Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/184

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221001900116 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүгийн хамтаар Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг  ******* ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Галуутын дэрс” гэх газарт иргэн малчнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд түүний итгэмжлэн хариуцуулж өгсөн адуун сүргээс 2 тооны адууг завшиж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2 адууг нь адуугаар орлуулж өгсөн боловч тухайн адуунууд нь байсан айлаасаа гүйгээд ирсэн. Би хурлаас өмнө уулзаж чадаагүй юм” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорнод аймгийн ******* сумын иргэн болох ******* гэгч нь миний эзэмшлийн адуунуудыг ******* сумын 2 дугаар баг Галуутын дэрс гэх газар маллаж цалинждаг юм. 2022 оны 02 дугаар сарын орчим өөрийн адуугаа тоолоход дутсан ба дутсан адууны талаар *******ээс асуухад давхар саран тамгатай эр хээр даагыг 2021 оны 08 дугаар сарын орчим гэгчид махалж өгсөн, давхар саран тамгатай хүрэн байдсыг 2021 оны 12 дугаар сарын үед өөрийн идшиндээ хэрэглэсэн гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн газарт өргөдөл гаргаж амжихгүй явсаар байгаад өнөөдөр хаврын ажил гайгүй болонгуут гомдол гаргаж байгаа юм. ...******* нь миний зөвшөөрөлгүй адууг минь хэрэглэсэнд маш их гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөдөө гэрээс ирээд аав, ээж хоёртойгоо уулзаад буцах гэж байтал манай ах адуугаа хураагаад ирэхдээ хүрэн даага хөтөлж ирээд идшиндээ хэрэглэнэ гээд намайг чи байж байгаараа надад адуу махлахад туслаад яваарай гэхээр нь би тухайн адууг ахтайгаа хамт махалж өгөөд хөдөө гэр рүүгээ явсан. Идшинд хэрэглэсэн хүрэн зүсмийн адууг адуу гэдгийг мэдээгүй, ахын адуу юм байх гэж бодсон. Саяхан манай ах надад адуу байсан юм, намайг цагдаад өгсөн байсан. Би адууг нь өөрийн адуунаас орлуулж төлсөн гэж ярьсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй.  Бид тус тусын амьдралтай болохоор тэр болгон уулзаад яваад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... надтай саяхан уулзаад ахаа би таны машинаар аавыг эмнэлэгт үзүүлээд ирье гэж хэлж авч яваад адууны мах ачиж махны бөөний худалдаанд тушаасан гэж хэлж байсан.  Тэгэхээр нь би од чи миний машиныг гуйсан гэж хэлхээ яасан юм гэхэд би ахын машиныг гуйгаад 8 сард 1 тооны адуу зарсан гэж хэлсэн гэхээр нь би дахиж чамд машин гуйвал өгөхгүй шүү гэж хэлсэн. хааяа миний машиныг гуйдаг байсан. Гэхдээ адуу мал зарна гэж авдаггүй. ийн аав гэх хүнийг аймагт эмнэлэгт үзүүлээд ирнэ гэхээр өгөөд явуулдаг байсан юм. ах бид нар олон жил айл хөрш амьдарсан, би энэ болон ах дүү нарыг нь багаас нь мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 08 дугаар сард эзэмшлийн нэг тооны даага нь бэлчээрт явж байгаад хүзүүгээ эвгүй байдалтай болгосон байсан тул малын эзэн Г.аас асуулгүйгээр махлаад махыг нь Дорнод аймгийн төвд ирж мах худалдан авдаг олны хэлж заншсанаар хэсэгт аваачиж өгсөн. Би тухайн үед махыг нь зөөхдөө нутгийн ах приус-20 маркийн машиныг гуйж авсан. ахаас гуйж авахдаа мах ачиж явна гэж хэлээгүй, аавын биеийг үзүүлээд ирье гэж хэлсэн. ...2021 оны 12 дугаар сарын үед нэг тооны адууг дүү хамт махлаж өөрийнхөө гэртээ идэш болгон хэрэглэсэн. Манай дүү нь тухайн үед эзэмшлийн адуу гэж мэдээгүй. Би энэ талаараа т хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 38-39/

- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний мал амьтан үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 43-46/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 65, 74/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Галуутын дэрс” гэх газарт хохирогч малчнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд түүний итгэмжлэн хариуцуулж өгсөн адуун сүргээс 2 тооны адууг завшиж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.,  гэрч С., Ж., нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,  хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс  ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн хариуцан арилгах үүрэгтэй байна.  

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 2,000,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцож амжихгүй, хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна” гэж тэмдэглүүлсэн байна. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Би Г.т 2 адууг нь адуугаар орлуулж өгсөн боловч тухайн адуунууд нь эргээд гүйгээд ирсэн байсан” гэж мэдүүлдэг бөгөөд хохирогчид хохирол хүлээлгэн өгсөн баримт хэрэгт байхгүй, хохирогч Г. нь хохирлоо нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 2,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.т олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 2,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.т олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА