Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 0041

 

1 С.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Ц.М Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолтой, С.Э-д холбогдох,  эрүүгийн хэргийг прокурор Л.О-н эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, Орхон аймагт оршин суух, Б овогт С-н Э.

С.Э нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 51-01 тоот гэртээ дагавар хүү Х.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт С-н Э-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 2 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Л.О эсэргүүцэлдээ: “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож болно гэж заасан ба анхан шатны шүүх шүүгдэгч С.Э-д торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг тогтоохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т Энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэсэн заалтыг харгалзан дүгнэлт хийлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Өөрөөр хэлбэл шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сар буюу хуульд зааснаас бага хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь биелэгдэх боломжийн талаар зөрчилтэй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтанд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: ”... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор Л.О-н эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч Б овогт С-н Э нь 2019 оны 03 дугаар сарын 26- ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 51-01 тоот гэртээ дагавар хүү Х.М-г зодож эрүүл мэндэд 3 нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Х.М, гэрч И.Х, И.О нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Э-н яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ. С.Э-н гэм буруутай үйлдлийн улмаас Х.М-н биед зүүн нүдний урд булан, зүүн хацар, хэвлийн аюулхайд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 256 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулжээ. Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоолыг үндэслэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн С.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин шүүх С.Э-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Учир нь: Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхдээ хугацаа тогтоох шаардлагатай гэж үзвэл уг заалтыг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй. Торгох ялыг биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар тооцох бөгөөд шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногоос дээш буюу гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар хугацааг сунгаж тогтоох эрх хэмжээ олгосон заалт юм. Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 4 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Прокурор Л.О-н эсэргүүцлийг хүлээн авсугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА С.УРАНЧИМЭГ