Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2019/02384

 

 

2019 оны 11 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2019/02384 Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, байрлах, Э ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, , И ХХК  /РД:......./-д холбогдох,

 

 

 

Тээвэр зуучийн төлбөр 24.304.994 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , нарийн бичгийн даргад Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э ХХК нь олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг. Хариуцагчтай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Тээвэр зуучийн үйлчилгээний ерөнхий гэрээг байгуулж тухайн байгууллагын тээвэр зуучийг хариуцан үйлчилгээ үзүүлсэн. Гэрээний дагуу төлөлт хийгээгүй хуримтлал үүссэн. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал н.Нтай тооцоо нийлүүлж, 8571 еврогийн төлбөрийн үлдэгдэлтэй гэдэг дээр тохирч, тооцоо нийлүүлсэн акт хийж баталгаажуулсан. Хариуцагч гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлдөггүй удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдөр хүртэл төлбөрөө төлөөгүй тул шүүхэд хандсан. Одоогийн нийт төлбөрийн үлдэгдэл 8215 евро буюу 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкны албан ханшаар 24,304,994 төгрөг болсон тул энэ төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох тооцоо нийлүүлсэн баримт, талуудын хооронд байгуулагдсан гэрээ гэх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч өнөөдөр хүртэл хариу тайлбар гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийг гардаж авснаас хойш хариу тайлбар гаргаж өгөх 14 хоногийн хугацаа дууссан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Шүүх Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК тээвэр зуучийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 8215 евро буюу 24,304,994 төгрөгийг хариуцагч И ХХК -иас гаргуулахыг шаардсан байна.

 

Хариуцагч тал 2019.10.08-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э ХХК нь олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байх бөгөөд хариуцагч И ХХК -тай 2017.11.20-ний өдрийн тээвэр зуучийн үйлчилгээний ерөнхий гэрээг байгуулсан, гэрээний хавсралтад тээвэрлэлтийн төлбөр 9000 евро байхаар тохирсон байна.

 

Дээрх гэрээний дагуу үйлчлүүлэгчийн захиалгаар Гүрж улсаас нийлүүлж буй дарс, оргилуун дарсыг Монгол Улсын нутаг дэвсгэрт автомашинаар тээвэрлэн ирүүлэх тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч нь тээврийн хөлсний 50 хувийг ачааг хүлээж авах үед үлдсэн 50 хувийг ачааг хүлээж авсанаас хойш хуанлийн 10 хоног дотор төлөхөөр тус тус тохирсон байна.

 

Гэрээний 3.2, 3.3-т зааснаар тухайн нэхэмжлэхийн төлвөл зохих гадаад валютын дүнг гүйлгээ хийх тухайн өдрийн Голомт банкны бэлэн бус зарах ханшаар тооцож тээвэр зуучид төлнө, талууд төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийнэ гэж тохирсон, 2018.12.28-ны өдрийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар төлбөрийн үлдэгдэл 8571.74 евро болохыг баталгаажуулж, 2019.01.15-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр зөвшөөрсөн Б.Нгийн гарын үсэг бүхий И ХХК -ийн тамга дарсан байна.

 

 

 

Шүүх талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.

 

 

 

Дээрх өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд 2018.12.18-нд Гүржээс ирсэн 1950 ширхэг вино, дарснаас 2018.12.28-нд 300 хайрцаг бараа хүлээн авч, үлдсэн бараагаа төлбөрөө төлсний дараа авахаа хариуцагч И ХХК -ийн захирал Б.Н зөвшөөрсөн байдлаас харахад тодорхой хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байсан байна.

 

Иймд нэхэмжлэгчийн тооцоогоор тээвэр зуучийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 8215 евро буюу /2019.05.01-ний өдрийн Монгол банкны албан ханш 2,958,59 төгрөгөөр тооцож/ 24,304,994 төгрөгийг хариуцагч И ХХК -иас гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

 

 

 

И ХХК -ийн 2019.11.08-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагч компанийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох эрх Сд олгогдоогүй байх тул түүнийг шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах боломжгүй бөгөөд хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзнэ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И ХХК -иас 24,304,994 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 279,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ