Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

2023         06            02                                           2023/ШЦТ/107

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Хохирогч М.Оын өмгөөлөгч: С.Г,

Шүүгдэгч: Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Бгийн Мт холбогдох эрүүгийн 2335000260121 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, ......... оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Монгол хэлний багш мэргэжилтэй, Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймаг Өлгий сумын ....... дүгээр баг, Хөдөлмөр, 3-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ш овогт Бгийн М /РД: ................/

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.М нь Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Toyota.Aqua-P10” маркийн ..... УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Улсын чанартай А-18 кодтой замд жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-а, 11.3, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тус зам дээр “Kia Bongo Frontier” маркийн ....... УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас чирэгдэж явсан Hyundai Porter2 маркийн ...... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолоодож явсан иргэн М.Оын эрүүл мэндэд хүнд хохирол, Toyota Aqua-P10 маркийн ......... УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн М.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.М нь Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Toyota.Aqua-P10” маркийн ..... УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Улсын чанартай А-18 кодтой замд жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-а, 11.3, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тус зам дээр “Kia Bongo Frontier” маркийн ....... УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас чирэгдэж явсан Hyundai Porter2 маркийн ...... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолоодож явсан иргэн М.Оын эрүүл мэндэд хүнд хохирол, Toyota Aqua-P10 маркийн ......... УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн М.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 01 дэх тал),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн I-р хавтасны 7-11 дэх тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 12-20 дахь тал),

Хохирогч М.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 06:30 цагийн үед би нөхөр Мтай хамт өөрсдийн ...... УВХ улсын дугаартай акуа загварын машинтай Өлгий сумаас Улаангом сум руу цагаан сарын бэлтгэл хийж эд зүйл авахаар явж аймгийн төвд буюу Улаангом суманд 10:00 цагийн үед орж ирээд Улаангом сумын төвд 2-3 дэлгүүрээр орж цагаан сарын архи болон хүнсний материал бэлэгний эд зүйлс авсан. Ингээд бид хоёр тухайн өдөр 15:00 цагийн орчимд байх цагийг нь сайн санахгүй байна. Улаангом сумаас буцаж Өлгий сум руу гарсан. Тухайн өдөр автомашиныг манай нөхөр Б.М жолоодож явсан бөгөөд бид хоёр Адарганы цагдаагийн постон дээр суудлын бүсээ буруу зүүсэн, зүүгээгүй байна гээд цагдаад торгуулаад тэндээсээ цааш хөдөлсөн. Бид хоёр аймгийн төвөөс гараад цагдаагийн постны цаана байх үдэлтийн самбарын ойролцоо явж байгаад сандал дээрээ унтчихсан юм. Тэгээд би унтаад явж байтал гэнэт манай нөхөр машин жолоо алдлаа гэх шиг болсон, тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй байна ухаан алдчихсан, тэгээд нэг сэрэхэд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирчихсэн толгойны томографикт намайг оруулна, ар гэрээсээ хүн дууд гэж хэлж байсан. Тухайн үед миний ухаан санаа балартаад шоконд орсон байдалтай байсан юм. Тухайн осол юунаас болж гарсан, хэрхэн осолдсон надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 67 дахь тал),

Хохирогч М.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би хувиараа машин засаж, янзалдаг юм. Улмаар манай нутгийн танил дүү Ц гэх залуу над руу залгаад миний портер 2 маркын тээврийн хэрэгсэл унтарчихаад асахгүй байна. Та ирж аваад надад засаад янзлаад өгөөч гэж надад хэлсэн. Ингээд би өөрийн найз Этой утсаар ярьж чи өөрийнхөө машинаар очоод хүний машин чирж авчираад аймгийн төвд оруулаад өгөөч гэж гуйсан найз Э зөвшөөрөөд бид хоёр 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр найз Эын эзэмшлийн Бонго Пронтер маркын ...... УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Наранбулаг сумын төв ороод айлын гаднаас нутгийн танил дүү Цгийн эзэмшлийн дугаарын мэдэхгүй байна Портер-2 маркын тээврийн хэрэгслийг чирээд хоёулаа гарсан. Ингээд би ард чирэгдэж явсан машинд сууж жолоо барьж байсан. Э өөрийн машинаа жолоодоод явж байтал Наранбулаг сумын нутаг дэвсгэрт гэнэт урдаас цагаан өнгийн акуа маркын тээврийн хэрэгсэл гэнэт урсгал сөрж орж ирээд миний чирэгдэж явсан машиныг мөргөөд зогссон. Ингээд тухайн үед шүд хугарсан, хөл хугарч, эрүү хугарч Наранбулаг сумаас эмнэлэгийн яаралтай тусламж авч эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Тухайн цагаан өнгийн машинд эхнэр нөхөр 2 явсан бөгөөд нөхөр машин жолоодож явсан бөгөөд жолоо гэнэт удирдлаггүй болчихлоо гэж хэлсэн. Би хүний тээврийн хэрэгслийг засуулж өөрт холбогдох эмчилгээнүүдийн зардлыг нэхэмжилж байна. Одоогоор надад 2,000,000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн байгаа. Цаашид надад ямар эмчилгээ хийгдэх талаар мэдэхгүй байна. Уг зам тээврийн ослын улмаас миний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан бөгөөд тухайн гэмтлийг эмчлүүлэхэд надаас тодорхой хэмжээний мөнгө зарцуулагдсан. Мөн би ослын улмаас байнгын суга таяг тулдаг болсон бөгөөд эрүүл мэндээрээ хохироод байна. Би одоо Улаанбаатар хот руу явж нарийн мэргэжпийн эмчид үзүүлэх, Улаанбаатар хотод байрлах байр, явах унаа, гарах эмчилгээний зардлуудыг нэхэмжпэх бөгөөд яг одоогоор хэдэн төгрөгийн зардал гарах талаараа мэдэхгүй байгаа учираас нэхэмжлэлийн мөнгөн дүн тодорхойгүй байна. Ийм учираас би эмчилгээндээ зарцуулсан зардлыг нэхэмжпэх болно. Би шүүхийн шатанд нэхэмжлэх зүйлийнхээ баримт, мөнгөн дүнг гаргаж өгөх болно. Б.М нь өнөөдрийн байдлаар намайг Улаангомд Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед боломжоороо миний эмчилгээнд мөнгө шилжүүлж байсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 8,100,000 төгрөгийг хохиролд над руу шилжүүлсэн юм. Надад учирсан хохиролд гарах зардлыг би Б.Маас нэхэмжпэх бөгөөд учирсан хохиролыг төлж барагдуулсан тохиолдолд ямар нэгэн санал хүсэлт байхгүй” (хавтаст хэргийн I-р хавтасны 75-77, 79 дэх тал),

Иргэний нэхэмжлэгч Л.Цын “...Тухайн ....... УАА улсын дугаартай НҮ11МОА1 РОНТЕК 2 загварын тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр миний эзэмшлийн ....... УАА улсын дугаартай НҮ11МОА1 РОРТЕР 2 загварын тээврийн хэрэгсэл засрах боломжгүй гэж нийт машины үнэлгээ болох 9,763,000 төгрөгийн үнэлгээ гарсан байсан. Тухайн үнэлгээнийхээ дагуу хохиролоо нэхэмжпэх болно. Миний хохиролыг Б.Мнь бүрэн төлж барагдуулах болно гэсэн. Надад учирсан хохиролыг бүрэн гүйцэт төлж барагдуулчихвал надад өөр ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 75-77, 79 дэх тал),

Гэрч Ж.Эын “Манай найз болох О нь өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт ирээд танил найзын машин Наранбулаг суманд мотор нь эвдэрчихсэн байгаа тэр машиныг аймаг руу чирч авч ирж засуулах гэсэн юм чи машинаараа яваад өгөөч гэж хэлсэн юм. Ингээд бид хоёр миний эзэмшлийн Киа Бонго Пронтейр маркын ........ УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Наранбулаг сум явсан. Ингээд Оын найз болох Ц гэх залуугийн гэр Наранбулаг сумын төвөөс хөдөөд байдаг сумын төвд айлын хашаанд Ц гэх найз нь машинаа орхичихсон байгаа гэхээр тухайн айлын хашаанаас очиж Оын найз болох Цгийн эзэмшлийн Хюндай Портер-2 маркын .......... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг машиныхаа араас чирээд Наранбулаг сумын төвөөс 15-16 цагийн орчим хөдлөөд гарсан. Тухайн үед би өөрийн машинаа жолоодоод найз О Хюндай Портер-2 маркын ......... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрд дээр суугаад би машинаараа чирээд явж байгаад Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Харгант гэх нэртэй газарт ирж байтал урдаас цагаан өнгийн Акуа маркын тээврийн хэрэгсэл урдаас ирж байгаад гэнэт урсгал сөрөөд орж ирж байгааг хараад баруун талдаа буюу замаас гарч үрүүлээ дартал эгц чигээрээ буюу урсгал сөрсөн чигтээ ирээд ямар нэгэн зогсоох арга хэмжээ авахгүй, тормоз гишгэхгүйгээр ирээд ард чирж явсан Хюндай Портер-2 маркын ........ УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөөд Акуа маркын тээврийн хэрэгсэл буцаж шидэгдээд эсрэг урсгалын замаас гараад зогсчихсон. Тэгээд би машинаас буугаад найз О дээр очиход үрүүл суудал хоёр дундаа хавчигдчихсан гарч чадахгүй байдалтай байсан бөгөөд тухайн үед Акуа маркын тээврийн хэрэгслийн жолооны ардаас үл таних эрэгтэй хүн бууж ирээд машин жолоодлоггүй болчихлоо гэнэт гэж надад хэлж байсан бөгөөд хажуугийн суудал дээр эхнэр нь гэх мөн адил үл таних хүүхэн сууж байсан тухайн Акуа маркын тээврийн хэрэгсэлд өөрөөр ямар нэгэн хүн тэр машин байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 85-86 дахь тал),

Шүүгдэгч Б.Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 07:00 цагийн орчимд сар шинийн бэлтгэл хийхээр Өлгий сумаас Улаангом сум руу өөрийн эзэмшлийн .......... УВА улсын дугаартай “тоёота акуа” загварын машинтай өөрийн эхнэр М.Мгийн хамт гарч 10:00 цагийн орчимд Улаангом суманд ирсэн. Улаангом сумаас 45-50 орчим километр зайтай яваад Харганатын уурхайн харалдаа явж байхад миний эсрэг урсгалын замд ертөнцийн зүгэс урдаас хойшоо буюу аймгийн төвийн чиглэлд хоёр портер машин нэгнээ чирчихсэн явж байсан. тэгж байтал миний машины жолооны хүрд ямарч ажиллагаагүй болчихсон бөгөөд машин маань эсрэг урсгал руу орсон тэр үед би машиныхаа аваарын дохиог ажлуулсан боловч тухайн 2 машин зам тавихгүй зогсохгүй байсан тухай үед би сандраад тормос гишгэхээ мартчихсан байсан. Улмаар би машинтайгаа эсрэг урсгалын зам руу ороход эхний портер машин баруун баруун талруугаа дарж зам тавиахад ар талд нь чирэгдэж явсан портерын урдаас би машинтайгаа очиж мөргөсөн. Тэгээд осол болсны дараа би өөрөө аймгийн цагдаагийн газар болон эмнэлэгт дуудлага өгсөн. Ослын дараа манай эхнэр гэмтсэн учир эхнэрээ машиныхаа арын суудалд суулгасан, нөгөө чирч явсан портерын жолооч гэмтээгүй, арын портерт чирэгдэж явсан жолооч болох О нь кабиндаа хавчуулагдсан жолооны хүрдний ард байсан. Тэгээд урд талын портерын жолооч би хоёр машины өндөрлөгөө төмрөөр хашиж кабинд зай гаргаж байж гэмтсэн жолоочийг машинаас нь гаргаж авсан. Тэгээд Наранбулаг сумаас эмч нар ирээд О, М нарыг аваад эмнэлэг явсан бөгөөд араас нь удахгүй цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн юм. Би М.От учирсан хохирол 8 орчим сая төгрөг дансаар эхнэрийнхээ дансаар мөнгө шилжүүлсэн. М.О биднээс 20 сая төгрөг нэхэмжлээд байгаа бөгөөд миний хувьд өөрийн боломж, бололцоогоороо 8.000.000 орчим төгрөг хохиролд төлсөн байгаа. Цаашид би хохирогчоос гаргаж өгсөн баримтын дагуу хохирол төлж барагдуулах болно. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн боломжоороо учирсан хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I  хавтасны 200-201 дэх тал),

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өлгий сумаас ирээд 2-3 худалдааны төвөөр ороод буцсан. Гэнэт миний машин тош тош дуугараад жолоодлогогүй болсон тул чирэгдэж явсан портер загварын автомашиныг мөргөсөн. Тухайн үед чирч явсан машины жолооч бууж ирээд яагаад урсгал сөрж явж байгаа юм бэ? гэж хэлсэн. Би аваарын гэрэлээ асаасан сандарсандаа тооромз гишгэж амжаагүй. Та яагаад аваар асааж байхад зам тавьж өгөөгүй юм бэ? гэж би хэлсэн. Гэтэл миний таньдаг хүн миний урдаас тоглоод ингэж явж байгаа юм бол уу гэж бодоод зам тавьж өгөөгүй гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшээд тухайн үед эмнэлэг, цагдаа, онцгой байдлын газарт дуудлага өгсөн. Тухайн үед хохирогч хавчуулагдсан байсан. Э гэх хүн бид хоёр хавчуулагдсан байсан хохирогчийг гаргаж авсан. Ийм зүйл болсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирлыг чадах хэмжээгээрээ барагдуулж байна. Би өөрөө бас эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Ховд аймаг болон Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэсэн. Мөнгө, төгрөгийн асуудал их байгаа учраас хуулийн хугацаанд хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна. Өчигдөр иргэний нэхэмжлэгч Л.Цын эхнэрийн данс руу 5.500.000 төгрөг хохирол төлөхөөр шилжүүлсэн гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж заажээ.

Хохирогч М.Мөнцэцэгийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хавтаст хэргийн I хавтасны 35-47 дахь тал),

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 131 дугаартай “Үзүүлэгч М.Мийн биед зүүн эгэм ясны далд зөрөөтэй хугарал, хэвлийн зүүн доод хэсэгт, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2023/02/18-ны 19 цагийн байдлаар үүсчихсэн байсан талаар №749 дугаартай яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан байна. Зүүн эгэм ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I хавтасны 99-100 дахь тал)-ээр хохирогч М.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хохирогч М.Оын Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хавтаст хэргийн I хавтасны 48-60 дахь тал),

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 136 дугаартай “Үзүүлэгч М.Оын биед дагз ясны шугаман хугарал, эрүү яс урд хэсгээр хөндлөн хугарал, үүдэн доод баруун 1, 2 дугаар шүдний булгарал, эрүүний урд хэсэгт язарсан шарх, зүүн шилбэний шаант яс дунд хэсгээр далд хугарал, баруун тойг ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өвчүүний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2023/02/18-ны 19 цагийн байдлаар үүсчихсэн байсан талаар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн N9748 дугаартай яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан байна. Дагз ясны шугаман хугарал гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I хавтасны 106-108 дахь тал)-ээр хохирогч М.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Мнь Тоуоtа.Аqua-Р10 маркийн 84-03 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Оын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан байх тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл хоёр нь шалтгаант холбоотой байна.

“Автотээврийн үндэсний төв”ТӨҮГ Увс аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаартай шинжээчийн “84-03 УВХ улсын дугаартай Тоуоtа.Аqua-Р10 загварын тээврийн хэрэгсэл 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тэврийн хэрэгслийн үзлэг, оношилгоонд орж тэнцсэн” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I хавтасны 159-160 дахь тал)-аар тухайн тээврийн хэрэгсэл техникийн хяналт, үзлэгт хамрагдаж улсын дугаар, гэрчилгээ авч улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Б.Мын гэх Р01086303 дугаартай хуруу шилтэй цус шинжилгээнд тэнцэнэ. Б.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Б.Мын гэх Р01086303 дугаартай хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй. Б.Маас цусны дээж авах үед эрүүл байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I хавтасны 136-137 дахь тал)-ээр шүүгдэгч Б.Мнь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Шүүгдэгч Б.Мнь Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Тоуоtа.Аqua-Р10 маркийн 84-03 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-а, 11.3, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Оын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол” гэж заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарч байна.

Иймд шүүгдэгч Б.Мыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчиж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч М.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I  хавтасны 67  дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгч Б.Б.Маас гаргуулж, хохирогч М.Мт олгох хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогч М.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Мнь өнөөдрийн байдлаар намайг Улаангомд нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед боломжоороо миний эмчилгээнд мөнгө шилжүүлж байсан бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 8.100.000 төгрөгийг хохиролд над руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I  хавтасны 79 дэх тал) авагдсан байна.

Хохирогч М.О нь шүүгдэгч Б.Маас 20.000.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч Б.М нь хохирогч М.Оын 58.........49 тоот дансанд 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1.100.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь (хавтаст хэргийн I  хавтасны 233-235, 238 дахь тал) тогтоогдож байгаа тул хохирогч М.О нь гэмт хэргийн улмаас учирсан 8.100.000 төгрөгөөс давсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Увс финанс аудит ХХК-ний шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай “2023 оны 02 дугаар сарын байдлаар “Hyundai porter” маркын автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 9.763.000 /есөн сая долоон зуун жаран гурван мянган/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I  хавтасны 167-168  дахь тал)-ээр иргэний нэхэмжлэгч Л.Цд 9.763.000 төгрөгийн хохирол учирсан болох тогтоогдож байгаа тул гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б.Маас 9.763.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Цд олгуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Мнь иргэний нэхэмжлэгч Л.Цд учирсан 9.763.000 төгрөгийн хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан байна.

Шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь иргэний нэхэмжлэгч Л.Цд 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 58...........75 тоот дансанд 5.500.000 төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.Маас 9.763.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Ц /Увс аймаг Наранбулаг сум, ... дүгээр баг, ОЗ........../-д олгохоор шийдвэрлэв

Шүүгдэгч Б.Мнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

            2. Шүүгдэгч Б.Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Мнь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хохирогч М.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр, М.Оын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч Б.Мнь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн I хавтасны 219 дэх тал)–аар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мын хувийн байдал, зан төлөвийн талаар Хохирогч М.Мийн өгсөн: “Б.Б.Мтай 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсон. Зан аашийн хувьд тогтуун даруу төлөв зантай, цэвэрч нямбаа, гэр бүл үр хүүхдүүддээ хайр халамж сайтай үг дуу цөөтэй хүн юм. ажилдаа ур чадвар сайтай, ажил болон сум орон нутагтаа ажлын болон хувийн нэр хүнд сайтай хүн юм. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй, ямар нэгэн хорт муу зуршил байхгүй, хааяа нэг баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд тааруулж хэрэглэдэг, ямар нэгэн агсам согтуу тавиад байдаггүй даруу төлөв хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 71 дэх тал), Увс аймгийн Өлгий сумын засаг даргын : “Б.Мнь 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуульд “Монгол хэл, уран зохиол”-ын багшаар тасралтгүй 12 жил ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 3 дахь жилдээ сургуулийн захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байна. Б.Мнь “Заах аргач” зэрэгтэй ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж, шинэлэг ажлуудыг цаг тутамд санаачилан хэрэгжүүлж, хамт олны уур амьсгал, хөгжил төлөвшилд эерэг нөлөө үзүүлж амжилт гаргахад ихээхэн анхааран ажиллаж байгаа чадварлаг залуу боловсон хүчин билээ” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн I хавтасны 222-223 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа  хохирогчид шууд  эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил  зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Б.Мт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан  Б.Мнь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

Шүүгдэгч Б.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Мын 10......08 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах /П.Я/-д даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Мт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Бгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан жолооч автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил  зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

             3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Б.Мт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан  Б.Мнь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хохирогч М.Оын 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч Б.Мнь 8.100.000 төгрөг төлснийг, хохирогч М.М хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдаж, хохирогч М.О нь гэмт хэргийн улмаас учирсан 8.100.000 төгрөгөөс давсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Маас 9.763.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Цд олгосугай.

7. Шүүгдэгч Б.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Б.Мын 10.........08 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Яд даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Мт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ