Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00222

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01393 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1417 дугаар магадлалтай, 

*******ын нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт нийт 122,400,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ******* нь *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 122,400,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01393 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 119,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 зааснаар хариуцагч *******ын Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 7 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 75А байрны 801 тоот, 112.09 м.кв талбайтай, 4 өрөө, Эрхийн улсын Ү-2205061973 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 998,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 756,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1417 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01393 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...119,700,000... гэснийг ...98,878,800... гэж, ...2,700,000... гэснийг ...23,521,200... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 998,100 төгрөгөөс 840,150 төгрөгийг улсын төсөвт үлдээж, илүү төлөгдсөн 157,950 төгрөгийг улсын төсвөөс, улсын тэмдэгтийн хураамжид 652,344 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулан тус тус нэхэмжлэгч *******од буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлалд ...Хэрэгт авагдсан 2019.12.06-ны өдрийн Зээлийн гэрээ-ний зээлдэгч гэсний дор *******, ******* нар гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бичгээр гэрээ байгуулсан гэж тооцно. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээний дагуу үүргийг хамтран гүйцэтгэгчид болно гэжээ. ******* үнэхээр *******тэй хамтарч зээл авсан бол зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх нь зүйтэй байсан байх. Гэвч бодит байдал дээр зээл аваагүй гэдэг нь шүүхийн мэдүүлэг, нотлох баримтуудаар нотлогдсон. Хэргийн оролцогчид ч баталсаар байхад огт анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьж хамтран хариуцагч гэж үзэж 98,878,800 төгрөгийг төлөх нь буруу юм. ******* өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавьж байна, *******т тус болж байна гэж итгэж, ноцтой төөрөгдөж зээлийн гэрээнд гарын үсэг зурснаас биш зээл авч амин хувийн хэрэгцээг хангах гэж гэрээнд гарын үсэг зураагүй гэдгийг яагаад ойлгохгүй, хүнийг хохироосон шийдвэр гаргаад байгаа юм, ингэж болдог юм уу. Итгэсэн учраас л өөрийн 300-аад сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг 80,000,000 төгрөгийн барьцаанд тавьж байна гэж ойлгон зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

4.1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар *******т мэхлэгдсэн гэдгээ мэдээд удаа дараа шаардлага гаргаад байхад яагаад хуулийг буруу талаас нь тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч ******* нь хэлцэл хийх гэж *******ыг хууран мэхэлж, үл хөдлөх эд хөрөнгийг нь барьцаанд тавиулсан, гэрээнд гарын үсэг зуруулж зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, авсан зээлээ ч өөрөө төлөөд явж байгаа, энэ мөнгийг ******* огт аваагүй гэж тайлбарлаад байхад зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдэг шалтгаанаар хамтран гүйцэтгэгч болох үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалд ******* тус иргэний хэрэгт ямар ч хамааралгүй, 98,878,800 төгрөгийг төлөхгүй болохыг тогтоон, тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцон өөрчлөлт оруулж өгнө үү.

4.2. Мөн *******ын эзэмшлийн УБ хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 75А дугаар байрны 801 тоот хаяг байрлах 112.09 м.кв талбайтай, 000470694 дугаарын гэрчилгээтэй, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061973 дугаарт бүртгэгдсэн 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч *******оос гаргуулан *******д буцаан олгуулна уу. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлын ...үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч *******оос гаргуулан *******д буцаан олгуулна уу... гэснийг хангаж, үлдэх хэсгийг хангахгүй орхив.  

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 119,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,700,000 төгрөг, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрт хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 98,878,800 төгрөг гаргуулах өөрчлөлт оруулжээ.  

7. Нэхэмжлэгч С.Ариунболд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019.12.06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу *******, ******* нараас 122.400.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах... гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч ******* зээл авснаа хүлээн зөвшөөрч, гэрээний дагуу 4 хоногоос илүү хүү төлөхгүй, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн мөнгийг аваагүй, Барьцааны гэрээ Улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл болохгүй гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх, гэрээний хүчинтэй байдал маргааны зүйл болжээ. 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,521,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

9. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

10. Зохигч 2019.12.06-ны өдрийн 80,000,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай, хоногийн 1.5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон бөгөөд хэн аль гэрээнд гарын үсгээ зуржээ.  

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр үйлдэж, түүнд хэн аль гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцно. 

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

10.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ. 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно.

10.2. ******* зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу *******ийн эзэмшдэг дансанд 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсоноос гадна энэ талаар талууд маргаагүй байх тул нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ. 

11. Анхан болон давж заалдах шатны шүүх ******* зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч *******, ******* нараас бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т тус тус заасантай нийцжээ.

12. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4, 2.7, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасны дагуу хариуцагч нараас 98,878,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

13. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд хамаардаг учиртай.  

Хариуцагч Барьцааны гэрээ-г Улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл болохгүй гэж гэрээний хүчин төгөлдөр байдалд маргасан байна.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлдэг. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 156.3-т заасны дагуу тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байна. 

Эдгээр заалт нь императив буюу зайлшгүй дагаж мөрдөгдөх хэм хэмжээ бөгөөд гэрээний хоёр тал үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байсан ч шүүхээс уг заалтыг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, гэрээний чөлөөт байдлын зарчим хэрэгжих боловч хэлцлийн хэлбэрийг хуулиар тогтоосон тул талууд хуулийг баримтлах үүрэгтэй юм. 

14. Зээлийн гэрээний 2.8-д *******ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард-Аюушийн өргөн чөлөө гудамжны 75А байрны 801 тоот, 112.09 м.кв талбайтай, 4 өрөө, Эрхийн улсын Ү-2205061973 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалахдаа гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д тус тус заасныг зөрчсөн, гэрээ хүчин төгөлдөр бус талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, Иргэний хуулийн холбогдох заалтыг оновчгүй хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх уг алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулна. 

Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул ******* нь гэрээг байгуулахдаа хариуцагчаас авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцаан өгөх эрх зүйн үр дагавар үүснэ.  

Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлын ...үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч *******оос гаргуулан *******д буцаан олгуулна уу... гэсэн хэсгийг хангав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1417 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01393 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 98,878,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 23,521,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 156 дугаар зүйлийн 156.3, 166 дугаар зүйлийн 166.1зааснаар *******ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 7 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 75А байрны 801 тоот, 112.09 м.кв талбайтай, 4 өрөө, Эрхийн улсын Ү-2205061973 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, *******оос 000470694 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан *******д олгосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн гомдлоос ...үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч *******оос гаргуулан *******д буцаан олгуулна уу... гэсэн хэсгийг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 652,344 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.БАНЗРАГЧ  

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                                                ШҮҮГЧИД                           П.ЗОЛЗАЯА 

                                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                           Д.ЦОЛМОН