Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/805

 

 

       2023         6           06                                         2023/ШЦТ/805

 

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,

улсын яллагч М.Ариунцэцэг,

хохирогч Д.Б , түүний өмгөөлөгч Б.Энхцэцэг, 

шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л д холбогдох эрүүгийн 2206 05850 0931 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.Л , Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Л нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах офицеруудын ордны автобусны буудлын орчимд хохирогч Д.Б тай хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний зүгээс хохирогчийг хохирол төлбөр хэдэн төгрөг нэхэмжилж байгааг мэдэхгүй байна. Би гэм буруу дээрээ маргахгүй байгаа зүйлгүй.” гэв.

Хохирогч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хамрынхаа далий хэсгийг тэгшлүүлж авах хүсэлттэй. Гоо сайхны эмнэлгээр дутуу эмчлэгдсэн. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Г.Л машиныхаа мөнгийг өгье гэж хэлээд автобусны буудал дээр авчирч ирээд зодсон. Тэрнээс хойш ГССҮТ-ээр явж баахан эмчилгээ хийлгэсэн. Тэрнээс хойш хэвтэж эмчлүүлээгүй учраас гүйцэтгэж эдгээгүй байна. Одоо Гоо сайхны эмнэлэгт очиход 2,400,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийн зардал гарна. Та эхлээд шинжилгээгээ өгчих, ямар ямар эмчилгээ хийх талаар эмнэлгээс нь гаргана, хэвтэж эмчлүүлж байж хамрын гэмтэл чинь хэвийн хэмжээндээ орно гэж хэлсэн. Би энэ зардлаа ч гэсэн гаргуулмаар байна. Би одоогоор өмгөөлөгчдөө 1,500,000 төгрөгийг өгсөн, ГССҮТ-д 329,800 гаруй төгрөг нийлээд 1,829,800 төгрөгийн зардал гарсан. ЭМЖЖ эмнэлэг завсарт орчхоод 9 сар хүртэл эмчилгээ хийхгүй гэж байна лээ. Гомдол, саналын тухайд хохирлоо нэхэмжилж байна. Эхний ээлжид Гоо сайхны эмнэлгийн зардлаа гаргуулмаар байна. Би 10 хоногийн ч гэсэн эмчилгээндээ ормоор байна. Гомдолтой байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч Д.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Г.Л холбогдоод Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнгэр плаза төвийн хашаанд хар өнгийн Лексус Н3250 загварын тээврийн хэрэгслийг 15,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод данс руу нь мөнгийг шилжүүлсэн. Тэгтэл тухайн тээврийн хэрэгсэл нь ББСБ нэр дээр бүртгэлтэй байсан тул Л-ээс мөнгөө авъя гэхэд миний мөнгийг мөнгө хүүлэгчид өгсөн гэсэн. Үүнээс хойш мөнгөө өгөхгүй яваад байсан. ... 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн орчимд Г.Л 0 дугаараар холбогдож ярихад, би мөнгийг чинь өгнө ш дээ гэж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 01 цагийн орчимд Г.Л над руу 0 дугаараас залгаад мөнгийг нь авч ирж байна, гараад ир гэсэн. Тэгэхээр нь Л  Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо офицеруудын ордны автобусны буудал дээр уулзъя гэсэн. Ингээд би эхнэр А хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Офицеруудын ордны автобусны буудал дээр очиход Г.Л ганцаараа зогсож байсан. Би Л  уулзаад мөнгөө яасан бэ гэхэд үгийн зөрүүгүй миний нүүр рүү гараа атгаж байгаад миний хамрын дээд хэсэгт 1 удаа цохисон. Миний хамраас цус гараад тонгойсон чинь араас нуруу болон хөл, гар руу өшиглөөд байсан. Тэгсэн манай эхнэр А цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага өгсөн ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-19 дүгээр хуудас),

Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 01 цагийн орчимд нөхөр Д.Б  болон хүүхдүүдийн хамт гэртээ байхад Г.Л манай нөхөр рүү залгаж ярьсан. Өмнө нь Г.Л гэх хүнээс манай нөхөр хар өнгийн Lexus Н8250 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсныг Г.Л гэх хүн манай нөхөрт хэлээгүй зарсан байсан. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 01 цагийн орчимд нөхөр рүү утасдаж мөнгөө ав гэж хэлсэн. Тэгээд Г.Л Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Офицеруудын ордны автобусны буудал дээр уулзахаар болсон. Би нөхөр Д.Б ы хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо офицеруудын ордны урд талын буудал дээр очсон. Нөхөр бид хоёрыг автобусны буудал дээр очиход Г.Л нь ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь Л машинд суучих гэтэл Г.Л машин хаана байна, та хоёрыг алчихна шүү, хоёр луйварчин минь гэсэн. Нөхөр бид хоёр машинд суучих гээд 4-5 удаа хэлсэн. Тэгээд суухгүй болохоор нь машинаас буусан. Тэгтэл үгийн зөрүүгүй Л манай нөхрийг гараа атгаж байгаад нүүр рүү нь цохисон. Манай нөхөр доошоо тонгойход нь хөл рүү нь өшиглөсөн. Тэгэхээр би цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. ... Манай нөхөр Д.Б  нь Л цохиж зодсон зүйл байхгүй. Харин Г.Л нь манай нөхрийн нүүр хамар руу гараараа цохиж, хөлөөрөө өвдөглөсөн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15484 дугаар: “1. Д.Б ы биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 61-71, 73-79 дүгээр хуудас), ГССҮТ-ийн баримт, төлбөрийн гар бичмэл, Your logo болон Голомт банкны НӨАТ-ын баримт, Бэлэн мөнгөний орлогын баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Г.Л нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах офицеруудын ордны автобусны буудлын орчимд хохирогч Д.Б тай хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Л нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Л нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах офицеруудын ордны автобусны буудлын орчимд хохирогч Д.Б тай хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтэл учруулсан байна.

Хохирогч Д.Б д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15484 дугаар “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт,  хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Г.Л нь хохирогч Д.Б ы нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Д.Б д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15484 дугаар “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт,  хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Л нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Л нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож буй гэм хорын хохиролд шүүгдэгч Л-ээс 1,321,800 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б д олгуулахаар шийдвэрлэв.

Мөн хохирогч Д.Б  нь цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Л-ээс холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай. ... өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялд ... 40 хоног буюу 01 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар тогтоох саналтай...” гэх,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас оногдуулахаар санал болгож буй 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөдөж байна гэж үзэж байна. ... үйлдэл, санаа, зорилгыг харахад дээрх ял нь хөнгөдөж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 240-720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх сонголттой. 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. ... гэмт хэрэг үйлдэхдээ гаргаж байгаа санаа зорилго нь онцгүй, ... магадгүй эхнэр нь байгаагүй бол яах байсан бэ, үүнийг анхаарч үзэх хэрэгтэй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Л-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэв.

Мөн шүүгдэгч Г.Л нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн байх бөгөөд 2023.06.02 өдрийн байдлаар биеэр 5 сар 20 хоногийн хорих ял эдэлсэн байх ба 02 жил 02 сар 10 хоногийн үлдэгдэлтэй ялтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л-д оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, 2 сарын хугацаагаар хорих ялыг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 10 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч Л-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-ийн цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцов. 

Бусад асуудлаар:                             

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Л-д 02 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л-д оногдуулсан 02 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, 02 сарын хугацаагаар хорих ялыг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 10 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Л-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-ийн цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.  

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-ээс 1,321,800 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б д олгосугай.

7. Хохирогч Д.Б  нь цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Л-ээс холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

            ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ