Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/198

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч Н.Баянмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан овогт Наранбилэгийн Баянмөнхөд холбогдох эрүүгийн 2321000000186 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Улз ойл шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 10-9А тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дархан овогт Наранбилэгийн Баянмөнх. /РД: ЖМ94111514/

Шүүгдэгч Н.Баянмөнх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний 11 дүгээр гудамжинд хувийн таарамжгүй харьцаа, хардалтын улмаас өөрийн хамтран амьдрагч Б.Мартыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хөхөнд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Н.Баянмөнх шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Н.Баянмөнх нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний 11 дүгээр гудамжинд хувийн таарамжгүй харьцаа, хардалтын улмаас хамтран амьдрагч Б.Мартыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хөхөнд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2023 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө ажлаасаа буугаад хамтран амьдрагч Б.Мартын гэр рүү очиход Мартын охин хаалганы цаанаас ээж байхгүй гэхээр нь гараад гэр рүүгээ явж байхад Б.Март утсаар залгаад надаас зээлсэн мөнгөө аваад ир гэхээр нь ажлаар орж 30,000 төгрөг аваад Мартынх руу эргэж очсон. ...бид 2 хэсэг ярьж сууж байгаад Март охиноо үлдээгээд надаас авсан мөнгөө картанд хийнэ гээд хамт гаръя гэхээр нь би зөвшөөрч АТМ-д мөнгөө хийгээд ...гэрээс нь авч гарсан пивоо уугаад байж байтал манай найз Сайнжаргал утсаар залгаад хүрээд ирээч гэхээр нь бид 2 очсон. ...Пиво уусандаа жаахан согтох шинжтэй болоод Март бид 2 маргалдсан. Маргалдах болсон шалтгаан нь Март өмнө нь  ажлын газрынхаа хүнтэй хамт гэртээ байж байхдаа надад гардуулсан нь санаанд орж түүнд гар хүрсэн зүйл байгаа...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Б.Мартын “...2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ээлжнээсээ буугаад гэртээ амарч байхад 11 цагийн үед хамтран амьдрагч Баянмөнх манай гэрт ирсэн. Гэрт орж ирээд утас руу чинь залгаад авахгүй юм, гэхээр нь надаас авсан 30,000 төгрөгөө авчирсан уу гэж асуухад авчраагүй аваад ирье гээд эргэж гараад ирэхдээ мөнгө авчирсан. Тэгээд тэр мөнгийг покер тоглоод өсгөөд өгье гараад ирээч гэхээр нь би гэрт байсан задалсан пиво аваад гарсан. ...бид 2 Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 12 дугаар эгнээний ард байж байтал Баянмөнхийн найз нь Сайнжаргал залгаад хүрээд ирээч гэж хэлсэн.  ...тэр найздаа хандаж Март ажлынхаа ээлжийн залуутай ууж байгаад гэртээ унтаж байсан гэх зэргээр яриад байсан. Удалгүй намайг тэр Тамираа руугаа яваачээ янхан минь гэх зэргээр хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд би түүнд нэг ээлжинд гардаг болохоос чиний бодож байгаа шиг зүйл болоогүй гэх зэргээр хэлж тайлбарласан ч тэр ойлгохыг хүсээгүй хэл амаар доромжилсоор байсан. ...гэнэт машинаас бууж ирээд энэ мууг хүчээр буулгана гээд үснээс зулгаагаад чирч буулгаад гараараа нүүр нүдгүй цохиж толгой руу олон удаа цохисон, мөн гэдэс, нуруу руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Сайнжаргалын “...дэлгүүрээс 2,5 литрийн савтай пиво аваад машинд нь суугаад Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний гудамжинд байрлах манай ахын хашааны гадаа очиж уусан. Пиво ууж байхад Баянмөнх, Март хоёр хоорондоо гэр бүлийн маргаанаас болж хэрэлдээд байх шиг байсан. Удалгүй тэр хоёрын хэрүүл хурцдаж Баянмөнх Мартыг машинаас буу зайл гээд хөөгөөд байсан. Тухайн үед Март машинаас буухгүй гээд түүний өөдөөс хэрэлдэхэд Баянмөнх машинаасаа буугаад Мартын үснээс нь зулгааж  буулгасан. ...машины гадаа Мартыг яаж зодсоныг мэдэхгүй байна. ...Манай гаднаас хөдлөөд явсны дараа Баянмөнх Мартыг дахиад зодсон юм шиг байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 282 тоот “...Б.Мартын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд доод зовхи, зүүн хөхөнд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд доод зовхины цус хуралт, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, зулайн хуйханд үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, зүүн хөхөнд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

   Шүүгдэгч Н.Баянмөнх  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх та түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Баянмөнхийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мартын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Н.Баянмөнхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч Н.Баянмөнх тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Дархан овогт Наранбилэгийн Баянмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч Н.Баянмөнх нь тусгай дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Н.Баянмөнхийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархан овогт Наранбилэгийн Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Наранбилэгийн Баянмөнхийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баянмөнх нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Баянмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА