Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/556

 

 

 

 

 

 

   

 

    2023        4           17                                   556

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Л.Бурмаа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2306 00000 0584 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б...,

урьд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,

мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 815 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн,

мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 968 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгэсэн,

мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 157 дугаар захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 24 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Имарт” худалдааны төвд байрлах “Кафе бенни” кофе шопод үйлчлүүлэгч хохирогч М.Анужингийн гар цүнх, утасгүй чихэвч, түлхүүр, бэлэн 610.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.017.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хавтаст хэргийн 7-10 дахь тал/

 

Насанд хүрээгүй хохирогч М.Анужингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Имарт худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг cafe bene кофе шопод 17 цаг 22 минутанд найз Өлзийдэлгэрийн хамт үйлчлүүлж байгаад тооцоогоо хийх гээд би ширээнээсээ босоод явсан, харин Өлзийдэлгэр ширээн дээр суугаад үлдсэн байсан болохоор би өөрийн цүнхээ сандал дээрээ тавиад үлдээсэн байсан, тэгсэн чинь Өлзийдэлгэр намайг тооцоо хийх гээд зогсож байсан чинь миний хажууд хүрээд ирсэн байсан, ирэхдээ миний болон өөрийнхөө цүнхийг сандал дээр үлдээсэн байсан, тэгээд би тооцоогоо хийгээд буцаад сууж байсан сандал дээрээ ирсэн чинь миний цүнх байхгүй болсон байсан, харин Өлзийдэлгэрийн цүнх сандал дээр байсан, тэгээд шууд cafe bene-н ажилчин дээр очоод миний цүнх алга болсон байна, хяналтын камерыг шүүж үзье гэж хэлсэн, тэгсэн чинь хажуу талд байрлах bunny bubble tea-н хяналтын камерыг шүүж үзсэн чинь нэг эрэгтэй хүн гарч ирээд манай ширээн дээр очоод миний цүнхийг аваад куртик дотроо хийгээд аваад явж байгаа дүрс бичлэг үлдсэн байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 14 дэх тал/

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 178 дугаар “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хадлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 407.920 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 18-19 дэх тал/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цаг 09 минутаас эхэлсэн 48 секунтын бичлэг байх бөгөөд 02 секунтэд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо И-март худалдааны төвийн 1 давхарын Кофе шопны булангийн хэсэгт байсан ширээний хажууд байрлах сандал дээрээс цагаан өнгийн гар цүнхийг хар өнгийн нүдний шилтэй, хар өнгийн Алеск загварын куртик, дотуураа саарал өнгийн хантаазтай, хар өнгийн гялгар өмдтэй, шар хар өнгийн Nike брендийн пүүзтэй, 40-45 орчим насны, 175 см орчим өндөртэй эрэгтэй хүн хулгайлан энгэртээ хийгээд буцаад алхаж буй нь хяналтын камерын бичлэгт харагдаж байна. Дээрх бичлэгийн 26 секунтэд хар өнгийн нүдний шилтэй, хар өнгийн Алеск загварын куртик, дотуураа саарал өнгийн хантаазтай, хар өнгийн гялгар өмдтэй. шар хар өнгийн Nike брэндийн пүүзтэй, 40-45 орчим насны, 175см орчим өндөртэй эрэгтэй хүн өөрийн энгэртэй хохирогчийн цагаан өнгийн гар цүнхийг хийгээд И-март худалдааны төвийн хойд талын төв хаалгаар гарч буй нь хяналтын камерын бичлэгт харагдаж байна. Дараагийн бичлэгийг нээхэд хар өнгийн нүдний шилтэй, хар өнгийн Алеск загварын куртик, дотуураа саарал өнгийн хантаазтай, хар өнгийн гялгар өмдтэй, шар хар өнгийн Nike брэндийн пүүзтэй, 40-45 орчим насны, 175 см орчим өндөртэй эрэгтэй хүн И-март худалдааны төвийн хойд талын төв хаалгаар гарч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо РЦНК сургуулийн чиглэлтэй алхаж байна.” гэх тэмдэглэл,

/хавтаст хэргийн 48-50 дахь тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хавтаст хэргийн 23 дахь тал/

 

Шийтгэх тогтоолын хуулбар,

/хавтаст хэргийн 27-43 дахь тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 24 дэх тал/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Имарт худалдааны төвд байрлах “Кафе бенни” кофе шопод үйлчлүүлж байсан хохирогч М.Анужингийн гар цүнх, утасгүй чихэвч, түлхүүр, бэлэн 610.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэх,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат “Манай үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй. Гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна.” гэх,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Л.Бурмаа “Шүүгдэгч гэм буруу дээр маргахгүй байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд 1.047.928 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Имарт” худалдааны төвд байрлах “Кафе бенни” кофе шопод үйлчлүүлж байсан хохирогч М.Анужингийн гар цүнх, утасгүй чихэвч, түлхүүр, бэлэн 610.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.017.920 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг хуульчилсан.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх7-10/, насанд хүрээгүй хохирогч М.Анужингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би өөрийн цүнхээ сандал дээрээ тавиад үлдээсэн байсан. ...тооцоогоо хийгээд буцаад сууж байсан сандал дээрээ ирсэн чинь миний цүнх, байхгүй болсон байсан, ...тэгсэн чинь хажуу талд байрлах bunny bubble tea-н хяналтын камерыг шүүж үзсэн чинь нэг эрэгтэй хүн гарч ирээд манай ширээн дээр очоод миний цүнхийг аваад куртик дотроо хийгээд аваад явж байгаа дүрс бичлэг үлдсэн байсан.” гэх мэдүүлэг /хх14/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 178 дугаар үнэлгээний тайлан /хх18-19/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цаг 09 минутаас эхэлсэн 48 секунтын бичлэг байх бөгөөд 02 секунтэд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо И-март худалдааны төвийн 1 давхарын Кофе шопны булангийн хэсэгт байсан ширээний хажууд байрлах сандал дээрээс цагаан өнгийн гар цүнхийг хар өнгийн нүдний шилтэй, хар өнгийн Алеск загварын куртик, дотуураа саарал өнгийн хантаазтай, хар өнгийн гялгар өмдтэй, шар хар өнгийн Nike брендийн пүүзтэй, 40-45 орчим насны, 175 см орчим өндөртэй эрэгтэй хүн хулгайлан энгэртээ хийгээд буцаад алхаж буй нь хяналтын камерын бичлэгт харагдаж байна.” гэх тэмдэглэл /хх48-50/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогч М.Анужинд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч М.Анужинд бэлэн 610.000 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол болох 407.920 төгрөг, хөрөнгийн үнэлгээний төлбөр 19.800 төгрөг, нийт 1.037.720 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бэс гаргуулан насанд хүрээгүй хохирогч М.Анужингийн хууль ёсны төлөөлөгч П.Мөнхбатад олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ гэмт хэргийн улмаас 1.037.720 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч нь хохирлыг бүрэн гүйцэт нөхөн төлөөгүй, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, урьд нь 3 удаа ял шийтгэгдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат “Прокурорын ялын саналаас доогуур ял оногдуулж өгнө үү. Хохирол төлбөр төлөхөө 100 хувь бүрэн илэрхийлж байна.” гэх,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Л.Бурмаа “Тусгайлан гаргах саналгүй. Улсын яллагчтай санал нэг байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг хуульд заасан дээрх нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-ийн урьд цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 1.037.720 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч М.Анужингийн хууль ёсны төлөөлөгч П.Мөнхбатад олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай. 

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                

 

        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ