Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/153

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Д.Ундармаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Seven star” ХХК-нд засал чимэглэлчин ажилтай, ам бүл 3, дүү нарын Улаанбаатарт хот Хан-Уул дүүрэг .......байшинд түр оршин суух хаягтай гэх, иргэний үнэмлэхийн лавлагаанд Төв аймгийн Зуунмод сум, 4 дүгээр баг, Зүүндэлгэр ....... тоотод оршин суух хаягтай, одоо Дундговь аймгийн Дэрэн сумын .......н хаягт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* *******. /РД:*******/

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2022 оны 06 дугаар сарын эхээр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг “Баруун давс” гэх газарт оршин суух иргэн гэрт хамт амьдарч байхдаа н Iphone 12 маркийн гар утсыг хулгайлж 1644.000 төгрөгийн, уг гар утасны кейсэнд байсан ХААН банкны виза картаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 308.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1952.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй...гэв.

 

  Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний гар утас алга болохоос нэг хоногийн өмнө манай нэг үхэр үхчихсэн. Тухайн үед *******тай хамт үхсэн үхрийн зургийг авахаар гар утсаа авч явсан. Харин маргааш нь адуундаа явахдаа гар утсаа гэрийнхээ сүлжээ авдаг байран дээр тавьж үлдээгээд явсан. Тухайн үед манай гэрт ******* унтаад үлдсэн. Ингээд адуундаа явж ирчхээд гар утсаа цэнэглэх гэтэл миний гар утас олдоогүй. *******аас асуухад хараагүй гэж хэлсэн. Манай хөдөө гэрт сүлжээгүй байдаг тул тэр болгон утсаар яриад байдаггүй юм. Би утсаа алдсан ч гэсэн *******аас санаа зовоод чи авсан уу гэж хэлж чадаагүй юм. Харин утас алга болсноос хойш 3 хоногийн дараа миний данснаас мөнгө гарахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Нийт 3 удаагийн гүйлгээгээр 308.000 төгрөг алдагдсан. Миний гар утсыг үнэлгээний компани 1.644.000 төгрөгөөр үнэлсэн. Би өөрийн гар утсыг хүлээн авахаас гадна өөрт учирсан хохирлуудыг бүрэн хүлээн авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх-ийн 26-29 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын эхээр үеэл ах *******тай утсаа сольсон. Би өөрийнхөө барьж байсан XS  утсаа өгөөд iphone 12 маркийн гар утас авсан. ... ******* ахаас энэ юун утас вэ гэж асуухад олсон утас байгаа юм гэж л хэлсэн... Би сольсон утсаа буцаагаад авчихсан...” гэжээ. /хх-ийн 37 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 тал/

- Эд зүйл хураан авах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 17 тал/

- Депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-21 тал/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-23 тал/

- Вендо хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн тайлан /хх-ийн 51 тал/,

- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2022 оны 06 дугаар сарын эхээр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг “Баруун давс” гэх газарт оршин суух хохирогч н гэрт хамт амьдарч байхдаа н Iphone 12 маркийн гар утсыг хулгайлж 1644.00 төгрөгийг, уг гар утасны кейсэнд байсан ХААН банкны виза картаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 308.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1952.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авах тухай Прокурорын тогтоол, депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Вендо хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч ад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч ад нийт 2.040.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч ад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өөрт учирсан хохирлууд болох 1.644.000 төгрөгийн үнэлгээтэй гар утсаа хүлээн авсан, картнаас уншуулсан 308.000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 88.000 төгрөгийг тус тус гаргуулж авсан тул шүүгдэгчид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг хохирогч ад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сар Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ