| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2023/0501/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/536 |
| Огноо | 2023-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/536
2023 04 12 536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
улсын яллагч Д.Ариунжаргал,
хохирогч Ц.Т, түүний өмгөөлөгч Я.Батханд,
шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-т холбогдох эрүүгийн 2306 00000 0072 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.А .....,
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чухаг-2” хотхоны гражид дуудлагын жолооч Ж.А-ыг нүүрэн тус газар цохиж түүний биед зүүн нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулах,
мөн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд хохирогч Ц.Т-г ямар нэгэн шалтгаангүйгээр газарт унаган нүүрэн тус газарт 1 удаа цохиж, баруун гарын долоовор хурууг дарж, зүүн нүд рүү нь хуруугаа хийж биед нь зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун гарын 2 дугаар хуруу, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2014 онд Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байхдаа таксины жолоочид зодуулаад дээрэмдүүлж байсан. Тухайн үед би биедээ байсан ойр зуурын эд зүйлээ алдаж байсан. Түүнээс хойш таксинд явдаг хүмүүстэй таарахаар уур хүрээд маргалдаад байдаг асуудалтай болчихсон.” гэв.
Хохирогч Ц.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 11 дүгээр 21-ний өдөр би найзаараа машинаа бариулаад бензиний мөнгө хийх гээд гадуур таксинд явж байсан юм. Тэгсэн чинь Чухаг хотхоны замын хажууд нэг хүн такси барих гээд гараа өргөөд цааш харсан байдалтай явж байсан. Тэгэхээр нь би найздаа хандаж “наад хүн чинь ганцаараа такси барих гээд явж байгаа юм байна, чи хаашаа явах гэж байгааг нь асуучих” гэж хэлсэн. Тэгээд манай найз хажууд нь зогсоод цонхоо онгойлгоод “хаа хүрэх юм” гээд асуусан чинь манай найзыг шууд заамдаж авч, зодож цохиод, миний машины гадна талыг өшиглөөд, машины эд хэрэгслийг хугалж хаясан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад тэр хүнд хандан “та яагаад байгаа юм бэ, хүний машин тэрэгний юмыг яагаад эвдэлж, гэмтээгээд байгаа юм” гэсэн чинь намайг шууд шанаадаж унагаасан. Нэг зүйл залруулж хэлэхэд нүд рүү гараа хийсэн гээд миний өмнө өгсөн мэдүүлэгт буруу бичигдсэн байна. Тухайн үед миний нүд рүү гараа хийгээгүй, нүд рүү маань өшиглөсөн. Үүнээс болж эрүү маань хөдөлж болохгүй 2 сар орчим болсон эрүүгээ хөдөлгөж чадаагүй. Тэгээд би энэ хугацаанд зутан уудаг байсан. Тэгээд томографын зураг авахуулж, гэмтлийн зэргээ тогтоолгуулаад яаралтай хагалгаанд орохоор болж Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд орсон. Тэгэхэд энэ хүн маань хагалгааны төлбөр болох 2.800.000 орчим төгрөгийг төлж өгсөн. Ухархайн ясны дотор хананы цөмрөл, доод хананы хугарал гэсэн оношийн дагуу хагалгаанд орсон. Эмнэлгийн тооцоог Атарбаяр өөрөө хийсэн. Бас гадуур хувийн эмнэлэгт нүдний хараагаа үзүүлсэн төлбөр гэх зэрэг ойролцоогоор 1.000.000 төгрөгийн төлбөрийг энэ хүн дор бүр нь хийгээд яваад байсан. Өчигдрийн байдлаар үлдэгдэл 1.200.000 төгрөгийг дансаар авсан. Нийт 5.000.000 төгрөгийг хохирол төлбөрт авсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
/хавтаст хэргийн 1, 89 дэх тал/
Хохирогч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “Мөнх тээвэрлэгч” ХХК-д дуудлагын жолоочийн ажил хийдэг. 2022 оны 12 дугаар сарын 12-ны 20:20 цагт “Union building”-д дуудлага өгсөн. Уг дуудлагын дагуу очоод Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг унаад хүргэж өгөхөөр болсон. Миний унасан Приус 41 маркийн тээврийн хэрэгслийн эзэн нь бор тээврийн хэрэгсэлд суугаад “миний араас дагаад яв” гэсний дагуу дагаад явсан. Тэгээд Чухаг 1 хотхонд очоод зогссон чинь намайг дагуулж ирсэн машины эзэн гэх эмэгтэй, миний унаж ирсэн машины эзэн болох эрэгтэйг машинаасаа буулгаж ирээд Приус 41-д суулгачихаад явсан. Тэгээд тэр ах “манайх Чухаг 2 хотхонд байдаг, тийшээ яв” гэсний дагуу очоод төлбөрөө авъя гээд 40.000 төгрөгөө нэхсэн чинь гар утсаа оролдож байгаад унтчихсан. Тэгэхээр нь би төлбөрөө нэхсэн чинь хэсэг хугацааны дараа босож ирээд “миний түлхүүр хаана байна, би гэртээ ормоор байна” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэр үед Чухаг 2 байрны хамгаалагч ах гарч ирэхээр нь би “дуудлагын жолооч байгаа юм, энэ хүн мөнгөө өгөхгүй байна” гэж хэлсний дараа тэр хүн намайг гар утсаараа нүүр лүү хүчтэй цохиж унагаасан. Намайг босож ирсний дараа бөгс рүү, гуя руу тус бүр 1 удаа өшиглөсөн. Нүүр лүү цохиход зүүн талын нүдний доод тал, зүүн нүдний дээд зовхи язарсан. ...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би ажилтай тул шүүх хуралд суух боломжгүй тул шүүх хуралд суухгүй. Б.Атарбаяр нь надаас уучлалт гуйж надад учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 10, 12 дахь тал/
Гэрч К.Муратбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн үед в1 давхарт эргүүл хийгээд явж байтал эрэгтэй, эмэгтэй 2 хүн чанга дуугараад байхаар нь очсон чинь эмэгтэй нь “та тооцоогоо хийгээч ээ” гээд орилоод байсан. Тэгтэл эрэгтэй хүн нь “12500 төгрөг шилжүүлэх ёстой” гэсэн чинь эмэгтэй нь “үгүй ээ, 12500 төгрөг биш шүү дээ” гээд байсан. Тэр үед тэр эмэгтэй хүн нэг хүн руу утсаар яриад “энэ хүн чинь тооцоогоо хийхгүй байна, би гэрт оруулж өгөх үүрэггүй” гээд байсан. Тэгтэл эрэгтэй хүн нь “энэ эмэгтэй миний машины түлхүүрийг өгөхгүй байна” гэсэн чинь эмэгтэй нь “таны машины түлхүүр надад байна. Та тооцоогоо хийчихээд түлхүүрээ аваарай” гэх мэтээр хэрэлдээд байсан. Тэгтэл эрэгтэй хүн нь эмэгтэйгээ гараараа цохиод унагаасан. Тэр үед нь би дундуур нь ороод салгасан.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 15-16 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 122 дугаар:
“1. Ж.А-ын биед зүүн нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 31-32 дахь тал/
Хохирогч Ц.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 00 цаг өнгөрч байхад найз Эрдэмбатын хамт машинаар нь таксинд явж байхад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно замын урд талд танихгүй эрэгтэй хүн гар өргөхөөр нь би авчихъя гэж хэлэхэд Эрка шууд явъя гэж байснаа авахаар болоод Эрдэмбат цонхоо онгойлгоод хаашаа явахыг нь асуухад хаашаа явахаа хэлээгүй шууд Эрдэмбатыг заамдаад нүүрлүү нь цохисон би юу болсон бэ? Та яагаад ингээд байгаа юм гэж хэлэхэд тухайн хүн та нарыг алж чадна гээд байсан. Би машинаас буугаад тухайн хүн дээр очоод “хаачих юм” гэж асуухад урдаас “миний хаа хүрэх чамд ямар хамаатай юм” гээд газар унагаад дээрээс гараа нүүр хэсэгт цохисон, үснээс зулгаагаад машин тойруулж чирсэн би машинд суугаад бид хоёр машинаа хөдөлгөөд явсан чинь тухайн хүн зам гараад явсан, бид хоёр машинаа зам дээр тавиад Эрдэмбат тухайн хүний араас явсан би машинд үлдсэн, би машин дээрээ буцаад ирсэн чинь тухайн хүн Эрдэмбатыг дагаж ирээд машин өшиглөж цохиод байсан болохоор Эрдэмбат машинаа бага багаар урагшлуулж цагдаа хүлээж зугтаасан чинь гэрлэн дохио дээр тулж ирэхэд машин дахин үлдээгээд нөгөө хүн дээр Эрдэмбат буцаж очсон би машиндаа сууж байсан чинь тухайн машинд гэнэт орж ирээд жолоон дээр суугаад баруун гарын долоовор хурууг хугалчихъя гээд дараад гэмтээсэн. Намайг гоё харцтай юм гээд нүдийг чинь ухаад авчихъя гээд зүүн нүд рүү хуруугаа хийж гэмтээсэн.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 95 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15954 дүгээр:
“1. Ц.Т-гийн биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун гарын 2-р хуруу, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хүзүүний зулгаралт бүхий
гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 102-103 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хавтаст хэргийн 46 дахь тал/
Шийтгэх тогтоолын хуулбар,
/хавтаст хэргийн 48-59 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 104 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр, түүнээс олон хүнийг гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун “Улсын яллагчийн саналыг сонслоо. Манай үйлчлүүлэгчийн хувьд анх мэдүүлэг өгөхөөс эхлээд уг хоёр хохирогчийн биед гэмтэл уруулснаа хүлээн зөвшөөрч, энэ талаараа мэдүүлдэг. Гэм буруу дээр маргахгүй.” гэх,
хохирогчийн өмгөөлөгч Я.Батханд “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд бол хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.А нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чухаг-2” хотхоны гражид дуудлагын жолооч Ж.А-ыг нүүрэн тус газар цохиж түүний биед зүүн нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт зэрэг хөнгөн хохирол учруулсан, мөн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд хохирогч Ц.Т-г ямар нэгэн шалтгаангүйгээр газарт унаган нүүрэн тус газарт 1 удаа цохиж, баруун гарын долоовор хурууг дарж, зүүн нүд рүү нь цохиж биед нь зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун гарын 2 дугаар хуруу, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1, 89/, шүүгдэгч Д.А-ын шүүх хуралдаанд өгсөн “2014 онд Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байхдаа таксины жолоочид зодуулаад дээрэмдүүлж байсан. Тухайн үед би биедээ байсан ойр зуурын эд зүйлээ алдаж байсан. Түүнээс хойш таксинд явдаг хүмүүстэй таарахаар уур хүрээд маргалдаад байдаг асуудалтай болчихсон.” гэх, хохирогч Ц.Т-гийн шүүх хуралдаанд өгсөн “...намайг шууд шанаадаж унагаасан. Нэг зүйл залруулж хэлэхэд нүд рүү гараа хийсэн гээд миний өмнө өгсөн мэдүүлэгт буруу бичигдсэн байна. Тухайн үед миний нүд рүү гараа хийгээгүй, нүд рүү маань өшиглөсөн. Үүнээс болж эрүү маань хөдөлж болохгүй 2 сар орчим болсон эрүүгээ хөдөлгөж чадаагүй. Тэгээд би энэ хугацаанд зутан уудаг байсан. Тэгээд томографын зураг авахуулж, гэмтлийн зэргээ тогтоолгуулаад яаралтай хагалгаанд орохоор болж Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд орсон. Тэгэхэд энэ хүн маань хагалгааны төлбөр болох 2.800.000 орчим төгрөгийг төлж өгсөн. Ухархайн ясны дотор хананы цөмрөл, доод хананы хугарал гэсэн оношийн дагуу хагалгаанд орсон. Эмнэлгийн тооцоог Атарбаяр өөрөө хийсэн. Бас гадуур хувийн эмнэлэгт нүдний хараагаа үзүүлсэн төлбөр гэх зэрэг ойролцоогоор 1.000.000 төгрөгийн төлбөрийг энэ хүн дор бүр нь хийгээд яваад байсан. Өчигдрийн байдлаар үлдэгдэл 1.200.000 төгрөгийг дансаар авсан. Нийт 5.000.000 төгрөгийг хохирол төлбөрт авсан.” гэх, хохирогч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэр хүн намайг гар утсаараа нүүр лүү хүчтэй цохиж унагаасан. Намайг босож ирсний дараа бөгс рүү, гуя руу тус бүр 1 удаа өшиглөсөн. Нүүр лүү цохиход зүүн талын нүдний доод тал, зүүн нүдний дээд зовхи язарсан. ...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би ажилтай тул шүүх хуралд суух боломжгүй тул шүүх хуралд суухгүй. Д.А нь надаас уучлалт гуйж надад учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэх /хх10, 12/, гэрч К.Муратбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгтэл эрэгтэй хүн нь эмэгтэйгээ гараараа цохиод унагаасан. Тэр үед нь би дундуур нь ороод салгасан.” гэх /хх15-16/, хохирогч Ц.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би машиндаа сууж байсан чинь тухайн машинд гэнэт орж ирээд жолоон дээр суугаад баруун гарын долоовор хурууг хугалчихъя гээд дараад гэмтээсэн. Намайг гоё харцтай юм гээд нүдийг чинь ухаад авчихъя гээд зүүн нүд рүү хуруугаа хийж гэмтээсэн.” гэх мэдүүлгүүд /хх95/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 122 дугаар “Ж.А-ын биед зүүн нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх31-32/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15954 дүгээр “Ц.Т-гийн биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун гарын 2-р хуруу, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтүүд /хх102-103/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь хохирогч Ж.А, Ц.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх бөгөөд Д.А-т холбогдох хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Д.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.А-ыг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Ариунжаргал гэм хорын хохирлоо нэхэмжилж, нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх бөгөөд “Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би ажилтай тул шүүх хуралд суух боломжгүй тул шүүх хуралд суухгүй. Б.Атарбаяр нь надаас уучлалт гуйж надад учирсан хохирлыг төлж барагдуулсан” /хх12/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.А-ыг хохирогч Ж.Ариунжаргалд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Ц.Т-д шүүгдэгч 5.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн эрүүл мэнд бүрэн сайжраагүй байх тул хохирогч Ц.Т нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Д.А-аас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуульд зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Д.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хохирогч Ц.Т нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хувийн байдлын хувьд төрийн албанд ажиллаж байгаад хувиараа хөдөлмөр эрхлэхээр ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Мөн хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг урьдын адилаар гарсан даруйд нь төлөөд явахаа илэрхийлж байгаа. Ийм учраас 1.000.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх,
Хохирогчийн өмгөөлөгч Я.Батханд “Эрүүгийн хариуцлагын хувьд хэлэхэд шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Д.А-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Д.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Ц.Т нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Д.А-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь хохирогч Ж.А-д төлөх төлбөргүй, хохирогч Ц.Т-д гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг төлсөн, урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ