Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/188

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Г.Одонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатар овогт Ганболдын Одонцэцэгт холбогдох эрүүгийн 2321001570178 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт гудамж 2-22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Баатар овогт Ганболдын Одонцэцэг /РД: ЖЯ79091204/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Одонцэцэг нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 13 дугаар байрны 68 тоот иргэн Х.Энхсайханы өмчлөлийн байрыг түрээсэлж байх хугацаандаа, түрээслэх тухай зар байршуулж иргэн Т.Сэлэнгэд тухайн байрыг өөрийн өмчлөлийн байр гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч, давхар түрээсэлж 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг залилж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Одонцэцэг шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Г.Одонцэцэг нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 13 дугаар байрны 68 тоот иргэн Х.Энхсайханы өмчлөлийн байрыг түрээслэн сууж байх хугацаандаа уг байрыг түрээслэх тухай зар байршуулж хохирогч Т.Сэлэнгэд тухайн байрыг өөрийн өмчлөлийн байр гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан давхар түрээсэлж нийт 6,000,000 төгрөг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Одонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би Хэрлэн сумын 9 дүгээр баг 13 дугаар байрны 68 тоотыг 2018 оноос хойш 2022 оны 09 дүгээр сар хүртэл сард 300,000-500,000 төгрөгийн түрээс төлөн амьдарч байсан. Гэхдээ ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд сар сардаа мөнгөө өгдөг байсан. ...Би тухайн байрыг Т.Сэлэнгэд дамжуулан түрээслэхдээ Сарангэрэл, Энхсайхан нараас зөвшөөрөл аваагүй. ...тухайн үед өр зээл нэхэгдээд байсан учир Т.Сэлэнгээс 1 жилийн түрээс болох 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Миний хувьд ийм үйлдэл хийж болохгүй гэдгийг мэдэж байсан хэдий ч гарцаагүй байдалд ороод энэ үйлдлийг хийсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Т.Сэлэнгийн “...2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн Selengee Selenge гэсэн фейсбүүк хаягаараа Хэрлэн сумын төвд түрээслэн суух зорилгоор зар хайж байтал "Khulan Khulan” гэсэн фейсбүүк хаягт Чойбалсан хотод 1 өрөө байр түрээслүүлнэ гээд утасны дугаар үлдээсэн байсан. ...Тэгээд би ээж Жавзмаагийн хамт 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн үед Одонцэцэгтэй утсаар холбогдоход тухайн эмэгтэй Дорнод их сургуулийн хашаан дотроос ганцаараа гарч ирсэн бөгөөд Хэрлэн сумын 9 дүгээр баг 13 дугаар байр руу хамт явсан. ...Одонцэцэг надад хандаж чи энэ байрыг түрээслэх гэж байгаа талаар битгий хэлээрэй, худалдан авах гэж байгаа гэж хэлээрэй, энэ айлын хүмүүс архи уугаад хэл ам татлаад байгаа учраас гаргах гэж байгаа юм гэж хэлсэн. Ингээд ярилцаж байгаад байрыг түрээслэхээр болсон бөгөөд тэрээр надад тухайн байрыг өөрийн эзэмшлийнх гэж  итгэл төрүүлсэн. ...Би түүнд 6,000,000 төгрөг шилжүүлсэн. ...дараа нь тухайн байр түүнийх биш болохыг мэдээд Одонцэцэгтэй холбогдоход намайг уучлаарай, би чамайг хуурсан юм гэж хэлсэн…” гэх мэдүүлэг, гэрч Б.Сарангэрэлийн “...Одонцэцэг нь одоогоос 3 орчим жилийн өмнөөс манай байрыг сарын 400,000 төгрөгөөр түрээслэн амьдарч байгаа. Харин Одонцэцэг нь манай байрыг өөрийнхөө байр гэж Сэлэнгэ гэх эмэгтэйд худлаа ярьж 1 жилийн хугацаатай сарын 500,000 төгрөгөөр бодож 6,000,000 төгрөгийг залилан авсан юм байна лээ. ...Одонцэцэг манай байрыг өөр хүнд дамжуулан түрээслэх гэж байгаа талаар бид нарт огт мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Г.Одонцэцэгийн Төрийн банкны дансны хуулга, шүүгдэгч хохирогч нарын хоорондоо харилцсан зурвасууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

   Шүүгдэгч Г.Одонцэцэг  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх та түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Одонцэцэгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Сэлэнгийн эд хөрөнгөд 6,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, үлдэгдэл 750,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна” гэж тэмдэглүүлсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилсан.

 Шүүгдэгч Г.Одонцэцэг нь мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хохирогч Т.Сэлэнгэд учруулсан хохирол 6,000,000 төгрөгөөс 5,250,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 750,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Г.Одонцэцэгээс 750,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Сэлэнгэд олгохоор шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Баатар овогт Ганболдын Одонцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 5,250,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баатар овогт Ганболдын Одонцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганболдын Одонцэцэгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Одонцэцэг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Одонцэцэгээс 750,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Сэлэнгэд олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид 5,250,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Одонцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА