Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 474

 

МАГАДЛАЛ

 

2018.02.14                                                     Дугаар 474                             Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Н-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/03007 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Д, Б.Я, Б.Х нарт холбогдох,

 

Б.Д, Б.Х нарын нэр дээрх газрын гэрчилгээг хүчингүй болгох, тухайн газар дээр баригдсан 91 метр квадрат өвлийн сууц, 24 метр квадрат агуулах, 21 метр квадрат граж, 18 метр квадрат бохирын цооног зэрэг хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоолгох, Б дүүрэг ? дүгээр хороо, Х И ХК-н ? айлын орон сууцны ? тоот хаягт байрлах ? метр квадрат талбай бүхий ? өрөө орон сууцны өвлөгч болохыг тогтоолгох, Б.Н-н өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Х, Б.Д нарын Ч дүүргийн ? дугаар хороо, Дэнжийн ? дугаар гудамжны ? тоот хаягт байрлах ? м.кв талбай бүхий газар дээр баригдсан өвлийн сууц, агуулах, граж, бохирын цооног зэрэг хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, Б.Н Ч дүүргийн ? дугаар хороо, Дэнжийн ? дугаар гудамжны ? тоот хаягт байрлах газраас албадан нүүлгэх тухай сөрөг шаардлагатай  иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.П,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний ээж н.Ц нь аав Б суухдаа гурван дагавар хүүхэдтэй байсан, гэрлэснээсээ хойш 15 жил болоход ээжээс хүүхэд гараагүй учраас ааваас салаад Улаанбаатар хотод нүүж ирээд гэр түрээсэлж айлын хашаанд буусан ба Улаанбаатар хотод ирэхдээ ээж жирэмсэн болсон байсан, аав өвөл нь ирсэн, би тухайн үед нь амьдралын хүнд хэцүү давааг туулсан. Нутгийн ахаас тусламж гуйж 2 айлын хашааны завсар буюу ? га газар одоогийн Дэнжийн ? дугаар гудамжны ? тоот газрыг олж өгсөн. Би тэр үед онц сурч степент авч тэр мөнгөө нагац ах Д хадгалуулсан байсан. Ахтайгаа хамт очиж газрыг үзэж, айлтай нь уулзсан. Тэгээд ахтай үнээ тохирч надад тухайн газрыг худалдаж авч өгсөн. Ах бурхан болохоосоо өмнө гэрчийн мэдүүлэг бичиж өгсөн. Ингээд бид хашааны газартай болж, аав хөдөөнөөс нүүж ирсэн, ээж төрж Б.Х гарсан, би энэ газрыг хариуцагч нараас өмнө өөрийн мөнгөөр худалдаж авсан. Дараа нь би нөхөртэй болж энэ газар дээрээ гэр барьж суусан. Манай нөхөр Г бид 2 багшийн ажил хийдэг байсан, цалингаасаа илүүчилж 13*7 харьцаатай ? өрөө өвлийн сууц барьсан, манай нөхрийн барьсан ? өрөөнд нь ээж, аав дүү нараа суулгадаг байсан, 1990 оноос манай нөхрийг Эрдэнэт хот руу ажиллуулах томилолт өгч бид Эрдэнэт очиж амьдарч байгаад 2005 онд буцаж ирэхэд аав х и ? өөрөө байр аваад тэндээ амьдардаг байсан. Бид хашаа, байшингаа харж хандаж байгаарай гээд хөрш Ч захисан. Улаанбаатарт буцаж ирэхэд хашаа байшин маань балгас болсон байсан. Ингээд бид 2007-2010 он хүртэл Х б зээл авч байшингаа засаж сэлбэсэн. Гарааш, склад барьсан, маш их хөрөнгө хүч зарж, хүн амьдрах дайтай болсон. Энэ талаар манай хөршүүд болох Д, Ч нар гэрчээр мэдүүлэг өгсөн, 2005 онд газраа өмчилж авах гэтэл аав маань аль хэдийн хувьчилж авсан байсан. Гэтэл өөрийн төрсөн хүүхдүүдийг хамтран эзэмшигчээр оруулсан байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн талаар өмчлөл хийгээгүй байсан. Ингээд би газрын алба дээр очиход газар өөр хүний нэр дээр байгаа учраас та нар эхлээд өөрсдөө ярилц гэсэн. Ингээд бидний хооронд маргаан үүссэн. Тухайн үед газар хувьчилж авсан гэрчилгээ алга болсон гэж аав, ээж хоёр хэлсэн. Дараа нь бид олон дахин ярилцаад гэрчилгээг залруулж, лавлагааг гаргуулж өгсөн. Газрын албанаас газар эзэмших гэрчилгээг нөхөж олгож өгөв гэсэн шийдвэр гарсан. Үүний дараа дахиж материалаа бүрдүүлж өгөөрэй гэж хэлсэн. Газрын гэрчилгээ аавын чинь нэр дээр хуучнаараа гарна гэж надад хэлсэн. Тухайн үед 2010 оноос хойш манай нөхрийн ах харваж бид Өвөрхангай аймагт очиж ахыгаа сахидаг байсан, ингээд ээжийн минь бие муудсан, аав нас барж, дахин ахын бие муудаж, бид нааш цаашаа маш их явсан, 2010-2014 он хүртэл газрын асуудлаа хөөцөлдөх боломжгүй байсан. Ингээд дүү нараасаа зөвшөөрөл авах гэж очиход Б.Х бол зөвшөөрсөн, надад итгэмжлэл олгосон, гэтэл Б.Д би мэдэхгүй Б.Я эгч мэднэ. Би сайн мэдэхгүй энэ асуудалд чинь оролцохгүй гэсэн. Б.Я уулзахад асуудлаа шүүхээр шийдүүлье гэсэн. Б.Х-ын олгосон итгэмжлэлийн дагуу би х и байр ? хүний өмчлөлд байдгийг мэдсэн. Ингээд өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлагатай юм байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би дээрх газрыг Б.Х, Б.Д нараас ч өмнө өмчилж авсан. Хариуцагч нараас тухайн газар, газар дээр баригдсан объектыг барихад ганц ч төгрөг ороогүй, аав л тэднийг хамтран эзэмшигчээр нэрийг нь оруулсан байдаг. Тийм учраас хариуцагч нарын нэр газрын гэрчилгээн дээр байх ёсгүй. Х и ? өрөө байрны хувьд би аав, ээжийнхээ нэр дээр байгаа учраас өөрийн хэсгийг авмаар байна, 2014 онд энэ талаар мэдсэн. Би өөрийгөө өвлөх эрхтэй гэж үзэж байна. Өв залгамжлах хугацаандаа би хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Ахыгаа сахиж байсан учраас хөөн хэлэлцэх хугацааг маань сэргээж өгнө үү, энэ хэрэгт Б.Дг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байгаа гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Н 1980 онд одоогийн Ч дүүргийн ? дугаар хороо, Дэнжийн ? тоот хаягт байрлах газрыг худалдаж аваагүй, манай эцэг эх 1980 онд Говь-Алтай аймгаас шилжиж ирэхдээ газрыг эзэмшиж хашаа, байшин барьсан, 1980 онд газар худалдаж байгаагүй, 1983 онд Б.Н нөхөр хүүхэдтэй болж сургуулиа төгстөл амьдарч байгаад 1990 онд Эрдэнэт хот руу нүүж өрх тусгаарлан гарсан. Миний эх Д.Ц 2011 оны 8 дугаар сард, эцэг П.Б 2012 онд нар барсан. Тэр үед эцэг эхийг өвчтэй байхад Б.Н сахиж байгаагүй болох нь эмнэлгийн тодорхойлолтоор нотлогдож байгаа, 2004 онд газар өмчлөх хүсэлтийг өгч эцэг П.Б, эх Д.Ц, дүү Б.Д болон Б.Х бид нар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Тэр үед эгч Б.Н бидэнтэй хамт амьдарч байгаагүй, одоо ч энэ газрыг эзэмшдэггүй, амьдардаггүй. Б.Хыг энхийг сахиулах ажиллагаанд явах гэж байхад нь 2014 оны 8 дугаар сард Б.Н улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад итгэмжлэл өгөхийг гуйхаар нь итгэмжлэл өгсөн. Гэтэл Б.Н шүүхэд дүү нараас орон сууц хашаа байшин авах гэж нэхэмжлэл гаргахдаа эцэг эхийн ясыг өндөлзүүлж муулж бичсэн тул 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн өвлөх эрхийг татгалзсан итгэмжлэлийг хүчингүй болгох хүсэлтийг гаргасан.

Эцэг Б нь 2012 онд, эх Ц нь 2011 онд нас барсан, түүнээс хойш өвлөх хүсэлтээ гаргаагүй тул өвлөх эрхээ алдсан, өвлөх эрхгүй гэж үзэж байна. Үүрэг хүлээн авахаа мэдээгүй байсан гэж байна. Хүндэтгэн үзэх шалгаантай байсан болох нь тогтоогдохгүй байна. Нийслэлийн засаг даргын газар өмчлүүлэх тухай шийдвэр гарч Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэгч хууль бус шаардлага гаргаж байна. Газрын гэрчилгээг хүчингүй болгуулах тухай үндэслэлээ тайлбарлаж чадаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Х, Б.Д нарын 1980-2011 он хүртэл амьдарсан Чингэлтэй дүүргийн ?  дугаар хороо, Дэнжийн ? дугаар гудамжны ? тоот хаягт байрлах газрын хууль ёсны өмчлөгч ба тус газар дээр баригдсан байшин, зоорь, гарааш, бохирын цооног зэргийг эцэг эх барьж хамтран амьдарч байсан тул өмчлөгч болохыг тогтоож өгнө үү, Б.Н дээрх байшин, зоорь, гарааш, бохирын цооног зэргийг бариагүй, хуулийн дагуу Б.Нт газар өмчлөх эрх олгогдоогүй байхад хууль бусаар эзэмшиж байгаа тул Б.Х, Б.Д нарын өмчлөлийн газраас Б.Нийг албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 1980 онд МУИС-д суралцаж байхад эцэг, эх хөдөөнөөс шилжиж ирээд Ч дүүргийн ? дугаар хороо Дэнжийн ? тоот ? м.кв талбай бүхий газрыг худалдан авч суурьшсан, уг хашааг худалдан авахад аав ээж мөнгөний боломжгүй байсан тул би нагац ах Дхадгалуулж байсан мөнгөөрөө уг хашааг худалдаж авсан. Ээж аав хоёр дахин гэрчилгээ авахдаа чиний нэрийг оруулна гэсэн тул би итгээд дахин энэ тухай яриагүй, гэтэл ээж 2011 оны 8 дугаар сарын 24-ны өдөр, аав 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр нас барсан бөгөөд уг газрын гэрчилгээтэй холбоотой асуудлыг ярих боломж байгаагүй. 34 жил амьдарч байгаа бөгөөд манай гэр бүлийг эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулахад хэн ч хориг саад тавиагүй, хэн ч хөрөнгө мөнгөөр туслаагүй, уг хашаанд 2004 оноос хойш хэн ч ирж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т зааснаар П.Б, Д.Ц, Б.Х, Б.Д нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-? дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ? дугаартай, ? м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийн ? дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Б.Нийг өмчлөгчөөр бүртгэхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгаж, Б.Нийг Чингэлтэй дүүргийн ? дугаар хороо, Дэнжийн ? дугаар гудамжны ? тоот хаягт байрлах ? м.кв талбай бүхий газар дээр баригдсан 91 метр квадрат өвлийн сууц, 24 метр квадрат агуулах, 21 метр квадрат граж, 18 метр квадрат бохирын цооног зэрэг хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоож, Ч дүүргийн ? дугаар хороо, Дэнжийн ? дугаар гудамжны ? тоот хаягт байрлах ? м.кв талбай бүхий газар дээр баригдсан өвлийн сууц, агуулах, граж, бохирын цооног зэрэг хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоолгох, Б.Нийг Чингэлтэй дүүргийн ? дугаар хороо, Дэнжийн ? дугаар гудамжны ? тоот хаягт байрлах газраас албадан нүүлгэх тухай Б.Д, Б.Х нарын сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 528 дугаар зүйлийн   528.4 дэх хэсэгт зааснаар Б.Н-н Б дүүрэг ? дүгээр хороо, Х И ХК-н ? айлын орон сууцны ? тоот хаягт байрлах ? метр квадрат талбай бүхий ? өрөө орон сууцны өвлөгч болохыг тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Б.Н-н төлсөн 210 200 төгрөг, хариуцагч нар төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Нээс 70 600 төгрөгийг, Б.Х, Б.Д нараас 70 200 төгрөг тус тус гаргуулан улсын төсвийн орлогод, Б.Х, Б.Д нараас 140 400 төгрөгийг гаргуулан Б.Нт тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, татгалзсан, хариуцагч Б.Я татгалзсан талаар хүсэлт гаргаагүй ойлгомжгүй байхад тодруулаагүй шийдвэрлэсэн. Газрын эд хөрөнгийн улсын бүртгэлийн ? дугаартай гэрчилгээнд П.Б, Д.Ц, Б.Х, Б.Д нарын нэр бүртгэгдсэн байхад нэхэмжлэгч Б.Н дээрх эд хөрөнгийн Б.Х, Б.Д нарын нэртэй гэрчилгээг хүчингүй болгох шаардлага гаргасан байгааг шүүхээс анхаараагүй. Нэхэмжлэгч Б.Н нь газрын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Б.Нийг өмчлөгчөөр бүртгэхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүхээс Бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй илт нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлж хариуцагч нарын хуулийн өмнө тэгш байх зарчмыг алдагдуулсан. Учир нь 2002 оны Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу П.Б нь өөрийн эзэмшлийн газраа өмчилж авах хүсэлтээ 2004 онд гаргаж хамтран өмчлөгчөөр Д.Ц, Б.Х, Б.Д нар бүртгэгдсэн байхад Б.Н нь шударга эзэмшигч ба тухайн газрыг өмчлөх эрхтэй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж шударга ёсонд нийцэхгүй хуулийн өмнө тэгш байх зарчмыг алдагдуулж уг газар дээр хариуцагч нар амьдраагүй гэсэн хийсвэр дүгнэлт хийсэн. Эцэг П.Б, эх Д.Ц нар нь амьд сэрүүн байхад тэдний зөвшөөрөлгүй нэхэмжлэгч Б.Н нь 2010 онд эцэг П.Б нэрээр өөрөө өргөдөл бичиж сонинд газрын гэрчилгээг үрэгдүүлсэн гэж хүчингүйд тооцуулсан нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Гэтэл шүүхээс Өнөөдөр сонины хайчилбарыг нотлох баримтаар үнэлж газар өмчлөх гэрчилгээг хүчингүй болгосон ба Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаа болон хариуцагч талаас өгсөн баримт байсаар байхад Газар өмчлөх гэрчилгээг хүчингүйд тооцсон болон Газар өмчлүүлэх шийдвэрийн нөхөн авсан гэж буруу дүгнэсэн. Б.Н нь 2014 онд уг газрын өмчлүүлэх шийдвэрийг нөхөн гаргуулах хүсэлт гаргах эрхгүй байхад Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг 10 жилийн дараа нөхөн гаргуулж хууль бусаар нотлох баримт цуглуулсан шүүхээс сонины зар болон нөхөн олгосон баримтыг Б.Н нь тухайн газрын өмчлөх эрхтэй байна гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Д, Б.Я нарт холбогдуулан Б.Д, Б.Х нарын нэр дээрх газрын гэрчилгээг хүчингүй болгох, тухайн газар дээр баригдсан 91 м.кв өвлийн сууц, 24 м.кв агуулах, 21 м.кв гарааш, 18 м.кв бохирын цооног зэрэг хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоолгох, Б дүүрэг ? дүгээр хороо, “Х И” ХК-н ? айлын орон сууцны ? тоот хаягт байрлах ? м.кв талбай бүхий ? өрөө орон сууцны өвлөгч болохыг тогтоолгох, Б.Н-н өв хүлээн авах хугацааг сунгуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Ч дүүргийн ? дугаар хороо, Дэнжийн ? дугаар гудамжны ? тоот хаягт байрлах ? м.кв талбай бүхий газар дээр баригдсан өвлийн сууц, агуулах, граж, бохирын цооног зэрэг хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, Ч дүүргийн ? дугаар хороо, Дэнжийн ? дугаар гудамжны ? тоот хаягт байрлах газрыг Б.Н-н эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Б.Хыг гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргасныг шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2016/27424 тоот захирамжаар шийдвэрлэн, хүсэлтийг хангасан.

Нэхэмжлэгч Б.Н нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Б.Я татгалзаж, Б.Хыг харуцагчаар татах хүсэлт гаргасныг шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн Б.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлөх итгэмжлэлийг Ч.Э олгоогүй байхад тэрээр Б.Хын нэрийн өмнөөс сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба нэхэмжлэгч нь хариуцагч Б.Я татгалзсаныг шийдвэрлээгүй байв.

Дээрхээс дүгнэвэл Б.Хыг хариуцагчаар татах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэмэгдүүлж, өөрчилсөн шаардлага нь гуравдагч этгээдэд холбогдож байх бөгөөд шүүх гуравдагч этгээдэд холбогдуулан шаардлага шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт нийцэхгүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулан зөвтгөх боломжгүй, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/03007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Б.Я төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

                                                                         

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ