Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 02

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            Хэргийн индекс: 180/2016/0009/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга             Н.Болор-Уянга,
Улсын яллагч                  Ч.Батбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч             С.Нарангэрэл
Шүүгдэгч                                            Г.Цогтбаатар нарыг оролцуулан

    Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цогтбаатарт холбогдох эрүүгийн 201623000290 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, төрсөн эхийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хардал овогт Гонгорын Цогтбаатар /РД:ЛН88022516/
 
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.Цогтбаатар нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дэвсгэр “Таахай” гэх газар 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хамтран амьдрагч Э.Шинийнэгэнг зодож тарчлаасан,
2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дэвсгэр “Таахай” гэх газар өөрийн хамтран амьдрагч Э.Шинийнэгэнг ээж аав хоёртоо хонь хулгай хийж өгсөн гэх шалтгаанаар зодож тарчлаасан,
2016 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дэвсгэр “Таахай” гэх газар өөрийн хамтран амьдрагч Э.Шинийнэгэнг хардаж зодож тарчлаасан,
2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дэвсгэр “Таахай” гэх газар өөрийн хамтран амьдрагч Э.Шинийнэгэнг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож тарчлаасан,
2016 оны 10 дугаар сарын 03-06 ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 1-10 тоотод өөрийн хамтран амьдрагч Э.Шинийнэгэнг байнга зодож тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.


ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Цогтбаатар нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг “Таахай” гэх газар 2016 оны 08 дугаар сарын 10,28-нд, 2016 оны 09 дүгээр сарын эхээр болон 09 дүгээр сарын 17-нд, 2016 оны 10 дугаар сарын 03-06 ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч Э.Шинийнэгэнг байнга зодож тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Шинийннэгэний мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2010 оноос Сүхбаатар аймгийн харъяат Цогтбаатар гэдэг хүнтэй хамтран амьдарч дундаасаа 2 хүүтэй болсон. Бид хоёр 2010 оноос хойш хамтдаа хөдөө Баянхутаг сумын нутаг “Таахай” гэх газар мал маллан амьдарч байсан. Манай хамтран амьдрагч Цогтбаатар намайг анх хамтран амьдрах үедээ зоддоггүй хааяа хэрүүл хийж, согтуудаа ганц нэг гар хүрдэг байсан. Сүүлдээ анхны хүүхэд гарч эхлэх буюу 2012 оноос хойш зодох болсон. Би тэр болгоныг яривал тоочоод барахгүй олон үйлдэл байгаа зөвхөн сүүлийн 2016 онд гэхэд намайг нэлээд олон зодсон. 2016 оны 08 сарын 10-ны өдөр хөдөө гэртээ байж байхад Цогтбаатар тоглоом хөөгөөд яваад өгсөн. Би гэртээ ганцаараа байж байхдаа өөрийн аавтай хамт ээжийг тосохоор засмал замруу явсан юм. Манай ээж 10 жилийн ангийнханыхаа уулзалтанд яваад ирж байсан юм. Тэгсэн намайг алцагнаж тэнэлээ гээд шөвөг барьж далайлгаж айлгаад гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биеийн энд тэнд хөхрүүлж зодсон. Шөвгөөрөө бол хатгаагүй. Энэ үед гэрт хэн ч байгаагүй манай аав, ээж хоёр намайг хүргэж өгөөд гэрлүүгээ явчихсан байсан. Үүний дараа 2016 оны 08 сарын 28-ны өдөр намайг бас л зодсон. Тэгэж зодохдоо чи ээж аав хоёртоо хонь хулгай хийж өгсөн гээд зодсон. Тухайн үед манай аав ээж хоёр малаа аваад оторт явсан байсан. Намайг оторт явахад нь хониноос нь өгч явуулсан гэж шалтаг гаргаж бас л гараараа хөлөөрөө биеийн энд тэнд хаа сайгүй л биеийг маань хөх няц хөндүүр болтол цохиж зодсон. Ингээд удаагүй байж байгаад 2016 оны 09 дүгээр сарын эхээр Цогтбаатарын хүргэн Доржоо гэрээр буугаад мордсон. Тэгсэн өөрийнхөө хүргэнтэй намайг хардаж чи алцагнаад байсан уу гээд л хардаж бас л учир зүггүй зодсон. Үүнээс хойш байж байгаад 2016 оны 09 сарын 17-ны өдөр архи ууж ирээд бас л чи миний хонь малыг хулгайлдаг гээд л намайг зодож балбаад эхэлсэн. Тэгээд намайг хониндоо яв гээд хөөхөөр нь би хонинд явангаа зодуулж тэсэхээ байгаад сүлжээ барьдаг газар очоод утсаар цагдаад дуудлга өгч цагдаа нар ирж Цогтбаатарыг аваад явсан. Ингээд хэд хоногийн дараагаас Цогтбаатар аймгийн төвөөс надруу утсаар яриад би чамайг санаад байна хүүхдээ аваад ир хүүхдүүдтэйгээ 4-үүлээ хамт аймаг дээр байя гээд байхаар нь би гэмшиж ухаарсан юм байх гээд хөдөө гэрээсээ Хэнтий аймаг дээр 2016 оны 10 сарын 02-ны өдөр ирсэн. Тухайн үед бас хэдэн хонь ямаа борлуулах ажилтай аймагт давхар ирсэн. 2016 оны 10 сарын 03-ны өдөр хөдөө гэрлүүгээ буцах гэхэд чи ганцаараа хөдөө гэрлүүгээ буцах гэлээ ганцаараа очиж хэдэн малыг маань хулгай хийж зарах гэлээ гээд өөрийнхөө ээжийн гэрээс гаргахгүй зодсон. Би тухайн үед цагдаа дуудаж чадаагүй яагаад гэвэл намайг хааш нь ч гаргахгүй жорлон орсон ч дагаад хөдөлгөхгүй байсан. Ингээд 2016 оны 10 сарын 03-аас 2016 оны 10 сарын 06-ны өдөр хүртэл өдөр болгон дараалан зодсон. Тэгээд 2016 оны 10 сарын 06-ны өдөр намайг зодож байгаад найзууд нь утсаар дуудахаар нь гараад явсан. Хадам ээж хажууд хараад суугаад байсан болохоор би цагдаад дуудлага өгч чадаагүй байж байсан. Тэгсэн шөнө Цогтбаатар согтуу орж ирээд унтаад маргааш нь би шартлаа чи дэлгүүр явж пиво ундаа авчир гэж намайг гэрээсээ гаргахаар нь би шууд цагдаа дээр ирж дуудлага өгч болсон асуудлаа ярьсан юм. Тэгээд тэр өдөртөө байх хамгаалах байранд хүргэгдэн очиж 14 хоног хамгаалалтанд байсан. Намайг Цогтбаатар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зоддог байсан. Гараараа толгойруу, нурууруу цохих, хөлөөрөө өшиглөхдөө хөл нь миний хаана ч хамаагүй онодог байсан. Би Цогтбаатарыг намайг зодохоор хөдлөж чадахгүй сууж байгаа газраа доош хараад л суугаад өгдөг юм. Тэгээд намайг аль гар аль хөлөөрөө өшиглөж байгааг харж чаддаггүй. 2016 оны 10 сарын 03-аас 2016 оны 10 сарын 06-ны өдрүүдэд Хэнтий аймгийн төвд байхдаа өдөр болгон зодоход манай хадам ээж хажууд байсан. Тэр бол харж л байсан. Гэхдээ өөрийнхөө төрсөн хүүг өмөөрөөд хараагүй л гэж хэлэх байлгүй дээ.Би зодуулаад аргаа ядсандаа ингэж байхаар амиа хорлоод үхье гэж бодогдох болсон. Тэгээд яг амиа хорлоё гээд өөртөө хүртэл димдрол гэдэг эмийг аваад тариагаар судас руугаа өөрөө шахаж хүртэл үзсэн. Тэгэхэд грамм нь багадсан уу мансуурч толгой дүйнгэдэж байгаад больсон. Мөн боож үхье гээд шөнө хөдөө гэрээсээ гараад явсан боловч шөнө янз бүрийн гэрэл гараад мөн 2 хүүхэд маань нүдэнд үзэгдээд амиа хорлож чадаагүй. Би дуртайдаа амиа хорлох гээд байгаа юм биш ямар нэгэн шалтгаангүй Цогтбаатар гэдэг хүний гарын чилээг гаргаж байнга зодуулж дарамтлуулж хэлэх хэлэхгүй үгээр доромжлуулж гэрт нь сууж байхаас үнэндээ залхаж амьдрах ямар ч хүсэл сонирхолгүй болсондоо амиа егүүтгэх үйлдэл гаргасан. Намайг зодоод биеийг маань энд тэнд хөхрүүлээд тэр нь яваандаа хөх нь арилаад л байж байдаг хамгийн сүүлд зодуулсанаа цагдаад харуулж эмчид үзүүлж гэмтлийн зэрэг гаргуулсан байгаа. Би сүүлд архи пиво аваад ир гэхээр нь гэрээс нь гарч явж байхдаа халтирч бөгсөөрөө унаад тухайн үедээ сууж босоход эвгүй өвдөөд байхаар нь эмчид дахин үзүүлж зураг авахуулахад ахар сүүл хугарсан байна гэж байсан. Би энэ хүнтэй дахин хамт амьдрахгүй тусдаа амьдармаар байна. Ахар сүүлний хувьд би өөрөө бөгсөөрөө унахдаа хугалсан юм. Харин хөхөрч няцарсан зөөлөн эдийн гэмтлийн хувьд Цогтбаатар цохиж гэмтэл учруулсан.... гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11хуу/
Гэрч С.Саранчимэгийн  мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 10 сарын 05-ны өдөр манай хүүгийн эхнэр Шинийннэгэн өглөө цэцэрлэгийн хүүхэд хүргэж өгөхөөр яваад алга болоод үдээс хойш 15 цагийн үед манай хүү рүү утсаар Элит зоогийн газар байна ирж ав гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай хүү Шинийнэгэнийг дагуулж гэрт ирсэн. Ирэхдээ таксинаасаа буухгүй бага хүүгээ дуудаад гэрлүүгээ орохгүй зугатаах гээд байсан. Хашаан дотроос хүүгээ аваад гарч зугатаах гээд байхаар нь манай хүү Шинийнэгэнг чирч гэрт оруулсан. Шинийнэгэн эргэж гарч зугатаах гэхээр нь араас нь манай хүү Цогтбаатар хөлрүү нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан. Би Хэнтий аймгийн төвд тусдаа амьдардаг энэ хоёр хөдөө мал маллан амьдардаг юм. Яг зодож байгааг нүдээрээ харж байгаагүй. Заримдаа муудсан хэрэлдсэн гээд Шинийнэгэн нь цагдаад өргөдөл өгч шалгуулна гэж байдаг юм. Би хэдэн удаа зодсон талаар нь сайн мэдэхгүй байна ....” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13хуу/
Гэрч Ж.Энхмөнийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Цогтбаатар өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, харин хамтран амьдрагчаа зодсон хэрүүл маргаан хийсэн гэж цагдаа дээр ирж шалгагдаж байсан. Цочмог уур уцаартай түүнээсээ болдог юм уу хааяа хамтран амьдрагчтайгаа маргаж муудаад байдаг болсон юм байна лээ...” гэх мэдүүлэг. /хх-14-р хуудас/
4. Г.Цогтбаатарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би хамтран амьдрагч Шинийнэгэнг удаа дараа зодсон хэрэгт шалгагдаж байгаа юм. Миний хувьд өөрийн хамтран амьдрагч Шинийнэгэнд гар хүрч зодох тохиолдол байсан. Бид хоёрын дундах асуудал бол гэр бүлийн маргаан хардалт сэрдэлтээс болдог байсан. Би 2016 оны 08 дугаар сард өдрөө сайн санахгүй байна, хөдөө айлд тоглож байгаад хоногоор яваад ирэхэд Шинийнэгэн намайг мал үрлээ гээд хэрүүл хийхээр нь би түүнийг нэг удаа хацар дээр нь алгадсан. 2016 оны 09 дүгээр сард танил хүмүүстэйгээ айлд очиж архи уугаад өөр айлд хоноод ирэхэд гэртээ байгаагүй малдаа явсан байсан. Тэгээд өдөр ирээд намайг хаагуур хоносон гээд загнаад байхаар нь би түүн рүү аяга аваад шидэхэд оноогүй тэгээд дараа нь гараараа буглаганд нь 1 удаа цохьсон. Тэгээд өөр сүйдтэй зүйл болоогүй байхад Шинийнэгэн гарч яваад цагдаа дуудчихсан байсан. Энэ үйлдлээсээ болж цагдаад шалгагдаад захиргааны арга хэмжээ авагдаад аймаг дээр байж байхад Шинийнэгэн хөдөөнөөс хэдэн хонь борлуулахаар 2016 оны 10 сарын сарын эхээр орж ирсэн. Тэгээд манай ээжийнд байхдаа өглөө дэлгүүр орно гээд алга болоод үдээс хойш надруу утсаар яриад би Элит цайны газар байна амиа хорлолоо би өөртөө аналгин димдрол хийсэн гэхээр нь би такси бариад байгаа газар нь очиж авсан. Тэгээд ээжийн гадаа ирэхэд машинаас буухгүй гээд байхаар нь чирч буулгаад хашаанд оруулах гэхэд би орохгүй амиа хорлоно гээд байхаар нь би уурлаад түүний гуяруу 2 удаа өшиглөж үснээс нь зулгааж гэртээ оруулсан...” гэх мэдүүлэг зэргээр тогоогдож байна.

Шүүгдэгч Г.Цогтбаатарын 2016 оны 08 дугаар сарын 10,28-нд, 2016 оны 09 дүгээр сарын эхээр болон 09 дүгээр сарын 17-нд, 2016 оны 10 дугаар сарын 03-06 ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч Э.Шинийнэгэнг байнга зодож тарчлаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед гэмтэл учраагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг шүүгдэгчийн хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                            ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хардал овогт Гонгорын Цогтбаатарыг бусдыг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар шүүгдэгч Г.Цогтбаатарыг 01 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цогтбаатарт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-т зааснаар шүүгдэгч Г.Цогтбаатарт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж 03 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Цогтбаатарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ГАНЗОРИГ