Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга   М.Баярмэнд

Улсын яллагч  Ц.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч  Г.Энхтүвшин 

Хохирогч М.Баасандорж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Энхтүвшинд холбогдох 2323000000084  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилга угсралтын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж дүү нарын хамт амьдардаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр баг буюу Номгонд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Боржигон овогт Гэрэлмаагийн Энхтүвшин, регистрийн дугаар /ИУ04232011/

Холбогдсон хэргийн талаар:Прокуророос шүүгдэгч Г.Энхтүвшинд холбогдсон 2323000000084 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Г.Энхтүвшин нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны  орой 18 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Шинэ хорооны автобусны  буудлын орчимд шалтгаангүйгээр М.Баасандоржийг зодсон хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:

Г.Энхтүвшинд зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч М.Баасандоржийн  “...Би 2023  оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед баазын Жавхлант толгойн колонкийн зам дээр 2 залуу гараа өргөөд зогсож байхаар нь авчихсан. Тэгсэн тэр 2 залуу Шинэ хороо явна гээд  явж байхдаа ...архи гаргаж ирээд нөгөө залуутайгаа хамт хувааж уугаад байсан юм. Тэгээд би тэр 2 залууг Шинэ хорооны автобусны 3 дугаар буудал дээр аваачиж өгөхөд намайг машинаас буулгаад миний нүүр рүү гараараа олон удаа цохиод газарт унагаагаад нүүр рүү өшиглөсөн. ...Ямар шалтгааны улмаас намайг цохисныг би мэдэхгүй байна. Тухайн үед хамт явж байсан найз нь мэдэж байгаа. Найз нь болиоч гэж хэлэхэд тэр саарал куртиктэй залуу найзыгаа цохиод байсан. ...Би тархины зураг авхуулахад гарсан зардлыг гаргуулж авна..." гэсэн мэдүүлгээр,

Тухайн үед болсон үйл баримтын талаар шууд тусган мэдүүлсэн  гэрч Б.Эрболдын “...Би Г.Энхтүвшингийн хамт гэр рүүгээ явах гээд Баазын Гандангийн хажуугийн колонкоос такси барьсан. ...Би тухайн үед 0.75 литрийн архийг таксинд Г.Энхтүвшинтэй хамт хувааж уусан.  Шинэ хорооны  автобусны буудлаас баруун салахад нөгөө жолоочийн хажуу талд сууж явсан ах буухад Г.Энхтүвшин хамт буугаад ямар ч шалтгаангүй тухайн таксины өвгөнийг жолооны ард сууж байхад нь нүүрэн хэсэгт 2 удаа цохиж харагдсан. ...тэр хоёр хоорондоо маргалдах шалтгаан ерөөсөө байгаагүй. Г.Энхтүвшин нь хэт их согтсон болохоороо л цохисон...” гэсэн  мэдүүлгээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Энхтүвшингийн үйлдлийн улмаас хохирогч М.Баасандоржийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн эмч, цагдаагийн ахмад Т.Отгонбаярын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 000000132 дугаартай “М.Баасандоржийн биед зүүн хөмсөг шарх, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. М.Баасандоржийн биед зүүн хөмсөг шарх, зүүн нүдэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. М.Баасандоржийн биед учирсан гэмтэл нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байж болно. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт,   мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Г.Энхтүвшин нь хохирогч М.Баасандоржийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Шүүгдэгч Г.Энхтүвшин нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргасан  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Энхтүвшинг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

                                                    Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй. Шүүгдэгч Г.Энхтүвшин нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлжээ.

Хохирогч М.Баасандорж эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардалд 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн  ба  хэрэгт энэ талаарх  баримтгүй байхгүй тул хохирогч эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан, цаашид гарах  зардлаа  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

                    2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Г.Энхтүвшинд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Г.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхтүвшинг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Энхтүвшин нь энэ тогтоолоор бусдад төлөхгүй төлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Гэрэлмаагийн Энхтүвшинг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхтүвшинд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхтүвшинд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /200.000 / төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхтүвшин нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч  М.Баасандорж нь цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардал,  цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч Г.Энхтүвшин нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч Г.Энхтүвшин нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.ДЭЛГЭРМАА