Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 688

 

 

 

 

 

 

 

 

 

    Ш.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00098 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Гт холбогдох

 

Гэм хорын хохиролд 9 000 000 төгрөг тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Г нь 2015 оны 9 сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 10 сарын 23-ны өдөр 4 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөгийг ямар нэгэн гэрээ хэлцэл хийлгүйгээр зээлж авсан. Үүнээс хойш нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй тул Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан. Д.Гт бусдыг залилан мэхлэх гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүссэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. 4 000 000 төгрөгийн хувьд зээлийн гэрээ биш, иргэд хоорондын гэм хороор үүссэн гэж үзэж болно. Гэрч нарын мэдүүлэг дээр байцаагч нэрийг нь бичээгүй учраас эргэлзээтэй байна гэж үзээд 4 000 000 төгрөгийг хасчихсан. Харин шүүхэд Чимгээ гэрчлэн мэдүүлсэн учраас 4 000 000 төгрөг нотлогдох бөгөөд 9 000 000 төгрөгийн гэм хор учирсан юм. Иймд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 9 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “Норовтүн” ХХК-ийн захирлаар, би “Сайн инженеринг групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай компани “Норовтүн” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж “Норовтүн” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр Багахангай дүүргийн 2 дугаар хороонд газрын тосны агуулахын барилгын төсөлд ажилласан. Манай компани гэрээний 28 000 м.куб ажлын тоо хэмжээг давуулан 45 030 м.кув газар шорооны ажлыг хийж дууссан боловч “Норовтүн” ХХК нь гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлсийг өгөхгүй байсан учир манай компани 2015 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч ахмад н.Мөнх-Эрдэнэ “Норовтүн” ХХК-иас 11 000 000 төгрөг залилсан гэх гомдлын дагуу намайг дуудаж шалгасан бөгөөд тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан ба эхлээд 11 000 000 төгрөгийг залилсан зээлсэн гэх зэргээр гомдол гаргаж байгаад “Норовтүн” ХХК-ийн логотой хөдөлмөр хамгааллын хувцасны 2 000 000 төгрөгийг хасч 9 000 000 болгож багасгасан. Мөн Ш.Эын эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэг дандаа зөрүүтэй байдаг н.Одончимэг мөнгө өгөхийг харсан гэх боловч Одончимэг манай нөхөр өгсөн гэж ярьсан. Нөхөр нь гэрээт ажлын төлбөрт 4 000 000 төгрөг өгсөн гэх боловч эхнэр нь гэрээт ажлын төлбөртэй ямар ч хамааралгүй гэж ярьдаг. Гэрч н.Чимгээ нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг дээрээ хар машинтай хүнийг хараагүй, хэн гэдгийг нь мэдэхгүй харин Ганбааг харвал танина гэж мэдүүлсэн атлаа Хан-Уул дүүргийн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хар машинтай хүн орж ирсэн, тэр хүнийг Д.Г гэдэг гэж хууль сануулсаар байхад худлаа мэдүүлэг өгсөн.  Нэхэмжлэгч анх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Ганбат өмгөөлөгч өөрөө гарын үсэг зурж нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага хэсэгтээ иргэн Ш.Эаас иргэн Д.Гт зээлсэн 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн боловч  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэм хорын хохирол болгосон. Улсын Ерөнхий прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 280/а тогтоол гаргаж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг Улсын Ерөнхий прокурорын газрын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга н.Сагсай прокурор тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг шалга гэж явуулаад шалгаж байх явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгосон бөгөөд прокурорын тогтоолоор тогтоосон зүйл ерөөсөө байхгүй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол дээр гэм бурууг огт тогтоосон зүйл байхгүй. Мөнгө залилж авсан байна уу зээлж авсан байна уу ажлын хөлс авсан байна уу гэдэг нь тогтоогдохгүй. Хоёр компанийн өглөг авлагатай холбоотой маргаан яваад байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Гаас 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гаас 94 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Эт олгуулахаар шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Анхан шатны шүүх Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 5 сарын 04-ний өдрийн 280а дугаар тогтоолд “2015 оны 9 дүгээр 15-ны өдөр "Норовтүн" ХХК-ийн оффисын өрөөнд Д.Г нь Ш.Эаас 5 000 000 төгрөгийг ямар нэг гэрээ хэлцэл хийлгүйгээр авч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон" гэж дүгнэсэн байгаагаас үзэхэд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 5 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхээр байна" гэж гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай мэт дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний болон Улс төрийн эрхийн олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 14.2-т " Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй", Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно" Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэрэг үйлдэж бусдад хохирол учруулсан гэдгийг шүүх тогтоохоор хуульчилсан байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага, эрүүгийн гэмт хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт топгоогдсон үйл баримтыг үндэслэн шийдвэр гаргах ёстой. Хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь иргэний хэргийг шийдвэрлэж буй шүүхэд дахин нотлох шаардлагагүй зүйл байдаг. Тиймээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь Д.Г нь Ш.Эт 5 000 000 төгрөгийн хохирол учруулсан нь Монгол Улсын шүүхээр тогтоогдоогүй байхад Баянгол дүүргийн прокурорын тогтоолыг үндэслэн гэм хорын хохирол гэж үзэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзэхээр байна. Шүүх хэрэгт хамаарал бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр гаргах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т "шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэснийг зөрчсөн. Эрүүгийн болон иргэний хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, мөн тэд ашиг сонирхлын зөрчилтэй, 9 000 000 төгрөг залилан мэхэлж авсан гэх баримт байхгүй. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 сарын 15-ны өдрийн 280 дугаар тогтоолоор "Норовтүн ХХК-ийн захирал иргэн Ш.Э нь Багахангай дүүрэгт газрын тосны агуулахын барилгын ажлын газар, шорооны ажил гүйцэтгэхдээ "Сайн инженеринг групп" ХХК-ийг өөрийн туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулахаар иргэн Д.Гтай харилцан тохиролцож 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр "ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан, мөн дээрх мөнгийг ажилчдын хувцас, хэрэгсэл, ажлын хөлсөнд зориулан зарцуулсан бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шийдвэрлүүлбэл зохих иргэд хоорондын маргаан байна гэсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгон хэргийг сэргээсэн, улмаар 2016 оны 05 сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 280а тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоол хуулийн хүчинтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл уг 280а тогтоолоор гэрч Ү.Мөнхтөр, С.Батсүх, С.Улаанхүү нарын мэдүүлгээр тогтоогдсон байх боловч гэж дүгнэснийг нэхэмжлэгч хэрэг үйлдсэн гэж дүгнэн иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байгаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн /2002 оны/ 43 дугаар зүйлийн 43.1-т гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн хохирол хүлээсэн түүнийгээ нөхөн төлүүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж буй иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ", 43.2-т Иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж, 117 дугаар зүйлийн 117.1-т "гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсан бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүх тэдэнд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нь тайлбарлана." 117.2-т "нэхэмжлэл гаргасан этгээдийг энэ хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай шийдвэр гаргаж, энэ хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлана" гэж тус тус заасан байна. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэхээс шүүхийн хэлэлцүүлэг эхлэх хүртэлх аль ч шатанд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоож тогтоол гаргах хуулийн заалттай байна. Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгч Ш.Эыг 5 000 000 төгрөг нэхэмжлэх эрхтэй болох талаар нэхэмжлэх эрх олгосон тогтоол огт байхгүй байна. Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан байна. Тиймээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/00098 дугаар шийдвэр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар "хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Монгол Улсын Үндсэн хууль, Олон Улсын гэрээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн учраас шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Э нь хариуцагч Д.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 9 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Д.Гын үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийн улмаас надад хохирол учирсан” гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

            Учир нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 280А дугаар тогтоолоор хариуцагч Д.Гыг гэм буруутай болохыг тогтоогоогүй. Уг прокурорын тогтоол болон гэрч нарын мэдүүлгүүдээр Ш.Эаас  Д.Г нь мөнгө авсан гэх үйл баримтын талаар агуулж байгаа боловч ийнхүү мөнгө авахдаа захилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүй дүгнэх баримт биш юм.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж тодорхойлсон тул хариуцагчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нотлогдсон байхыг шаардана. Өөрөө хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй байна.   Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

           

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00098 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Гаас гэм хорын хохиролд 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ          

                                   

                                            ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                   

                                                                                                  Г.ДАВААДОРЖ