| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0194/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/190 |
| Огноо | 2023-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч П.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Пүрэвийн Бямбасүрэнд холбогдох эрүүгийн 2321000000195 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, таваар судлаач мэргэжилтэй, ЭСТО ХХК-д дохиочин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 4-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Шарайд овогт Пүрэвийн Бямбасүрэн. /РД: ЖЭ76050817/
Шүүгдэгч П.Бямбасүрэн нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 15-13 тоотод оршин суух Отгондаваагийн гэрт иргэн Б.Хүрэлсүхтэй гар утас хулгайлсан гэх шалтгаанаар маргалдан улмаар пийшингийн төмөр тагаар болон гараараа цохиж зодон Б.Хүрэлсүхийн биед зүүн шууны шарх, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн нүдний доод зовхи, эрүүний баруун доод хэсэг, зүүн мөр, бүсэлхий нуруунд зулгаралт, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нурууны зүүн хажуу хэсэг, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч П.Бямбасүрэн нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 15-13 тоотод хохирогч Б.Хүрэлсүхтэй түүний гар утас хулгайлсан гэх шалтгаанаар маргалдан улмаар пийшингийн төмөр таг болон гараараа цохиж зодон Б.Хүрэлсүхийн биед зүүн шууны шарх, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн нүдний доод зовхи, эрүүний баруун доод хэсэг, зүүн мөр, бүсэлхий нуруунд зулгаралт, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нурууны зүүн хажуу хэсэг, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч П.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хэрлэн сум 10 дугаар баг Ялалтын 15-13 тоотод Батаалайг байж магадгүй гэж бодоод очсон юм. Намайг очиход Баясаа, Ганзориг, Аюур, Сүхээ /Хүрэлсүх/ нар байсан бөгөөд хойд талын байшинд ороход Отгонбаяр, Энхээ нар байсан. Тэгэхээр нь буцаж урд байшин руу ороод сууж байгаад утсаа үзтэл миний утас байхгүй байхаар нь Ганзориг гэх хүнийг чи ямар хурдтай байна вэ гэхэд өөдөөс инээгээд юм хэлэхгүй байсан. Тэгээд би цагдаа дагуулж ирээд утсаа авна шүү гэхэд пийшингийн хажууд зогсож байсан Хүрэлсүх над руу чи юу гээд хуцаад байгаа юм ална шүү гээд элдвээр хэлээд байхаар нь би түүнийг гараараа 2-3 удаа цохичхоод гарахдаа пийшин дээр байсан сул ширмийг аваад Хүрэлсүхийн дээрээс цохиход гараараа хаахад нь тухайн ширмийг шидээд гараад явсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Б.Хүрэлсүхийн “...2023 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 8-9 цагийн хооронд Отгондаваа ахын гэрт Баясаа, Болдоо гээд хүмүүсийн хамт байж байхад гаднаас Бямбасүрэн ах орж ирээд надаас гар утсаа нэхээд байхаар нь би таны гар утсыг аваагүй гэж олон удаа хэлсэн боловч намайг шууд пийшингийн төмөр тагаар зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би болиоч гэж хэлэхэд болихгүй цохиод байхад нь гараараа хаасан. Тэгэхэд Баясаа гэх залуу дундуур орж ирээд салгасан. ...би зүүн гарын шуу хэсэгт 8 оёдол тавиулсан, мөн нуруу хэсгээр хөхөрч хавдсан байдалтай биеийн байдал дунд зэрэг байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Анхмаагийн “...2023 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ээж Өсөхжаргал над руу яриад Хүрэлсүх ах чинь хүнд зодуулсан юм шиг байна очоод эмнэлэг рүү дагуулаад яв гэж хэлсэн. Тэгээд би Хүрэлсүх ахын байгаа газар очтол ах зүүн гараа боочихсон бие нь хөхөрсөн, нүүр ам нь шалбарсан байдалтай Бямбасүрэн гэх хүнд зодуулсан гээд байж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Баясгалангийн “...2023 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 8-9 цагийн хооронд Отгондаваа ахын гэрт Хүрэлсүх, Болд нарын хамт байж байхад гаднаас Бямбасүрэн гээд зүс таних ах орж ирсэн. Тэгээд юм ярьж сууж байснаа Хүрэлсүхийг чи миний гар утсыг авсан, утас гаргаж өг гэснээ пийшингийн төмөр таг бариад шууд Хүрэлсүхийг дээрээс нь цохиод эхэлсэн...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 310 тоот “...Б.Хүрэлсүхийн биед зүүн шууны шарх, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн нүдний доод зовхи, эрүүний баруун доод хэсэг, зүүн мөр, бүсэлхий нуруунд зулгаралт, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нурууны зүүн хажуу хэсэг, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн шууны шарх гэмтлүүд нь ир, ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч П.Бямбасүрэн нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх та түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Бямбасүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хүрэлсүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, эмчилгээний төлбөрт 150,000 төгрөг авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч П.Бямбасүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Шарайд овогт Пүрэвийн Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба тэрээр дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар П.Бямбасүрэнг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн пийшингийн төмөр тагийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Т.Отгондаваад буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарайд овогт Пүрэвийн Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пүрэвийн Бямбасүрэнг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бямбасүрэн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн пийшингийн төмөр тагийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Т.Отгондаваад буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Бямбасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА