| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2019/03227/И |
| Дугаар | 183/ШШ2019/02377 |
| Огноо | 2019-11-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2019/02377
| Дугаар 183/ШШ2019/02377 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Туул 0 гудамж, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Ц овогт Д.Ү /рд:00000000/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, гэрч Г.Б, С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ү шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Ү миний бие 1982 онд Зөвлөлт Холбоот Улсын Ярословь хотод оёдолчин мэргэжлээр 1984 онд төгсөж, Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт оёдолчиноор томилогдон 1984 оноос 1993 он хүртэл ажилласан. Миний бие 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бичиг баримтаа бүрдүүлж шалгуулахад Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт ажилд орсон гарсан тушаалууд хэрэгтэй болсон. Гэтэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт 1984-1993 он хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт ажиллаж байх үеийн тушаалын хуулбар Нийслэлийн архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүй. Иймд намайг 1984 оны 7 дугаар сараас 1993 он хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт оёдолчиноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ү нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Д.Үг 1984 онд ажилд авсан, 1993 онд ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, Савхин жижиг эдлэлийн үйлдвэрийн бүх баримт архивт шилжиж ирээүй болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Үндэсний төв архивын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д зааснаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Ү нь 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан болох нь түүний тайлбар, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн №235009 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тус үйлдвэрийн даргын 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 87 дугаар тушаалаар сургууль төгсөж, томилолтоор ирсэн тул оёдолчноор авч ажиллуулав гэх бичилт, тус үйлдвэрийн даргын 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаар тушаалаар 12 дугаар сарын 30-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай бичилт, гэрч Г.Б, С.Ч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Ц овогт Д.Ү-г 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажиллаж ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ц овогт Д.Ү /рд:0000000/-г 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ