| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 126/2023/0035/З |
| Дугаар | 221/МА2025/0318 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2025/0318
Л.Г-ннэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Нэхэмжлэгч: Л.Г
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М
Гуравдагч этгээд: Д.Б, Б.Г, Б.Т, Б.Б, Б.Б, Д.Н
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0003 дугаар,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Г.Н, гуравдагч этгээд Д.Б, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч П.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 126/2023/0035/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарны 31-ний өдрийн 0003 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.14, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-д заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М-д холбогдуулан гаргасан “... “ХГТ” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд орсон 2009 оны өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, “ХГТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М-н 2021 оны 6827 дугаар дүгнэлтийн Л.Г-д холбогдох хэсэг буюу Л.Г 30265597 төгрөгөөр 15.96 хувь буюу 121756 ширхэг гэсний ард буюу нийт хувьцааны 25,7 хувь буюу 196600 ширхэг гэсэн нэмэлт оруулахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг нэмэлтийг оруулж, бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч Л.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “”ХГТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч Л.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
2.1. Шүүх нэхэмжлэгч Л.Г-н захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдийг нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн шийдвэрлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын гаргасан тайлбаруудыг хэрэгт хамааруулан үнэлээгүй, нэхэмжлэлийн үйл баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагуудад хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шалтгаалан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байна гэсэнтэй огт нийцээгүй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна.
2.2. Нэхэмжлэгч 2009 оны гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг өөрчлөлтийг тухайн үед нь бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хандаж, тухайн асуудал эцсийн байдлаар шийдвэрлэгдсэн болох нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс компанийн архивын материалд үзлэг хийхэд олдсон 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн татварын хэлтэст 20350** тоот регистрийн дугаартай “ГТ” хуулийн этгээдийн Голомт банканд харилцах данстай болохыг мэдэгдсэн баримт, хэрэгт нотлох баримтаар авагдсан ХААН банк, Голомт банкны гарын үсэг, тамганы загварууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба тухайн баримтууд зөвхөн бүртгэлийн байгууллагад гүйцэтгэх удирдлага нь баталгаажин улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд л банк түүний нэр дээр гарын үсгийн баталгааг хийж албан ёсоор баталгаажуулдаг болохыг шүүх анхаарч нотлох баримтаар үнэлээгүйд гайхаж байна. Тухайн үеийн гүйцэтгэх удирдлагын бүртгэлтэй холбоотой бусад бичиг баримт хэзээ, яаж алга болсныг нэхэмжлэгч мэдэхгүй. Харин Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаа компанийн мэдээлэлтэй холбоотой бичиг баримтууд үрэгдсэн болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5122 дугаар дүгнэлтийн 2 дахь хэсэгт зааснаар нотлогдож байна. Нэхэмжлэгч Л.Г нь 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн “ХГТ” ХХК-н гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн болох нь тухайн үед хуралдсан ТУЗ-ийн тогтоол, компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч байсан М.Б-н тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, гэрч М.М-н мэдүүлэг, гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн “ХГТ ХХК-н ТУЗ-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх хэрэгт хамааруулан үнэлж, маргааныг шийдвэрлэхийн оронд улсын бүртгэлийн байгууллагыг төлөөлж шийдвэр гаргасан нь хууль нийцээгүй байна. Мөн нэхэмжлэгч Л.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХГТ ХХК-ийн архивт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргахад гаргахад шүүхээс таны компанийн захирал гэдэгтэй хэн ч маргаагүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээж авахаас татгалзсаныг мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.
2.3. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 126/Ш32024/0410 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтаар Л.Гын ХГТ ХХК-д эзэмшдэг 25.7 хувийг бүртгэхгүй байгаа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 221/ШТ2025/0010 дугаартай тогтоолоор тухайн шийдвэрийг хүчингүй болгосон. Гэтэл шүүх 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хэргийг авч хэлэлцээд нэхэмжлэгч Л.Гын эрхийг зөрчин үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Түүний ХГТ ХХК-д нийт хувьцааны 25.7 хувийг эзэмшихтэй холбоотой маргаан нь өмч, гэрээний маргаан биш бөгөөд эх материалыг үндэслэн буюу 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ХГТ ХХК-н хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу түүний хувьцааг бүртгэхгүй байгаатай холбоотой Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйтэй холбоотой маргаан атал шүүх Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М-н 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6827 цугаартай дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгсөн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Л.Г нь тухайн дүгнэлттэй маргаагүй ба түүний ХГТ ХХК-н нийт хувьцааны 25.7 хувийг эзэмшиж байсан болох нь ХГТ ХХК-н бүх гишүүдийн хурлын 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэр /аж ахуйн нэгж үүсгэн байгуулагчдын гэрээ, 2016 онд улсын бүртгэлийн байгууллагаас өгсөн лавлагаа зэрэг нотлох баримтууд байсаар байтал нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж үнэлээгүйг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлалгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХГТ ХХК-н 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн өмчлөх эрхэнд халдсан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтийг Монгол улсын Дээд шүүх илт хууль бус болохыг тогтоосон нь /Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ/2024/0086 дугаартай тогтоол, 49 хувийн хувьцааны тодорхой хэсгийг нэхэмжлэгч Л.Г хуулийн дагуу эзэмшдэг болохыг харуулж байна.
2.4. Нэхэмжлэгч Л.Г нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “ХГТ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд оруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл буюу Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллагын хууль бус үйлцэлтэй холбоотой маргаан гаргасан байхад Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн шүүх иргэний маргаан гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.
2.5. Нэхэмжлэгч тал Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулиар хориглосон буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасан хориглох үйлдэл болох 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалтыг зөрчсөн учраас тухайн өдрийн бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж маргасан. Нэхэмжлэгч Л.Г нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.А нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ХГТ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл хийхдээ хуулиар хориглосон үйлдэл хийсэн талаар маргаж байхад хэргийг иргэний журмаар шийдвэрлэнэ үзсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож, үндэслэлгүй шийдвэр гаргасныг харуулж байна.
2.6. Дээрх үндэслэлүүдийг дүгнэхэд нэхэмжлэгч Л.Г-н нэхэмжлэлийн шаардлагууд нь захиргааны байгууллага болох улсын бүртгэлийн байгууллагын хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хийсэн болон хийх ёстой бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой маргаан байх бөгөөд дээд шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засаж, түүний эрх ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаалахгүй бол цаашид нэхэмжлэгчийн эрх төдийгүй компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол бүхэлдээ зөрчигдөж шүүхээр хамгаалуулах боломжгүй болох гэж байгааг анхааралдаа авч өгөхийг хүсэж байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 126/ШШ2025/0003 дугаартай шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянаж, хүчингүй болгон нэхэмжлэгч Л Г-н нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. Хурлын тогтоол дээрээ хуралд оролцогчид тухайн үедээ бүгд гарын үсэг зурсан ба уг гарын үсэгтэйгээ талуудын хэн аль нь одоог хүртэл маргаагүй тул ийм шийдвэр гарсан эсэхийг нягтлах зорилгоор хуралдааны тэмдэглэлийг нэмж шаардах шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл хүсэл зориг нь бүрэн туссан гэдгийг оролцогчид хүлээн зөвшөөрсөн тул тогтоолд оролцогчид бүгд гарын үсгээ зурсан болно.
Бүртгэхээс татгалзсан үндэслэлээ хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул хэмээн захиргаа анхнаасаа тайлбарласан байхад талуудын огт маргаагүй асуудлаар хуулийн заалт эш татан шүүх дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.5-ыг зөрчиж байгаа зөрчил болно. Өөрөөр хэлбэл УБЕХ-ийн 20.1.14-т хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх эш татан мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан болохоос бүрдэл дутуу гэдэг үндэслэлийг захиргаа заагаагүй.
Мэдээлэлд өөрчлөлт оруулахаас хуулийн дээрх заалтаар Л.Г-д татгалзсан мөртлөө адил хүсэлт гаргасан Л.Б-д зөвшөөрөөд байгаа нь тэгш байдлын болон хууль дээдлэх зарчмыг захиргаа зөрчиж байгаа зөрчил болно.
Бүрдэл дутуу гэсэн бол тухайн үед нэрлэн буй баримтыг бүрдүүлэх эсхүл гаргаж өгөх боломжгүй талаараа тайлбараа гаргах боломж нэхэмжлэгчид байсан ба мөн үндэслэлээрээ шүүхэд хандан маргах байсан. Гэтэл талуудын маргаагүй заалтыг шүүх эш татан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу юм.
3.2. Шийдвэрт “ 3 ... хяналтын улсын байцаагч Б М-н 2021 оны 6827 дугаар дүгнэлтийн Л.Г-д холбогдох хэсэг буюу Л.Г 30265597 төгрөгөөр 15.96 хувь 6уюу 121756 ширхэг гэсний ард буюу нийт хувьцааны 25,7 хувь буюу 196600 ширхэг гэсэн нэмэлт оруулахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг нэмэлтийг оруулж, бүртгэхийг хариуцагчид даалгах" шаардлагын тухайд” гэж 10 үндэслэл заасан байх бөгөөд нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлээ аль ч хэсэгт заасангүй,
Иймд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг уг хэсэг хангахгүй байх бөгөөд баримтын тухайд:
-Л.Г нь 196600 ширхэг хувьцаа эзэмшиж байсан тухай баримтыг захиргаа гаргаж өгсөн ба тэдгээрээс 121900 ширхэгийг нь ТӨХ-ны шийдвэрээр авсан "ХГТ“ ХХК нь 764025 хувьцаатай тухай баримт мөн ирсэн ба нийт үнэд тэдгээрийг хуваахаар нэгж хувьцааны үнэ нь 0,1311 мөнгө болж байна.
-Нэг хүн доод тал нь 81 ширхэг хувьцаа эзэмшиж байсан нь мөн баримтаар нотлогдож байх ба 924 хүнээс хувьцаа худалдан авах замаар 74700 ширхэг хувьцааг -Л.Г эзэмших болсон тухай баримтыг мөн шүүхэд гаргаж өгсөн.
-Л.Г 25,7 хувийн хувьцаа эзэмшиж байгаа тухай тодорхойлолтыг урьд гаргаж өгсөн бүртгэгч нь шүүх хуралдаан дээр “ Би тухайн үед баримтад тулгуурласан” гэсэн болно.
Тэгэхээр Л.Гын 196800 ширхэг хувьцаанаас ТӨХ-ны шийдвэрээр авсан 121900 ширхгийг хасахаар цаана нь 74200 ширхэг үлдэж байх бөгөөд анхнаасаа худалдаад авсан ба цаасан бүртгэл дээр байгаа энэ хувьцаа нь бүртгэгдэхгүй орхигдоод байна.
Иймд өөрт байгаа хувьцаагаа бүртгүүлье гэхээр захиргаа бүртгэхгүй байсан учраас шүүхэд хандахад хууль зүйн үндэслэл заахгүйгээр татгалзаж байна.
3.3. Шийдвэрт “4.4. ... 2023.03.27-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх боловч маргаан үүсэх үндсэн шалтгаан ... 2023.03.27-ны өдрийн ээлжит бус хурлын хувьцаа ээдэмшигчдийн хурлын ирц болон хурлын тов хүргэлт гэх мэт үйл ажиллагаатай холбоотой асуудал болон тамга тэмдгийн хүчин төгөлдөр байдлын асуудалтай холбогдуулан маргаж байх тул уг маргааныг иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзлээ” гэсэн.
Хурлын ирц, товтой холбоотой асуудлаар нэхэмжлэгч нь маргаагүй, харин Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т заасныг зөрчиж бүртгэл хийсэн гэж маргасан тул шүүх буруу дүгнэлт хийж байна. Нөгөөтэйгүүр хуралд ”ХГТ" ХХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн олонх ирээгүй болох нь Л.Бямбаагийн гаргаж өгсөн баримтаас тодорхой байхад түүнийг Иргэний хэргийн шүүхээр нотлуул гэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж ““ХГТ” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд орсон 2009 оны өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, “ХГТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М-н 2021 оны 6827 дугаар дүгнэлтийн Л.Гад холбогдох хэсэг буюу Л.Г 30265597 төгрөгөөр 15.96 хувь буюу 121756 ширхэг гэсний ард буюу нийт хувьцааны 25,7 хувь буюу 196600 ширхэг гэсэн нэмэлт оруулахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг нэмэлтийг оруулж, бүртгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “ХГТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
3. Нэхэмжлэгчээс “... компанийн гүйцэтгэх удирдлагын маргаантай холбоотой ямар нэгэн хэрэг байхгүй байхад байгаа мэтээр харж улсын бүртгэлийн байгууллагаас компанийн хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн, .... гүйцэтгэх захирал 2009 онд өөрчлөгдсөн үйл баримтыг бүртгэж, мэдээллийн санд өөрчлөлт оруулахад Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн албан бичиг, цагдаагийн байгууллагаас компанийн тэмдгийг битүүмжилсэн нь саад болох ёсгүй ... 2009 оны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг дахин хуралдуулах боломжгүй, ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гэж, мөн зүйлийн 20.1.14 дэх заалтад заасныг зөрчин “ХГТ” ХХК-ийн мэдээллийн санд 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрчлөлт оруулсан, ... миний 25,7 хувийн хувьцаа эзэмших эрхийн хэмжээг багасгаж компанийн нийт хувьцааны 15,96 хувийн хувьцаа эзэмшдэг болгосон сөрөг үр дагавартай бүртгэл хийсэн байна. Өөрөөр хэлбэл нэгэнт хувьчлагдаад хувьд оччихсон өмчийг төрийн мэдлийн гэсэн үгээр халхавчлах замаар иргэн миний эзэмшлийн хувийг 51 хувь дотор бус харин 100 хувь дотор 15,96 болгож багасгасан байна...” гэсэн үндэслэлээр маргажээ.
Харин хариуцагчийн зүгээс “... 2009 онд гүйцэтгэх захирлаар томилсон тухай тогтоолыг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх хүсэлт өгсөн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасныг зөрчсөн. Мөн “ХГТ” ХХК-ийн тамга тэмдэгтэй холбоотой Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн 1838009120300 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д заасны дагуу “ХГТ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын бүртгэлийг хийх боломжгүй, ... “ХГТ” ХХК-ийн 51 хувийг Д.Б нь 24.98 хувь. Б.Б 5.03 хувь эзэмшдэг нь саналын эрхтэй хувьцаагаар 100 хувь гэж үзвэл дээрх 2 хүний саналын эрхтэй хувьцаа 59 хувь болсон гэж үзэж Компанийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн, ... 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6827 дугаар Эх нотлох баримтыг үндэслэн мэдээллийн санд засвар өөрчлөлт оруулах тухай дүгнэлтэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дах хэсэгт Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дах мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байна гэж заасныг үндэслэн 1998 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 711 дугаар тогтоолыг үндэслэн иргэн Л.Гын 30265597 төгрөгөөр 15.96 хувь буюу 121756 ширхэг хувьцааг худалдаж авснаар нь дүгнэлтэд дурдсан. 1998 оноос хойш хэнээс хэрхэн хэмжээг нэмсэн талаар нотлох баримт манай, бүртгүүлэх гэж ирүүлж байгаагүй бөгөөд тус байгууллагад бүртгүүлэхээр ирүүлж байгаагүй ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
4. Нэхэмжлэлийн “ХГТ” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд орсон 2009 оны өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлагын тухайд:
4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Л.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэст “... “ХГТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулж өгнө үү ...“ гэх хүсэлтийг[1] дараах баримтуудын хамт гаргасан байна. Үүнд:
- “ХГТ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоол[2],
- 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн М.Б-н “... ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж чөлөөлөгдсөн бөгөөд тус хурлаас гүйцэтгэх захирлаар Л овогтой Г, ... ТУЗ-ын тогтоол гаргаж шийдвэрлэсэн ...” гэсэн тодорхойлолт[3],
-Хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын талаарх лавлагаа[4] зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
4.2. Хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “... “ХГТ” ХХК-ийн тэмдэгтэй холбоотой Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар “1838009120300 дугаартай хэрэгт 6715213006 хяналтын дугаартай тэмдгийг эд мөрийн баримтаар хураан авсан” нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дүгээр зүйлд зааснаар “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой ..., хуулийн этгээдийн, ... улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг” бүртгэхийг хориглоно” гэж заасныг үндэслэн бүртгэхээс татгалзсан[5] байна.
4.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна:”, 10.1.10-д “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол паспортын хуулбар;”, 10.3-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ”, 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” гэж заасан.
4.4. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/208 дугаартай “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтална”, 8.2-т “Хуулийн этгээдийн дараах мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хуульд өөрөөр заагаагүй бол ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ:”, 8.2.5-д “төлөөлөн удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий этгээд” , 8.3-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:”, 8.3.4-т “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл”, 8.3.9-д “улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж тус тус заажээ.
4.5. Хууль болон журмын дээрх зохицуулалтуудаас үзэхэд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт оруулах хүсэлтийг тус хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт оруулснаас хойш ажлын 15 хоногийн дотор холбогдох баримтуудыг буюу гүйцэтгэх удирдлагыг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг хавсаргахаар тусгайлан заасан байх бөгөөд эдгээр баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзахаар журамласан байна.
4.6. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Л.Г нь “ХГТ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2009 оны удирдах зөвлөлийн 2 дугаар тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн М.Б-н тодорхойлолт, хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын лавлагаа зэрэг баримтуудыг хавсарган 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргасан нь хуульд заасан ажлын 15 хоногийн хугацааг даруй 13 жил хэтрүүлсэн, мөн журамд заасан хавсарган ирүүлэх баримт бичгийн бүрдлээс хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэлийг бүрдүүлэн өгөөгүй байна.
4.7. Нэхэмжлэгч Л.Г-аас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлд гаргасан хүсэлтдээ М.Б-н 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж чөлөөлөгдсөн бөгөөд тус хурлаас гүйцэтгэх захирлаар Л овогтой Г, ... ТУЗ-ын тогтоол гаргаж шийдвэрлэсэн ...” гэх тодорхойлолтыг хавсаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2009 онд гүйцэтгэх захирлаар томилогдсон гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд ямар шалтгааны улмаас 13 жилийн дараа ийнхүү бүртгүүлэхээр маргасан нь ойлгомжгүй, тус хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Б-ыг бүртгэсэн бүртгэлтэй холбогдуулан маргаагүй байна.
4.8. Мөн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 48/1-4007 дугаар албан бичгээр “...тус цагдаагийн газарт Эрүүгийн 1838009120300 дугаартай хэрэгт “ХГТ” ХХК-ийн 67152130006 хяналтын дугаартай тэмдгийг эд мөрийн баримтаар хураан авсан байгаа болно ...” гэх лавлагааг хариуцагчид хүргүүлсэн байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:”, 20.1.14-т “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэж заасны дагуу хариуцагчийн бүртгэхээс татгалзсан нь буруу биш байна.
4.9. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... “ХГТ” ХХК-ийн 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №02 дугаартай төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор (1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар тал) компанийн захирлаар нэхэмжлэгчийг томилж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг гарсан өдрөөс хойш тооцон үзвэл 13 жилийн дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан нь дээрх хуулийн заалтад нийцээгүй, ... нэхэмжлэгчээс гүйцэтгэх удирдлагыг өөрчлөхтэй холбоотой өргөдлийг гаргахдаа ХГТ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №02 дугаартай тогтоолын үндэслэл болсон хурлын тэмдэглэл, ХГТ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаж өгөөгүй, ... ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэлийн “Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М-н 2021 оны 6827 дугаар дүгнэлтийн Л.Г-д холбогдох хэсэг буюу Л.Г 30265597 төгрөгөөр 15.96 хувь буюу 121756 ширхэг гэсний ард буюу нийт хувьцааны 25,7 хувь буюу 196600 ширхэг гэсэн нэмэлт оруулахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг нэмэлтийг оруулж, бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:
5.1. Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М-н маргаан бүхий 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6827 дугаартай “Эх нотлох баримтыг үндэслэн мэдээллийн санд засвар өөрчлөлт оруулах тухай” дүгнэлтээр “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 1998 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 711 дүгээр “Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоол”-оор “ХГТ” ХХК-ийн төрийн мэдлийн 51 хувийн өмчлөх эрхийг ... Л.Г 30265597 төгрөгөөр 15.96 хувь буюу 121756 ширхэг хувьцааг худалдан авсан хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг бүртгэх”-ээр шийдвэрлэсэн байна.
5.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Төрийн өмчийн хорооны 1998 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 396 дугаар тогтоолоор “ХГТ” ХХК-ийн төрийн мэдлийн 51 хувийг худалдахаар тогтоож, тус компанийн 49 хувийг эзэмшигчдэд худалдан авах санал болгож шийдвэрлэж, Төрийн өмчийн хорооны 1998 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 711 дүгээр тогтоолоор “ХГТ” ХХК-ийн төрийн мэдлийн 51 хувийн өмчлөх эрхийг нэр бүхий иргэдэд шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн. Тус тогтоолын хавсралтын 3 дугаарт Л овогтой Г-д 121756 ширхэг буюу 15.96 хувь гэж заасан байх бөгөөд 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчид олгосон 21/00020 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээнд Л овогтой Г, “ХГТ” ХХК-ийн төрийн мэдлийн 15.96 хувь буюу 121756 ширхэгт ногдол хувийг 90265597 төгрөгөөр худалдан авч үнийг бүрэн төлсөн гэж тэмдэглэгдсэн байна.
5.3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/341 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлт, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл гомдлын дагуу улсын бүртгэлтэй холбоотой тодорхой нөхцөл байдлыг тогтооход үйлдэнэ” гэж тус тус заажээ.
5.4. Хууль болон журмын дээрх зохицуулалтаас үзэхэд хяналтын улсын байцаагч нь улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхийг хуулиар олгосон байх бөгөөд эрх бүхий байгууллага, албан тушаалтын хүсэлт, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл гомдлын дагуу улсын бүртгэлтэй холбоотой тодорхой нөхцөл байдлыг тогтооход улсын байцаагчийн дүгнэлтийг үйлдэхээр журамласан байна.
5.5. Маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл хэсэгт “... “ХГТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Б нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 01/01 албан бичгээр Төрийн өмчийн хорооны 1998 оны 396 дугаар тогтоол, 711 дүгээр тогтоолын хавсралт 1,2,3-ын дагуу бүртгэж өгнө үү” гэх албан бичгийн дагуу холбогдох хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хянаад ...” гэж тодорхойлогдсон байх бөгөөд хүсэлтэд дурдсан Төрийн өмчийн хорооны 1998 оны 396 дугаар тогтоол, 711 дүгээр тогтоолын хавсралт 1, 2, 3-ын дагуу бүртгэхтэй холбоотой асуудал буюу “ХГТ” ХХК-ийн төрийн мэдлийн 51 хувийн өмчлөх эрхийг цахим мэдээллийн санд бүртгэхээр шийдвэрлэсэн байна.
5.6. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгчээс уг дүгнэлтийн үндэслэл болсон Төрийн өмчийн хорооны тогтоолуудаар шийдвэрлээгүй асуудал болох ХГТ ХХК-ийн өөрийн нийт хувьцааны хувь болон тоо ширхэг буюу 25,7 хувь буюу 196600 ширхэг гэсэн нэмэлтийг уг дүгнэлтэд оруулах хүсэлтийг гаргасан нь үндэслэлгүй, уг хүсэлтэд дурдсан нэмэлтийг оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль зөрчөөгүй байхын зэрэгцээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 4.1.5-д Нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж заасанд нийцсэн байна, ... дээрх дүгнэлтээр “ХГТ” ХХК-ийн төрийн мэдлийн 51 хувийн өмчлөх эрхийг нэр бүхий иргэдэд шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн асуудлыг цахим мэдээллийн санд оруулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэснээс бус тус компанийн хувьцаа эзэмшигч нарын нийт хичнээн хэмжээгээр хувьцаа эзэмшиж байгаа талаарх асуудлыг шийдвэрлээгүй байна” гэх дүгнэлт үндэслэлтэй.
5.7. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С.М нарын 17 иргэнээс Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М-д холбогдуулан “... Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М-н 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 0008 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасан, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 86 дугаар тогтоолоор “... Захиргааны хэргийн шүүх нь энэ тохиолдолд “ХГТ” ХХК-ийн 49 хувийн хувьцааг хэн эзэмших эрхтэй талаар дүгнэлт хийхгүй, харин хариуцагч хяналтын улсын байцаагч “ХГТ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа хуульд заасан журмыг баримталсан эсэх, хуульд заасан үндэслэлээр захиргааны актыг гаргасан эсэх талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх учиртай, ... хариуцагч улсын байцаагч нь ... хуульд заасан бүрдүүлбэл зохих баримтын бүрдлийг хангалгүй ... маргаан бүхий дүгнэлтийг гаргаж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан нь илэрхий үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” буюу захиргааны акт илт хууль бус болох үндэслэлд хамаарна...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
5.8. Энэхүү шүүхийн шийдвэрт дурдсанчлан захиргааны хэргийн шүүх нь компанийн хувьцааг хэн хэдий хирийн хэмжээний эзэмших эрхтэй талаар дүгнэлт хийхгүй, харин хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар улсын байцаагчийн дүгнэлтийг гаргахдаа хуульд заасан журмыг баримталсан эсэх, хуульд заасан үндэслэлээр захиргааны актыг гаргасан эсэх талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх бөгөөд хариуцагч улсын байцаагч нь маргаан бүхий 2021 оны 6827 дугаар дүгнэлтийг гаргахдаа хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5.9. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “... 7480 дугаартай дүгнэлтийг Монгол Улсын дээд шүүх илт хууль бус болохыг тогтоосон нь ... 49 хувийн хувьцааны тодорхой хэсгийг нэхэмжлэгч Л.Г хуулийн дагуу эзэмшдэг болохыг харуулж байна ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
5.10. Мөн энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамаарах компанийн хувьцааны эзэмших эрхтэй холбоотой асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх, улмаар дараа хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах талаар улсын бүртгэлийн байгууллагад хандах боломжтой энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд уг шийдвэр саад болохгүй
6. Нэхэмжлэлийн “ХГТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
6.1. Монгол улсын Дээд шүүхийн нийтийн шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын 5.1.2-т “... Улсын бүртгэлийн маргааны хувьд иргэний болон захиргааны хэргийн шүүх нь эрх зүйн маргааны үндсэн шинжээс хамаарч өөр өөрийн харьяаллаар хэргийг хянан шийдвэрлэнэ. Тухайлбал, улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн, эсхүл бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсаны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгохтой холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаардаг. Гэвч бодит байдалд хүн, хуулийн этгээдээс улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар, жишээ нь “улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга нь иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан буюу иргэний гэрээ, хэлцэл, итгэмжлэл, хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой, эсхүл онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх үйл баримт байх нь цөөнгүй. Иймд шүүхийн процесс хэмнэлттэй байх, шүүхийн шийдвэр нэгдмэл байх, иргэдэд эрх зүйн үр нөлөөтэй хамгаалалтыг түргэн шуурхай үзүүлэх зарчмыг хангах үүднээс захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх улсын бүртгэлтэй холбоотой маргааныг захиргааны байгууллагын “шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлах”-аар тайлбарлав. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянана гэж ойлгоно. Харин нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллага (захиргаа)-д холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар маргаж байгаа боловч тухайн маргааныг шийдвэрлэхийн тулд эхэлж иргэний маргааныг хянан шийдвэрлэх шаардлагатай болох нь илэрхий тодорхой байгаа тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино.
... Түүнчлэн, иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдан зөвхөн хувийн эрх зүйн маргааны үйл баримтыг шийдвэрлэж (өмчлөгчөөр тогтоох, маргаан бүхий гэрээ хэлцэл, эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэх мэт), бүртгэлийн асуудлыг орхигдуулдгаас дахин захиргааны маргаан үүсэх шалтгаан болж байна. Иймд иргэний хэргийн шүүх цаашид бүртгэлийн маргааны үндэс болох хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ (үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал өмчлөх эрхийн маргаан гэх мэт) нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татсан эсэхээс үл шалтгаалж улсын бүртгэлийн асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх арга, журмыг тодорхойлохдоо нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна. Ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордохгүй, харин ч эрх зүйн хамгаалалтыг бүрэн үзүүлэх тул агуулгын хувьд “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”- д тооцогдохгүй, мөн “нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох” зарчимтай зөрчилдөхгүй юм”, Тайлбарлах нь хэсгийн 1.2-т “Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлагдах тул хэрэв тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино” гэж тайлбарласан байна.
6.2. Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн маргаан бүхий 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “ХГТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Т-г бүртгэж, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд Б.Б, Б.Г, Б.Т нарыг тус тус шинээр бүртгэж, Б.Б, Д.Б нарын хувьцааны мэдээлэлд өөрчлөлт оруулсан байна.
6.3. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Тамга тэмдгийн хяналтын дугаар хүчингүй болгох тухай” 1234 дугаар дүгнэлтээр “... улсын бүртгэгч нь ... “ХГТ” ХХК-ийн тамга, тэмдгийн хяналтын дугаар хүчингүйд тооцуулах, дахин авах тухай компанийн эрх барих дээд байгууллагын тогтоол, хурлын тэмдэглэл байхгүй байхад тус компанид тамга тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон байна, ... тухайн үед Л.Г нь “ХГТ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш байсан болох нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний 20 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтаар Хөвсгөл аймгийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн /хуучнаар/ 2004 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар шинэчлэн баталсан гэх “ХГТ” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна. Мөн Л.Г “ХГТ” ХХК-ийн тамгыг хаяж үрэгдүүлээгүй Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Бд хадгалагдаж байсан болохыг мэдэж байсан болох нь нотлогдож байна ...” гэж дүгнэн “ХГТ” ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахин олгосон тамга тэмдгийн 6715213006 хяналтын дугаарыг хүчингүй болгосон байна.
6.4. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “... Компанийн бүх хувьцааны 50 хувиас дээш хувьцаа эзэмшигч хуралд ирвэл хурал хүчин төгөлдөр болно гэж заасныг зөрчиж хийсэн, ... компанийн дүрмийг өөрчлөх эрх нь нийт хувьцаа эзэмшигчид байгаа, нийт хувьцаа эзэмшигч дотор нэхэмжлэгч байгаагийн хувьд дүрэм өөрчлөх асуудалд саналаа хэлэх эрх нь байгаа, гэтэл санал авалгүйгээр, мэдэгдэлгүйгээр дүрэмд өөрчлөлт оруулсан”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Д.Б-гийн улсын бүртгэлийн байгууллагын хүлээж аваад байгаа бичиг баримт дээрх тамга нь хуулийн хүчин төгөлдөр биш” гэж тайлбарлан маргасан байна.
6.5. Захиргааны хэргийн шүүх нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн, эсхүл бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсаны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх хууль зүйн боломжтой.
6.6. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх нь улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянах хууль зүйн боломжтой тул нэхэмжлэгчийн “... компанийн дүрмийг өөрчлөх эрх нь нийт хувьцаа эзэмшигчид байгаа, нийт хувьцаа эзэмшигч дотор нэхэмжлэгч байгаагийн хувьд дүрэм өөрчлөх асуудалд саналаа хэлэх эрх нь байгаа, гэтэл санал авалгүйгээр, мэдэгдэлгүйгээр дүрэмд өөрчлөлт оруулсан, ... Компанийн тухай хуульд заасан 50 хувиас дээш хувьцаа эзэмшигчид хуралд оролцвол хурал хүчин төгөлдөр болно гэж заасныг зөрчсөн ...” гэх зэрэг агуулгаар маргаж байгаа энэ тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит бус хурлын хувьцаа эзэмшигчдийн хурлын дотоод зохион байгуулалтын асуудал болох хурлын ирц, тов хүргэлттэй холбогдуулан буюу компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаантай энэ тохиолдолд уг маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ