Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч М.Энхзаяа,

иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М нарт холбогдох 2316000000052 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ****оны ***дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн **** сумд төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, эхийн хамт Говь-Алтай аймаг **** сумын **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д****** регистрийн дугаартай, Ч овогт Ж-ын М.

Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн **** сумд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймаг *** сумын **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д******* регистрийн дугаартай, М овогт О-ын Э.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.М, О.Э нарын  2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Д-ын гэрт “...эмэгтэйчүүдийн баярын өдөр манай/О.Э/ эхнэрийг цохилоо...” гэх шалтгаанаар маргалдан харилцан зодолдож улмаар шүүгдэгч Ж.М нь О.Э-ийн баруун гарыг модоор цохиж биед нь баруун гарын богтос ясны ил хугарал, шууны хагас мултрал буюу хүндэвтэр гэмтэл,  шүүгдэгч О.Э нь Ж.М-ийн нүүрэн хэсэгт гараараа цохиж  биед нь хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний битүү гэмтэл буюу хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:  

Шүүгдэгч О.Э, Ж.М нар нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Д-ын гэрт “...эхнэрийг цохилоо...” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан зодолдож шүүгдэгч Ж.М нь О.Э-ийн баруун гарыг модоор цохиж биед нь баруун гарын богтос ясны ил хугарал, шууны хагас мултрал буюу хүндэвтэр гэмтэл, шүүгдэгч О.Э нь Ж.М-ийн нүүрэн хэсэгт гараараа цохиж  биед нь хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний битүү гэмтэл буюу хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь

1. Шүүгдэгч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн орой малаа хотолчхоод манай тэнд байдаг Т-нд эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэхээр хүмүүс цуглахаар нь эхнэр бид 2 хажуу айлын С-г аваад гурвуулаа тэр айлд очсон... М авгайгаа авах гэж ирсэн. Тэгээд М сууж байсан чинь манай эхнэр М-г юм үзээгүй гэж хэлээд нэг алгадаад авахад М эргүүлээд манай эхнэр Э-ын цээж рүү нь цохиод унагаасан. Тэгэхээр нь би хажуу талаас нь юу болж байна, баяраар нь эмэгтэй хүн цохилоо гэсэн чинь миний урдаас босож ирээд бид хоёр барилцаад аль алийгаа 2-3 удаа цохиж авсан. Тэгсэн хүмүүс салгаад М гадагшаа гараад явсан би эргээд суусан. Удалгүй М гаднаас орж ирээд мод бариад над руу дайрсан тэгэхээр нь би гараараа хаасан тэгтэл миний гар хөндүүр болоод бөхийгөөд зугтаатал миний зүүн гар луу бас нэг удаа цохисон тэгээд гадаа гараад салсан... М миний биеийн толгой хэсэг рүү 70- 80 см урттай байх бургас модоор цохих гэтэл би баруун гараараа хаасан. Зүүн гарын зузаан булчинд бас нэг удаа цохисон. Ингэхээс өмнө барилцаж авахдаа миний нүүр хэсэг рүү цохисон... Миний гарт хагалгаа хийсэн. Төмөр тавьж хадсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/

2. Шүүгдэгч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн “...Би гэрт ороод тэнд байсан хүмүүстэй золгочихоод баруун талын орон дээр нь сууж байсан. Тэгсэн Э-ийн эхнэр Э намайг шууд алгадаад авсан. Би гараас нь барьж аваад эхнэр чинь намайг зүгээр байхад алгадаж авлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Э нь шууд миний зүүн нүд рүү цохисон. Тухайн үед миний зүүн нүднээс гал манараад тэнд байсан хүмүүс салгасан. Миний зүүн талын нүднээс цус гоожоод гадаа цусаа тогтоочихоод гэрээс орж мотоциклынхоо түлхүүрийг авах гээд ортол Э гараа далайгаад босоод ирэхээр нь би дөрвөлжин дотроос мод аваад Э-ийг 1 удаа цохих үед Э нь гараараа хаасан. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан... Миний зүүн нүд хөхөрч хавдсан. Мөн хамрын яс мурийсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/

3. Гэрч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 03 дугаар сарын 08-ны орой Д гэх айлд байсан. Тухайн айлд эмэгтэйчүүдийн баяр тэмдэглээд тэр хавийн хүмүүс ирсэн. Тэгээд түрүүч нь тараад явсан байсан. М эхнэр Б авах гээд ирсэн байсан ... М ирээд хүмүүстэй мэнд ус мэдээд байж байсан. Яг юунаас болсон талаар мэдэхгүй. Тэгсэн М Э 2 муудалцаад Т, С хүүхдүүд салгасан байх, М-г хүмүүс гэрээс гаргасан. Тэгээд би ардаас нь гарч довон дээр очоод тамхи татаад байж байсан. Тэгээд М эргээд гэр лүү орсон. Тэгтэл шуугилдаад явахаар нь нь би гэр лүү ороход 2 тийш нь салгасан байсан. Тэгтэл Э гар луу цохичихлоо гээд гараас нь цус гарч байсан. Тэр гарыг нь би боож өгсөн тэгээд тарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

4. Гэрч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Энэ гурав юунаас болж муудалдсаныг сайн мэдэхгүй. Намайг гаднаас орж ирэхэд гэр дотор зодоон болж байсан. Би М ахыг салгаж аваад гэрээс гаргаж ирсэн... Эхлээд барилцаж авахдаа гараараа нүүр хэсэг рүү нэг удаа л цохисон. Тэгээд гаднаас орж ирээд дөрвөлжнөөс мод аваад толгой хэсэг рүү нь цохих гэтэл Э ах гараараа хаасан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/

5. Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Д гэх айлд очиж эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэсэн... Манай нөхөр М нь хүмүүс тарж байхад ирсэн... Э М-тэй зодолдож байхаар нь салгаад М-тэй гэрээс гарсан... М-ийн нүд хөхөрсөн байсан тэгэхээр нүд хэсэг рүү цохисон байх...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/

6. Гэрч Ч.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... М гаднаас орж ирсэн тухайн үед хүмүүс тарж байсан. М мэнд ус мэдээд байж байсан. ЭМ-г яах гэж ирсэн юм март болж байхад гэхэд М Б авах гэж ирлээ гэсэн. Тэгсэн Э М-г нүүр хэсэг рүү цохиод авахаар нь боль гэсэн М нь Э-ийн гарыг бариад түлхсэн. Тэгээд би толгой өвдөөд байна гээд гадаа гарсан. Удалгүй М нүд цохичихлоо гээд гараад ирсэн. М гадаа байж байснаа эргээд гэр лүү орсон... Гэрийн дөрвөлжин дотор моднууд байсан. М юм бариагүй. Тэгээд байж байтал М М-г Э-ийн гарыг модоор цохиод хугалчихсан бололтой гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

7. Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би нөхөр Э-ийн хамт Д гэх айлд очиж тэр хавийн хүмүүс цугларч эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэсэн. М манай нөхрийг цагаач гэж 2016 онд, өнгөрдөг намар бас цагаач гэж хэлсэн байдаг юм. Тэр хэлсэн үгэнд нь би их гомдож байсан. Тэгээд тухайн үед миний уур хүрээд М-г алгадсан юм. Тэгсэн намайг гараараа цээж хэсэг рүү цохиж унагаасан юм. Намайг унахад манай нөхөр эмэгтэйчүүдийн баярын өдөр манай эхнэрийг цохиж авлаа гээд М барилцаж зодолдсон. Тэгээд хүмүүс салгаад М гэрээс гарсан. Удалгүй орж ирээд Э-ийн гарыг модоор цохисон... Модоор толгой хэсэг рүү нь цохих гэтэл манай нөхөр гараараа хаасан. Тэгтэл гар нь эвгүй болж, цус гарсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/

8. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 84 дугаартай “...1. О.Э-ийн биед баруун гарын богтос ясны ил хугарал, шууны хагас мултрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдээс баруун гарын богтос ясны ил хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун шууны хагас мултрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой байна ...” гэх нэмэлт дүгнэлт. /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/

9. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 95 дугаартай “... 1. Ж.М-ийн биед хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний битүү гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Ж.М-ийн биед учирсан хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Ж.М-ийн биед учирсан хамрын таславчийн мурийлт гэмтэл нь одоогийн хувьд хуучин гэмтэл тул тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй ба тухайн үед үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/

10. Ж.М-ийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар. /хавтаст хэргийн 119-124 дүгээр хуудас/

11. Иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...О-ын Э нь 2023 оны 03 дугаар сарын 09-нд гэмтлийн яаралтай тусламж авсан. Яаралтай тусламжид 161,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр амбулаторын үзлэгээр 15,000 төгрөгийн төлбөрөөр үзүүлсэн байна. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмийн эмчилгээгээр гэмтлийн гаралтай өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмийн эмчилгээнд 1,249,500 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан байна. Хэвтэн эмчлүүлж дууссаны дараа 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр S52.2 оношоор 15,000 төгрөгөөр үзүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,440,500 төгрөгийг гэмтлийн гаралтай өвчний улмаас тусламж үйлчилгээ гаргуулсан байна... О.Э нь S 52.2, S52.40 гэсэн онош. S52.2 гэсэн онош нь гарын богтос ясны хугарал, S52.40 гэсэн онош нь үйлдлийн онош байгаа юм... Ж-ын М нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр амбулаторын үзлэг оношилгоогоор 57,000 төгрөг, өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээнд 84,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэмтлийн гаралтай яаралтай тусламж 15,000 төгрөг, 2023 оны 04 сарын 05-ны өдрийн мэс ажилбарт 27,000 төгрөгөөр үзүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 183,000 төгрөгийг гэмтлийн гаралтай өвчний улмаас тусламж үйлчилгээнд гаргуулсан байна... Ж.М нь S05.1 гэсэн онош нь нүдний алим ба ухархай эдийн няцрал гэсэн онош, J34.2 гэсэн онош нь хамрын таславч мурийх гэсэн онош байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

12. Шүүгдэгч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Бид 2 нэг нэгнийгээ нэг нэг удаа л цохисон байх, тэнд байсан хүмүүс би нарыг салгаад болиулсан... Тэгээд М-г Т гэх залуу аваад гарсан. М гарч явчихаад гучаад минутын дараа буцаад ороод ирсэн. Гэрт орж ирэхдээ 70-80 см орчим урттай мод бариад орж ирснээ шууд миний толгой руу цохих гэхээр нь би гараараа хаасан. Дахиад нэг удаа миний зүүн дал хэсэгт цохичихоод гараад явсан. М-г гараад явсны дараа миний гар өвдөөд байхаар нь харсан чинь баруун гарын шуунаас цус гараад яс нь харагдаж байсан. Тэгээд М гэж хүнээр гадуур нь боолгож аваад С, манай эхнэр бид 3 яваад гэртээ очсон чинь өвдөөд байхаар нь унтчихаад маргааш өглөө нь шууд аймгийн төв рүү ирсэн. Ирээд эмнэлэгт үзүүлсэн чинь миний баруун гарын шуу хугарсан байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас/

13. Шүүгдэгч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Тухайн зодоон болох үед миний зүүн нүдний доод хэсэг болон хамар дамнуулан нэг удаа цохисон. Өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй... Миний хамар янгинаж өвдөөд байсан ба сүүлд эмнэлэгт үзүүлэхэд хамар гэмтсэн гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/ зэрэг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.М-ийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч О.Э-ийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.М, О.Э нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгч  нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Хохирогч О.Э-ийн нэхэмжилсэн 1,105,321 (нэг сая нэг зуун таван мянга гурван зуун хорин нэг) төгрөгийн нэхэмжлэлээс эмнэлгийн төлбөрт төлсөн 220,500 (хоёр зуун хорин мянга таван зуу) төгрөгийн нэхэмжлэлийг ханган шүүгдэгч Ж.М-с гаргуулан хохирогчид олгож, эм эмчилгээний 120,461 (нэг зуун хорин мянга дөрвөн зуун жаран нэг) төгрөг, бензиний үнэ 764,360 (долоон зуун жаран дөрвөн мянга гурван зуун жар) төгрөг, нийт 884,821 (найман зуун наян дөрвөн мянга найман зуун хорин нэг) төгрөгийн нэхэмжлэл нь тухайн хэрэгт хамааралтай буюу шүүгдэгч Ж.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл О.Э-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлэх түүнтэй холбоотой бүх зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, мөн үүнээс гадна зайлшгүй шаардлагаар эм тариа авсан болон түүнийг эмнэлгийн байгууллагад хүргэхэд тусгайлсан тээврийн хэрэгслийн шаардагдсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул эмчилгээний болон бензин шатахуунтай холбоотой баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хохирол, хор уршгийг нотолж чадах баримт гэж шүүх үнэлээгүй болно.

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр хуульчилжээ. Иймээс Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний төлбөрт шүүгдэгч Ж.М-с 1,440,500 (нэг сая дөрвөн зуун дөчин мянга таван зуу) төгрөг, шүүгдэгч О.Э-с 183,000 (нэг зуун наян гурван мянга) төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцнэ.

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргаж өгсөн 5 хуудас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон тогтоох нь

1. Шүүгдэгч Ч овогт Ж-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М овогт О-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-г 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.М, О.Э нарт сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч О.Э-ийн нэхэмжилсэн 1,105,321 (нэг сая нэг зуун таван мянга гурван зуун хорин нэг) төгрөгийн нэхэмжлэлээс 220,500 (хоёр зуун хорин мянга таван зуу) төгрөгийн нэхэмжлэлийг ханган шүүгдэгч Ж.М-с гаргуулан хохирогчид олгох, 884,821 (найман зуун наян дөрвөн мянга найман зуун хорин нэг) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.М-с 1,440,500 (нэг сая дөрвөн зуун дөчин мянга таван зуу) төгрөг, шүүгдэгч О.Э-с 183,000 (нэг зуун наян гурван мянга) төгрөгийг тус тус гаргуулан “Эрүүл мэндийн даатгалын сан”-д олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргаж өгсөн 5 хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.            

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА