Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/02479

 

 

 

 

2019 оны 11 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2019/02479 Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоотод байрлах Б  ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоотод байрлах Г  ХХК /РД:...../-д холбогдох,

 

 

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6.944.550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Б  ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Б ын эзэмшиж ашигладаг 1500га эргэлтийн талбайтай Хэнтий аймгийн тариа бригадын Г ХХК-ны нэрээр 2016 оны 7-р сарын 8-ны өдөр гүн өрмийн худаг яаралтай гаргах гэрээ байгуулж, ажлаа эхлэн 2,5л/сек ундаргатай , 60м гүнтэй худгийг өрөмдөж, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр цахилгаан насосыг угсарч, шавхалтыг хийлгэн усыг цэвэршүүлж онц хэрэгцээтэй үед хор цацах ажилдаа усыг нь ашиглаж эхэлсэн. Энэ нь 1 цагт 9тн ус өгөх хүчин чадалтай захиалагчийн хэрэгцээг хангасан худаг болсон.

 

Гэрээний төлбөрийн урьдчилгаа төлбөр 5 сая төгрөг Хаан банкны ....... тоот дансанд шилжүүлж ажил эхлүүлсэн.

 

Худгийг ашиглаж эхлээд Захирал Б.Б : - Гэрээний үлдэгдэл мөнгийг ургацаа хураагаад өгнө, одоогоор мөнгөгүй байна 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түр хүлээгээч гэсний дагуу хүлээсэн.

 

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ........... дугаарт холбогдоход: Бид Эрээнд явж байна. Хот ороод холбогдоно гэсэн. Энэ цагаас хойш утсаа авахаа больсон.

 

Би эрэн сурвалжилсаар:

 

2017 оны 1 дүгээр сарын 30 ны өдөр Чингэлтэй дүүргийн ...... гэсэн 4 давхар зочид буудал, караоке, бар-ны эзэн нь болохыг олж мэдсэн. Тус компанийн нягтлан бодогч Гтэй уулзаж учир байдлаа хэлж төлбөрийн нэхэмжпэх, албан бичгийг үлдээж Б.Бд дамжуулж өгөхийг хүссэн.

 

-2017 оны 6-р сар, 9-р сард хоёр удаа ирэх буцах 1260 км явж зардал гаргана. Номгоны тариа бригадад зорьж очсон боловч уулзаж чадаагүй, агрономичид сахиулд нь нэмайг ирснийг дамжуулаарай гэж гуйсан. Худаг хэвийн ашиглагдаж байсан.

 

2018 оны 1 дүгээр сард Б.Бын хадам ээж болох Ттай .... зочид буудалд тааралдажучир байдлаа хэлсэн. Туул: Та 3 сарын эх хүртэл хүлээ тэр үед төлөх боломж гарах байх гэсэн. Б.Бд намайг явж байгааг хэлж өгөөч гэж гуйсан. Тэгээд хүлээсэн.

 

2018 оны 11 дүгээрсарын 18 өдөр 9999-9411 дугаарт залгахад Б.Б "гэдэг хүн байхгүй гэсэн.

 

Б Б.Б нь:

 

-Хэнтий аймгийн Чингис хотын Өлзийт тосгоны Номгонд ус, хөрс сайтай том талбайд үр тариа тосны ургамал тариалж ургацаа Хятад улсруу гаргадаг.

 

-Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт ....... нэртэй зочид буудал, РUВ, караоке, валютын цэг түрээслүүлдэг зэргээс хангалттай ашиг олдог байтлаа хийсэн ажлын хөлсийг өгөхгүй биднийг хохироож утсаа авахгүй, хаяг байршлаараа олдохгүй байна. Миний хүү шиг жаахан нялх хүүхэдтэйг нь бодож хэрүүл тэмцэл хийлгүй өнөөдрийг хүртэл хүлээсэн.

 

Иймд:

 

-Гэрээнд тусгагдсан 2.2 заалтыг биелүүлээгүйгээс үлдэгдэл төлбөр

 

5.000.000 төгрөг нь ажиллагсдын цалин бусад зардлын санхүүжилт компанийн олох ашиг байсан боловч алдагдал болон хувирч хохироосон, 3 жил эрж сурвалжлуулан тээврийн зардал гаргасан зэргээс алданги тооцохоос аргагүйд хүрсэн учраас банкны хадгаламжийн хамгийн бага хүүгээр алданги тооцсон (1,800,000.00) төгрөг.

 

-Шүүхэд нэхэмжлэх гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,000.62 төгрөгийн хамт 6,944,550.00 төгрөгийн гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Шүүх Б  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч худаг гаргах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт тооцож нийтдээ 6,944,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн байна.

 

Хариуцагч Г ХХК-ийн захирал Б.Б  2019.08.08-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй, шүүхээс тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн хариу өгсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2016.07.08-ны өдрийн 01 тоот худаг гаргах гэрээ байгуулсан, гэрээний дагуу Хэнтий аймгийн бригадад гүн өрмийн нэг худаг гаргахаар тохиролцсон, гэрээний 1.1, 1.2-т зааснаар хайгуулын ашиглалтын цооногийг 10,000,000 төгрөгт багтаан өрөмдөж угаалт, шавхалт хийж ундрагыг тодорхойлж насос тоноглож ажиллуулан хүлээлгэж өгөх, өрөмдлөгийн ажлыг 2016.07.08-ны өдрөөс эхлэн ажлын 10 хоногийн хугацаанд хийхээр тохирсон байна.

 

 

Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 2.2-т зааснаар ажлын хөлсний урьдчилгаа 50 хувийг 2016.07.08-ны өдөр өрөмдлөгийн бригад газар дээр ажил эхлэхэд гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх, үлдсэн 50 хувийг худаг хүлээж авсаны дараа ажлын 5 хоногт багтаан олгохоор тохирсон байх бөгөөд Б  ХХК-ийн Хаан банкны дансанд 2016.07.20-ний өдөр 5,000,000 төгрөгийг худаг ухуулах ажлын урьдчилгаа утгатай шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдсон байна.

 

Гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байсан Б  ХХК-ийн удаа дараагийн нэхэмжлэх, хариуцагч Г ХХК-ийн захирал Б.Б д холбогдуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст болон Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж байсан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу ажлын хөлсийг төлөх үүрэгтэй тул үлдэгдэл 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй, харин гэрээнд алданги тооцох талаар тохиролцоогүй тул алданги 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 126,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд тохирох 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Г ХХК-иас гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулж Б  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ