөн гэдэг нь тодорхойгүй зөрчлийн акт болон тэмдэглэл үйлдээгүй. Ямар зөрчлийг гаргасан талаар танилцуулаагүй болно. Иймд тус тушаалыг хүчингүй болгож, сахилгын зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ тушаалыг дарга надад гардуулж өгсөн, үүний дагуу би цалингийнхаа 20 хувийг хассан. Хассан шалтгаан нь дарга өөрийнхөө цалингаас суутгал хийхгүй бол цалингийн цэс дээр гарын үсэг зурахгүй гээд байсан юм. Тийм учраас би олон ажилчдыг бодож аргагүйн эрхэнд цалингаасаа суутгал хийсэн. Түүнээс биш тушаалыг зөвшөөрсөн хэлбэр биш юм. Харин энэ тушаалын агуулгыг дахиад зассан байгааг шүүх дээр л мэдлээ. Сүүлийн тушаалыг би мэдээгүй, ийм тушаалыг надад танилцуулаагүй. 2017.10.04-ний өдрөөс охин Э.Үүлэнсолонгыг өвчний учир асарсан эмнэлгийн магадлагаатай байх үед хүүхдээ өвдөх бол 2 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэсэн шалтгаанаар цалин хассан. Өмнө нь мөн 4 сард өвчний магадлагаатай байхад 2 хоногийн өмнө мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Энэ нь биелэх боломжгүй заалт юм. Учир нь дээрх 2 удаагийн хүүхэд өвдсөн тохиолдол нь тухайн үедээ буюу шөнө нь халуураад шөнөдөө 103 түргэний машинаар, эсхүл өглөө нь эмнэлэгт үзүүлээд магадлагаа авч асрах шаардлага гарсан үед би яаж урьдчилан 2 хоногийн өмнөөс өвдөх нь гэж мэдэх боломжгүй. Тухайн үедээ даргад утсаар хүүхэд өвдөөд акттай ажилдаа очиж чадахгүй нь гэж хэлэхээр 2 хоногийн өмнө мэдэгдсэнгүй гэдэг шаардлага тавьдаг. Түүнээс биш ямар нэг ажлын алдаа дутагдал гаргасан, шалтгаангүйгээр ажил тасалсан бол сахилгын шийтгэл ногдуулахад татгалзах, эсэргүүцэх зүйлгүй. М.Цэцгээ нь 2017 оны 10 сарын 04-ний өдрийн гаргасан Б/69 тоот тушаалын доторх заалт үндэслэлээ шүүхэд өгөхдөө өөрчлөн засварласан байна. Өмнөх тушаал нь санхүүгийн баримттай үдэгдэж, цалин хасагдаж гүйлгээ хийсэн төрийн сангийн тамга, тэмдгээр баталгаажсан байгаа. М.Цэцгээ нь өөрт нь шаардлага тавьсан, хууль, дүрэм, журмын дагуу ажиллахыг зөвлөсөн, хэлсэн хүмүүсийг албан тушаалаа урвуулан ашиглаж, шахаж хавчих, сахилгын шийтгэл ногдуулж, халах, солих хүртэл арга хэмжээ авч, ашиг сонирхолын зөрчил гаргадаг. Санхүүгийн бодит мэдээллээр хангахаар би төсвийн шууд захирагч учраас өөрөө мэдэж байна гээд хүлээж авдаггүй. Өмнөх даргын нөтбүүк эвдрэлтэй байсан гэдэг нь ажил хүлээлцсэн баримтаас харагдана. Би эвдээгүй учир төлөх үндэслэлгүй, намайг төл гээд байгаа нь шударга бус байна. Мөн edoc хугацаа хоцроосон гээд байгаа. Миний зүгээс программаа буруу хаасан учраас хаагдаагүй гэж харагдсан байгаа. Түүнээс биш хугацаанд тайлангаа өгсөн. Иймд надад үндэслэлгүй сахилгын арга хэмжээ авсан тул хэлтсийн даргын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12.2.6, 12.2.7, 12.2.10 дахь заалтуудыг үндэслэн 1 сарын цалингийн 20 хувийн суутгал хийх хэлтсийн даргын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 69 тоот тушаал гарсан. Ж.Б өмнө нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14.1, 14.2, 14.3, 12.2.6, 12.2.7, 12.2.10 дахь заалтуудыг удаа дараа зөрчиж байгааг сануулж 2017 оны 4 сарын 14-ний өдрийн Б/10 тоот тушаалаар сахилгын сануулах шийтгэл өгч байсан. Гэвч сануулах шийтгэлд дүгнэлт хийн алдаагаа засахгүй төрийн албыг тасралтгүй явуулах зарчмыг алдагдуулах, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчих, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангахгүй мэдээллийг нуун дарагдуулах буюу шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулж цаг алдуулж, ажиллаж байгаа байгууллага, удирдлага олон нийтийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэн байдлыг удаа дараа гаргаж байгаа. Дээрх 69 тоот тушаалыг тухайн үед Ж.Бд гардуулж өгөөгүй, харин тэрээр өөрөө даргын өрөөнөөс шүүрээд авч гарсан гэдэг. Уг нь тус тушаалын агуулгыг нэмж тодруулах засвар оруулахаар хариуцсан ажилтан Ө.Даваасүрэнд хэлж байсан байдаг, энэ талаар гэрч Ө.Даваасүрэн мэдүүлнэ. Тэгээд дараа нь тушаалын агуулыг зассан байдаг. Ж.Б нь өмнөх даргын эвдрэлтэй нөтбүүк эвдрэлийг нууж хүлээн авсан байдаг бөгөөд үүнийгээ одоо болтол засаагүй. Мөн санхүүгийн edoc тайланг хоцроосон. 2017.06.02-ны өдөр 11 цагийн үеэс оройн 17.30 цаг хүртэл дарга Цэцэгээг, холбогдох хүмүүсийн хамт ажлын байранд нь түгжиж, хорьсон. Түүнчлэн тайлан тооцоог гаргаж, дарга Цэцгээгээр хянуулдаггүй, байгууллагын баримтыг эх хувиар нь авья гэхээр өгдөггүй. Ийм зөрчлүүдийг гаргаж байсан учир түүнд сахилгын арга хэмжээ авсан бөгөөд нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т зааснаар хариуцагч Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/69 тоот Ж.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бгаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгож, хариуцагч Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж  шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "Тодруулбал хариуцагч байгууллагын татгалзлын үндэслэлээ болгож байгаа даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны 2017.10.02-ны өдрийн болон 2017.07.21-ний өдрийн тэмдэглэлүүд, Ж.Бгийн цагийн бүртгэл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2017.09.29-ний өдрийн 01/55 дугаартай хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах тухай албан бичиг, түүний хавсралт, хариуцагч байгууллагын дэмжлэг хүсэх тухай 2017.06.05-ны өдрийн албан бичиг зэргүүд нь нэг талын баримт байх бөгөөд шүүх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараас илүүтэйгээр нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг бодит үнэн гэж дүгнэлээ" гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэдэг боловч бичгэн нотлох баримтаас илүүтэйгээр дан ганц нэхэмжлэгчийн яриаг дэмжиж хэт нэг талыг барьж байгаа нь шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлахгүй нэг талыг барьж хариуцагчийн нотлох баримтыг илт үгүйсгэж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, үндэслэл болгосон баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Учир нь 2017.07.21-ний өдрийн даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б нь өөрийн биеэр оролцсоноо хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар шүүх хуралдаан хэлэлцэх үе шатанд биечлэн хэлж байсан. 2017.09.29-ний өдрийн 01/55 дугаартай хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын зөвлөмж нь Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар нь өөр байгууллагууд бөгөөд нэг этгээд гэж үзэх үндэслэлгүй юм. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар нь зөвлөмж гаргаад жилийн эцсийн хөндлөнгийн аудит орохоос өмнө алдаа дутагдалаа арилгахыг зөвлөж байгаа бичиг баримт юм. Тус бичиг баримтын 3.3-т Ж.Б нь “байгууллагын ажилтнууд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээс чанд биелүүлэн ажиллаж мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох үйлдлийг дахин гаргахгүй байхыг анхаарууллаа. /энд тэмдэглэхэд 2017.6.2-ны өдөр нэр бүхий 4 ажилтан байгууллагын дарга болон 3 ажилтанд 6 цаг хэлтсийн байран дотор гаргасан шийдвэрээ цуцал хэмээн түгжсэн нь үнэн байна. Мөн байгууллагын удирдлагад Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллаж, батлагдсан захирамжийн дагуу бүтцийн өөрчлөлт, ажлын байрны тодорхойлолтоо шинэчилж, байгууллагын төрийн албан хаагчийн ёс зүйн дотоод дүрмийг боловсруулан, баталж мөрдөхийг үүрэг болголоо. Өмнөх даргаар ажиллаж байсан А.Ганбат нь өөрийн ашиглаж байсан эд хөрөнгөө ажлын хэсэгт хүлээлгэж өгсөнийг шинээр томилогдон ирсэн М.Цэцгээд шилжүүлэн өгсөн байна. Энэ хооронд 2 200 000 төгрөгийн төсөвт өртөгтэй зөөврийн компьютер нугасаараа салж эвдэрсэн байна. Хүлээлгэн өгсөн комисс зөвхөн CDROM нь эвдэрсэн. Хүлээж авсан, хүлээлгэж өгсөн 2 тал 5 хүнээр төлүүлж байгууллагыг хохиролгүй болгох зорилгоор акт тогтоож байна" хэмээн тусгайлан заасан бөгөөд анхан шатны шүүхээс 6 цагийн турш хэлтсийн өрөөнд түгжсэн үйлдэл нь дарга бус тодорхой 4 ажилтан болохыг тогтоож тус ёс зүйгүй үйлдлийг дахин гаргуулахгүй байхыг даргад үүрэг болгосоноос үзвэл Ж.Б тэргүүтэй 3 ажилтан нар нь Засгийн газрын 288 тоот тогтоолоор ёс зүйн дүрмийг зөрчсөн идэвхитэй үйлдлийг баримтжуулсан. Мөн 2017.09.29-ны өдрийн 01/55 дугаартай хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын зөвлөмжийн 12 дугаар хэсэгт "Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж хэлтсийн даргаар батлан мөрдөөгүй байна" гэдгээс үзвэл Ж.Б нь өөрийн шууд удирдлага, ерөнхийлөн захирагчийн зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийдэг нь тодорхой. Нэхэмжлэгч Ж.Б нь   түлш,  шатах тослох материалын тайлангийн санхүүгийн анхан шатны баримтанд дарга зөвшөөрч гарын үсэг зурдаг, уг тайланг санхүүгийн баримтаа шүүж гаргадаг учир заавал даргаар хянуулж гарын үсэг зуруулаад байх шаардлагагүй, өмнөх даргын хувьд би ажилдаа ороод удаагүй байсан учир хаширлаад даргаараа тус тайланд гарын үсэг зуруулдаг байсан үнэн даргыг холбогдох хүмүүсийн хамт түгжсэн нь үнэн” гэснээс үзвэл Ж.Б нь 2017 оны 07-р сарын 21-ний өдрөөс хойш 2017 оны 10-р сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд алдаа дутагдалаа арилгахгүй харин илүүтэйгээр ёс зүйгүй хандаж өөрийн шууд удирдлага болон Төрийн албан хаагчийн ёс зүйг санаатайгаар зөрчиж байсанг нотолсон боловч анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гомдолтой баина гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч ЧДГБХЗХХ-т холбогдуулан хэлтсийн даргын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/69 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Ажилтан Ж.Б нь 2013 оноос ЧДГБХЗХХт нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй, энэ талаархи бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байна.

 

            Ажил олгогч Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/69 тоот тушаалаар  ажилтан Ж.Бг  төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй алдаа, дутагдал гаргасан гэсэн үндэслэл зааж үндсэн цалинг 1 сарын хугацаагаар, 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

           

            Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2017 оны 9 сарын 29-ний өдрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын зөвлөмжөөр ажилтан Ж.Б нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж хэлтсийн даргаар батлуулан мөрдөж ажиллаагүй бөгөөд байгууллагын дарга болон 3 ажилтанг “гаргасан шийдвэрээ цуцал” гэж байгууллагын өрөөнд 6 цаг түгжсэн зөрчил гаргасан 4 ажилтны нэг нь Ж.Б болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй тайлбарласан байна. /хх-ийн 94-102-р тал/

 

            Дээрх бичгийн нотлох баримтаар ажилтан Ж.Б нь нягтлан бодогчийн ажил үүрэгтэй нь холбоотой болон ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, уг үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг илүүтэй үзнэ гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцээгүй байна.

 

            Ажилтан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй болно.            

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/00173 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ЧДГБХЗХХт холбогдох хэлтсийн даргын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/69 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс /Улаанбаатар хотын банк 2611016627 тоот данс/ буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгож, хариуцагч нь давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ         

                                   

                                            ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                    

                                                                                                  Г.ДАВААДОРЖ