| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2022/0904/З |
| Дугаар | 221/МА2025/0333 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0333
“ВК” ХХК-ийн нэхэмжлэлийн
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч
Нэхэмжлэгч: “ВК” ХХК
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: О.О
Гуравдагч этгээд: Н.М
Гуравдагч этгээд: Ц.Д
Гуравдагч этгээд: Э.М
Гуравдагч этгээд: Г.П
Гуравдагч этгээд: М.М
Гуравдагч этгээд: “ХБ” ХХК
Гуравдагч этгээд: “ФЛ” ХХК
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0890
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагваханд, Ж.Уранцэцэг, гуравдагч этгээд Ц.Д, М.М, Э.М, гуравдагч этгээд О.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “ВК” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингаравын гудамж, 20**/* дүгээр байрны *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******, тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг анх бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0890 дугаар шийдвэрээр:
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.8, 16 дугаар зүйлийн 16.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оны/ 7 дугаар зүйлийн 7.7, 8 дугаар зүйлийн 8.1.3, 10 дугаар зүйлийн 10.6.1, 10.6.2, 10.6.5, 10.6.6, 29 дүгээр зүйлийн 29.1.3-д тус тус баримтлан нэхэмжлэгч “ВК” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингаравын гудамж, 20**/* дүгээр байрны *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******, тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг анх бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. “Анхан шатны шүүх манай компанийн маргаж буй үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн:
Тодруулбал, манай компани нэхэмжлэлийн үндэслэлдээ “... улсын бүртгэгч нь манай компанийн өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан орон сууцыг бидний зөвшөөрөлгүй үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгсөн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.6.2-т “хоёр ба түүнээс дээш олон этгээд хөрөнгө оруулсан эсхүл хоёр ба түүнээс захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх нь хөндөгдөж байгаа этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл авсан байх ёстой гэсэн заалтыг үндэслэж маргасан боловч шүүх энэ талаар огт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа.
Шийдвэрийн үндэслэл хэсгийн 9-д “Нийслэлийн улсын бүртгэлийн газраас гуравдагч этгээд О.Огийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 20**/* тоот хаягт байрлах, 4791.36 м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр иргэн О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22060448** дугаарт бүртгэж, 000480108 дугаартай гэрчилгээг олгосон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн.
Гэтэл 50 хувийн гүйцэтгэлтэй иргэн О.Ог эрхийн улсын бүртгэлийн 2206044*** дугаартай, 000480*** гэрчилгээ нь аялал жуулчлалын зориулалттай гэрчилгээ олгосон талаар огт дурдаагүй. Аялал жуулчлалын зориулалттай олгосон 50 гүйцэтгэлтэй үл хөдлөхийн гэрчилгээг хэрхэн яагаад Орон сууцны зориулалттай болгож О.Од үл хөдлөхийн гэрчилгээ олгосон талаар огт дүгнэлт өгөөгүй.
3.2. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 16.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” гэж тус тус заасан байхад хариуцагч нотлох баримтыг нягтлан шалгах үүрэггүй гэж хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалт, зарчмыг хэрэглэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.3. Нотлох баримтыг буруу үнэлсэн талаар
Гуравдагч этгээд О.Огээс 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст маргаан бүхий ороон сууцуудыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд хавсаргаж өгсөн нотлох баримтууд нь зөрүүтэй, дутуу агуулга нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн байхад бүртгэл хийгдсэн байдаг.
Тодруулбал, аялал жуулчлалын зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөхийн гэрчилгээг, Орон сууцны зориулалтаар бүртгүүлэх хүсэлт гаргасан, өмчлөх эрхийг нотолж байгаа гэрээнүүдээс гэрээний талууд татгалзсан эрх нь хөндөгдөж байгаа этгээдүүдээс нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл аваагүй, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан нэгдсэн жагсаалт хавсаргаагүй байхад бүртгэлийн хууль ёсны гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “ВК” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингаравын гудамж, 20**/* дүгээр байрны 8*, 8*/1, 8*/2, 8**, 8**/2, 9*, 9**, 9***, 9****, 10* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг анх бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “... хариуцагч маргаан бүхий 10 орон сууцны анхны бүртгэлийг хийхдээ хуульд заасан зарчмуудыг үндэслэл болголгүйгээр анхны бүртгэлтэй холбоотой нотлох баримтуудын дутуу байхад маргаан бүхий бүртгэлүүдийг хийсэн нь үндэслэлгүй ... ” гэж тайлбарлан маргаж байна.
2.1. Нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас “... нэхэмжлэгч “ВК” ХХК болон гуравдагч этгээд О.О нарын хооронд байгуулагдсан арилжааны гэрээ, түүний хавсралт, хуульд заасан нотлох баримтуудыг үндэслэн маргаан бүхий орон сууцуудын анхны бүртгэлийг хийсэн, хууль, журам зөрчсөн зүйл байхгүй” гэж,
Гуравдагч этгээд нараас “... маргаан бүхий орон сууцуудын анхны бүртгэл хууль, журам зөрчсөн зүйл байхгүй, бидний хувьд маргаан бүхий орон сууцуудын шударга өмчлөгч тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ...” гэж тус тус маргасан байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж тус тус зааснаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд уг эрхийг сэргээн эдлүүлэх нь захиргааны хэргийн шүүхийн зорилго юм.
3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд О.О нь анх нийслэлийн улсын бүртгэлийн газарт 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингаравын гудамж, 20**/* тоот хаягт байрлах 4791.36 м.кв 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэх” тухай хүсэлтийг гаргаж, иргэний үнэмлэхийн хуулбар, хамтран ажиллах 01 дүгээр гэрээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, инженерийн шугам сүлжээний тоон зураглалыг хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан тухай акт, Ерөнхий төлөвлөгөөний газрын хаягжилт олгосон талаарх тодорхойлолт, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ, газар ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, барилгын эскиз зураг, барилгын фото зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудасны хамт хавсаргасан байна.
3.2. Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гуравдагч этгээд О.Огийн мэдүүлэг, түүнд хавсарган өгсөн дээрх баримтуудыг үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 20**/* тоот хаягт байрлах, 4791.36 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр иргэн О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22060448** дугаарт бүртгэж, 000480108 дугаартай гэрчилгээг олгожээ.
3.3. Гуравдагч этгээд О.Огээс 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж “... ПВ хотхоны 20**/* байрны,,, *******,,*******,,,*******,*******,,*******,тоот 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “ВК” ХХК-ийн хүсэлтийн дагуу*******, тоот байр мөн 1, 2, 3, 4, 5, 6 тоот 6 ширхэг дулаан зогсоолыг улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгож өгнө үү” гэх хүсэлтийг баримтуудын хавсарган гаргасан байна. Үүнд:
- Орон сууцны жагсаалт,
- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
- “ВК” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18/84 дүгээр албан бичиг,
- “ВК” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18/87 дугаар албан бичиг,
- О.О, “ВК” ХХК-ийн хооронд байгуулсан 01 дүгээр Хамтран ажиллах гэрээ
- О.О, “ВК” ХХК, “Сити строй” ХХК нарын хооронд байгуулсан арилжааны гэрээ
- 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1037 дугаартай хамтран ажиллах гэрээ
- О.О, “ВК” ХХК, “С” ХХК нарын хооронд байгуулсан 2 дугаартай арилжааны гэрээ
-барилгын эскиз зураг
-2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018/89 дугаартай дүгнэлтүүдийг хавсарган өгсөн байна.
3.4. Улмаар хариуцагчаас дээрх хүсэлт, хавсралт баримтуудад үндэслэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингаравын гудамж, 20**/* байрны ******* тоот 30 м.кв 1 өрөө орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-220508**** дугаарт,-1 тоот 55 м.кв 2 өрөө орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206086*** дугаарт,******* тоот 79.5 м.кв 2 өрөө орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-22060***** дугаарт,-2 тоот 49 м.кв 2 өрөө орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-220608669* дугаарт,******* тоот 140 м.кв 4 өрөө орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-22060866** дугаарт,******* тоот 118 м.кв 3 өрөө орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206086669 дугаарт, тоот******* м.кв 3 өрөө орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206086*** дугаарт тус тус бүртгэж өмчлөгчөөр О.Ог бүртгэсэн байна.
3.5. Мөн******* тоот 118 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.Дыг эрхийн улсын бүртгэлийн Ү-22060866***дугаарт,******* тоот 118 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э.М-г эрхийн улсын бүртгэлийн Ү-2206086*** дугаарт,******* тоот 118 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.П-г эрхийн улсын бүртгэлийн Ү-2206086*** дугаарт тус тус бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
3.6. Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн*******88 дугаар захирамжаар “ВК” ХХК-аас О.О, “Б” ХХК, Л.А нарт холбогдуулан гаргасан “2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, дээрх хэлцлийн үндсэн дээр хийсэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20170901А дугаартай Хамтран ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 990 дугаартай Хамтран ажиллах гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний нэмэлт хавсралт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан /17020/ дүнжингаравын гудамж, ПВ хотхоны 33 айлын 20**/* тоот байрнаас нийт 14 орон сууцыг буцаан гаргуулах, боломжгүй бол үнийг төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн нь тогтоогдож байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос “... тус иргэний хэрэг маргаан эцэслэн шийдвэрлээгүй байгаа” гэх тайлбарыг гаргаснаас үзвэл уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна.
3.7. Монгол улсын Дээд шүүхийн нийтийн шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын 5.1.2-т “... Улсын бүртгэлийн маргааны хувьд иргэний болон захиргааны хэргийн шүүх нь эрх зүйн маргааны үндсэн шинжээс хамаарч өөр өөрийн харьяаллаар хэргийг хянан шийдвэрлэнэ. Тухайлбал, улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн, эсхүл бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсаны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгохтой холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаардаг. Гэвч бодит байдалд хүн, хуулийн этгээдээс улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар, жишээ нь “улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга нь иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан буюу иргэний гэрээ, хэлцэл, итгэмжлэл, хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой, эсхүл онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх үйл баримт байх нь цөөнгүй. Иймд шүүхийн процесс хэмнэлттэй байх, шүүхийн шийдвэр нэгдмэл байх, иргэдэд эрх зүйн үр нөлөөтэй хамгаалалтыг түргэн шуурхай үзүүлэх зарчмыг хангах үүднээс захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх улсын бүртгэлтэй холбоотой маргааныг захиргааны байгууллагын “шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлах”-аар тайлбарлав. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянана гэж ойлгоно. Харин нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллага (захиргаа)-д холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар маргаж байгаа боловч тухайн маргааныг шийдвэрлэхийн тулд эхэлж иргэний маргааныг хянан шийдвэрлэх шаардлагатай болох нь илэрхий тодорхой байгаа тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино.
... Түүнчлэн, иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдан зөвхөн хувийн эрх зүйн маргааны үйл баримтыг шийдвэрлэж (өмчлөгчөөр тогтоох, маргаан бүхий гэрээ хэлцэл, эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэх мэт), бүртгэлийн асуудлыг орхигдуулдгаас дахин захиргааны маргаан үүсэх шалтгаан болж байна. Иймд иргэний хэргийн шүүх цаашид бүртгэлийн маргааны үндэс болох хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ (үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал өмчлөх эрхийн маргаан гэх мэт) нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татсан эсэхээс үл шалтгаалж улсын бүртгэлийн асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх арга, журмыг тодорхойлохдоо нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна. Ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордохгүй, харин ч эрх зүйн хамгаалалтыг бүрэн үзүүлэх тул агуулгын хувьд “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”- д тооцогдохгүй, мөн “нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох” зарчимтай зөрчилдөхгүй юм”, Тайлбарлах нь хэсгийн 1.2-т “Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлагдах тул хэрэв тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино” гэж тайлбарласан байна.
Захиргааны хэргийн шүүх нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн, эсхүл бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсаны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх хууль зүйн боломжтой.
3.8. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх нь улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянах хууль зүйн боломжтой байх тул тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэхэд үндэслэл болгосон холбогдох баримтууд буюу /Хамтран ажиллах гэрээ/-ний хүчин төгөлдөр байдалтай холбогдуулан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар иргэний журмаар маргаж байгаа энэ тохиолдолд уг маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна.
3.9. Учир нь, эдгээр улсын бүртгэлийн үндэслэл болсон гэрээний маргааныг захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
3.10. Иймд шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0890 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ВК” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингаравын гудамж, 20**/* дүгээр байрны *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******, тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг анх бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ